Зүрхний шигдээс өвчний 12.5 сая төгрөг хүртэлх зардлыг даатгалаас хариуцна

 

Зүрхний ишемит өвчний тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний ишемит буюу зүрхний цусан хангамж багасах өвчний эмийн эмчилгээг 550 мянга, мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж, мэс заслын хүндрэлээс хамаарч 1.2-12.5 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 40 мянган тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

 

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эмийн эмчилгээг 1.2 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.5 – 6.8 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 4335 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Эрүүл мэндийн яамнаас оношийн дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна.

Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ зэргийг УНТЭ-ийн Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны төвүүд дээр төвлөрүүлэн хийж эхэллээ.

Ингэхдээ эмч мэргэжилтнүүдийг бодлогоор Франц, БНСУ-д  суралцуулж, АНУ, Япон, БНСУ-ын мэргэжлийн багуудын алсын зайн дэмжлэгтэйгээр хийж эхэлсэн.

-Ясны чөмгийг шилжүүлэн суулгахаар 1.9 тэрбумын хөрөнгө оруулалт хийв-

Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд 2021 онд ЭМЯ-наас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмчилгээний ариун орчин нөхцлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтад зарцуулсан бол 600 сая төгрөгөөр өндөр хүчин чадалтай лабораторийн NGS технологийг нэвтрүүлсэн.

Монголд эмчлэгдэх боломжгүй байсан хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээг нэвтрүүлэхийн тулд УНТЭ-ийн Зүрх судасны төвд хөрөнгө оруулалтаар Би-план ангиографийн аппарат, ЭКМО аппаратуудыг шийдвэрлэж, эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад дунд болон богино хугацааны сургалтад системтэйгээр суралцуулсны үр дүнд дөрвөн тохиолдлыг амжилттай хийгээд байна.

 

-Ихэр жирэмсний ургаас урагт юүлэгдэх хам шинжийн лазер эмчилгээг нэвтрүүллээ-

Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д нэвтрүүллээ. Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээг нэвтрүүлэхийн тулд эх барихын хоёр эмч, ургийн мэдээгүйжүүлэг буюу гэдсэнд байгаа урагт мэдээгүйжүүлэг хийх хоёр унтуулгын эмч нарыг Япон улсад сургасан юм.
Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс заслыг нэвтрүүлэхдээ хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, цээжний хөндийн мэс заслын тасгийг байгуулсан.

Мөн нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс заслыг 5 хүүхдэд амжилттай хийгээд байна. Тархи, нугасны хавдрын стериотактик туяа эмчилгээг ХСҮТ-д хийж эхэлсэн бөгөөд энэ чиглэлийн эмч нарыг сургах, тоног төхөөрөмжийн хангалтыг ЭМЯ-ны зүгээс шийдвэрлэн ажиллалаа.

Эрүүл мэндийн яам нь Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчний тоог бууруулах, гадаадад урсах мөнгөний зардлыг багасгах, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсэх санхүүгийн хүндрэлээс сэргийлэх бодлогыг баримтлан шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, хүний нөөцийг бэлтгэн нэмэгдүүлснээр “Монголд эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалт”-аас 6 өвчнийг эх орондоо эмчлэх боломжтой болсон.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ