Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт

Хүн эрүүл байна гэдэг нь зөвхөн бие махбодийн хувьд эрүүл байхаасаа гадна, сэтгэцийн хувьд эрүүл байж, нийгэм хамт олонтойгоо дасан зохицох чадвартай, өөрийн гэсэн байр суурьтай бөгөөд өөрийн чадвартаа тохирсон ажлын үр бүтээмжтэй байхыг хэлнэ. Иймд бие махбодийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэц, нийгмийн хувьд эрүүл байх шаардлагатай. Бие сэтгэц хоёрыг хэзээч тусад нь авч үзэж болохгүй. Сэтгэц өвдвөл бие өвдөнө, бие өвдвөл сэтгэц өвдөнө. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага / ДЭМБ / - ын нэгэн судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60% нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85,7% нь сэтгэцээсээ болж өвдсөн байх юм.

Сэтгэцийн эрүүл мэнд гэсэн ойлголтод маш өргөн хүрээний асуудлууд багтдаг бөгөөд хүнийг сэтгэцийнх нь хувьд эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж 3 ангилж авч үздэг. Гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, архидалт, хардалт, хүүхдийн буруу хүмүүжил зэрэг олон хүчин зүйлсээс болж хүн хоорондын болон хүний дотоод будлиан, бухимдал, стресс, тайван биш байдал, сэтгэл зовох зэрэг сэтгэл зүйн өөрчлөлтүүд үүсэх нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал юм. Ийм сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст сэтгэцийн эмчийн ба сэтгэл зүйчийн тусламж зайлшгүй шаардлагатай байдаг байна. Даяарчлагдан нийгэмшиж байгаа өнөө үед сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байгаа бөгөөд тэр дундаа сэтгэцийн тулгамдсан асуудал нь нийгмийн эрүүл мэндийн эмзэг сэдэв болон хувираад байна. Нийт хүн амын 51% нь сэтгэцийн хувьд эрүүл байдаг бол 46% нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, үлдсэн 3% нь сэтгэцийн илэрхий эмгэгтэй байдаг аж. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн 30% нь сэтгэцийн эмгэгтэй болох магадлал өндөр байдаг байхад үлдсэн 70% нь хэвийн байдалдаа ордог.


 
Дэлхий дээр нэг буюу түүнээс дээш сэтгэцийн эмгэгээр өвчилсөн 1.5 тэрбум хүн байгаа ба эдийн засгийн хөгжлийн түвшингээс үл хамааран  сэтгэцийн эмгэгийн тархалт эрчимтэй өсч байна. Сэтгэцийн эмгэг нь эрүүл амьдралын 10 орчим жилийг , ХЧА – ийг өндөр хувьтай алдагдуулдагаараа дэлхийн дахины НЭМ – ийн чухал асуудал бөгөөд тэр дундаа сэтгэцийн тулгамдсан асуудал нь НЭМ-ийн эмзэг сэдэв болон хувираад байна
Сүүлийн үед

  • шизофрения 4 дахин,
  • оюуны хомсдол 13 дахин,
  • өтлөлтийн солиорол 6 дахин,
  • Архинд донтох өвчин 25 дахин
  • Невроз 29 дахин өсч байна. 

Манай улсад хамгийн багаар бодоход 500000 ба түүнээс дээш хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн судалгаа гарсан. Сэтгэцийн эрүүл мэндээ хайрлана, хамгаална гэдэг нь зөвхөн сэтгэцийн эмгэгтэй болсон хойноо эмчид хандах биш сэтгэцийн эмгэгтэй болохоос нь өмнө урьдчилан сэргийлж, сэтгэцийн тулгамдсан асуудал тохиолдол бүрт нь шийдэхэд  оршдог болно. Сэтгэцийн тулгамдсан асуудал нь хүн болгонд тохиолддог энгийн юм шиг хирнээ зөвөөр шийдэж, стресс бухимдлаа зөв тайлж сурахгүй бол гэр бүл салалт, гэр бүлийн хэрүүл маргаан салахгүй, ойлголцохгүй байх, ганцаардах, нийгмийн болон ажлын бүтээмж буурах,элдэв буруу зуршлуудад автах, архидан согтуурах, ажил сургуулиа хаях, сурч боловсрох чадвар нь буурах зэрэгээр маш их хор хохирол учруулдаг байна. Бид бие махбодийн ямар нэг зовиур илэрвэл, ямар нэгэн өвчин тусвал заавал эмчид очиж үзүүлдэг. Харин сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал болох стресс, бухимдалтай байх, хүчирхийлэл, дарамтанд орох үедээ бид найз нөхдийнхөө, гэр бүлийнхээ хүрээнд шийддэг бөгөөд ихэнхдээ орхигдуулдаг. Эсвэл дотроо хадгалж явсаар байгаад хардалт, үзэн ядалт тээж, гуниж – гутарч, сэтгэлийн гүн дарамтанд орсноор архидан согтуурах, агсам согтуу тавих, гэр бүлийн болон бусад хүчирхийлэл үйлдэж, амиа хорлох хүртэл үйлдэл хийдэг байна. Харин манай улсад сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст үйлчилдэг эрүүл мэндийн тогтолцоо бүрдээгүй учир ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж авч чаддаггүй билээ.

Бие эрүүл бол сэтгэл эрүүл

Бидэнтэй холбоо барих