М.ЭНХТУЯА: ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАСНААР ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

Цусны даралт ихсэх өвчний талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр БЗД-ийн ЭМТ-ийн СА-1-ийн зүрх, судасны сувилагч М.Энхтуяатай ярилцлаа.

Цусны даралт ихсэх өвчин гэж юу вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Цусны даралт ихсэх өвчин гэдэг нь цусны даралт тогтмол өндөр байдалд байхыг хэлдэг. Цусны даралт нь хүний хөдөлгөөний байдлаас хамаарч өөрчлөгдөж болох  ч байнга өндөр байсан тохиолдолд хүндрэл үүсдэг. Өөрөөр хэлбэл цусны даралт хэвийн хэмжээнээс илүү буюу 130/90 ммуб хүрэхийг даралт ихэссэн гэж үзнэ гэсэн үг. Даралт ихсэх өвчинд онцгой шинж тэмдэг илэрдэггүй учраас анзааралгүй явсаар хэдэн жил болдог тохиолдол элбэг бий. Гэхдээ энэ нь тархины саажилт болон үхэлтэй шууд холбоотой учраас тоохгүй орхиж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Эмийн эмчилгээтэй хавсарч биеийн жинг зохицуулах, давсыг хягаарлах зэрэг хоол эмчилгээ нь даралт ихсэх өвчний үед чухал ач холбогдолтой байдаг.

Тэгвэл хооллолт нь даралт ихсэх өвчинтэй холбоотой гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Тарган хүмүүс биеийн жингээ хасвал даралт дагаад буурдаг. Мөн давс бага хэрэглэвэл даралт буурна. Энгийнээр хэлбэл биеийн жингийн илүүдэл болон давсны хэт хэрэглээ  нь артерийн даралт ихсэлттэй шууд хамааралтай. Үүнээс гадна хооллох зуршил сайн байх нь эмийн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг.

Давс яагаад цусны даралтыг ихэсгэхэд нөлөөлдөг вэ?

Үнэндээ давс биш түүнд агуулагддаг натри цусны даралтыг ихэсгэдэг. Тэгэхээр натри нь давсны найрлагын гол элемент учраас давсны хэрэглээний хэмжээг багасга гэж зөвлөж байгаа юм. Гэхдээ натри нь даралт ихсэх өвчний цорын ганц хүчин зүйл биш боловч чухал нөлөө үзүүлдэг гэдэг нь тодорхой. 

Ердийн хүнд өдөрт 2000 мг орчим натри шаардлагатай. Үүнийг давсаар хэмжвэл 4гр орчим болно.

ДЭМБ-аас нэг хүнд ногдох хоногийн давсны хэрэглээ дунджаар 5 грамм байх хэрэгтэй гэсэни зөвлөмж гаргасан байдаг. Гэтэл манайхны давсны хэрэглээ 11 грамм байгаа нь халдварт бус өвчний эх үндэс болсоор байгааг анхаарах хэрэгтэй. 

Тэгвэл хоолны давсаа багасгах энгийн арга нь юу бол?                       

Наад зах нь гэртээ хоол хийхдээ аль болох бага давс хийж, кетчуп, цуу болон сүмсэнд давс их байдгийг анхаарч бага хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн давсны оронд хоол амтлагч ургамал, ногоо ашиглан хоолоо амталж болно. Мөн дэлгүүрээс хүнс сонгохдоо шинэ буюу хөлдөөсөн хүнс сонгож, давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзаарай. Гадуур хооллохдоо анхаарах хэд хэдэн зүйл бий. Үүнд шинэ жимс ногоогоор бэлтгэсэн зууш сонгох, хоол захиалахдаа давс бага хийхийг сануулах, хоолны орц бүрэлдэхүүнийг сайтар судлах хэрэгтэй.

Бие эрүүл бол сэтгэл эрүүл

Бидэнтэй холбоо барих