Чанарын шаардлага хангаагүй эмийг импортлох боломжгүй гэв

150 Views

Эмийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үнэ өсч чанар муу байгаа талаар иргэд ярих болсон. Иймээс импортоор орж ирдэг эмийн чанар болон үйлдвэрлэлд хэрхэн хяналт тавьдаг талаар тодрууллаа.

Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй эм байдгаас 79 хувь нь импортоор орж ирж, үлдсэн 21 хувийг дотоодод үйлдвэрлэдэг байна.

Чанартай, аюулгүй эмээр монголчуудыг хангах үүргийг нэг хэсэг Эрүүл мэндийн яам дангаар хариуцдаг байсан бол одоо тусгай хэрэгжүүлэгч агентлаг эмийн чанарт анхаардаг болсон. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар энэ үүргийг хүлээдэг болсон байна. Тиймдээ ч эм, эмийн бүтээгдэхүүний бүртгэл хяналт сүүлийн жилүүдэд илүү нарийн дэс дараалал, стандарттай болсныг албаныхан онцлов.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр “Импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг эхний ээлжид зохистой орчинд үйлдвэрлэгдсэн эсэхийг хянадаг. Үүний дараагаар найрлага, тун, идэвхийг нягталж тогтвортой эсэхийг тогтооно. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсэхийг шалгаж, ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн жагсаалтад орсон эсэх, үйлдвэрлэгч улсын эмийн жагсаалтад орсон үгүйг шалгадаг.

Импортын эмийн чанарт эргэлзэх хүн цөөнгүй байдаг. Гэхдээ импортын эмэнд дээрх шаардлагуудаас гадна тухайн улс орондоо гурваас дээш жил худалдаалагдсан, бусад 3-5 оронд экспортлодог байх шаардлагыг тавьдаг .

Эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн байвал импортоор оруулж ирдэг. Эмийн зах зээлд хугацаа зааж өгдөг нь тухайн эмийн гаж нөлөө зэрэг илрэх хугацааг тооцоолсон. Хэрэв шинээр үйлдвэрлэгдэж байгаа эм бол судалгааны явц, хорт хавдар үүсгэх магадлалыг харгалздаг” гэсэн юм.

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ