Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурсан. Иймд улсын хэмжээнд ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна.
Хятад руу нэвтрэхэд л иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.
Улсын хэмжээнд долоон хоногт Covid-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй.
Харин томуу томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд арванхоёрдугаар сараас нэмэгдсэн. Иргэдийн дунд өвчлөл их байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж байна. Тиймээс иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд очиж томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эмнэлгээс тусламж үйлчилгээ авч буй нийт иргэдийн 16 хувийг томуу эзэлж байна. Энэ жил улирлын үүсгэгч болон В вирус хүн амын дунд зонхилжээ. Хоёр хүртэл настай хүүхдүүдэд уушгины өвчлөл түгээмэл байна. Улирлын томуугаас бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамгаалах шаардлагатай. Эдгээр эрсдэлт бүлгийн иргэд дүүргийн эмнэлэгтээ хандан, томуугийн вакцин хийлгэх боломжтой.