ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАХАД НӨЛӨӨЛӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НЭГ ЦАЛИН ХӨЛС ЮМ
БЗДЭМТ нь 2022 оны 07 дугаар сараас нийт ажилчдын дунд нөхцөл байдлын судалгааг хийж, тулгамдаж буй асуудлыг илрүүлж, эрэмблэн шийдвэрлэж эхэллээ. Үүнд шуурхай шийдвэрлэх боломжтой нэг асуудал нь ажилчдын цалин хөлс, урамшуулал байв. Энэ асуудлыг шийдвэрлэхээр БЗДЭМТ-ийн даргын Б/230 дугаар тушаал гарч нийт ажилчдын үндсэн цалинг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тохиолдолд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийг БЗДЭМТ нь нийт эмч, сувилагч, ажилтан албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чадварлаг боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах, ажилчдыг хөгжүүлэх, ажилчид өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг олгох дэмжлэг гэж үзэж нийт ажилчдын цалин хөлсийг цаашид тогтвортойгоор нэмэгдүүлэх бодлого барьж 2023 оны 01 дүгээр сараас БЗДЭМТ-ын даргын Б/37 тоот тушаалаар дахин ажилчдын үндсэн цалинг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Ингэснээр БЗДЭМТ-д ажиллаж байгаа нийт эмч, сувилагч, ажилчдын цалин бодитоор 400,000 төгрөгөөр сүүлийн 6 сарын дотор нэмэгдсэн байгаа юм.Нэг ёсондоо цалин хөлс тэтгэмж сайн байвал тэр хэрээрээ эмч сувилагч нарын хүний нөөцийн асуудал сайжрах юм.
Үндсэндээ 2022.07.01-нээс нийт ажилчдын үндсэн цалинг 300 мянган төгрөгөөр, мөн 2023.01.02-ноос хойш бүх ажилчдын үндсэн цалинг 100 мянган төгрөгөөр буюу нийтдээ 42-81 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг юм.Үндсэн цалинг тогтвортой нэмэгдүүлснээр БЗД-ийн эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцийн дутагдлыг 5% болтол бууруулж чадсан бөгөөд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийг эмч, эрэгтэйчүүдийн эмчийг бүрэн орон тоогоор ажиллуулж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс гадна, ажлын байрандах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ёс зүйтэй байдал, хариуцлагыг сайжруулах гол зорилготой юм. Үүний үр дүнд салбарын үйл ажиллагаа цалгардахгүй, иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хугацаа алдахгүй чанартай, хүртээмжтэй авах боломжтой болох юм. Мөн чадварлаг боловсан хүчний нөөцөнд тулгуурлаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлж иргэд дүүрэгтээ хүссэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломж нэмэгдэнэ хэмээн БЗДЭМТ-ийн дарга Г.Ууганцэцэг онцолж байлаа