СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан ТОМООХОН зах, худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг нэмэгджээ

Нийслэл хотын хэмжээнд энэ оны 1-р сарын байдлаар 485 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 456, зөрчлийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 77 нэгжээр буюу 15.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 179 нэгж буюу 36,9 хувь нь гудамж талбайд, 247 нэгж буюу 50,9 хувь нь автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, 29 нэгж буюу 5,9 хувь нь зах, худалдааны төвд, 18 нэгж буюу 3,7 хувь нь үйлчилгээний газар, 12 нэгж буюу 2,4 хувь нь эмнэлэг, сургуульд тус тус үйлдэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зах, худалдаа үйлчилгээний газруудаар нэгдсэн эргүүл, хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд томоохон зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэхдээ халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байна. Иймд иргэд та бүхэн олон хүн цугласан зах, худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аль болох их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахгүй байж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдэх хулгайлах явдал нэмэгдэж байна. Тиймээс бага насны хүүхдүүдээ гадуур явахдаа сонор сэрэмжтэй байж аль болох үнэтэй гар утас, бэлэн мөнгө өгч явуулахгүй байхын анхааруулж байнаа.

 

  • Сар шинийн баяр ойртоход орон байр, халаасны хулгайн гэмт хэрэг гарах нь нэмэгдэх хандлагатай байдгийг анхаарч өмч, хөрөнгөндөө тавих хяналтаа сайжруулж, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд нийслэлийн томоохон худалдааны зах, дэлгүүрээр явахдаа халаасны хулгайн болон залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах.

    -Мал хулгайлах гэмт хэрэг хөдөө орон нутагт өсөх төлөвтэй байгааг анхаарч малыг байнгын хариулга, маллагаатай байлгах,

    -Нийслэлээс болон орон нутгаас гарч явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах

    -Галын аюулаас урьдчилан сэргийлэхэд цахилгааны шугам, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, гал алдахаас сэргийлэхийг зөвлөж, сэрэмжлүүлж байна.

 

 

Иргэн бүр эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй!

Монголчууд уужуу хүмүүс. Энэ хандлага нь ялангуяа эрүүл мэндэд илэрдэг. Өвдөхгүй л бол урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагддаггүй. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилга гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байхгүй боломж. Нэг талаар энэ нь иргэдийн хайнга байдлыг өөгшүүлж буй мэт боловч нөгөө талдаа цөөхөн хүн амтай Монгол Улсад нэг хүний амь нас ч үнэ цэнтэйг харуулж байна. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.

35 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЗНЭ

Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой хэвээр байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явна гэсэн тайбар өгсөн.

Тиймээс харьяа өрх, дүүргийн эмнэлгээс тодруулж нэр заасан хувийн эмнэлэгт ч тус үзлэгт хамрагдах боломжтой. Эрт илрүүлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй төдийгүй үзлэг оношилгоо ч сайн хийгдэж буй болохыг ЭМЯ-наас тайлбарлаж байна. Мөн өвчлөл хүндрэх эрсдэл бууруулах давуу талтайг онцоллоо. Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтойг салбарын сайд хэлсэн юм.

Одоогоор Улаанбаатарт хийгдсэн үзлэгийн хувьд Баянзүрх дүүрэг нийт үзлэгийн 27 хувь, Баянгол дүүрэг 24,3 хувийн хамрагдалттай буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлттэй байна.

Харин аймгуудын мэдээллийг харьцуулахад Өвөрхангай аймаг нийт үзлэгийн 4,1 хувь, Орхон 3,7, Хөвсгөл 3,5, Сэлэнгэ 3,1, Баян-Өлгий 2,9 хувьтай байгаа аж. Тиймээс иргэн бүрийг эрт элрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ НИЙТ ХҮН АМЫН 25.7 ХУВЬ ХАМРАГДСАН БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулж байгаа.
Энэ үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023-02-10/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  дэд сайд С.Энхболд нарын хамт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Фамили медикал” эмнэлэгт ажиллалаа.
Эрт илрүүлэг үзлэгт энэ сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 852 834 хүн хамрагдсан нь нийт хүн амын 25.7 хувь бөгөөд насны ангиллаар авч үзвэл 0-5 насны хүүхдийн 34.4 хувь, 6-17 насны хүүхдийн 52.4 хувь, 18-30 насны залуучуудын 11.4 хувь, 31-45 насны хүн амын 12.4 хувь, 46-60 насны 17.2 хувь, 61-ээс дээш насны хүн амын 20.8 хувь хамрагдсан дүнтэй байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн очсон Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд энэ оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар 110,762 иргэн буюу хамрагдвал зохих хүн амын 28.8 хувь нь хамрагдсан бөгөөд улаан хоолойн хавдрын урьтал эмгэг, ходоодны шарх, хавдар, элэгний хортой, хоргүй хавдар, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг,  элэгний  В, С вирусийн шинэ тохиолдол зэрэг өвчлөл, өөрчлөлтүүд зонхилон илэрч байгаа талаар тус төвийн дарга Г.Ууганцэцэг танилцуулсан.
аянзүрх дүүргийн ЭМТ тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, эрт илрүүлгийн хамралтын хувийг дээшлүүлэх зорилгоор 18-30 насны иргэдийг зөвлөх поликлиниктээ, бусад насны бүлэг буюу  дуран оношилгоотой багцыг дүүргийн нутаг дэвсгэр дэх улсын болон хувийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн хүмүүст хүрч очиж ажиллах зохицуулалт хийжээ. Тухайлбал, бүрэн тоноглосон эрт илрүүлгийн автобус ажиллуулж, өнгөрсөн онд 1,509 хүнийг хамруулсан байна.
Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээнд төрийн өмчийн 49, хувийн хэвшлийн 27 байгууллага хамтран ажиллаж байна. Эдгээрийн нэг нь “Фамили медикал” эмнэлэг юм. Тус эмнэлэг Баянзүрх дүүргийн хоёр, 21, 27 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн ес, 16 дугаар хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэгт хамруулах гэрээтэй бөгөөд өдөрт 60-70 хүн хамрагддаг. Энэ хугацаанд 12,600 гаруй хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсанаас 250 орчим хавдрын урьтал болон батлагдсан тохиолдол илэрчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгүүдэд ажиллах үеэрээ үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр эрүүл мэнддээ анхаарч шинжилгээ, оношилгоонд хамрагдахаар ирсэнд нь талархал илэрхийлээд “Энэхүү эрт илрүүлгийн арга хэмжээ нь Монгол Улсын хүн амын нас, насны бүлэгт зонхилон тохиолдох өвчин, эмгэгийг илрүүлэх, эмчлэх зорилготой. Цаашид иргэн бүр жил тутам эрт илрүүлэгт хамрагдаж хэвших нь чухал байна. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол дээшилснээр монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ” гээд гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд идэвхтэй хамруулаарай гэж захилаа.
Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсээс давхардсан тоогоор өвчлөлийн 636 360 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 307 288 буюу 48.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 71 248 буюу 11.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчин,     67 351 буюу 10.6 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 53 730 буюу 8.4 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 50 621 буюу 8.0 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 86.5 хувийг эзэлж байна.
0-17 насны хүүхдийн өвчлөлийн 238 184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 61.5 хувь нь шүд цоорох, 2.4 хувь нь шүдний гажиг, 1.1 хувь нь хараа муудах өвчлөл эзэлж байгаа нь хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөл болж байна. Хүүхдүүдийн дунд бүртггэгдсэн шүд цоорох өвчний 121 602 тохиолдол буюу 83.0 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байгаа гэсэн дүн гарсан байна.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ