Түүхэн товчоон

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ

/ 1972-2017/

АРХИВЫН ШИФР:

Хөмрөгийн дугаар                                                                                            217

Дансны дугаар                                                                                                  1

Байнга хадгалах баримтын тоо                                                                      139ХН

Баримтын оны хязгаар                                                                                /1990-2016/

 

БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙН ӨӨРЧЛӨЛТ

Д/Д
Дээд газрын шийдвэр
Нэрийн өөрчлөлт
1
1972-1983 он
Найрамдлын районы нэгдсэн эмнэлэг
2
1983 – 1991 он
Найрамдлын районы хүүхдийн нэгдсэн эмнэлэг
3
1991-1992 он
Эрүүл мэндийн 9-р төв.
3
1992-2000 он
Эрүүл мэндийн зөвлөх төв
4
2000-2014 он
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
5
2014-одоог хүртэл
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв

 

НЭГ. Тус нэгдэл нь анх үүсгэн байгуулагдахдаа 1972 онд Найрамдлын районы нэгдсэн эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1983 оны 9 дүгээр сард 120 ортой, өдөрт 300 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай, нарийн мэргэжлийн 6 кабинет бүхий амбулатори, түргэн тусламж, хүүхдийн 7 цэг, 28 хэсэг зэрэг салбаруудтай, Найрамдлын районы хүүхдийн нэгдсэн эмнэлэг гэсэн нэртэйгээр шинээр зохион байгуулагдаж ажиллаж эхэлсэн.

1986 онд Сангийн яам, Улсын төлөвлөгөөний комиссын шийдвэрээр орыг өргөтгөн, 1991 оны 4 дүгээр сараас Эрүүлийг хамгаалах яам, Улаанбаатар хотын захиргааны шийдвэрээр хотын хэмжээний эрүүл мэндийн төв болгон зохион байгуулагдсантай холбоотойгоор хүүхдийн хэсэг /поликлиник/ нь зохион байгуулалтын хувьд эрүүл мэндийн төвүүдэд шилжиж, бага насны хүүхдэд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн хүрээг өргөтгөх, өвчнийг төгс эмчлэх зорилгоор сэхээн амьдруулах тасаг, палатуудыг тухайн нөхцөлд нь зохицуулан зохион байгуулжээ.

1992 оны 9 дүгээр сараас нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн Найрамдлын район нь Баянзүрх дүүрэг болсон.

Монгол улсын засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоолоор нийгмийн салбарын хувьчлалын туршилт хэрэгжүүлэх байгууллагын жагсаалтад эрүүл мэндийн салбарыг төлөөлүүлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг /насанд хүрэгчдийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг/-ийг оруулж баталж хувьчлалын ажлын эхлэл тавигдсан.

1997 оны 7 дугаар сард менежментийн гэрээ байгуулах хэлцэл явагдсанаар Баянзүрх эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2000 онд Баянзүрх эрүүл мэндийн нэгдэл болон өргөжиж, одоогоор дүүргийн 93713 өрхийн 386000 мянган хүн амд 28 хорооны нутаг дэвсгэрт эрүүл мэндийн анхан болон хоёрдогч шатлалын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 250 эмч, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Баянзүрх эрүүл мэндийн нэгдлийн нэрийн өөрчлөлтийн талаар дурдвал:

  • Найрамдлын районы нэгдсэн эмнэлэг
  • Найрамдлын районы хүүхдийн нэгдсэн эмнэлэг
  • Эрүүл мэндийн 9-р төв
  • Эрүүл мэндийн зөвлөх төв
  • Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

2000 онд Эрүүл мэндийн зөвлөх төвийг Эрүүл мэндийн 10, 15-р төвтэй нэгтгэн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болж байгуулагдсан боловч 2001 оныг хүртэл уг 3 төв тусдаа даргатай, тамга тэмдэгтэй, төсөвтэй явж ирсэн байна. 2001 оны сүүлээс уг 3 төвийг нэгтгэж  Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болж нэг удирдлагатай, 1 тамга тэмдэгтэй, 1 төсөвтэй болж ажилласан байна.

2014 оны 9 сараас  Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар дүүргийн Эрүүл мэндийн төв болон нэр өөрчлөгдсөн.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв нь зөвлөх поликлиник, 2 салбар  амбулатори, 28 өрхийн эмнэлэг, 2 тосгоны эмнэлэгтэй.

Байгууллагын удирдах ажилтнаар 1972-2017 оныг хүртэл

  • 1972 –1983 он
  • 1983-1991 он н.Долгормаа  /Нэгдсэн эмнэлэг/
  • 1991- 1992 он
  • 1992-2000 он
  • 2001-2013 он Б.Пунцаг   / Эрүүл мэндийн нэгдэл /
  • 2014 оны 4 сараас Ж.Тамир /Эрүүл мэндийн төв/
  • 2017 оны 1 сараас Ж.Энхзул нар тус тус ажиллаж байна.  

Одоо тус эрүүл мэндийн төв нь:

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба, Захиргаа, хяналт мэдээлэл технологийн алба, Чанарын алба, Сувилахуйн тусламж үйлчилгээний алба, зөвлөх поликлиник, салбар амбулатори 1, 2, ӨЭМТ гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, поликлиник, салбар амбулатори нь 240 эмч, эмнэлгийн ажилчидтай, 28 өрхийн эмнэлэг нь нийтдээ 338 эмч, эмнэлгийн ажиллагсадтай.

Нарийн мэргэжлийн 87 эмч, 85 сувилагч,тусгай мэргэжилтэн , 167 өрхийн эмч, 144 сувилагч, 27 нийгмийн ажилтан  бүгд 510 хүний орон тоотойгоор дүүргийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон 2 дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв нь нарийн мэргэжлийн 32 кабинеттай, дижитал рентгэн аппарат, зөөврийн болон суурин 3D  эхо аппарат, зүрхний эхо аппаратаар дүрс оношлогоо хийх, ходоодны дурангаар харах үйлчилгээ үзүүлж, клиникийн болон биохимийн шинжилгээг бүрэн автомат анализаторуудаар хийж байна.  

Лаборатори нь клиникийн болон биохими, серологийн шинжилгээнүүдийг орчин үеийн аппаратуудын тусламжтайгаар түргэн шуурхай хийж үйлчилж байна. 

Жилд дунджаар 1,300,000 гаруй  мянган хүнд үзлэг, 221,560 мянга гаруй хүнд шинжилгээ хийж, эрүүл мэндийн сургалт сурталчилгаанд давхардсан тоогоор 34 мянга гаруй хүнийг хамруулдаг.

Нийт эмч мэргэжилтний 32,3% нь зэрэгтэй, 34,4% нь эрүүлийн хамгаалахын болон нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан цолтой, эрүүл мэндийн нэгдлийн удирдлагын багийн 42,8% нь удирдлагын академи төгссөн, сувилагч, эмч мэргэжилтнүүдийн 98% нь сургалтанд хамрагдсан.

Эх хүүхдийн тусламж үйлчилгээний цогцолборыг Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр 2007 онд байгуулсан. Уг цогцолборт үйлчлэх хүрээний эмэгтэйчүүд, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна.

Үүний жишгээр 2016 онд “Улаанбаатар-Нарлаг Ротари” клубээс санхүүжүүлж манай салбар амбулаторид ”Жирэмсний хяналтын жишиг эмнэлэг” төсөл хэрэгжүүлж Нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогцолбор байгуулж үйлчлэх хүрээний эмэгтэйчүүд болон, жирэмсэн эхчүүдэд нэг  цэгийн үйлчилгээг  үзүүлж байна.    

Сүрьеэгийн диспансер нь кабинетийн зохион байгуулалтаар ажиллаж байгаад 2000 оноос диспансер болон өргөжсөн. Сүрьеэгийн диспансер нь 2009 онд бие даасан байртай болсноор үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдсэн.

2015 онд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Оюутны хотхонд өсвөр үеийн клиник нээгдэж өсвөр үе болон оюутнуудад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллаж байна. 

Тус өсвөр үеийн клиникийг НҮБ-ийн Хүн амын сангаас дэмжиж орчин үеийн техник хэрэгсэл, үзлэгийн багаж хэрэгслээр тохижуулж өгсөн.

 Салбар амбулаторид байрлах биеийн тамир, чийрэгжүүлэлтийн кабинет нь иж бүрэн тоног төхөөрөмжөөр үйлчлэх хүрээний хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

2017 онд “Хүүхдэд ээлтэй тав тухтай орчин бүрдүүлэх” төслийн хүрээнд тус эрүүл мэндийн төвийн салбар амбулаториудад хүүхдийн үзлэгийн хүлээлгийн өрөөг “Гүүд Нейборс” ОУТББ-ын дэмжлэг санхүүжилт, “Дэлхийн Зөн” ОУБ-ийн дэмжлэгээр бүрэн тохижуулж үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэн ажиллаж байна.  

Байгууллагын үндсэн чиг үүрэг нь дүүргийн хүн амд эмнэлгийн анхан болон хоёр дахь шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ёс зүйтэй орчинд чанартай, хүртээмжтэй, аюулгүй, хөнгөн шуурхай хүргэхэд оршино.

Байгууллагын бүтэц зохион байгуулалт:

  • Төвийн дарга,
  • Удирдлагын зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй.
  • Захиргаа, хяналт мэдээлэл технологийн алба, ЭМТҮХ орлогч, НЭМТҮХА орлогч, хүний нөөцийн менежер, даргын нарийн бичиг, архив, санхүү-ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, Чанарын албаны дарга, чанарын менежер, халдвар судлаач, сургалт, сурталчилгаа хариуцсан менежер, өрх хариуцсан менежер, статистикч их эмч, статистикч бага эмч, эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн, нийгмийн ажилтан, Сувилахуйн албаны дарга, сувилахуйн арга зүйч, аж ахуйн нярав, өсвөр үе, хүүхдийн ерөнхий зохицуулагч, нөхөн үржихүйн эмэгтэйчүүдийн ерөнхий зохицуулагч, биеийн тамирын арга зүйч, ДОХ/БЗДХ-ийн ерөнхий зохицуулагч, сүрьеэгийн диспансер, сэтгэц-наркологийн эмч, хүүхдийн өсвөр үеийн эмч, жолооч, цахилгаанчин, мужаан, сантехникч, үйлчлэгч, манаач.  
  • Өрхийн эмнэлэг

Хүн төвт, Миний зөвлөгч, Эмнэхүй, Эрүүл өрх, Хасагт-Эрдэнэ, Оцелло сэргэлт, Сувилахуй, Ачлахуй, Энх энэрэл, Цэн-Оюу, Амгалан-Итгэлэхүй, Эрүүл өсөх, Евро эм, Цэдэн эрдэнэ, Насан урт, Орхон Түшээ мөрөн, Сугар энх, Өнөр энх мэнд, Нова, Ачитсайхан, Эрүүл оршихуй, Нэмүүлэн, Мараната, Энх агшин, Тэгш дүүрэн хүслэн, Андсайхан, Ерөөл буян оршихуй, Оч мандах.

  • Зөвлөх Поликлиник

Поликлиникийн эрхлэгч, поликлиник хариуцсан бага эмч, дүн бүртгэл, амбулаторийн бага эмч, лавлагаа -цахим бүртгэл, хавдар, дотор, мэс засал, гэмтэл, эхо, хүүхдийн , эмэгтэйчүүд, мэдрэл, уламжлалт гэх мэт нарийн мэргэжлийн кабинетуудын эмч, сувилагч, цахилгаанчин, мужаан, сантехникч, үйлчлэгч,манаач.

Ажлын амжилтаас:

  • Тус эрүүл мэндийн нэгдэл нь ажлын амжилтаараа 2005 онд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тэргүүн, БЗД-ийн хэлтэс албадаас 3-р байр.
  • 2006 онд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас 2-р байр, БЗД-ийн хэлтэс албадаас 2-р байр.
  • 2007 онд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тэргүүн байр, БЗД-ийн хэлтэс албадаас 2-р байрыг тус тус эзэлсэн.
  • 2014 онд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас шалгаруулсан “Нийслэл улаанбаатар хотын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хамт олны 2014 оны шилдэг байгуулагаар шалгарч “Өргөмжлөл” авсан. 

Хоёр: ХӨМРӨГИЙН БАРИМТЫН ТҮҮХ

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь анх 2001 оноос эрүүл мэндийн 9,10, 15-р төвүүдийг нэгтгэн Эрүүл мэндийн нэгдэл болж ажилласан.

Уг гурван эрүүл мэндийн төвийг нэгтгэж  Эрүүл мэндийн нэгдэл болох үед 3 төвийн 1981 оноос хойшхи баримтуудыг хүлээн авч байгууллагын архивт хадгалсан байна.

Найрамдлын районы нэгдсэн эмнэлэг /1972-1983/ нэртэй ажиллаж байх үеийн архивын баримт, 1984-200 оны хугацааг хамрах цалингийн баримт зэрэг нь Нийслэлийн архивын газрын сан хөмрөгт 177-р хөмрөг үүсгэгчээр хадгалагдаж байдаг бөгөөд 1983-1991оны хугацаанд Найрамдлын районы хүүхдийн нэгдсэн эмнэлэг нэрээр шинээр зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хувьчлагдах хүртэлх энэ хугацааг хамрах архивын баримт Нийслэлийн архивын сан хөмрөгт байдаггүй байна.

Уг байгууллагын архивт 2001 оноос архив, бичиг хэргийн эрхлэгчээр архивч мэргэжилтэй Н.Энхжаргал, 2004 оноос санхүүч мэргэжилтэй н.Ариунцэцэг, 2006 оноос аялал жуулчлалын зохион байгуулагч мэргэжилтэй Д.Ариунболд, 2008 оноос архивч мэргэжилтэй Б.Долгорханд, 2009 оноос Архивч-нарийн бичгийн дарга мэргэжилтэй Г.Зулцэцэг, 2010  оноос Архивч мэргэжилтэй Л.Болормаа, 2014 оноос Архивч мэргэжилтэй Д.Оюу-Эрдэнэ нар хариуцан ажиллаж байна.

2003 онд архивт хадгалах хугацаа дууссан 1981-2001 оны нийт 62 хадгаламжийн нэгж баримтыг Архив-бичиг хэргийн эрхлэгч Н.Энхжаргал, 2006 онд 1997-2003 оны 95 кг, 28041 хуудас баримтыг Архив- бичиг хэргийн эрхлэгч Д.Ариунболд нар Эрүүл мэндийн нэгдлийн дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлаар хэлэлцүүлэн устгалд оруулсан байна.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болж ажилласнаас хойш Нийслэлийн архивт байнга хадгалах баримтаа шилжүүлсэн болон байгууллагын архивт байнга хадгалагдаж байгаа байнга, түр, 70 жил хадгалах баримтын данс, бүртгэл, устгах хэргийн актыг зохих зааврын дагуу үйлдэж Нийслэлийн архивын дэргэдэх ББНШАЗК /Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс/-ын хурлаар хэлэлцүүлж батлуулах ажил хийгдээгүй байсан. 2011 оны 3 дугаар сард Нийслэлийн архивт “217” гэсэн хөмрөгийн дугаар авч байнга хадгалах 139 хадгаламжийн нэгж баримтаа шилжүүлэн хүлээлгэн өгсөн.

Байгууллагын архив нь тусдаа өрөөтэй ба дотор нь зориулалтын тавиур болон төмөр сейфэнд баримтаа байрлуулсан. Байнга хадгалах болон түр хадгалах, 70 жилээр хадгалах баримтуудыг тус тусад нь байрлуулан архивын өрөөнд дулаан чийг хэмжигч, галын хор байрлуулсан.

Нийслэлийн архивын сан хөмрөгийг 2010 онд нөхөн бүрдүүлэх ажлын төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл орсноор байгууллагын архивт хадгалагдаж байсан байнга, түр, 70 жил хадгалах баримтыг нягтлан шалгаж эрдэм шинжилгээ-техник боловсруулалтын ажлыг архив-албан хэрэг хөтлөлтийн ажилтан Л.Болормаа 2010 оны 7 сараас 2011 оны 01 сар хүртэл хугацаанд хийсэн.

Үүнд:

  • Баримт бичгийг байнга, түр, 70 жилд хадгалахаар ангилж баримтыг оны дараалалд оруулсан.
  • Эрдэм шинжилгээ техник боловсруулалт хийж, хадгаламжийн нэгж болгон баримтыг үдэж хавтасласан.
  • Байнга,түр хадгалах баримтын хуудсыг дугаарлаж хадгаламжийн нэгжийн баталгаа баталгаа бичих, нуруу цаас наах техник ажилбаруудыг хийсэн.
  • Сэлбэ засалт хийсэн.
  • Байнга, түр, 70 жил хадгалах баримтын данс, бүртгэл, түүх, эрдэм шинжилгээний болон практик ач холбогдолгүй болсон архивт хадгалах хугацаа дууссан баримтанд устгах хэргийн актыг тус тус үйлдсэн.
  • Хадгаламжийн нэгжид бүртгэлийн дугаар өгсөн.
  • Өмнөх үг, хөмрөгийн болон баримтын түүхийг бичсэн.

ХХНЖ-ыг жил бүр шинэчлэн нэгдлийн даргаар баталгаажуулан мөрддөг ба баримтын эргэлтийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа.

Хөмрөгийн баримтын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын хэвийн нөхцлийг хангах, өөрийн харьяа өрхийн эмнэлгүүдийн архив албан хэрэг хөтлөлтийн ажилд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн хамтарч ажиллаж байна.

Одоо тус эрүүл мэндийн нэгдлийн архивт байгууллагын удирдлагын болон хүний нөөцийн,  санхүүгийн, амбулатори, поликлиникийн тасгуудын үйл ажиллагааны явцад үүссэн 1990-2008 он хүртэлх данс бүртгэлтэй:

  • 70 жил хадгалах баримт    52 ХН
  • Түр хадгалах баримт         832 ХН  
  • Байнга хадгалах баримт   139 ХН,
  • Батлагдсан дансгүй 1995-2016 оны 2300-ХН баримт тус тус хадгалагдаж байна.

Одоогоор тус эрүүл мэндийн нэгдлийн архивын сан хөмрөгт хувийн гаралтай баримт байхгүй байна.

Баримтын бүрдлээс харахад байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн байнга хадгалах дараах нэр төрлийн баримтууд хадгалагдаж байна. Үүнд: Даргын тушаал, даргын зөвлөлийн болон хамт олны хурлын тэмдэглэл, байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, тайлан, Төсвийн ерөнхийлөн захирагчтай Ерөнхий менежерийн байгуулсан үр дүнгийн гэрээ, гэрээний биелэлт, Эрүүл мэндийн нэгдэл болж анх байгуулагдахад даргын ажил хүлээлцүүлсэн акт, ирсэн, явуулсан бичиг, байгууллагын санхүүгийн тайлан баланс, татварын тайлан зэрэг баримтуудаас бүрдэж байна. Эдгээрээс зарим оны бүрдэл дутуу байсан нь ЭШТБ-ын явцад илэрсэн.

ЭШТБ-ын ажил хийгдэх явцдаа Баянзүрх дүүргийн архив болон БЗД-ийн татварын хэлтсийн архиваас санхүүгийн тайлан баланс болон татварын тайланг хуулбарлан авч нөхөн архивласан болно. Санхүүгийн тайлан баланс болон татварын тайланг жилийнх байхгүйг нь улирлынхыг байнга хадгалахаар сонгон авсан, мөн 1-4 улирлынх бүгд байгаа тохиолдолд 1 дор 1 хадгаламжийн нэгж болгож байнга хадгалахаар сонгон авсан.

ЭШТБ-ын ажлын явцад Эрүүл мэндийн нэгдлийн даргын 2008 оны тушаалуудыг боловсон хүчний болон үндсэн үйл ажиллагааны асуудлаар ангилан төрөлжүүлж хэрэг бүрдүүлсэн ба тэдгээрт дотоод товьёог үйлдсэн.

1990-2013 он хүртэлх эрүүл мэндийн нэгдлийн даргын тушаалууд, 2014-2016 оны Эрүүл мэндийн төвийн захирамжлалын баримт бичгүүдийг сканердаж цахим хэлбэрт оруулж, эрэлт хайлтын явцыг хурдасгах, баримтын ашиглалтын хувь үүсгэн хадгалж архивын лавлагаа үйлчилгээнд ашиглаж байгаа бөгөөд Нийслэлийн архивын нэгдсэн програмд эдгээр захирамжлалын баримт бичгүүдийг оруулж утга шивэн оруулах ажил хийгдсэн.

ГУРАВ. ХӨМРӨГИЙН БАРИМТЫН ТОДОРХОЙЛОЛТ

Түр хадгалах баримтын бүрдлийн тухайд: Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн тайлан, ирсэн бичиг, явуулсан бичиг, өргөдөл, зохион байгуулалтын нэгжүүдийн төлөвлөгөө, тайлан, статистик мэдээ, өвчлөлийн мэдээ, нас баралтын бүртгэл, нярайн мэдээ, дархлаажуулалтын мэдээ, касс, харилцахын баримт, эмийн тайлан, бараа материалын тайлан, бэлэн мөнгө, аж ахуйн тайлан, тооллогын баримт, журнал, кассын дэлгэрэнгүй бүртгэл,  материалын тайлан зэрэг баримтуудаас бүрдэж байна.

70 жил хадгалах баримтын бүрдэлд: Ажилтнуудын боловсон хүчний асуудлаарх гарсан тушаал, цалингийн карт, цалингийн тооцооны хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ажлаас чөлөөлөгдсөн боловсон хүчний хувийн хэрэг зэрэг баримтаас бүрдэж байна.

Эрүүл мэндийн 9, 10, 15-р төвийн зарим оны цалингийн картууд огт байхгүй байсан бөгөөд хадгадах хугацаа дууссан кассын баримтыг устгалд ялгахдаа цалингийн баримтуудыг сугалсан. Мөн цалингийн карт байхгүй тул ажилчдын гарын үсэг зурагдсан цалингийн тооцооны хүснэгтийг 70 жил хадгалахаар сонгон авсан болно.

Устгах хэргийн актад: Хадгалах хугацаа дууссан, лавлагаа мэдээллийн ач холбогдолгүй болсон гэж үзсэн 25 төрлийн 158 хэрэг акт бүртгэж акт үйлдсэн. Хадгалах хугацааг тогтоохдоо Үндэсний архивын газрын даргын 2007 оны 160 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт “, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 34 дүгээр тушаалаар батлагдсан салбарын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалтыг үндэслэсэн болно.

Байгууллагын устгах хэргийн акт 2011 онд хийгдсэн бөгөөд үүнээс хойшхи хугацааны 1981-2011 он хүртэлх хадгалах хугацаа дууссан, лавлагаа, мэдээллийн ач холбогдолгүй болсон гэж үзсэн 740 гаруй баримтыг байгууллагагын дэргэдэх ББНШК-оор оруулж батлуулахад бэлэн болоод байна.

Эрдэм шинжилгээ, техник боловсруулалтын үр дүнд:

  • Байнга хадгалах 1990-2008 оны 139 хадгаламжийн нэгжийн данс,
  • Түр хадгалах 1992-2009 оны 832 хадгаламжийн нэгжийн бүртгэл,
  • 70 жил хадгалах 1991-2009 оны 52 хадгаламжийн нэгжийн бүртгэл,
  • Устгах хэргийн 1991-2005 оны 25 нэр төрлийн 158 хэргийн актыг тус тус үйлдсэн ба Нийслэлийн архивын газрын дэргэдэх ББНШАЗК- ын хурлаар 2011 оны 3 дугаар сард байнга хадгалах баримтын данс, устгах хэргийн акт, 70 жил болон түр хадгалах баримтын бүртгэлийг батлуулсан.
  • Мөн батлагдаагүй данс бүртгэл бүхий:
  • Байнга хадагалах 2009-2016 оны 114 хадгаламжийн нэгж
  • Түр хадгалах 1995-2016 оны 1300 гаруй хадгаламжийн нэгж  
  • 70 жил хадгалах 1991-2016 оны 30 хадгаламжийн нэгж
  • Устгах хэргийн 1981-2011 оны 740 хадгаламжийн нэгжийн бүртгэл бүхий данс байна.

2011 оны 3 дугаар сард Нийслэлийн архивт “217” гэсэн хөмрөгийн дугаартай болж бүртгэгдэн 1990-2008 оны байнга хадгалах 139 хадгаламжийн нэгж баримтаа Нийслэлийн архивын сан хөмрөгч П.Амарцэнгэлд хүлээлгэн өгсөн.

Архивын баримтын нөхөн бүрдүүлэлт хийх хуваарийн дагуу 2021 онд Баянзүрх дүүргийн архивт нөхөн бүрдүүлэлт хийж хөмрөг үүсгэнэ. 

ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ ҮЙЛДСЭН:

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

ТӨВИЙН АРХИВЫН АЖИЛТАН      .......................................... /                                       /

 

 

 

 

 

 

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТҮҮХ

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь анх 1955 онд Зүүн хорооны 30 ортой больницыг 26 орон тоотойгоор нээн ажиллуулсан байна. 1959 оноос дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, нүд зэрэг нарийн мэргэжлийн кабинетуудыг 12 их эмч, 4 бага эмч, 11 сувилагч, нийт 45 орон тоотойгоор нээж амбулаторийн үйлчилгээ явуулж байгаад 1966 онд хүүхдийн хэсгүүд райончлогдоход хүүхдийн 5 хэсэгтэй болж өргөжсөн байна.1967 оны сүүлчээр Улаан хуаран, Амгалан, Консуль, Дугуй булант, Сансарт хүүхдийн хэсгүүд шинээр байгуулж, нарийн мэргэжлийн диспансериуд райончлогдон арьс өнгө, сүрьеэгийн диспансериуд шилжин ирж ажилласан. 1972 онд “Найрамдлын районы амбулатори” нэртэй байгуулагдан ажиллаж байгаад, 1983-1991 он хүртэл Найрамдлын районы хүүхдийн нэгдсэн эмнэлэг,  1991 оноос Эрүүл мэндийн зөвлөх төв, 10,15-р төв болон ажиллаж байгаад 1997 онд дүүргийн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг менежментийн хувьчлалаар тусдаа бие даан ажиллах болсноор Зөвлөх төв татан буугдаж Эрүүл мэндийн 9-р төв болон ажиллаж байсан. 2001 онд НЭМГ-ын даргын тушаалаар Эрүүл мэндийн 9,10,15-р төвүүдийг нэгтгэж Эрүүл мэндийн нэгдлийг шинээр зохион байгуулсан. ЭМН-ийн харъяанд 1, 2-р салбар амбулатори, поликлиникийг байгуулж дүүргийн 24 өрхийн эмнэлэг, Гачуурт, Хонхор хорооны эмнэлгүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган дүүргийн 144.4 га нутаг дэвсгэрийн 203.000 гаруй хүн амд анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ 16 хүртэлх насны хүүхдэд хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цагаар үзүүлж байна.

БАЯНЗҮРХ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЛИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ

- Найрамдлын районы нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг,зөвлөх төв /1972-1991 он/
- Эрүүл мэндийн 9-р төв /1991-2000 он/
- Эрүүл мэндийн 10,15-р төвийг нэгтгэн 2001 оноос Баянзүрх эрүүл мэндийн нэгдэл болон үйл ажиллагаагаа явуулж байна.




Бие эрүүл бол сэтгэл эрүүл

Бидэнтэй холбоо барих