МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БОЛНО.

Менингококкт халдвар нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, иархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.
Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг.
Менингококк халдвар нь манай оронд 8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархаж байгаа юм. Энэхүү халдвараас сэргийлэх вакцины үр дүнд өвчлөл жилд маш цөөхөн тохиолддог, мөн эл өвчинтэй нүүр тулж байнга ажиллаж байгаагүйн улмаас өөр өвчин эмгэгтэй андуурч оношлогоо оройтох талтай байдаг байна. Тухайлбал, уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүт тууралт гардагаар нь улаан бурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг аж.
ХАЛДВАРЛАЛТ
Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог.
Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг.
Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.
МЕНИНГОКОККИЙН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ
Илрэх шинж тэмдгүүд:
• Гэнэт өндөр халуурах
• Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
• Хүүхэд уйлагнах
• Гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
• Толгой өвдөх, хоолонд дургүй болох
• Бөөлжилт нь гэнэт, хоолтой холбоогүй, олон удаа, бөөлжөөд биед сайжрал өгөхгүй
• Хүзүү хөших, ухаан санаа самуурах
• Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).
МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
• Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
• Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангын уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
• Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
• Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
• Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
• Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх хэрэгтэй.
БЗД-ийн Эрүүл мэндийн төв

2023-01-27

Аливаа өвчин идэгдэг. Хэрвээ ИРГЭН та өөрөө өөртөө эмч байх аваас энэ мэтийн өвчлөлөөс өөрийгөө болон хайртай бүх хүмүүсээ хамгаалах бүрэн боломж байна.

Менингит гэж юу вэ. Энэ мэт өвчлөлөөс хамгаалах сэргийлэх, танин мэдэхэд бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс БЗД-ийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдээс дараах зүйлсийг зөвлөн танилцуулж байна.

 Тархи нугасны бүрхэвч хальсыг менинг гэх бөгөөд уг хальс үрэвсэх эмгэгийг менингит гэж нэрлэнэ. Уг өвчин нь дараах шалтгааны улмаас үүсдэг:

  • Бактери
  • Вирус
  • Мөөгөнцрийн шалтгаантай

Энэ дундаа вирусийн менингит нь илүү түгээмэл бөгөөд бактерийн менингиттэй харьцуулахад хүндрэл багатай. Бактериар үүсэх хэлбэр нь ховор тохиолдох ч амь насанд аюул учруулахуйц ноцтой юм. Эдгээр  нь аль ч насны хүнд илэрч болох ч бактерийн менингит  нь бага насны хүүхэд, 15-25 насны залуу хүмүүст элбэг тохиолдоно. Харин насанд хүрсэн залуу хүмүүс вирусийн менингитээр өвчлөх нь элбэг байна.

Шалтгаан 

Олон төрлийн вирус менингит өвчнийг үүсгэдэг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь гэдэс гүйлгүүлж, хоолой өвтгөдөг коксаки вирус гэх энтеровирус юм. Түүнчлэн маш ховор тохиолдолд уг өвчин гахай хавдрын вирусээс үүсэх боломжтой. Вирусийн менингитээр ихэвчлэн дулааны улиралд өвчлөх нь боловч энэ төрлийн өвчин дэгдэлт багатай байна.

Бактерийн менингит нь маш ховор тохиолдолд биеийн өөр хэсэгт бий болсон халдвар даамжирснаас үүдэлтэй байна. Тухайлбал, сүрьеэгийн бактери уушгинаас менинг рүү тархаж, менингит үүсэх магадлалтай. Бактерийн менингит нь ихэвчлэн ганц нэгхэн тохиолдол төдийгөөр хязгаарлагдана. Гэвч сургууль, коллеж зэрэг олон бужигнасан байгууллагад бага хэмжээний дэгдэлт гарах эрсдэлтэй.

ХДХВ халдвар, химийн эмчилгээ зэргээс шалтгаалан дархлааны тогтолцоо нь суларсан хүмүүс менингитийн халдвар авах эрсдэл ихтэй байна.

Шинж тэмдэг

Менингит нь эхэндээ ханиад хүрсэн төдий мэт бага зэргийн халуурах, сульдах зэрэг шинж тэмдэгтэй илрэх ба хугацаа өнгөрөх тусам шинж тэмдгүүд даамжирна. Бактерийн менингитийн шинж тэмдэг маш хурцаар илрэх тул уг өвчнийг хэдхэн цагийн дотор тодорхойлох боломжтой юм. Харин вирусийн менингитийн шинж тэмдэг хэд хоногийн дараа илэрдэг. Нийтлэг илрэх шинж тэмдгүүд:

  • Толгой хүчтэй өвдөх
  • Халуурах
  • Хүзүү хөших
  • Тод гэрэлд нүд гялбах
  • Дотор эвгүйрхэх, бөөлжих
  • Менингоккийн менингитийн үед янз бүрийн хэмжээтэй хавтгай хавтгай, улаан хүрэн тууралт үүсэх бөгөөд дарахад өнгө нь хувирахгүй.

Оношилгоо

Өвчний эхний шинж тэмдэг илэрсний дараагаар мэргэжлийн эмчид хандаж дараах шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Үүнд:

  • Мэдрэлийн үзлэг.
  • Цусны ерөнхий ба биохимийн шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Цусны ПГУ шинжилгээ
  • Цээжний рентген
  • Нугаснаас шингэн авах

Эмчилгээ

Өвчин үүсгэгчээс хамааран эмчилгээний хугацаа өөр байна. Вирусийн менингит 1-2 долоо хоногт эдгэрдэг. Харин бактерийн менингит хэдэн 7 хоногоос хэдэн сарын турш эмчилгээ хийлгэсний үр дүнд эдгэнэ. Сүрьеэгийн бактериар менингит үүссэн тохиолдолд сүрьеэгийн эсрэг эм өгнө. Бактерийн менингитийн үед өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт байнгын хяналтад байлгана.

Хүндрэл

Бактерийн халдвараар үүсгэгдсэн менингитийн үед зохих эмчилгээ хийгээгүй тохиолдолд уналт таталт, комд хүргэх эрсдэлтэй. Уг өвчний улмаас тархи гэмтсэн тохиолдолд сонсгол муудах, ой санамж доройтох эрсдэлтэй. Түүнчлэн энэ нь насан туршид хадгалагдан үлдэх аюултай юм. Бактерийн менингит туссан 10 хүний 1 нь эмчлүүлж байсан ч амь насаа алддаг. Өндөр настан, нярай хүүхдүүд уг өвчнөөр эндэх нь элбэг байна.

Урьдчилан сэргийлэх

  • Салхин цэцэг, улаан бурхан, пневмококк, менингококкийн эсрэг вакцинд хамрагдах
  • Тэжээллэг, тэнцвэртэй хооллох
  • Дархлаа тогтолцоог дэмжих
  • Хувийн эрүүл ахуйг сайтар сахих
  • Аливаа өвчний эмчилгээг цаг алдалгүй хийх

Менингит нь аюултай үр дагавартай ноцтой эмгэг юм. Эхний шинж тэмдэг ажиглагдах үед зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж, цаг алдалгүй оношлуулах, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

БЗД-ийн эрүүл мэндийн төв

2023-01-27

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулав.
 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тусгайлсан бие даасан анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагынхнаас гадна БШУЯ, ХНХЯ, АШУИС, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 40 шахам хүн оролцов.
Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын эрх зүйн  шинэчлэлийг хийхэд анхаарч суурь хуулиудад өөрчлөлт хийх шаардлага байгааг онцлоод “Эрүүл мэндийн тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулснаар хуулийн  60 орчим хувьд нь өөрчлөлт орсон байдаг. Одоо хуулиудад нэмэлт өөрчлөлт гэхээсээ шинэчилсэн найруулгаар дорвитой өөрчлөлт оруулж үйл ажиллагаатайгаа нийцүүлэх шаардлага байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын аливаа хуулийг боловсруулахдаа иргэндээ ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг талаас нь түрүүлж харах ёстой” гэж байлаа.  Хуулийн төслийг боловсруулсан ЭМЯ-ны Ажлын хэсгээс хийсэн танилцуулгад Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл 6 бүлэгтэй бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт;  Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоо; Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, салбар дундын хамтын ажиллагаа; Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт зэрэг харилцааг зохицуулахаар тусгасныг дурдаад хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар танилцуулсан.

Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байхаар заасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2016 онд батлуулсан. Харин нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулах хууль одоог хүртэл байхгүй байна.
Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөц, жилд дунджаар 200 орчим бэлтгэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын 50 мянга гаруй ажиллагсдын 1.9 хувийг эзэлж байгаа бөгөөд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц хангалтгүй.
2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн  дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байна. Монгол Улсад хөдөл Хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний тогтолцоо бий болсноор Монгол Улсын нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, осол, гэмтэл, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчлөл бодитоор буурах нөхцөл бүрдэж, эдгээр болон бусад өвчлөлөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах боломжтой болох юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх зорилтыг тодорхойлохдоо ДЭМБ-аас хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгохыг гишүүн орнуудад зөвлөмж болгосон байдаг.мөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл  амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатайг харуулж байна. ДЭМБ-аас тодорхойлсон нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 тусламж, үйлчилгээг болон дээрх үзэл баримтлалын санааг Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуульд тусгасан гэдгийг төсөл боловсруулагчид танилцуулсан.
Судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр зарцуулж буй нэг ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 5-40 ам.долларыг хэмнэнэ гэсэн тооцоо байдаг.
НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ-аас эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нийт зардлын 30-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулахыг зөвлөдөг бол манай улсад ердөө 6.0 хувийг  зарцуулдаг бөгөөд зардлын дийлэнхийг олон улсын зээл тусламж эзэлдэг.

Өнөөгийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, ангилал, стандарт, норматив, жишиг тооцоолол байхгүйгээс нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, нэр төрөлд өртөг зардлын тооцоо тодорхойгүй байгаа нь хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Нэг аймаг дэгдэлтийн түвшинд хүрсэн байгаа. Нийт өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 23 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна гэдгийн мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

 

Энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсэдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Үүнийг өмнөд өдөртэй нь харьцуулахад 1.7 хувиар нэмэгдэсэн байна. Томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага хотын хэмжээнд нийт дуудлагын 60 орчим хувийг эзэлсэн. Вирус судлалын лабораториос шинжилгээ хийхэд томуугийн А вирусний H1N1 В дийлэнхийг нь эзэлж байсан бол H3N2 В вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна.

Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насны хүүхдүүд 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Энэ нь хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан байгаагаас 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Тэдгээр хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмсэн. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын эмгэгээр хоёр хүүхэд нас барсан байна.

Жирэмсэн, архаг хууч өвчтэй, эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш, 2-5 хүртэлх насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Мөн 2-12 насны 800 гаруй мянган хүүхдийн 30 хувийг вакцинд хамруулаад байна. Хичээл эхлэх гэж буйтай холбоотойгоор вакцинжуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Ирэх Даваа гарагт ЕБС-ийн хичээл эхлэх тул ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвшихийг зөвлөж байна.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших

Эдгээр энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАХ ВЭ ?

  • Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахих
  • Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх
  • Амны хаалт байнга зүүж хэвших
  • Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх
  • Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
  • Өвчилсөн тохиолдолд колдаур, колдакс, фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон, аньсны  шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчний үед вирүст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
  • Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв

2023

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ