“Монгол улсын гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийг Австрали улсын Гриффит их сургуулийн доктор Хамиш Маклинаар удирдуулсан баг Эрүүл мэндийн яамтай байгуулсан Санамж бичгийн хүрээнд манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоотойгоор 2017 оноос хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
Коронависурт халдвар (Ковид-19)-ын цар тахалтай холбоотой түр хойшлогдоод байсан төслийн үйл ажилагааг үргэлжлүүлж, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх зорилгоор төслийн Монголын талын багийн төлөөлөл өргөтгөсөн шинэ бүрэлдхүүнтэйгээр Австрали улсын Квийнслэнд мужийн Брисбэн хотод 2023 оны 2 дугаар сарын 16-27-нд ажиллаж байна. Айлчлалын нээлтийн үйл ажиллагаа Гриффит их сургууль дээр зохион байгуулагдаж, Гриффит их сургуулийн профессор, эрдэмтэн докторуудын өргөн бүрэлдхүүнтэй баг Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Нээлтийн үеэр төслийн удирдагч Хамиш Маклин, төслийн парамедик зөвлөх Данкэн Макконелл болон ЭМЯ, ОБЕГ, ЯТН-ийн төлөөллүүд төслийн явц, дараагийн шатанд төлөвлөгдсөн томоохон ажлууд, төслийн хэтийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, ач холбогдлын талаар товч мэдээлэл, танилцуулга хийв. Гриффит их сургуулийн Ерөнхийлөгч, профессор Каролин Эванс, Дэд ерөнхийлөгч Сара Тодд, Нийгэм, Соёл судлалын судалгааны төвийн профессор Сүзэн Фарде, профессор Сүи Трэваскэс, Анагаахын сургуулийн профессор Жулиан Арчер, Хүн амын эрүүл мэнд, орчны төвийн профессор Кордиа Чу, Анагаахын сургуулийн профессор Саймон Броэдли, Боловсрол, хуулийн сургуулийн дэд профессор Бэн Фэнтон Смит, Олон улсын маркетингийн бүсийн захирал Шэрмэн Шиа, Олон улсын хөгжлийн төвийн менежер Клэйр Грийн нар Монголын багийн төлөөллийг өндөр түвшинд хүлээн авч, төслийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцож, илүү өргөн хүрээгээр хамтран ажиллахаа илэрхийлсэн нь “Монгол улсын гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийг хэрхэн чухалчилж, дэмжин ажиллах хүсэл сонирхолтой байгаагийн илрэл болов. Төслийн хүрээнд хийгдэх ажлуудаас онцолвол, нийслэл, дүүргийн түвшинд түргэн тусламжийн дуудлагын эмч, жолооч нар, онцгой байдлын аврагч нар, цагдаа, хүчний байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхжуулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр, сертификат бүхий 14 хоногийн сургагч багшийн сургалтыг 2023 онд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Монголын ЭМЯ, Яаралтай тусламжийн нийгэмлэг болон бусад холбогдох байгууллагын зүгээс энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх аж.
Гэмтэл бэртэл, нуруу нугасны гэмтлийн эхний менежмент, өвчтнийг үнэлэх, эрэмбэлэн ангилах, боолт чиг барих, хугарлын үеийн анхан шатны тусламж, хариу урвал өгөх, харшлын үед үзүүлэх анхан шатны тусламж зэргийг хөтөлбөрт багтаасан. Улмаар 2024 оноос энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нарын тусламжтайгаар уг хөтөлбөрийг улсын хэмжээнд өргөжүүлэн нэвтрүүлснээр гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний хүний нөөцийг нэмэгдүүлж, бэхжүүлснээр чанар аюулгүй байдлыг хөгжлийн дараагийн түвшинд хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар төслийн баг зорьж байна. Хөтөлбөрийн дагуу төслийн баг Австрали улсын Квинслэнд мужийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, аврах анги, агаарын тусламжийн нэгж, алслагдмал нутагт эмнэлэг хүртэлх тусламж үзүүлэх нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, эрсдэл гамшигийн үеийн тусламж үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр уулзалт хийж, мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Австрали улсад ажиллаж буй төслийн багт Монгол улсын Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын анхан шатны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Номингэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн гишүүн Б.Хосбаяр, ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгчийн газрын Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын мэргэжилтнүүд, сэтгүүлч А.Сарантуяа нар багийн ахлагч их эмч, АУ-ны доктор Н.Сувдын удирдлага дор ажиллаж байна.