Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд гэр бүл, ойр дотнынхноо идэвхтэй хамруулаарай гэж Ерөнхий сайд уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Эрүүл мэнд-Үндэсний баялаг”  уриан дор хэрэгжүүлж буй хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны хэрэгжилт, үйл ажиллагааны явцтай танилцлаа. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  дэд сайд С.Энхболд нарын хамт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Фамили медикал” эмнэлэгт ажиллав.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг дүүргийн хэмжээнд 383892 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдахаас энэ оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар 110,762 иргэн буюу 28.8 хувь нь хамрагдсан бөгөөд улаан хоолойн хавдрын урьтал эмгэг, ходоодны шарх, хавдар, элэгний хортой, хоргүй хавдар, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг,  элэгний  В, С вирусийн шинэ тохиолдол зэрэг өвчлөл, өөрчлөлтүүд зонхилон илэрч байгаа талаар танилцуулав. Тусламж үйлчилгээний чанар хүртээмж, эрт илрүүлгийн хамралтын хувийг дээшлүүлэх зорилгоор 18-30 насны иргэдийг зөвлөх поликлиниктээ, бусад насны бүлэг буюу  дуран оношилгоотой багцыг дүүргийн ну таг дэвсгэр дэх улсын болон хувийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн хүмүүст хүрч очиж ажиллах зохицуулалт хийжээ. Тухайлбал, бүрэн тоноглосон эрт илрүүлгийн автобус ажиллуулж, өнгөрсөн онд 1,509 хүнийг хамруулсан байна.
Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээнд төрийн өмчийн 49, хувийн хэвшлийн 27 байгууллага хамтран ажиллаж байна. Эдгээрийн нэг нь “Фамили медикал” эмнэлэг юм. Тус эмнэлэг Баянзүрх дүүргийн хоёр, 21, 27 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн ес, 16 дугаар хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэгт хамруулах гэрээтэй бөгөөд өдөрт 60-70 хүн хамрагддаг. Энэ хугацаанд 12,600 гаруй хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсанаас 250 орчим хавдрын урьтал болон батлагдсан тохиолдол илэрчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгүүдэд ажиллах үеэрээ үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр эрүүл мэнддээ анхаарч шинжилгээ, оношилгоонд хамрагдахаар ирсэнд нь талархал илэрхийлээд “Энэхүү эрт илрүүлгийн арга хэмжээ нь Монгол Улсын хүн амын нас, насны бүлэгт зонхилон тохиолдох өвчин, эмгэгийг илрүүлэх, эмчлэх зорилготой. Цаашид иргэн бүр жил тутам эрт илрүүлэгт хамрагдаж хэвших нь чухал байна. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол дээшилснээр монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ” гэв. Мөн гэр бүл, ойр дотнынхныхоо эрүүл мэндэд анхаарч эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд идэвхтэй хамруулаарай гэж Ерөнхий сайд уриаллаа.
Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжүүлсэн энэхүү кампанит  үзлэгт улсын хэмжээнд хүн амын 25.7 хувь буюу 852,834 хүн хамрагдсан байна.
Өвчлөлийн нийт 636,360 сэжигтэй тохиолдол дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин (48.3%) зонхилж байгаа бол хүүхдийн өвчлөл дунд амны хөндийн өвчлөл өндөр үзүүлэлтэй байна. Эрт илрүүлгээр 5,518 хавдрын тохиолдол илэрснээс 2347 нь хортой хавдар байна.

Засгийн газраас цаашид эрт илрүүлэх үзлэг, оношилгооны дүн, мэдээлэлд үндэслэн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тус салбарын тогтолцооны өөрчлөлт хийх зэрэг ажлыг төлөвлөж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ НЭМҮТ-Д АЖИЛЛАВ

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын байгууллагууддаа ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын хамт тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож шийдэх гарц гаргалгааны талаар санал солилцож байгаа. Сайдын алба хүлээж авснаас хойш Хэнтий аймаг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажилласан тэрбээр өнөөдөр /2023-02-09/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлага, судлаач эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа.
Монгол хүний бие бялдрын өвөрмөц онцлог, амьдралын чанар, эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, удамшлын эрсдэлт хүчин зүйлийг судлах, нотолгоонд суурилсан бодлогыг хөгжүүлж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлдэг бүх шатны байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, иргэдэд эрүүл амьдрах дадал хэвшил, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжлэгт орчинг бий болгох зорилго, чиглэлийг баримтлан ажиллаж буй тус төв 130 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдгийн 60 хувь нь эрдэм шинжилгээний ажилтан судлаачид. Ажиллагсдын 20 нь гэрээт ажилтан. Тиймээс төвийн бүтцийг нэн даруй шинэчлэн баталж гэрээт ажиллагсдынхаа асуудлыг шийдэх шаардлага байгаа болон нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүйг хэлж байв. Түүнчлэн санхүүжилт хангалтгүйгээс нэн шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, иргэдэд мэдээлэл сурталчилгааг хүргэхэд хүндрэл учирч буйг танилцуулж дэмжлэг хүслээ.
Мөн Монгол Улсад ганцхан байгаа вакцин, биобэлдмэлийн үндэсний үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP шаардлагад нийцсэн, өндөр технологижсон үйлдвэрийн байр, цогцолбортой болгоход анхаарал тавихыг Эрүүл мэндийн сайдаас хүслээ. Биобэлдмэлийн үйлдвэрт түшиглэн биотехнологийн судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлээр мэргэшсэн, дээд, дунд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах шаардлага байгааг ч дуулгасан. Түүнчлэн Вакцины хяналтын лабораторийн барилгын санхүүжилтийг шийдүүлэх шаардлага ч байгаа юм билээ. С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр онцгой анхаарч эрүүл мэндийн салбарын анхдагч суурь хууль болох Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буй тул  хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачдын санал чухал гэдгийг онцолсон.
Эрүүл мэндийн сайдын хувьд иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах байр суурь барьж буйгаа танилцуулсан. Энэ ажилд НЭМҮТ-ийн үүрэг оролцоо их гэдгийг ч хэлж байлаа. Тэрбээр санхүүжилттэй холбоотой асуудлаар “Манай улсын эрүүл мэндийн нийт зардлын 11 орчим хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа нь ДЭМБ, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хөгжлийн агентлагуудын зөвлөмж болгож буй 30-аас доошгүй хувьд хүргэх зорилтоос гурав дахин бага үзүүлэлт төдийгүй энэхүү зардлын дийлэнх хувийг олон улсын зээл тусламж эзэлж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламжид чухам ямар үйлчилгээг оруулбал зохих тухай Дэлхийн банк, ДЭМБ хамтран 1990-ээд оны дунд үед эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн байдаг. Үүгээр нэг иргэнд жилд үзүүлж болох тусламж, үйлчилгээний багцын өртөг зардлыг тооцоод нэн буурай хөгжилтэй орнуудад 12 ам.доллар, дундаж хөгжилтэй орнуудад 21.5 ам.доллар хэмээн гаргасан байдаг. Харин манайд өнөө хэр ийм тооцоолол хийгдээгүй байдаг юм билээ” хэмээгээд манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөлд зарцуулж буй төсвийн хуваарилалт дэлхий нийтийн чиг хандлагаас эрс ялгаатай, эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хэлбэр рүү явж буйд шүүмжлэлтэй ханддагаа хэлсэн. Учир нь олон улсад нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн суурь тусламж үйлчилгээ эрүүл мэндийн нийт тусламж үйлчилгээний 21-100 хувийг эзэлдэг бөгөөд нийт санхүүжилтийнхээ 58 хувийг энэ чиглэлд зарцуулдаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн суурь тусламж үйлчилгээ эрүүл мэндийн нийт тусламж үйлчилгээний 49 хувийг эзэлдэг атлаа санхүүжилтийнх нь 19.5 хувь оногддог байна. Түүнээс гадна эрүүл салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд тохиромжтой эсэхийг үнэлэх шаардлагатай гэв.   
С.Чинзориг сайд НЭҮТ-д хийсэн уулзалтын үеэр онцолсон бас нэг сэдэв нь Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой байсан юм. Сайдын хэлж буйгаар ЭМДэмС-д хуулиар төвлөрүүлэх ёстой хөрөнгийг гүйцэтгэлээр нь бүрэн авахад жилдээ 11-12 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой. Гэвч Сангийн яамнаас тус санд жилдээ 2-3 тэрбумыг хуваарилдаг. Энэ жишгийг өөрчилж гүйцэтгэлээр нь бүрэн төвлөрүүлж байх талаар холбогдох сайд нартай ярилцаж шийдэлд хүрсэн учраас Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулан ЭМДэмС-гийн журмыг шинэчилнэ. Ингэхдээ тус санд төвлөрсөн хөрөнгөөс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, судалгаа шинжилгээнээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээ бүр тодруулбал, Монголдоо эмчилж чадахгүй байгаа 26 төрлийн өвчнийг эмчлэх арга, эмнэл зүй, технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирэх, нутагшуулах зардал болон эдгээр өвчнөөр шаналж буй иргэдийг гадагшаа явж эмчлүүлэхэд үзүүлдэг дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулах зохицуулалтыг хийнэ гэдгээ хэлсэн.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг судлаачид эрдэмтдийг дэмжихэд ч анхаарах бөгөөд  судалгааны ажлыг санхүүжүүлэх, үр дүнг нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх ажлыг ЭМДэмС-гаас гадна Шинжлэх ухаан технологийн сантай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэсэн юм.  
 

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ