УРТ ХУГАЦААНД ХЭРЭГЖИХ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Дэлхий дахинд коронавируст халдвар (КОВИД-19)-ыг “цар тахал” хэмээн зарласан ч өнөөдрийн байдлаар улс орнуудад өвчлөл, нас баралт төдийлөн буурахгүй, SARS-CoV-2 вирус болон вирусийн шинэ хувилбарууд илэрсээр байгаа юм. Энэхүү цар тахал нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, тогтолцоо, чадавхийг шалгасан том сорилт болсон төдийгүй эрүүл мэндийн салбарын ирээдүйн чиг хандлагад өөрчлөлт оруулсан, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох байдал үргэлжилсээр байна. Тиймээс эрсдэлд суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, дараа дараагийн давалгаа, дэгдэлтийн бэлэн байдлыг хангах, урт хугацааны менежментийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай тул эрүүл мэндийн салбарын түвшинд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө” боловсруулах ажлыг эхлүүлэх, мэдээлэл солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, ЭСҮТ, СЭМҮТ, ЭМХТ, ЭЭХХЗГ-ынхнаас гадна ГЕГ-ын Гаалийн хорио цээрийн хэлтэс, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцож, саналаа солилцов. Уулзалтын эхэндд халдварт өвчний 2008-2020 оны төлөв байдал, сургамж болон 2022-2040 он хүртэлх хэтийн төлөв, хандлагын тооцооллын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийсэн. Түүнчлэн хүн амын өртөмхий бүлгийг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг зохицуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ДЭМБ-аас гишүүн улс орнуудад зориулж “Цар тахлын хариу арга хэмжээнээс Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тогтвортой менежмент рүү шилжих”-д чиглэсэн удирдамж, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДЭМБ-ын Онцгой Комиссын хуралдааны зөвлөмжийн талаар ДЭМБ-аас мэдээлэл өглөө.  ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте КОВИД-19-ын эсрэг вакцины хамралт хамгийн өндөр орон бол  Монгол Улс бөгөөд дэлхийн бусад улс оронд сайн туршлага болсныг тэмдэглээд цаашид шинэ вирусийг тандах, тандалтын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн харилцааг өргөжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулж, олсон амжилтаа бататгахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, цаашид энэхүү урт хугацааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулах нь зүйтэй гэж үзэв.

БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300 ДАХЬ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон 300 дахь хагалгаагаа амжилттай хийсэн сайхан мэдээг хуваалцаж байна. Бөөр шилжүүүлэн суулгах үндэсний баг 2021 оны хоёрдугаар сарын 8-нд Төрийн соёрхол хүртсэн бөгөөд  хэдэн зуун хүнд амьдрал бэлэглэсэн алтан гартай ачтанууд арван жилийн өмнө арвуулаа байсан бол өдгөө 22 эмч мэргэжилтнээс бүрдсэн хүчирхэг хамт олон болсныг Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн байртай болгох асуудлаар Эрүүл мэндийн саайд С.Чинзоригийг УНТЭ-т ажиллах үеэр үндэсний багийн ахлагч Д.Баян-Өндөр эмч танилцуулж байсан. Одоогийн байдлаар бөөрний дутагдлын улмаас мэс засал хийлгэх шаардлагатай 483, төрөл төрөгсөд нь донор болох 16, нийлэмжээ баталгаажуулахаар шинжилгээ өгөөд хүлээж буй 18 хүн байгаа ч бөөр шилжүүлэн суулгах гуравхан ортой учраас дараалал ихтэй, хүмүүс удаан хүлээхэд хүрч байгаа юм. Тиймээс Эрхтэн шилжүүлэх төвийг зориулалтын байртай болгох асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.
 
 

ТАНДАН СУДАЛГАА, ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦАХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чиинзориг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах, халдварт өвчний тандалт судалгаа, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хийж буй ажлынх нь талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудлынх нь гарц шийдлийн талаар ярилцлаа.  Тус төв улсын халдварт өвчний тусламж үйлчилгээгг үндэсний хэмжээнд үзүүлдэг төрөлжсөн эмнэлэг бөгөөд 742 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас их эмч 205, сувилагч 212, бусад ажилтан 325 байна.

Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах хам шинжийн тандалтаас гадна томуугийн харуулдан тандалт, амьсгалын замын халдварт өвчний тандалт,  Ковид-19, вируст гепатит, гэдэсний халдварт өвчний, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын, зооноз өвчний, бэлгийн замаар дамжих халдварын, сүрьеэгийн, дархлаажуулалт бүхий халдварт өвчний зэрэг тандалтыг хийдэг. Гэтэл тохиолдолд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд тандалт, нийгийн эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт тусгагдаагүй, төрөөс санхүүждэггүй, -“Глобаль” сан, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр тандалт, томоохон судалгаа, илрүүлгийн үйл ажиллагаа явагддаг.

Цаашид илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөрөнгө, нөөцийг төлөвлөх, ач холбогдлыг ойлгуулах, төлбөртэй илрүүлэг (идэвхтэй тандалт),  үзлэг шинжилгээ зохион байгуулах, тандалтын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог хуульчлах, халдварт өвчний тандалтын нэгдсэн цахим систем хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудал байгааг ХӨСҮТ-ийн удирдлагууд сайдад танилцуулж байсан. Төвийн үйл ажиллагааны талаар хийсэн танилцуулгын дараа С.Чинзориг сайд ХӨСҮТ болон нийгмийн эрүүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар баримтлах бодлогынхоо талаар ярилцаж санал солилцсон.

Сайл ярианыхаа эхэнд гурван жил гаруй үргэлжилсэн Ковид-19 халдварт цар тахлын хүнд хэцүү цагт эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахаас үл эмээн халдварын голомтод цаг наргүй зүтгэсэн ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчдад Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд ХӨСҮТ-тэй холбоотой тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлага байгааг хэлсэн. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуультай болохоор ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг адил нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрүүл мэндийн салбарын анхдагч суурь болох ёстой атал өнөөг хүртэл ийм хуульгүй явж ирсэн гажуудлыг засах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн. Шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн хүрээнд иргэнд ямар үйлчилгээг хэн үзүүлэх нь тодорхой байхаас гадна эрүүл байхын тулд иргэн ямар үүрэг хүлээхийг ч тусгах ёстой гэж байлаа.

Эрүүл мэндийн салбар өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлж эмчлэх тогтолцоо руу явах цаг нь болсон гэдгийг ч хэлсэн.

Тэбээр “Санхүүжилттэй холбоотой асуудлыг ч тодорхой болгох шаардлага байгаа. Миний хувьд нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, тандалт судалгааны ажлуудын санхүүжилтийг төр хариуцах ёстой гэдэг байр суурьтай байдаг.  Нийтийг хамарсан халдварт өвчний үеийн тусламж үйлчилгээний зардлыг төр хариуцахгүй бол бүгдийг ЭМДС руу оруулж гүйцэтгэлийн санхүүжилтээр шийдэх боломжгүй.

Иргэн хүн ирээдүйд эрүүл мэнддээ үүсч болох эрсдэлд зориулж төлсөн шимтгэлээс бүрддэг сангаас нийтийг хамарсан халдварт өвчний тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлж болохгүй гэдэг талаас нь хуулийн зохицуулалтыг хийх хэрэгтэй байна.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо ХӨСҮТ-ийн хувьд тийм ч тохиромжтой гэж үзэхгүй байгаа. Өнгөрсөн хоёр жилд ЭМДС-гаас  ковидын тусламж, үйлчилгээний зардал болон хилийн боомтын тандалтын үр дүнгээр тус төв үйл ажиллагаагаа явуулж, ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмж, цөөн боловч хүмүүст орон сууцны дэмжлэг үзүүлж, зарим нэг шаардлагатай засвар үйлчилгээний санхүүжилтийг хийж ирсэн байна. Ковидын тохиолдол цөөрснөөр гүйцэтгэлээр тооцож авдаг тусламж, үйлчилгээний зардал багасахаар санхүүжилтийн хэмжээ буурна гэдгийг тооцох, зарим тусламж үйлчилгээний өртгийг дахин тооцоолж тус төвийн онцлогт тохирсон байдлаар шийдэх шаардлага ч байгаа юм.

Түүнээс гадна ХӨСҮТ эрүүл мэндийн бусад байгууллагаас онцлог. Нийтийг хамарсан халдварт өвчний үед амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас үл эмээн зүтгэдэг эмч ажиллагсдын цалин хөлсийг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарах нь яамны бодлогын тэргүүлэх чиглэлд байх ёстой гэж үзэж байгаа Түүнээс гадна энэ салбарт ажиллагсдыг эрсдэлийн даатгалд хамруулдаг байх асуудлыг судалж байна” хэмээсэн юм.

ХӨСҮТ-ийн нэг чухал үүрэг нь тандалт судалгаа. Шинэ төрлийн өвчин, мутацилагдсан вирус тархах магадлалыг үгүйсгэх аргагүй тул тандалт судалгааг шинэ түвшинд гаргах, анхан шатны тусламж үйлчилгээ, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй явуулдаг байхыг Эрүүл мэндийн сайд тус төвийнхөнд онцлон анхаарууллаа.  Ковидоос болоод сүрьеэгийн илрүүлэг 30 хувиар буурсан дүнтэй байгаа. Гэтэл манай улс сүрьеэгийн дарамт өндөртэй орны тоонд ордог тул сүрьеэ өвчний илрүүлгийг эрчимжүүлэх, элэгний В, Д вирустэй хүмүүсийн эмтэй холбоотой асуудлыг яаралтай судалж шийдвэрлэх зэрэг хэд хэдэн тодорхой үүргийг өглөө.

“Монгол улсын гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна

“Монгол улсын гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах  төсөл”-ийг Австрали улсын Гриффит их сургуулийн доктор Хамиш Маклинаар удирдуулсан баг Эрүүл мэндийн яамтай байгуулсан Санамж бичгийн хүрээнд манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоотойгоор 2017 оноос хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
Коронависурт халдвар (Ковид-19)-ын цар тахалтай холбоотой түр хойшлогдоод байсан төслийн үйл ажилагааг үргэлжлүүлж, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх зорилгоор төслийн Монголын талын багийн төлөөлөл өргөтгөсөн шинэ бүрэлдхүүнтэйгээр Австрали улсын Квийнслэнд мужийн Брисбэн хотод 2023 оны 2 дугаар сарын 16-27-нд ажиллаж байна. Айлчлалын нээлтийн үйл ажиллагаа Гриффит их сургууль дээр зохион байгуулагдаж, Гриффит их сургуулийн профессор, эрдэмтэн докторуудын өргөн бүрэлдхүүнтэй баг Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Нээлтийн үеэр төслийн удирдагч Хамиш Маклин, төслийн парамедик зөвлөх Данкэн Макконелл болон ЭМЯ, ОБЕГ, ЯТН-ийн төлөөллүүд төслийн явц, дараагийн шатанд төлөвлөгдсөн томоохон ажлууд, төслийн хэтийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, ач холбогдлын талаар товч мэдээлэл, танилцуулга хийв. Гриффит их сургуулийн Ерөнхийлөгч, профессор Каролин Эванс, Дэд ерөнхийлөгч Сара Тодд, Нийгэм, Соёл судлалын судалгааны төвийн профессор Сүзэн Фарде, профессор Сүи Трэваскэс, Анагаахын сургуулийн профессор Жулиан Арчер, Хүн амын эрүүл мэнд, орчны төвийн профессор Кордиа Чу, Анагаахын сургуулийн профессор Саймон Броэдли, Боловсрол, хуулийн сургуулийн дэд профессор Бэн Фэнтон Смит, Олон улсын маркетингийн бүсийн захирал Шэрмэн Шиа, Олон улсын хөгжлийн төвийн менежер Клэйр Грийн нар Монголын багийн төлөөллийг өндөр түвшинд хүлээн авч, төслийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцож, илүү өргөн хүрээгээр хамтран ажиллахаа илэрхийлсэн нь “Монгол улсын гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах  төсөл”-ийг хэрхэн чухалчилж, дэмжин ажиллах хүсэл сонирхолтой байгаагийн илрэл болов. Төслийн хүрээнд хийгдэх ажлуудаас онцолвол, нийслэл, дүүргийн түвшинд түргэн тусламжийн дуудлагын эмч, жолооч нар, онцгой байдлын аврагч нар, цагдаа, хүчний байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхжуулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр, сертификат бүхий 14 хоногийн сургагч багшийн сургалтыг 2023 онд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Монголын ЭМЯ, Яаралтай тусламжийн нийгэмлэг болон бусад холбогдох байгууллагын зүгээс энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх аж.
Гэмтэл бэртэл, нуруу нугасны гэмтлийн эхний менежмент, өвчтнийг үнэлэх, эрэмбэлэн ангилах, боолт чиг барих, хугарлын үеийн анхан шатны тусламж,  хариу урвал өгөх, харшлын үед үзүүлэх анхан шатны тусламж зэргийг хөтөлбөрт багтаасан. Улмаар 2024 оноос энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нарын тусламжтайгаар уг хөтөлбөрийг улсын хэмжээнд өргөжүүлэн нэвтрүүлснээр гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний хүний нөөцийг нэмэгдүүлж, бэхжүүлснээр чанар аюулгүй байдлыг хөгжлийн дараагийн түвшинд хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар төслийн баг зорьж байна. Хөтөлбөрийн дагуу төслийн баг Австрали улсын Квинслэнд мужийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, аврах анги, агаарын тусламжийн нэгж, алслагдмал нутагт эмнэлэг хүртэлх тусламж үзүүлэх нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, эрсдэл гамшигийн үеийн тусламж үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр уулзалт хийж, мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Австрали улсад ажиллаж буй төслийн багт Монгол улсын Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын анхан шатны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Номингэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн гишүүн Б.Хосбаяр, ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгчийн газрын Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын мэргэжилтнүүд, сэтгүүлч А.Сарантуяа нар багийн ахлагч их эмч, АУ-ны доктор Н.Сувдын удирдлага дор ажиллаж байна.

 

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Томуу томуу төст өвчний 06 дугаар долоо хоногийн мэдээгээр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 198 сорьцонд томуу, томуу төст болон SARS-CoV-2 вирус илрүүлэх шинжилгээ хийхэд 33 (16.6%) сорьцонд томуугийн В вирус, 12 (6.0%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус, 10 (5.0%) сорьцонд томуугийн А хүрээний вирус, 3 (1.5%) сорьцонд томуугийн А(H1N1)pdm09 вирус, 2 (1.0%) SARS-CoV-2 вирус тус тус илэрсэн байна.

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, сар шинийн баяртай холбоотой зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

– Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримтлах

– Ханиаж, найтаах шинж тэмдэг илэрсэн бол маск зүүх, өөрийгөө тусгаарлах

– Сар шинийн баяртай холбоотой бага насны хүүхдийг үнсэхгүй байх

– Орон нутаг руу зорчих бол тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, дулаан хувцаслах

– Хоол хүнсээ тохируулах хэрэглэх, халуун хоол идсэний дараа хүйтэн ус, ундаа уухгүй байх

– Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх

– Угаарын хийн хордлого, галын аюулаас сэргийлж, зуух пийшингийн аюулгүй ажиллагааг сахих гэх мэт

ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ ГАРТ

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ