Ц.Билэгтсайхан: 2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан дүн

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Тэрээр “2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан дүн.

Хоногт батлагдаж байгаа тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 10-аас бага болсон. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш КОВИД-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар  34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн 94 хувь нь хүндэвтэр, зургаан хувь нь хөнгөн гэсэн эмнэлзүйн эрэмбэтэй байна. Мөн 134 хүн гэрийн хяналтад байна.

Манай улсын хувьд энэ Омикроны дэд хувилбарыг үүсгэж байгаа BQ.1 хувилбар 92.5 хувь, BQ.1.1 2.5 хувь, BA.5 хувилбар таван хувьтай байна.
Дэлхийд 657 сая хүн КОВИД-19-өөр өвчилснөөс 6.6 сая нь нас баржээ.

КОВИД-19 цар тахал, ялангуяа Омикроны давлагаа сүүлийн долоо хоногт дэлхий дахинд 21 орчим хувиар буурсан. Олон улсад BA.5 хувилбар 63 хувь, BA2.2.75, BQ.1 зэрэг хувилбар дэгдэлтийг үүсгээд байна.

Манай урд хөрш 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цар тахлын мэдээллийг нийтлэхгүй байгаа. Гэхдээ ДЭМБ-ын мэдээгээр Хятад улсад өнгөрсөн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол, сүүлийн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэсэн байна.

Урд хөршид энэ долоо хоногийн өвчлөлийн тоо өмнөх долоо хоногоос 45 хувиар өссөн. КОВИД-19-ийн шалтгаант нас баралт 648 гэж мэдээлсэн нь өмнөх долоо хоногоосоо 50 гаруй хувиар нэмэгдсэн юм.

БНХАУ-д дэгдэлт үүсгээд буй вирусийн хувилбарыг арванхоёрдугаар сарын 19-24-ны сорьцын мэдээллээс авч үзвэл:

  • 85 хувь нь Омикроны BF.7 гэх дэд хувилбар
  • 15 хувь нь BA.5.2 гэх мэт олон дэд хувилбар өвчлөлийн тоог нэмэгдүүлж байна.” хэмээлээ.

Эрүүл мэндийн салбарт энэ онд 88, ирэх жил 130 стандартыг шинэчилнэ

Эрүүл мэндийн салбарт энэ онд 88, ирэх жил 130 стандартыг шинэчилнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр эмнэлгийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яаманд ажиллаж эрүүл мэндийн салбарын стандартчиллын асуудлын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа.

улзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөж буй стандартуудын талаар товч мэдээлэл өглөө.  Тэрбээр өнөөдрийн байдлаар тус салбарт 702 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас эмчилгээ, оношилгооны стандарт 32.8, эм, эмийн хамаарал бүхий стандарт 40.1, бүтэц үйл ажиллагааны стандарт 2.7, арга, аргачлал болон бусад стандарт 27 хувийг эзэлж буй бөгөөд стандартын тоогоор бусад салбараас харьцангуй олон ч багагүй хувь нь шинэчлэх, хүчингүй болгох шаардлагатай байгааг дурдсан.
Шадар сайд С.Амарсайхан уулзалтад оролцогчдод хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод нээлттэй болгох, тэр дундаа эрүүл мэнд, хүнс, боловсролын салбарын стандартыг нэн тэргүүнд сайжруулах цаашлаад бүхий л салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, уялдаа холбоог бэхжүүлэх, ажлыг эзэнтэй болгож хариуцлагжуулахад чиглэсэн тодорхой бодлого шийдвэрүүдийг гарган ажиллаж байгааг онцлоод Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж буй 
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр болон 2023 оныг Стандарын жил болгон зарласантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарт стандартын шинэчлэлийг эрчимжүүлэхэл анхаарч ажиллахыг анхаарууллаа.
Эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, шинэчлэлийн ажлын талаар мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл танилцуулсан.

Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын Шадар сайдаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд стандартын асуудлыг цэгцлэх суурь томоохон ажлууд яамны төлөвлөгөөнд тусч, хийгдсэн. Тухайлбал, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эмийн хамаарал бүхий стандартад Эрүүл мэндийн сайдын баталсан ажлын хэсэг, эмчилгээ, оношилгоо, арга аргачлал зэрэг бусад стандартад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу мэргэжлийн салбар зөвлөлөөр үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний үр дүнд орчин үеийн стандартад нийцсэн бөгөөд цаашид байх шаардлагатай 135 стандарт, агуулга хуучирсан хэдий ч цаашид байх шаардлагатай 218 стандартыг шинэчлэх, хүчингүй болгох 415 стандарт байна гэсэн дүгнэлт гарсан.
Тиймээс эрүүл мэндийн салбарын стандартыг цэгцлэх асуудлаар ЭМЯ, Стандарт хэмжил зүйн газартай хамтарсан уулзалтуудыг удаа дараа зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд А/464 тушаал гаргаж, 2025 он хүртэлх боловсруулан батлуулах стандарт, эмнэлзүйн зааврын төлөвлөгөөг гарган боловсруулах эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдыг томилоод байгаа юм.
Энэ тушаалын дагуу энэ онд 88 стандартыг шинэчлэх, 2024 онд 130 стандартыг шинэчлэх зааврыг боловсруулан батлуулах төлөвлөгөөг гаргасан. Ингэснээр эрүүл мэндийн салбарын стандарт, эмнэлзүйн зааврын шинэчлэл хийгдэх томоохон алхам болно гэж үзэж байгаа талаар тодорхой мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан эрүүл мэндийн салбарын стандартуудыг шинэчлэх, сайжруулах ажлыг нэн даруй хийхийн зэрэгцээ салбарын хэмжээнд бүхий л төрлийн стандартыг ягштал мөрдүүлэн ажиллахад хаа хаанаа хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг томуугийн үед хүүхдийн орны ачааллыг зохицуулах тушаал гаргав

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх орны ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн  сайд С.Чинзориг тушаал гаргаж ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг түр шилжүүлэх зохицуулалтыг хийх үүргийг холбогдох албаныханд өглөө.
Уг зохицуулалтаар эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 18-20 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн 1-3, 25, 26 хороо, Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Чингэлтэй дүүргийн 8, 13, 14, 16, 19 дүгээр хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлэгт түр шилжүүлэх бөгөөд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Амгалан”, “Өргөө” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд харьяаллын дагуу жирэмсэн эхчүүдийн амьсгалын замын өвчлөл, дотрын тусламж үйлчилгээг хариуцах юм.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн жилийн эцсийн буюу 52 дугаар долоо хоногийн томуу томуу төст өвчний мэдээгээр аймаг, дүүргийн  хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 80.9 амьсгалын замын цочмог хүнд халдвартай ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн. Энэ нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр нийтийг хамраагүй буюу алаг цоог тархалтын түвшинд байна.
2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн 2088 орон дээр 1979 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт орны ачаалал 90.7 хувьтай байгаа бөгөөд эмнэлгийн коридор, зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй байгаа юм.   
Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн төвөөр 1387 хүүхэд үзүүлснээс 844 нь орой 18 цагаас шөнө 00 цагийн хооронд эмнэлэгт хандсан байна. Эдгээрээс зөвлөгөө авч  буцсан хүүхэд 1128, эмчилгээ хийлгэсэн хүүхдийн тоо 411 буюу 26.9 хувь нь байна. Коридор болон зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй.
            Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, босго үзүүлэлтийг үндэслэн авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, өвчлөл дэгдэлтийн нөхцөл байдалд нийцүүлэн эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, хүний нөөцийг нэмэлтээр ажиллуулан зохицуулалт хийж байна.

Хэрэглэгчийн үнэлгээний үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломж бүрдлээ

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа буюу Хэрэглэгчийн үнэлгээг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар жилийн турш зохион байгуулах үүднээс www.1313.mn-д Эрүүл мэндийн статистик мэдээллийн санд Дэд модуль хөгжүүлэн 2022 оны 12 дугаар сараас үйл ажиллагааг эхлүүллээ.

Жил бүрийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төв  улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулдаг бөгөөд 2022 оны хэрэглэгчийн үнэлгээнд төрийн өмчит, төрөөс санхүүждэг аймаг, нийслэлийн 550 гаруй эрүүл мэндийн байгууллагын 29500 хэрэглэгч дээрх системээр хамрагдаад байна.

Цаашид уг системийн үйл ажиллагааг сайжруулан тогтвортой ажиллаж жилийн турш эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг  авах боломж бүрдэх  ба сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгчид  цаг хугацаа, орон зай үл харгалзан харах боломж нээгдэж байна. Ингэснээр хэрэглэгчийн үнэлгээгээр дамжуулан эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад дэмжлэг болох юм.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийн үнэлгээг байгууллагын  гүйцэтгэлийн үнэлгээний нэг хэсэг болгон ашиглах технологийн боломж бүрдэж байна.

Улс орон даяар нэн шаардлагатай гурвалсан системт “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭР“-тэй боллоо

Коронавирусийн цар тахлын халдварын үед орон нутагт хамгийн их тулгамдсан асуудлын нэг нь хүчилтөрөгчийн хангамж байсан билээ. Аймгууд хүчилтөрөгчийн үйлдвэргүйгээс болж амь тэнссэн үеийн болон яаралтай тусламж үзүүлэхэд хүндрэл үүсэж байсан нь саяхан.

Эрүүл мэндийн яам энэ асуудалд анхаарал хандуулж, 2022 онд 15,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд гурвалсан системт буюу хүчилтөрөгч, агаар, вакумыг нэг дор үйлдвэрлэх хүчин чадалтай Герман улсын АДЕКОМ брэндийн бүрэн автомат, ухаалаг систем бүхий 26  “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭР”-ийг  улс орон даяар байгууллаа.

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай бөгөөд эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, дотор, мэс засал, халдварт, хүүхдийн тасгуудад ханын системээр хүчилтөрөгчтэй холбогдож, амьсгалын эмгэгтэй иргэд өрөөнөөсөө хүчилтөрөгчөөр хангагдах боломжтой болсон

Өмнө нь орон нутгийн эрүүл мэндийн төв, сумдын эмнэлгүүд Улаанбаатар хотоос баллонтой хүчилтөрөгчийг зөөвөрлөж авдаг байсан бол тус хөрөнгө оруулалт хийгдсэнээр аймгийн нэгдсэн эмнэлгүүд жилд 50-100 гаруй сая төгрөг хэмнэх боломж бүрдсэн юм.

Үйлдвэрт ажиллах инженер, техникчийг нийлүүлэгч компаниуд ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах ажлыг хийсэн ба хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сайжрах давуу талтай юм.

Ийнхүү орон нутгууд бэсрэг үйлдвэртэй болсноор тээвэрлэлтийн зардлыг хэмнэж, төсвийн дарамтын бууруулахаас гадна доорх давуу талууд бий болж байна.Үүнд:

  • Хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж, эрсдэл үүсгэдэг технологийг халж, орчин үеийн хананы хүчилтөрөгчийн системтэй болсон
  • Сумдын эмнэлгүүд хамгийн ойрхон Нэгдсэн эмнэлэгт очиж, хүчилтөрөгчийн баллоноо цэнэглүүлж, цаг хугацаа, төсвөө хэмнэх бүрэн боломжтой болсон
  • Хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй болсноор хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнд түргэн шуурхай хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай
  • Өвчтөний орны дэргэд хүчилтөрөгчийн ханын системтэй болсноор эмнэлэгт хоног болоогүй нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээний тасагт яаралтайгаар ирсэн эрхтэн тогтолцооны хүндрэлийг эмчлэхэд маш чухал ач холбогдолтой.
  • Зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 60-70 хувийг өгч байсан бол энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 90-96 хувийг өгөх бүрэн боломж бүрдсэн.

 

 

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ