ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Үжил, үжлийн дайрлага” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлыг тус төвийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Мөнхбаяр удирдаж, ЭХЭМҮТ, “Өргөө”, “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гурвангал эмнэлэг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багануур дүүрэг, Жаргалант тосгоны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч зэрэг 370 гаруй хүн оролцлоо.  
Цахим хурлаар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны менежер Ч.Батхишиг эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Лхагвасүрэн “Үжил, үжлийн дайрлага” сэдвээр онолын мэдээлэл хийлээ.  ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр, Б.Лхагвасүрэн нар эх барихын үжлийн талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж, эмнэл зүйн арга, эмчилгээний талаар тодорхой мэдээллийг өгсөн. Үжил бол амархан үүсдэг, хурдан явцтай, хоруу чанар өндөртэй, үхэлд хүргэдэг. Халдварын эсрэг бие махбодын хариултын зохицуулга алдагдсанаас улбаалсан амь насанд аюултай эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдлыг үжил гэж тодорхойлдог. Үжилд биологийн гурван хүчин зүйл болох үүсгэгчийн хоруу чанар, организмын урвалт чанар буюу төрсний дараах үе, дааврын байдал зэрэг нөлөөлдөг. Тухайлбал, чихрийн шижингийн хүнд хэлбэр, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааны гүнзгий алдагдал, халдвар нэвтэрч орох зам, хэр удаан оршин байх нь үжлийн шок үүсэхэд нөлөөтэй. Эх барихын үжлийн шокийн онцлог нь нэг ба олон халдварын голомт байдаг төдийгүй нянгийн хавсарсан шалтгаантай байж, халдвар хордлогын шок, олон эртхний дутагдалд түргэн хүргэдэг. Олон эрхтний үйл ажиллагааны үнэлгээг SOFA оноогоор үнэлэх ёстой ба хамгийн чухал нь эрчимт эмчилгээний тасагт эмчилж, хяналтыг байнга хийх ёстой. Үжлийг эрт таньж оношилж, эмчлээгүй алтан цаг эргэж олдохгүй гэдгийг эмч, мэргэжилтэн бүр сайн санаж байх. Үжлийн үед антибиотик эмчилгээг эхний нэг цагийн дотор заавал хийх, цагаа олсон, өргөн хүрээний, үр дүнтэй, өвчтөн бүрт өөрт нь тохирсон зэрэг зөв эмчилгээг нэн даруй эхлүүлэх шаардлагатайг онцлон зөвлөв.

ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ДЭМБ-ТАЙ ХАМТАРЧ ХИЙХ АЖЛУУДАА ХЭЛЭЛЦЛЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантетэй уулзаж, хамтын үйл ажиллагааны хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Тус уулзалтаар:

  • ГССҮТ-ийг ДЭМБ-ын дэргэдэх Гэмтлийн төвтэй холбож, хамтын ажиллагааг эхлүүлэх,
  • Ослын цэгээс эмнэлэг хүртэлх анхны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд яаралтай түргэн тусламжийн үндэсний тогтолцоо, сүлжээг бий болгох,
  • Орон нутгийн яаралтай тусламжийн бүсчлэлийг тогтоох ажлыг хамтран хэрэгжүүлэх,
  • Орон нутгийн хэмжээнд гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх,
  • Эмч, мэргэжилтнийг сургах, чадавхжуулах цогц сургалтыг зохион байгуулах,
  • Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,
  • Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээллэх сургалт хийх,
  • Гамшиг ослын үеийн яаралтай тусламжийн багийг /ЭMT/ бэлтгэх, чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын сүүлээр зохион байгуулах зэрэг ажлуудыг ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хийхээр болсон байна.

Эрт илрүүлэгт 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй үзнэ

Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилгыг өнгөрсөн онд гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байхгүй боломж. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.

Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ