ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна

“ТАРГАЛАЛТ ЗАЛУУСЫН ДУНД ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА”

Эрүүл мэндийн дэд сайд С.ЭНХБОЛД:

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 10 сарын хугацаанд улсын хэмжээнд нийт хүн амын 26.7 хувь буюу 900 гаруй мянган хүнийг хамруулаад байна. Энэ 900 гаруй мянган хүнд эхний судалгаа хийгдэж, урьдчилсан үр дүн гарсан.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, дотоод шүүрэл, тэжээлийн болон бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж байна. 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цооролт илэрч, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.

Манай улсын хүн амын дунд хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан халдварт бус өвчин, түүн дотор зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтэл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж байна.

Монгол Улсын иргэдийн илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам тэр дундаа залуус, хүүхдүүдийг илүү хамарч байна.

15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай байна.

Илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна.

Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг. Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цаг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан байна.

Тиймээс эрт илрүүлгийн үр дүнд үндэслэн эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлж, эрүүл мэндийн боловсрол олгосноор өвчин эмгэгээс сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэнэ. Энэ жилдээ эрүүл жиндээ” аянд нэгдэхийг уриалж байна.

“НИЙГМИЙН ЯДУУРАЛ ТАРГАЛАЛТЫН БАС НЭГ ШАЛТГААН БОЛДОГ”

Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ж.БАЯНМӨНХ:

-Би сүүлийн зургаан жилд олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн эрүүл амьдрал болон таргалалттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. ЭМЯ-наас зохион байгуулж буй “Энэ жилдээ эрүүл жиндээ” үндэсний аян миний үндсэн зорилготой уялдаж байгаад маш их таатай байна.

Монголчуудын дунд таргалалт сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй. 100 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчинтэй. Өсвөр насны хүүхдийн таргалалт мөн маш их нэмэгдсэн.

Хүн төрөлхтөн түүхэндээ хэзээ ч өнөөгийнх шиг таргалалттай байгаагүй. 1970-2010 онуудад дэлхийн хүн амын таргалалт огцом нэмэгдсэн. Энэ нь нүүрс усны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой юм билээ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Монголчууд хувьд эрүүл зөв хооллолтын мэдлэггүй, шим тэжээлийн талаар ойлголт дутмаг  байгаатай холбоотой. Ихэнх хүмүүс турмаар байна, гэвч дасгал хөдөлгөөн хийх зав гарахгүй байна гэж хэлдэг. Бидний өдөр тутам хийдэг дасгал нийт энергийн 5-хан хувийг эзэлдэг. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжрах, дархлааг тэтгэх, сэтгэл санааг өргөх, зүрх судас, үе мөчний өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Таргалалтын дараагийн нэг шалтгаан нь стресс. Хүн стресстэй байвал кортизол дааврын хэмжээ өсч, таргалалтыг нэмэгдүүлнэ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Буруу мэдээ мэдээлэл мөн таргалалтын шалтгаан болно. Өглөөний цай тогтмол уух нь таргалалтаас сэргийлнэ гэж үзэх нь бий. Энэ бол буруу ойлголт. Өглөөний цайндаа юу идэх вэ гэдэг нь чухал. Нүүрс усаар баялаг буруу хүнс хэрэглэвэл таргалалтыг нэмэгдүүлнэ. Миний хувьд аян хүрээнд эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх талаар Монголын нөхцөлдөө тохирсон контент бэлтгэн хүргэх болно.

“ТУРШЛАГАА СОЛИЛЦЪЁ” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг бүртгэн, хэлэлцэж, мэдээлэх журмын тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 207 дугаар тушаал шинэчлэгдэн, А/550 тоот тушаал батлагдсантай холбогдуулан, 2023 оны гуравдугаар сарын 23-нд “Туршлагаа солилцьё” сэдэвт цахим хурлыг зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийн туршлага, санал, зөвлөмжийг хэлэлцлээ. Цахим хурлыг тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Х.Цолмон удирдаж, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, Тандалт судалгааны албаны эмч, судлаачид, “Өргөө”, “Хүрээ” амаржих газар, ЭНЭҮТ II, УХТЭ, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМТ-үүд, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, зарим сумдын эмч, эх баригч 252 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.
Энэ удаагийн цахим хурлаар эхийн ноцтой хүндрэлийн хэлэлцүүлэг, эхийн эндэгдлийн эмнэлзүй-эмгэг судлалын хурлыг зохион байгуулах, хурлаас дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах, сургамжтай тохиолдлын оношилгоо, эмчилгээний онцлог, түүнд нөлөөлсөн хожимдол, хожимдлыг арилгах, дахин алдаа гарахаас сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааныхаа талаар Завхан, Төв аймгийн ЭМГ, АНЭ-ийн хамт олон танилцуулж, туршлагаасаа хуваалцлаа.
Эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй, жирэмсний хүндрэлтэй, олон төрсөн, ахимаг насны жирэмсэн эх суманд, гэртээ ихэс ховхрон цус алдаж, ураг амьгүй болсон тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлгээс дуудлагын баг шуурхай очиж, эхийг тээвэрлэлгүйгээр, гэрт нь кесар мэс заслаар төрүүлж, эхийн амь насыг аварсан тохиолдлын тухай Завхан аймгийн эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй зөвлөх эмч, клиникийн профессор Д.Уранбилэг танилцууллаа.
Тус аймагт 2019 онд эхийн ноцтой хүндрэлийн харьцаа улс, аймгийн дунджаас өндөр байсанд дүн шинжилгээ хийж, ноцтой хүндрэлийн тохиолдлыг бууруулахын тулд ноцтой хүндрэлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг судлан, дүгнэлт хийснээр аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт ажлын байрны тасралтгүй сургалт зохион байгуулж, улирал тутам өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нартай онлайн хэлэлцүүлэг хийн, “Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн нэрийн хяналт”-ын явцыг танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тогтмолжуулжээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч өрх, сумын ЭМТ-ийн жирэмсэн эхийн хяналтыг хуваарилалтын дагуу давхар хянах үйл ажиллагааг эрчимжүүлсэн, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмчийг дангаар ажиллуулж байгаа зэрэг “сайн туршлага” болох олон үйл ажиллагааг өрнүүлсний дүнд 2020 онд ЭНХ-ийн харьцаа 2.2 болж, өмнөх оны мөн үеэс 5.1 промилоор буурсан байна. Хүсээгүй жирэмслэлтийн улмаас эх жирэмснээ нууж, хууль бус үр хөндөлт хийлгэснээс үжлээр хүндэрч эндсэн тохиолдолд “үгээр шинжих арга”-ыг түлхүү хэрэглэн, мэдээллийг цуглуулсан тухай Төв аймгийн эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэрэгтэй Зөвлөх эмч С.Төгсбаяр тайлбарлаад, уг тохиолдлын хурлаас гаргасан шийдвэрийн дагуу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг шинэчлэх, жирэмсний эрт илрүүлгийн хувийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн үйлдлийн заавар, удирдамж ба ЭМС-ын тушаал, журмын хэрэгжилтийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд урт, богино хугацааны сургалтад хамруулан чадавхижуулах, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн зөвлөх эмчийг томилон албажуулж, ажлын байрны чиг үүргийг тодорхой болгох чиглэлээр хийсэн ажлуудаа танилцууллаа.

Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн тохиолдлын хэлэлцүүлэг ба хурлын зохион байгуулалт, сургамж, дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах үйл явцын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын “сайн туршлага” нь мэдлэг баяжуулсан, өгөөжтэй мэдээлэл боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ. Оролцогчдын асуултад ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Х.Цолмон, Төв аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа нар хариулт өгч, харилцан ярилцлаа.
Мэргэжил нэгт нөхдөдөө өөрсдийн туршлагаа харамгүй хуваалцсан Завхан аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Уранбилэг, Төв аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, тэргүүлэх зэргийн эмч С.Төгсбаяр, “Эхийн эндэгдлийг шинжих аргууд” сэдвээр мэдээлэл танилцуулсан ЭХЭМҮТ-ийн Төрсний дараах тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ж.Сарантунгалаг нарт талархал илэрхийлье. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

“ЭМЧЭЭ СОНСЪЁ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эмчээ сонсъё” цуврал уулзалтуудыг зохион байгуулсан.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны идэвхтэн гишүүн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж цалин хөлс, нийгмийн хамгаалалтай олон асуудлаар саналыг нь сонсож, тулгамдсан асуудлаар нь ярилцсан. Мөн эмийн салбарынхантай, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхантай уулзсан. Харин өнөөдөр /2023-03-27/ “Эмч, эмнэлгийн мэргэжилтний дуу хоолой” төрийн бус байгууллагаас “Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг “One event hall”-д зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбарын бүх шатлалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны эрхийг хамгаалах, нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, тушаал шийдвэрийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюунчимэг болон ЭМДЕГ-ын төлөөлөл, хот, хөдөөгийн 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэлцүүлэгт оролцогчдод хандан сайдаар томилогдож ирснээс хойш хоёр сар гаруйгийн хугацаанд хийсэн ажил, авч буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогынхоо талаар товч мэдээлэл өгсөн.
Тухайлбал, эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах Эрүүл  мэндийн багц хуулиудын уялдаа холбоог ханган шинэчлэн боловсруулахын зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, Эд эс эрхтэн шилжүүлэх тухай хууль зэрэг анхдагч хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрүүл мэндийн ажилтны эрсдэл, хариуцлагын даатгалын эрх зүйн орчинг тусган боловсронгуй болгох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран эхлүүлсэн.

Улс орон даяар зохион байгуулж байгаа эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 900 гаруй мянган иргэн хамрагдсанаас давхардсан тоогоор 247 мянга  гаруй өвчний сэжигтэй тохиолдол илэрсний дийлэнх хувь нь сэргийлж болох өвчлөл байгаа нь  цаашид иргэдийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байгаа учраас “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хэмжээний цогц арга хэмжээг салбар дунд, иргэний оролцоотойгоор хэрэгжүүлэхээр тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилт цөөн хүн амтай сумдад эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэл хангалтгүй байгаагийн улмаас хүндрэлд орох, шаардлагагүй хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний тоо хэмжээ төрийн өмчийн эмнэлгүүдэд буурахгүй байх, яаралтай тусламж, үйлчилгээнд онош ахиулах хандлага эмнэлгүүдэд гарч байгаа, эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийн тариф хангалтгүй байх, гүйцэтгэлийн санхүүжилтийн дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэнд олгож байгаа урамшууллын хэмжээ харилцан адилгүй байх зэрэг асуудал тулгарч байна. Тиймээс цаашид нэг иргэнээр тооцсон аргад газарзүйн коэффициентийн тохируулгыг нэмэгдүүлэх, орны тоо хэмжээг бууруулан өдрийн болон гэрийн эмчилгээг дэмжих, зарим шаардлагатай оношийн хамааралтай бүлгийн өртгийг дахин тооцох, оношийн хамааралтай бүлгийн суурь тарифт тохируулга хийх, төрийн өмчит эмнэлгийн үзүүлж чадахгүй байгаа тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодлогын тохируулга хийн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалин урамшууллын тогтолцоо харилцан адилгүй байна. Цалингийн зардлын өсөлт сүүлийн таван жилийн хугацаанд 21,8 хувь өсч 2018 онд 411 тэрбум байсан бол 2022 онд 771 тэрбум болж өссөн статистик үзүүлэлт байна.  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 107-р тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалин болон төрийн үйлчилгээний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг тогтоож салбарын онцлог, гүйцэтгэлд суурилсан үр дүнг харгалзан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг цалингийн доод хэмжээнээс нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болсон. Гэвч дийлэнх эрүүл мэндийн байгууллагууд ажилчиддаа урамшуулал олгосон хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилчдын хувьд ялгаатай байдал байсаар байна. Ялангуяа гүйцэтгэлийн санхүүжилтэд хамаарахгүй төсвийн байгууллагууд, захиргааны ажилтнууд, хүн ам цөөтэй алслагдсан сумдын эрүүл мэндийн ажилтнуудын хувьд цалингийн асуудал нэлээдгүй тулгамдаж байгааг шийдвэрлэх зорилгоор ХНХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа зэрэг мэдээллийг С.Чинзориг сайд өгсөн. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн хомсдол, үүнийг үүсгэж буй цалингийн тогтолцоо, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, ажлын ачааллыг тэнцүүлэх зэргээс гадна гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй холбоотой олон асуудлыг ярьж, тодорхой саналуудыг хэлж байлаа.

Томуугийн өвчлөл буурахгүй хурдан хугацаанд хүндрэх, эдгэрэлт удаан байна

Бага насныхны дунд ханиад томуугийн тархалт их байгааг иргэд цахим хуудастаа бичиж эхэллээ. Мөн уламжлалт болон эмэн эмчилгээ хийсэн ч ханиад эдгэхгүй олон хонож байна.

Тэгвэл энэ жил томуугийн улирал урт хугацаанд үргэлжилж байгаа төдийгүй хүүхдүүдээс гадна 25-40 насныхны томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа аж.

  • БЗД-ийн хэмжээнд 10 дүгээр долоо хоногт томуу төст өвчнөөр 15 хүртэлх насны 1986 хүүхэд.
  • Дүүргийн хэмжээнд томуу төст өвчлөлийн наслалтаар авч үзэхэд 2-4 насны хүүхдүүд түлхүү өвчилсөн байна.
  • Баянзүрх дүүргийн хэмжээнд амбулаториор 16691 хүн үйлчлүүлсний 1986 (9%) нь томуу төст өвчний шалтгаантай байна.

Томуугийн вирусээс шалтгаалж хүүхэд болон жирэмсэн эх, чихрийн шижинтэй хүмүүс, архаг хууч өвчтэй тохиолдолд хүндрэх эрсдэл илүү өндөр байна.

Томчууд амны хаалтаа зүүхгүй, агаар дуслын замаар дамжих өвчнийг зөөвөрлөж, бага насны хүүхдэдээ дамжуулах эрсдэл их байна.

Томуугийн вирусээр насанд хүрэгчид хөнгөн өвдөж байгаа ч хүүхдүүд хүндрэх эрсдэл их. Бага насны хүүхдэд Covid-19-ийн үед илэрдэг бүх шинж тэмдэг илэрнэ гэдгийг анхаарч, эмчийн заавраар эмчилгээг хийх нь эдгэрэлтийг хурдасгана.

Вакцинжуулалтын тухайд улсын хэмжээнд хийж байгаа бөгөөд одоогоор нийт 442 мянган хүн хамрагдаад байгаа дүн мэдээ байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН, АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ  ХҮНД ХАЛДВАРЫН ӨВЧЛӨЛИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ

10 дугаар долоо хоног

( 2023 оны  03-р сарын 06-наас 03-р сарын 12-нийг дуустал)

 ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ :

Улсын хэмжээнд амбулаториор 206,776 хүн үйлчлүүлсний 18,846 (9.1%) нь ТТӨ-тэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 9,071 хэвтэгсдийн 2,191 (24.2%) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.

  • Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ (УТТЦХҮ)”-гээр АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН ТҮВШИНД байна.
  • Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ 24.2% (Улаанбаатар 28.0%, аймаг 21.6%)-ийг эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8%, өнгөрсөн оны мөн үеэс 6.4%-иар тус тус бага байна.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Бүсийн 3, Салбар 3 лабораторид нийт 427 сорьцонд шинжилгээ хийхэд 91 (21.3%) сорьцонд амьсгалын замын синцитиаль вирус, 25 (5.8%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус, 7 (1.6%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирус, 9 (2.1%) сорьцонд A (H3N2) вирус, 2 (0.5%) сорьцонд A(H1N1)pdm09 вирус, 5 (1.2%) сорьцонд Sars-CoV-2 вирус, 3 (0.7%) сорьцонд томуу төст өвчин үүсгэгч вирус илэрсэн байна.

2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг вакцины хамралт 84.0% (457,582), орон нутагт 89.2% (233,455), нийслэлд 79.1% (224,127)-тай байна.

АЗЦХХ-ын шалтгаантай нас баралт Баянзүрх дүүрэгт-2, Сэлэнгэ аймагт-1 нийт 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАНДАЛТ :

БЗДүүргийг хэмжээнд 10 дүгээр долоо хоногт ТТӨ 15 хүртэлх насны 1986 хүүхэд.

Дүүргийн хэмжээнд ТТӨвчлөлийн наслалтаар авч үзэхэд 2 – 4 насны  хүүхдүүд түлхүү өвчилсөн байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд амбулаториор 16691 хүн үйлчлүүлсний 1986 (11.9%) нь ТТӨ-ний шалтгаантай байна.

БЗД хороод Амбулатори нийт үзлэг

(08 дахь долоо хоног)

Амбулатори нийт үзлэг

(09 дахь долоо хоног)

Амбулатори нийт үзлэг

(10 дахь долоо хоног)

ТТӨ

(08

хоног)

ТТӨ

(09 хоног)

ТТӨ

(10 хоног)

1 хороо 0 0 245 0 0 34
2 хороо 130 638 504 35 94 92
3 хороо 125 563 456 29 58 44
4 хороо 234 1081 886 78 222 203
5 хороо 232 2345 1409 56 206 211
6 хороо 296 925 911 58 146 126
7 хороо 0 440 288 0 64 52
8 хороо 393 1654 1488 46 91 81
9 хороо 220 616 675 39 174 96
10 хороо 236 731 274 9 15 6
12 хороо 271 1127 823 17 40 24
13 хороо 0 848 687 0 60 47
14 хороо 0 175 234 0 27 28
15 хороо 88 277 0 26 27 0
16 хороо 225 2149 1459 1 35 23
17 хороо 100 599 432 32 118 90
18 хороо 228 795 396 46 129 69
19 хороо 0 116 524 0 24 115
21 хороо 46 404 345 10 75 64
22 хороо 78 767 566 9 34 30
23 хороо 156 895 619 78 181 142
24 хороо 231 716 467 56 90 80
25 хороо 560 1582 1236 15 50 34
26 хороо 137 1920 946 28 206 114
27 хороо 342 751 472 41 122 68
28 хороо 72 439 349 40 97 113
ДҮН 4400 22553 16691 749 2385 1986

                                                                                                                                                           

Өнгөрсөн долоо хоногийн ТТӨ-ний мэдээтэй харьцуулахад Амбулаторийн нийт үзлэг 5862 тохиолдлоор буурч, ТТӨ үзлэг 399 тохиолдлоор буурсан байна.

ТТӨ үзлэг өнгөрсөн долоо хоногтой харьцуулан авч үзэхэд БЗДүүргийн ӨЭМТөвүүдэд ТТӨ нэмэгдэж байна.(Зураг 1.)

Зураг 1. ТТӨ (09 дахь долоо хоног 10 дахь долоо хоногтой харьцуулсан)

Баянзүрх дүүргийн ӨЭМТөв/ хороонуудад энэ долоо хоногт ТТӨвчлөл 4, 5,6,19,23,26,28-р хорооны ӨЭМТөвүүдэд  ТТӨ тохиолдол өндөр байна. (Зураг 2)

Зураг 2. ТТӨ (хороо)

ТТӨ амбулаторын үзлэгт харьцууллахад 4,17,19,23,28-р хороодын амбулаторын үзлэгийн 20-30 хувь нь ТТӨ байна.

ТТӨ-ий өвчлөгсөд дотор 0-11 хүртэлх насныхан 17%, 1 нас 11%, 2-4нас 24%,           5-9нас 20%, 10-14нас 8%, 15-с дээш нас 1% эзлэж байна. (Зураг 3)

Зураг 3. ТТӨ (насны бүлэг, хувиар)

ВИРУС СУДЛАЛЫН ТАНДАЛТ:

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид Улаанбаатар хот, Говь-Алтай, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр, Увс аймгууд болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан хилийн боомт, Өмнөговь аймгийн Ноён СДЭМТ-н томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 153 сорьцонд шинжилгээ хийхэд:

 9 (5.9%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус;

 5 (3.3%) сорьцонд SARS-CoV-2 вирус;

 4 (2.6%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус;

 2 (1.3%) сорьцонд томуугийн А(H1N1)pdm09 вирус тус тус илэрсэн.

Түүвэр сонголтоор 19 сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирус илрүүлэх шинжилгээгээр:

 4 (21.0%) сорьцонд амьсгалын замын синцитиаль вирус;

 2 (10.5%) сорьцонд хүний метапневмони вирус;

 1 (5.3%) сорьцонд риновирус тус тус илэрсэн байна.

САЛБАР ЛАБОРАТОРИУДЫН МЭДЭЭ:

  1. Орхон аймгийн лабораторид 189 сорьцонд шинжилгээ хийхэд, 5 (2.6%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус, 12 (6.3%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус, 68 (35.9%) амьсгалын замын синцитиаль вирус,
  2. Ховд аймгийн лабораторид 16 сорьцонд шинжилгээ хийхэд 1 (6.25%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирус, 1 (6.25%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус,
  3. Өвөрхангай аймгийн лабораторид 25 сорьцонд шинжилгээ хийхэд 5 (20.0%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирус, 1 (4.0%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус,
  4. Говь-Алтай аймгийн лабораторид 15 сорьцонд шинжилгээ хийхэд 1 (6.66%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирус, 1 (6.66%) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус,
  5. Сэлэнгэ аймгийн лабораторид 24 сорьцонд шинжилгээ хийхэд 1 (4.2 %) сорьцонд томуугийн В хэвшинжийн вирус, 19 (79.2%) амьсгалын замын синцитиаль вирус тус тус илэрсэн байна.
  6. Дархан-уул аймгийн лабораторид 5 сорьцонд шинжилгээ хийхэд амьсгалын замын вирус илэрээгүй байна.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ТАНДАЛТЫН МЭДЭЭ: 

2023 оны 10-р долоо хоногт коронавируст халдвар (КОВИД-19)-ын нийт 6 шинэ

тохиолдол (өмнөх долоо хоногт n=3) бүртгэгдэж, долоо хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 0.8 байсан нь өмнөх 7 хоногоос өссөн байна. Нийт бх-ПГУ 885, эерэг хувь 0.6% (өмнөх долоо хоногт 0.2%), түргэвчилсэн 790,

эерэг хувь 0.5% (өмнөх долоо хоногт 0.19%) шинжилгээ хийгдсэн байна Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт “Ногоон түвшин”-д байна.

ГАДААД МЭДЭЭ:

Дэлхий даяар томуугийн идэвхжил 2022 оны сүүлчээр оргил үедээ хүрсэн ба өвчлөл буурсаар байна.Томуугийн A вирус болон А (H1N1)pdm09 вирусийн идэвхжил давамгайлж байна. Өмнөх тайлангийн хугацаатай харьцуулахад томуугийн В вирусийн илрэлтийн хувь нэмэгдсэн байна.

  1. Төв Азийн орнуудад томуугийн идэвхжил буурсан байна.
  2. Хойд Африкт томуугийн идэвхжил бага байсан бөгөөд Марокко, Тунис улсуудад буурсаар байна.
  3. Зүүн Азийн улс орнуудад A(H1N1)pdm09 вирусын идэвхжил давамгайлж, БНХАУ-д томуугийн идэвхжил огцом нэмэгдэж, харин бусад орнуудын хувьд буурсан байна.
  4. Карибын тэнгис болон Төв Америкийн орнуудад томуугийн идэвхжил буурч, томуугийн A(H3N2) болон В вирусийн илрэлт буурсаар байна.
  5. Өмнөд Америкийн улс орны орнуудад хувьд томуугийн өвчлөл бага хэвээр, улирлын томуугийн бүх дэд хэвшинжийн вирус хавсарч, томуугийн В/Виктория вирус давамгайлсан байна.

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ХАМРАЛТЫН МЭДЭЭ No1

2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг вакцины хамралт 84.0% (457,582), орон нутагт 89.2% (233,455), нийслэлд 79.1% (224,127)-тай байна.

  • Дархлаажуулалт Улаанбаатар хотод 152 нэгж, орон нутагт 338 сумаар хийгдэж байна.
  • Хэнтий, Хөвсгөл, Завхан, Говьсүмбэр, Дундговь аймгууд, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамралт 70-аас доош хувьтай байна.

 

ЗӨВЛӨМЖ, АНХААРАХ ЗҮЙЛС:

Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээг ХСҮТ, ЭНЭҮТ-2 эмнэлэг ирүүлээгүй байна.

  • Вирус судлалын бүсийн болон салбар лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, 7 хоног бүрийн мэдээг ирүүлэх;
  • Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг идэвхжүүлэх, хамралтыг нэмэгдүүлэх;
  • ТТӨ-ий өвчлөл Алаг цоог дэгдэлтийн түвшинд шилжиж, эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдээс орны ачааллын мэдээг өдөр бүрийн 12 цагаас өмнө авч эхэлсэн тул орны мэдээг Google Sheet-д тогтмол шивэх;
  • Тархалтын түвшинд тулгуурлан хариу арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх;
  • Томуугийн дэгдэлтийн үед хүнд өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт, хүн хүч, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын хангах, дутагдалтай байгаа хэрэгслийг нөхөн сайжруулах, оновчтой хуваарилах, багаж төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийх;
  • Нээлттэй утсыг ажлын цагаар ажиллуулж, халдварын шинж тэмдэгтэй үйлчлүүлэгчид заавар, зөвлөмж өгөх;
  • Эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчийн дунд эмнэлзүйн тандалтыг өдөр бүр хийх;
  • Түргэн тусламжийн машин, эмч нарын тоог нэмэгдүүлж, амбулаторийг уртасгасан цагаар ажиллуулах;
  • Эргэлтийн цагийг багасгах, сахиурын тоог цөөлж, шаардлагагүй тохиолдолд солихгүй байх, эргэлтийн үед халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлэх;
  • Амбулатори, хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ТТӨ болон АЗЦХХ-тай өвчтөнд үзлэг хийх өрөөг эмнэлгийн орох, гарах хаалгатай ойр, хөл хөдөлгөөнөөс зайдуу, агааржуулалт сайтай, гарын угаагууртай хэсэгт, бусад үйлчлүүлэгчидтэй хавьтал болохооргүй байхаар зохион байгуулж, өрөө болгонд амны хаалт, гар халдваргүйжүүлэх бодис байрлуулах.
  • Амьсгалын замын халдварын шинж тэмдэг бүхий үйлчлүүлэгчдээс сорьц цуглуулж, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон бүс, салбар лабораториудад хүргүүлэн вирус судлалын тандалтыг идэвхжүүлэх;
  • Тандалтын нэмэлт нэгжүүд тохиолдлын тодорхойлолтын дагуу 14 хоногт 1 удаа 20 хүртэлх сорьцыг цуглуулж, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид хүргүүлж, хувилбарын тандалтыг эрчимжүүлэх;

ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

ХАЛДВАР СУДЛААЧ ЭМЧ                                                      Б. ӨЛЗИЙЖАРГАЛ

БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН                                      Н.БИНДЭРЪЯА

“ӨВСНИЙ ҮНДЭС” ХӨТӨЛБӨРИЙН 217.1 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар хэрэгжих Хавдар судлалын үндэсний төвийн  цэвэр ус түгээх системийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Кобаяши, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар гарын үсэг зурж баталгаажуулсан төслөөр “Өвсний үндэс” хөтөлбөрөөс 217.1 мянган ам.долларын санхүүжилтээр тус төвийн хуучирч муудсан цэвэр ус түгээх системийг иж бүрэн шинэчлэх ажлыг хийх юм.
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болсон энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Кобаяши болон ЭСЯ-ны ажилтнууд, ХСҮТ-ийн төлөөлөл оролцов. Энэхүү төсөл нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн 593 дахь, ХСҮТ-д хэрэгжиж буй гурав дахь төсөл бөгөөд үр дүнд нь олон жилийн эдэлгээний явцад хуучирч муудан байнга ус алдаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж байсан бэрхшээл арилж эмнэлгийн эрүүл ахуйн орчин сайжирч, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтойг Элчин сайд Х.Кобаяши онцлон тэмдэглэсэн. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, уян хатан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэх замаар салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг Японы ард түмэнд гүн талархал илэрхийлээд  “Эрүүл мэндийн салбарт Япон улстай 1990 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан хамтран хэрэгжүүлж ирсэн.
Тэдгээрийн нэг хэсэг нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 593 дахь төслөө эхлүүлж буйд баяртай байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт анх 1990 онд В гепатитын вакцин үйлдвэрлэх технологийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын аймаг, сумдын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засвар үйлчилгээ, тохижилтыг хийх, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах зэргээр аймаг, нийслэл, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой жижиг, дунд хэмжээний цаг үеэ олсон, уян хатан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.
Өнөөдөр мөн энэ хөтөлбөрийн хүрээнд дахин нэг шинэ төслийг Хавдар судлалын үндэсний төвд хэрэгжүүлэх гэрээг байгуулж байна.
Эрүүл мэндийн салбарт “Өвсний үндэс” хөтөлбөрөөс гадна Япон улстай хамтран хэрэгжүүлж байгаа өөр олон төсөл, хөтөлбөр байдаг бөгөөд цаашид ЭМЯ-ны зүгээс харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, нягт хамтран ажиллах болно” хэмээсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийг нь ХСҮТ-ийн захирал 2018 оны зун үргэлжилж орсон борооны улмаас ХСҮТ усанд автахад тухайн үеийн Элчин Масато гуай сонин дээрээс уншлаа гэсээр өөрөө хүрч ирж уулзан дээврийн засварын санхүүжилтийг шийдэж өгсний ачаар дээврээс ус гоожих тухай асуудал үгүй болсон тухай дурсаад орлуулашгүй эмчилгээ хийдэг учир зөөлөн, эрдэсгүй чанар сайтай ус хэрэглэх зайлшгүй шаардлага байдаг тул цэвэр усны системийн шинэчлэлийн асуудлыг шийдэж өгч буйд талархал илэрхийлэв. ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү монголчуудын асуудлыг эгээ өөрсдийнхөө мэт үзэж тулгамдсан асуудлыг минь шийдвэрлэхэд гүн туслалцаа үзүүлж буй Японы ЭСЯ-ныханд талархал илэрхийлээд төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр тус төв Япон улсын тусламжаар 2000 онд анх удаа “Олимпус” дурангийн аппараттай болсон нь хавдрын оношлогоог шинэ шатанд гаргах эхлэлийг тавьсан төдийгүй өнөөг хүртэл сугалтын зориулалтаар ашиглаж байгааг дуулгаад тус улсад бэлтгэгдсэн өндөр мэргэжлийн чадварлаг эмч нар Монгол Улсад хаьвдрын өвчлөлийг эмчилж анагаах үйлсийн тэргүүн эгнээнд зүтгэж явааг дуулгалаа.

Угаарын хийн хордлого, хариу арга хэмжээ сургалтыг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс санаачлан “Угаарын хийн хордлогын үед үзүүлэх яаралтай тусламж, хариу арга хэмжээг сайжруулах, салбар дундын уялдаа холбоог нэмэгдүүлэх өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг чадавхжуулах” сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг НЭМҮТ, НОБГ, БЗД-ийн ОБХ, БЗД-ийн ЦГ, Цэргийн төв эмнэлэг, Тавантолгой түлш ХХК-тай хамтран зохион байгууллаа.

 

Баянзүрх дүүргийн хэмжээнд Угаарын хийн хордлогоор 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 тохиолдол бүртгэгдэж үүний 48 буюу 54.5% нь насанд хүрсэн иргэн ,  40 буюу 45.5%-ийг  хүүхэд тус тус эзэлж байна. Дээрх тохиолдол нь 4-13 нас, 20-59 насанд зонхилон тохиолдсон байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар авч үзвэл 2,4,5,8,9,12,16,18,19,21,22,24,27,28-р хороонд тус тус бүртгэгдэж 2, 5, 8, 9, 19,22-р хороонд тохиолдлын тоо өндөр байна.

 

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН БАЙДАЛ ӨССӨН ДҮНГЭЭР:

2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан – 35, эмнэлэгт хэвтэж тусламж үйлчилгээ авсан – 53 хүн байна. Үүнээс нас барсан 1, Маш хүн 1, Хзндэвтэр 9, Дунд 45, хөнгөн 32 хүн тус тус тусламж үйлчилгээ авсан байна.

ЦААШИД АНХААРАХ:

  1. Мэдээллийн нэгдсэн урсгал мэдээлэлтэй болох
  2. Бүртгэл,мэдээлэл тандалтыг сайжруулах
  3. Эрсдэлтэй айл өрхөд тогтмол хяналт тавих
  4. Мэдээлэл сургалт сурталчилгааг тогтмол хийж иргэдийг эрсдэлээс сэргийлэх хариу арга хэмжээг сайжруулах
  5. Салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хамтарч ажиллах

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

 

 

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 тохиолдол бүртгэгдэж үүнээс насанд хүрсэн иргэн 48, хүүхэд  40 тохиолдол тус тус бүртгэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр харьцуулахад 4-13 нас, 20-59 насанд тохиолдлын тоо өндөр бүртгэгдсэн байна.

Дээрх 88 тохиолдлыг хүйсээр авч үзвэл эрэгтэй 44 буюу 50%, эмэгтэй 44 буюу 50%-ийг тус тус эзэлж байна.

 

Нийт бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар авч үзвэл 2,4,5,8,9,12,16,18,19,21,22,24,27,28-р хороонд тус тус бүртгэгдэж 2, 5, 8, 9, 19,22-р хороонд тохиолдлын тоо өндөр байна.

 

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН БАЙДАЛ ӨССӨН ДҮНГЭЭР:

2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан – 35, эмнэлэгт хэвтэж тусламж үйлчилгээ авсан – 53 хүн байна. Үүнээс нас барсан 1, Маш хүн 1, Хзндэвтэр 9, Дунд 45, хөнгөн 32 хүн тус тус тусламж үйлчилгээ авсан байна.

Үзүүлэлт Хүний тоо
Угаарын хийн хордлогод өртөж, эрүүл мэндийн байгууллагад хандсан  хүний тоо 88
Хүйсээр: Эрэгтэй 44
Эмэгтэй 44
Насны ангиллаар:           Насанд  хүрэгчид 48
Хүүхэд 40
Тусламж авч буцсан 35
             ЦНТЭ-д хандсан 22
              ЭХЭМҮТ-д  хандсан 30
             СБДНЭ 1
Угаарын хийн хордлого оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн 53

 

 

 

 

ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН

БЗДЭМТ-ЫН ОРЧИН ХАРИУЦСАН ХАЛДВАР СУДЛААЧ Б.БОЛОРМАА

С.ЧИНЗОРИГ: ТУЛГАМДСАН АСУУДЛАА ЯРИЛЦАЖ, ГАРЦ ШИЙДЭЛ ХАЙСАН АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТЫГ УЛИРАЛ БҮР ХИЙСЭН Ч БОЛНО

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн сарын 18-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээж авч уулзан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал солилцох үеэр МЭМАҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультан, гишүүд, эмч, ажилтнуудтай хийхээр товлосон уулзалт өнгөрсөн баасан гариг /2023-03-10/-т МҮЭ-ийн Соёлын төв ордонд болсон. Эрүүл мэндийн салбарын төлөөлөл 200 гаруй хүн оролцсон уг уулзалтын эхэнд С.Чинзориг сайд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар танилцуулж эмч, эмнэлгийн ажилтнуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудынх нь талаар  сонсон шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм.
Тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын амаргүй хүнд цаг үеийн гол ачааг нуруундаа үүрэн зүтгэсэн эрүүл мэндийн салбарынханд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд УИХ-аас эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах, Засгийн газраас санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласны үр дүнд ковидын цар тахлыг хохирол багатай давсан цөөн орны нэг гэсэн үнэлгээг ДЭМБ-аас авсныг  дуулгав.
Сайд С.Чинзориг сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж ирсэн алдаагаа засч нийгмийн эрүүл мэндийн анхдагч суурь хуультай болох шаардлагатай байгааг онцлоод “Өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс нь өмнө урьчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоог оновчтой тодорхойлсон Нийгмийн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний тухай хуультай болохоор ажиллаж байна.
Хувь хүний эрүүл мэндийн 10-12 хувь л эрүүл мэндийн байгууллагатай хамааралтай, үлдэх 80 хувь өөрөөс нь шалтгаалдаг тул иргэний эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангасан үйл ажиллагааны цогц төлөвлөгөө, стратеги боловсруулан ойрын үед Засгийн газарт оруулна. МҮОНРТ-тэй иргэний эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар эрдэмтэн судлаачид, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсон хамгийн гол нь нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг системтэйгээр өгөх боломж бүрдэж байгаа.
Манайд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой стандартууд байдаг ч эдгээрийг боловсронгуй болгох шаардлага байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт мөрдөх үйлчилгээний стандарт гаргах нь зөв хэмээн үзэж лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад тохирсон стандартыг боловсруулж ирэх сарын 1-нээс мөрдүүлэх үүргийг өгсөн.
2011-2012 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин нэлээд бүрдсэн хэдий ч үүнээс хойш шинэчилсэн найруулгаар нэг ч хууль батлуулаагүй, суурь хуулиудын 60-70 хувьд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ тохиолдолд  батлагдсан хуулийн суурь концепц зарчим үндсэндээ алдагддаг учраас 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөж буй бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар Тамхины хяналтын тухай, Тусгай сангийн тухай, Эмийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг яаралтай оруулна. Тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхи гэж ямар ч зохицуулалтгүй, хяналтгүйгээр ялангуяа өсвөр насныхны хэрэглээ болоход ойрхон байгаа бүтээгдэхүүнийг утаат тамхитай адилхан худалдан борлуулах зохицуулалттай, татвартай болгохоос өөр аргагүй.
Монгол Улсад эмчилж, оношилж чадахгүй 26 төрлийн өвчин байгааг 2017 онд сайдын тушаалаар баталгаажуулсан байдаг. Нэгэнт өөрсдөө эмчилж оношилж чадахгүй бол эдгээр өвчнөөр өвчилж шаналж байгаа иргэддээ тодорхой дэмжлэг үзүүлдэг байхаас өөр аргагүй. Иргэнээ дээдэлсэн ардчилсан төртэй улсын хувьд ийм арга хэмжээ авах ёстой. Тиймээс дотооддоо эмчилж чадахгүй байгаа өвчнийг анагаах арга технологи, эмнэл зүйг оруулж ирж нутагшуулбал зардлыг нь ЭМДС-гаас санхүүжүүлдэг байх зохицуулалтыг хийхийн тулд Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна.
Иргэд сүүлийн нэг жилд эм, тарианы үнэ маш их өссөнийг ярьж байгаа. ҮСХ-ны судалгаагаар нэг жилийн хугацаанд эм тарианы үнэ 40 хувиар нэмэгдсэн дүн бий. Эм тарианы чанар, соёлтой хэрэглээг төлөвшүүлэх, мөн онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх эм тарианы улсын нөөц бүрдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудал эмийн салбарт байгаа тул   Эмийн тухай хуулийг УИХ-д яаралтай оруулж тулгамдсан асуудлыг нь шийдэх гарц шийдлийг олох ёстой” хэмээсэн.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлээр санхүүжилтийн  тогтолцоонын талаар “Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор гүйцэтгэлийн санхүүжилт бодитойгоор хэрэгжсэн гэж хэлэхэд хэцүү байх. Болж байгаа ч зүйл бий, болохгүй байгаа нь байна. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой асуудлаар Ц.Эрдэмбилэг зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг гаргаад зарим тусламж үйлчилгээний өртгийг дахин хянах, тарифт өөрчлөлт оруулах замаар ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлага байна. Шулуухан хэлэхэд энэ гүйцэтгэлийн санхүүжилт өвчлөөд байвал сайн, хэвтэн эмчлүүлээд байвал сайн, өндөр өртөгтэй шинжилгээ, мэс засал хийгээд байвал сайн гэдэг рүү явж байна. Клиник эмнэлгүүд дээр амбулаторийн үйлчилгээ байхгүй болсон. Хувийн эмнэлгүүд зөвхөн өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээг шүтэж, үзүүлж байгаа үйлчлүүлэгчийг шаардлагатай эсэхээс үл хамааран өндөр өртөгтэй MRI, томографт харуулахыг зөвлөж байна. Бүр тодруулбал, хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр хүн тутмын нэг нь өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээнд хамрагдаж байгаа дүн бий. Энэ бүхнээс харахад гүйцэтгэлийн санхүүжилт яг таг таарч байна гэхэд өрөөсгөл. Дэлхий нийтийн хандлага, өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 50-иас дээш хувь нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээ байдаг бөгөөд санхүүжилтийнхээ 50-80 хувийг энэ чиглэлд зарцуулдаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээнд санхүүгийн эх үүсвэрийнхээ дөнгөж 19 хувийг өгч байгаа нөхцөлд орон нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд ЭМДС-гаас жилд 200 орчим тэрбумын санхүүжилт авч, нийт ачааллын 31 хувийг дааж байхад тэдэнтэй яг ижил хэмжээний санхүүжилт авдаг хувийн эмнэлгүүд ачааллын ердөө 7.0 хувийг үүрдэг. Эндээс харахад хувийн эмнэлгүүд өндөр өртөгтэй, зардал багатай, хөнгөвтөр өвчтөнийг авдаг. Дүүргийн эмнэлгүүд өртөг багатай, зардал ихтэй, хүнд өвчтөнүүдийг авдаг. Тиймээс санхүүжилтийн аргад өөрчлөлт хийхээс аргагүй байна.
ЭМДҮЗ-ийн тогтоолд анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих чиглэлд өөрчлөлт оруулж, энэ хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг ч давхар авч үзэх, эх үүсвэрийг бий болгох шаардлага байгаа” гээд салбарын ажиллагсдын цалин хөлсний тогтолцоонд өөрчлөлт оруулах зорилгоор ХНХЯ-тай хамтран Ажлын хэсэг гаргасан. Энэ Ажлын хэсэгт эрүүл мэндийн байгууллагууд, үйлдвэрчнийхэн гээд бүхий л талын төлөөлөл орсон гэдгийг хэлж байлаа.

Уулзалтад оролцогчдоос эмнэлгүүдийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилт, ажиллагсдын цалин, нийгмийн хамгаалалтай холбоотой олон санал хэлсэн.

Тухайлбал,
-Эмч нарын цалингийн асуудлыг яаралтай авч үзэхгүй бол чадварлаг боловсон хүчнээ гадагшаа алдаад дуусах нь.
-Гадны улс орнуудад эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан багш эмч нараар гүйцэтгэлийн санхүүжилтийн хяналт хийлгэдэг тогтолцоог нэвтрүүлэх
-Лавлагаа шатны эмнэлгүүдэд ТУЗ байх нь зөв эсэхийг эргэж  харах
-Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн бодлого алдагдсан, сувилагчийг хуучин системийн үед хоёр жилээр бэлтгэдэг байсан. Хийх ажил, хүлээх үүрэг нь өөрчлөгдөөгүй атал одоо дөрвөн жил сургаж байгаа нь хувийн сургуулийг л тэжээх гэсэн арга
-Яаралтай түргэн тусламж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордоггүй, цалин ч ялгаагүй учраас сүүлийн үед резидентүүд сонгохоо больсон. Одоогийн байдлаар УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг л яаралтай тусламжийн эмчээр хангагдсан бусад эмнэлэгт хомсдолтой
-Эмч нарыг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй. Иргэдийн дарамтад ажилладаг болсон. Эмч эмнэлгийн мэргэжилтэний нэр хүндийг сэргээх, иргэдэд ойлгуулах эерэг хандлагатай үйлчлүүлэх соёлтой үйлчлүүлэгчийг бий болгомоор байнаа.
-Эмнэлгүүдэд парк шинэчлэл хийж туулах чадвар сайтай машинаар хангах
-Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон хүмүүс хэзээ чөлөөлөгдөх вэ
-ХӨСҮТ-ийн үндсэн үүрэг халдварт өвчний дэгдэлтийг хумих, өвчин гарахгүй байхад чиглэх ёстой атал гүйцэтгэлийн санхүүжилтээр өвчин гарч байвал авах мөнгө нь их байх буруу зохицуулалттай байна.
-Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн Засгийн газрын 107 дугаар тогтоолоор цалинждаг. Үндсэн цалинг дор хаяж 30 хувиар нэмж өгнө үү
-Ур чадварын нэмэгдэл олгох боломжийг бүрдүүлэх
-Хамтын төлбөрийн тогтолцоонд шилжиж байж иргэд эрүүл мэнддээ анхаардаг болохоос гадна ЭМДС-д   төвлөрөх мөнгө нэмэгдэж ажиллагсдын цалинг бодитоор нэмэх боломж бүрдэнэ
-Хөдөлмөрийн  норм норматив гэж байна уу? Робот ч байсан амжуулахгүй их ажлыг хийж байна. Өвдөж ч чадахгүй сувилагч нар маань зүтгэж байна. Суурь норм норматив байхгүй бол юутай харьцуулж гүйцэтгэлийг үнэлэх вэ?
-Томилолтын мөнгө, урамшуулал болон илүү цагийн хөлснөөс татвар, нийгмийн даатгалын шимтгэл авахгүй байж болохгүй юу
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийг дахин тооцож зарим үйлчилгээний үнэлэмжийг дээшлүүлэх шаардлага байна
-Эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг орон сууцны ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах зэрэг салбарын үйл ажиллагаатай хэлсэн санал бүрийг нухацтай авч үзэж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, МЭМАҮЭХ-той хамтран төлөвлөгөө гарган ажиллана. Салбарынхаа тулгамдсан асуудлыг ярилцаж, гарц шийдэл хайсан ажил хэрэгч уулзалтыг уламжлал болгон улирал бүр зохион байгуулдаг байхад болохгүй зүйл үгүйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

Сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах чиглэлээр дүүргүүдийн сэтгэц, дотоод шүүрлийн болон аддиктологийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжууллаа

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх онол, практик хосолсон уулзалт, сургалт энэ сарын 10-ны өдөр боллоо.

Тус сургалтыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл сүрьеэгийн ирээдүйн төлөө ТББ-аас ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Сүрьеэгийн мэс заслын тасаг болон НЭМГ-тай хамтран “Үндэсний хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Үүний үр дүнд  ахмад настан, чихрийн шижин, архины хамааралтай иргэдэд тусламж үйлчилгээгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүд болон дүүргийн амбулаторийн эмч нар сүрьеэгийн ялган оношилгоо зөв хийх, цаашлаад сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, оношилгоог эрт үед нь илрүүлэх олон талын ач холбогдолтой болох юм.

Сургалт, уулзалтын үеэр ХӨСҮТ, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг “Өнөөдрийн сургалтаар сүрьеэгийн тусламж үйлчилгээнд юуг анхаарах вэ , тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх вэ, сүүлийн үеийн тоо мэдээлэл ямар байгаа вэ, төрийн болон төрийн бус байгууллага, холбоодын хамтын ажиллагаа ямар чухал вэ зэрэг асуудлуудаар мэдээлэл солилцож, эмч, мэргэжилтнүүдэд онол, практикийн дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь онцлогтой болж байна.

Өнөөдрийн уулзалтаар бид бүхэн эрүүл мэндийн салбар, түүн дотор архины хамааралтай, ахмад настан хүмүүстэй ажиллаж байгаа  Геронтологийн Үндэсний Төв, Аддиктологийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг  сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах талаас нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, чадвахжуулах чухал алхам болж байна. Сүрьеэ өвчин нь нийгмийн халдварт өвчин бөгөөд ихэвчлэн амьсгалын замаар дамждаг, цаашлаад нийгэм, эдийн засгийн маш томоохон хор хохирол учруулдаг сөрөг үр дагавруудыг авчирдаг учраас сүрьеэгийн тусламж үйлчилгэг сайжруулах, цаашид “сүрьеэгүй Монгол” болоход дан ганц эрүүл мэндийн салбарын биш бүх салбарынхан оролцоо, дэмжлэг чухал юм.

Ирэх 03 дугаар сарын 24-нд болох “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ жил “Тиймээ, бид сүрьеэг устгаж чадна” гэсэн уриатайгаар улс орнууд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ,  нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллага зэрэг төр болон төрийн бус байгууллагууд хамтран  эрт илрүүлэг үзлэг, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.” гэв.

ЭСИТ ТББ-ын гүйцэтгэх захирал М.Тунсаг “Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг сайжруулах, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, эмчилгээний амжилтыг сайжруулах,  халдварт бус өвчин түүн дотор чихрийн шижин, архины хамаарал бүхий иргэд, ахмадуудад сүрьеэ өвчнөөс эрт илрүүлэг,  оношилгоо хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл солилцож, эмч, мэргэжилтнүүдийг илүү чадавхжуулахад анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд хамтарсан уулзалт, сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн  сургалт нь  эмч, мэргэжилтнүүдэд онол, практикийн мэдээлэл олгохоос гадна  ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн мэс заслын тасагт эмнэлзүйн дадлага хийлгэж,  сүрьеэгийн ялган оношилгоог хийх тал дээр илүү чадавхжуулж байгаагаар илүү ач холбогдолтой боллоо. Ахмад настан, архины хамааралтай, чихрийн шинжин болон амбулаторид тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүд эмнэлзүйн дадлагаар сүрьеэгийн бодит кейсүүдтэй танилцаж, цаашдын ялган оношилгоо үр дүнтэй хийх тал дээр суралцлаа.

Мөн уушгины бус сүрьеэгийн ялган оношилгоо, эмчилгээ, хяналтын талаар МУ-ын гавьяат эмч, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын тасгийн зөвлөх эмч  Ц.Рэнцэнмягмар онол, практик хосолсон мэдлэг, мэдээлэл олголоо. Энэ бол маш ач холбогдолтой сургалт боллоо.

Чихрийн шижинтэй иргэд хавсарсан оношоор сүрьеэгийн тусламж үйлчилгээнд оройтож ханддаг. Мөн ахмад настан болон архины хамааралтай, архисах өвчтэй хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл байдаг. Үүнийг илрүүлж чадахгүйгээс болж хүндрэх тохиолдлууд гардаг. Тиймээс дээрх чиглэлийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, чадавхжуулах нь илүү цаг үе олсон сургалт болсон гэж харж байна.

Сургалтыг зохион байгуулахад дэмжин ажилласан ХӨСҮТ-ийн СТСА, Мэс заслын тасаг, НЭМГ, Геронтологийн Үндэсний Төв , Аддиктологийн төв, Чихрийн шижингийн холбоод талархал илэрхийлье ” гэв.