Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар хэрэгжих Хавдар судлалын үндэсний төвийн цэвэр ус түгээх системийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Кобаяши, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар гарын үсэг зурж баталгаажуулсан төслөөр “Өвсний үндэс” хөтөлбөрөөс 217.1 мянган ам.долларын санхүүжилтээр тус төвийн хуучирч муудсан цэвэр ус түгээх системийг иж бүрэн шинэчлэх ажлыг хийх юм.
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болсон энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Кобаяши болон ЭСЯ-ны ажилтнууд, ХСҮТ-ийн төлөөлөл оролцов. Энэхүү төсөл нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн 593 дахь, ХСҮТ-д хэрэгжиж буй гурав дахь төсөл бөгөөд үр дүнд нь олон жилийн эдэлгээний явцад хуучирч муудан байнга ус алдаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж байсан бэрхшээл арилж эмнэлгийн эрүүл ахуйн орчин сайжирч, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтойг Элчин сайд Х.Кобаяши онцлон тэмдэглэсэн. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, уян хатан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэх замаар салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг Японы ард түмэнд гүн талархал илэрхийлээд “Эрүүл мэндийн салбарт Япон улстай 1990 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан хамтран хэрэгжүүлж ирсэн.
Тэдгээрийн нэг хэсэг нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 593 дахь төслөө эхлүүлж буйд баяртай байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт анх 1990 онд В гепатитын вакцин үйлдвэрлэх технологийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын аймаг, сумдын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засвар үйлчилгээ, тохижилтыг хийх, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах зэргээр аймаг, нийслэл, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой жижиг, дунд хэмжээний цаг үеэ олсон, уян хатан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.
Өнөөдөр мөн энэ хөтөлбөрийн хүрээнд дахин нэг шинэ төслийг Хавдар судлалын үндэсний төвд хэрэгжүүлэх гэрээг байгуулж байна.
Эрүүл мэндийн салбарт “Өвсний үндэс” хөтөлбөрөөс гадна Япон улстай хамтран хэрэгжүүлж байгаа өөр олон төсөл, хөтөлбөр байдаг бөгөөд цаашид ЭМЯ-ны зүгээс харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, нягт хамтран ажиллах болно” хэмээсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийг нь ХСҮТ-ийн захирал 2018 оны зун үргэлжилж орсон борооны улмаас ХСҮТ усанд автахад тухайн үеийн Элчин Масато гуай сонин дээрээс уншлаа гэсээр өөрөө хүрч ирж уулзан дээврийн засварын санхүүжилтийг шийдэж өгсний ачаар дээврээс ус гоожих тухай асуудал үгүй болсон тухай дурсаад орлуулашгүй эмчилгээ хийдэг учир зөөлөн, эрдэсгүй чанар сайтай ус хэрэглэх зайлшгүй шаардлага байдаг тул цэвэр усны системийн шинэчлэлийн асуудлыг шийдэж өгч буйд талархал илэрхийлэв. ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү монголчуудын асуудлыг эгээ өөрсдийнхөө мэт үзэж тулгамдсан асуудлыг минь шийдвэрлэхэд гүн туслалцаа үзүүлж буй Японы ЭСЯ-ныханд талархал илэрхийлээд төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр тус төв Япон улсын тусламжаар 2000 онд анх удаа “Олимпус” дурангийн аппараттай болсон нь хавдрын оношлогоог шинэ шатанд гаргах эхлэлийг тавьсан төдийгүй өнөөг хүртэл сугалтын зориулалтаар ашиглаж байгааг дуулгаад тус улсад бэлтгэгдсэн өндөр мэргэжлийн чадварлаг эмч нар Монгол Улсад хаьвдрын өвчлөлийг эмчилж анагаах үйлсийн тэргүүн эгнээнд зүтгэж явааг дуулгалаа.