ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна

“ТАРГАЛАЛТ ЗАЛУУСЫН ДУНД ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА”

Эрүүл мэндийн дэд сайд С.ЭНХБОЛД:

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 10 сарын хугацаанд улсын хэмжээнд нийт хүн амын 26.7 хувь буюу 900 гаруй мянган хүнийг хамруулаад байна. Энэ 900 гаруй мянган хүнд эхний судалгаа хийгдэж, урьдчилсан үр дүн гарсан.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, дотоод шүүрэл, тэжээлийн болон бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж байна. 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цооролт илэрч, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.

Манай улсын хүн амын дунд хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан халдварт бус өвчин, түүн дотор зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтэл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж байна.

Монгол Улсын иргэдийн илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам тэр дундаа залуус, хүүхдүүдийг илүү хамарч байна.

15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай байна.

Илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна.

Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг. Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цаг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан байна.

Тиймээс эрт илрүүлгийн үр дүнд үндэслэн эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлж, эрүүл мэндийн боловсрол олгосноор өвчин эмгэгээс сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэнэ. Энэ жилдээ эрүүл жиндээ” аянд нэгдэхийг уриалж байна.

“НИЙГМИЙН ЯДУУРАЛ ТАРГАЛАЛТЫН БАС НЭГ ШАЛТГААН БОЛДОГ”

Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ж.БАЯНМӨНХ:

-Би сүүлийн зургаан жилд олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн эрүүл амьдрал болон таргалалттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. ЭМЯ-наас зохион байгуулж буй “Энэ жилдээ эрүүл жиндээ” үндэсний аян миний үндсэн зорилготой уялдаж байгаад маш их таатай байна.

Монголчуудын дунд таргалалт сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй. 100 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчинтэй. Өсвөр насны хүүхдийн таргалалт мөн маш их нэмэгдсэн.

Хүн төрөлхтөн түүхэндээ хэзээ ч өнөөгийнх шиг таргалалттай байгаагүй. 1970-2010 онуудад дэлхийн хүн амын таргалалт огцом нэмэгдсэн. Энэ нь нүүрс усны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой юм билээ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Монголчууд хувьд эрүүл зөв хооллолтын мэдлэггүй, шим тэжээлийн талаар ойлголт дутмаг  байгаатай холбоотой. Ихэнх хүмүүс турмаар байна, гэвч дасгал хөдөлгөөн хийх зав гарахгүй байна гэж хэлдэг. Бидний өдөр тутам хийдэг дасгал нийт энергийн 5-хан хувийг эзэлдэг. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжрах, дархлааг тэтгэх, сэтгэл санааг өргөх, зүрх судас, үе мөчний өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Таргалалтын дараагийн нэг шалтгаан нь стресс. Хүн стресстэй байвал кортизол дааврын хэмжээ өсч, таргалалтыг нэмэгдүүлнэ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Буруу мэдээ мэдээлэл мөн таргалалтын шалтгаан болно. Өглөөний цай тогтмол уух нь таргалалтаас сэргийлнэ гэж үзэх нь бий. Энэ бол буруу ойлголт. Өглөөний цайндаа юу идэх вэ гэдэг нь чухал. Нүүрс усаар баялаг буруу хүнс хэрэглэвэл таргалалтыг нэмэгдүүлнэ. Миний хувьд аян хүрээнд эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх талаар Монголын нөхцөлдөө тохирсон контент бэлтгэн хүргэх болно.

“ТУРШЛАГАА СОЛИЛЦЪЁ” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг бүртгэн, хэлэлцэж, мэдээлэх журмын тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 207 дугаар тушаал шинэчлэгдэн, А/550 тоот тушаал батлагдсантай холбогдуулан, 2023 оны гуравдугаар сарын 23-нд “Туршлагаа солилцьё” сэдэвт цахим хурлыг зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийн туршлага, санал, зөвлөмжийг хэлэлцлээ. Цахим хурлыг тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Х.Цолмон удирдаж, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, Тандалт судалгааны албаны эмч, судлаачид, “Өргөө”, “Хүрээ” амаржих газар, ЭНЭҮТ II, УХТЭ, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМТ-үүд, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, зарим сумдын эмч, эх баригч 252 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.
Энэ удаагийн цахим хурлаар эхийн ноцтой хүндрэлийн хэлэлцүүлэг, эхийн эндэгдлийн эмнэлзүй-эмгэг судлалын хурлыг зохион байгуулах, хурлаас дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах, сургамжтай тохиолдлын оношилгоо, эмчилгээний онцлог, түүнд нөлөөлсөн хожимдол, хожимдлыг арилгах, дахин алдаа гарахаас сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааныхаа талаар Завхан, Төв аймгийн ЭМГ, АНЭ-ийн хамт олон танилцуулж, туршлагаасаа хуваалцлаа.
Эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй, жирэмсний хүндрэлтэй, олон төрсөн, ахимаг насны жирэмсэн эх суманд, гэртээ ихэс ховхрон цус алдаж, ураг амьгүй болсон тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлгээс дуудлагын баг шуурхай очиж, эхийг тээвэрлэлгүйгээр, гэрт нь кесар мэс заслаар төрүүлж, эхийн амь насыг аварсан тохиолдлын тухай Завхан аймгийн эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй зөвлөх эмч, клиникийн профессор Д.Уранбилэг танилцууллаа.
Тус аймагт 2019 онд эхийн ноцтой хүндрэлийн харьцаа улс, аймгийн дунджаас өндөр байсанд дүн шинжилгээ хийж, ноцтой хүндрэлийн тохиолдлыг бууруулахын тулд ноцтой хүндрэлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг судлан, дүгнэлт хийснээр аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт ажлын байрны тасралтгүй сургалт зохион байгуулж, улирал тутам өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нартай онлайн хэлэлцүүлэг хийн, “Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн нэрийн хяналт”-ын явцыг танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тогтмолжуулжээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч өрх, сумын ЭМТ-ийн жирэмсэн эхийн хяналтыг хуваарилалтын дагуу давхар хянах үйл ажиллагааг эрчимжүүлсэн, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмчийг дангаар ажиллуулж байгаа зэрэг “сайн туршлага” болох олон үйл ажиллагааг өрнүүлсний дүнд 2020 онд ЭНХ-ийн харьцаа 2.2 болж, өмнөх оны мөн үеэс 5.1 промилоор буурсан байна. Хүсээгүй жирэмслэлтийн улмаас эх жирэмснээ нууж, хууль бус үр хөндөлт хийлгэснээс үжлээр хүндэрч эндсэн тохиолдолд “үгээр шинжих арга”-ыг түлхүү хэрэглэн, мэдээллийг цуглуулсан тухай Төв аймгийн эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэрэгтэй Зөвлөх эмч С.Төгсбаяр тайлбарлаад, уг тохиолдлын хурлаас гаргасан шийдвэрийн дагуу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг шинэчлэх, жирэмсний эрт илрүүлгийн хувийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн үйлдлийн заавар, удирдамж ба ЭМС-ын тушаал, журмын хэрэгжилтийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд урт, богино хугацааны сургалтад хамруулан чадавхижуулах, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн зөвлөх эмчийг томилон албажуулж, ажлын байрны чиг үүргийг тодорхой болгох чиглэлээр хийсэн ажлуудаа танилцууллаа.

Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн тохиолдлын хэлэлцүүлэг ба хурлын зохион байгуулалт, сургамж, дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах үйл явцын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын “сайн туршлага” нь мэдлэг баяжуулсан, өгөөжтэй мэдээлэл боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ. Оролцогчдын асуултад ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Х.Цолмон, Төв аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа нар хариулт өгч, харилцан ярилцлаа.
Мэргэжил нэгт нөхдөдөө өөрсдийн туршлагаа харамгүй хуваалцсан Завхан аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Уранбилэг, Төв аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, тэргүүлэх зэргийн эмч С.Төгсбаяр, “Эхийн эндэгдлийг шинжих аргууд” сэдвээр мэдээлэл танилцуулсан ЭХЭМҮТ-ийн Төрсний дараах тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ж.Сарантунгалаг нарт талархал илэрхийлье. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

“ЭМЧЭЭ СОНСЪЁ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эмчээ сонсъё” цуврал уулзалтуудыг зохион байгуулсан.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны идэвхтэн гишүүн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж цалин хөлс, нийгмийн хамгаалалтай олон асуудлаар саналыг нь сонсож, тулгамдсан асуудлаар нь ярилцсан. Мөн эмийн салбарынхантай, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхантай уулзсан. Харин өнөөдөр /2023-03-27/ “Эмч, эмнэлгийн мэргэжилтний дуу хоолой” төрийн бус байгууллагаас “Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг “One event hall”-д зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбарын бүх шатлалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны эрхийг хамгаалах, нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, тушаал шийдвэрийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюунчимэг болон ЭМДЕГ-ын төлөөлөл, хот, хөдөөгийн 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэлцүүлэгт оролцогчдод хандан сайдаар томилогдож ирснээс хойш хоёр сар гаруйгийн хугацаанд хийсэн ажил, авч буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогынхоо талаар товч мэдээлэл өгсөн.
Тухайлбал, эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах Эрүүл  мэндийн багц хуулиудын уялдаа холбоог ханган шинэчлэн боловсруулахын зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, Эд эс эрхтэн шилжүүлэх тухай хууль зэрэг анхдагч хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрүүл мэндийн ажилтны эрсдэл, хариуцлагын даатгалын эрх зүйн орчинг тусган боловсронгуй болгох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран эхлүүлсэн.

Улс орон даяар зохион байгуулж байгаа эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 900 гаруй мянган иргэн хамрагдсанаас давхардсан тоогоор 247 мянга  гаруй өвчний сэжигтэй тохиолдол илэрсний дийлэнх хувь нь сэргийлж болох өвчлөл байгаа нь  цаашид иргэдийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байгаа учраас “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хэмжээний цогц арга хэмжээг салбар дунд, иргэний оролцоотойгоор хэрэгжүүлэхээр тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилт цөөн хүн амтай сумдад эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэл хангалтгүй байгаагийн улмаас хүндрэлд орох, шаардлагагүй хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний тоо хэмжээ төрийн өмчийн эмнэлгүүдэд буурахгүй байх, яаралтай тусламж, үйлчилгээнд онош ахиулах хандлага эмнэлгүүдэд гарч байгаа, эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийн тариф хангалтгүй байх, гүйцэтгэлийн санхүүжилтийн дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэнд олгож байгаа урамшууллын хэмжээ харилцан адилгүй байх зэрэг асуудал тулгарч байна. Тиймээс цаашид нэг иргэнээр тооцсон аргад газарзүйн коэффициентийн тохируулгыг нэмэгдүүлэх, орны тоо хэмжээг бууруулан өдрийн болон гэрийн эмчилгээг дэмжих, зарим шаардлагатай оношийн хамааралтай бүлгийн өртгийг дахин тооцох, оношийн хамааралтай бүлгийн суурь тарифт тохируулга хийх, төрийн өмчит эмнэлгийн үзүүлж чадахгүй байгаа тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодлогын тохируулга хийн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалин урамшууллын тогтолцоо харилцан адилгүй байна. Цалингийн зардлын өсөлт сүүлийн таван жилийн хугацаанд 21,8 хувь өсч 2018 онд 411 тэрбум байсан бол 2022 онд 771 тэрбум болж өссөн статистик үзүүлэлт байна.  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 107-р тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалин болон төрийн үйлчилгээний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг тогтоож салбарын онцлог, гүйцэтгэлд суурилсан үр дүнг харгалзан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг цалингийн доод хэмжээнээс нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болсон. Гэвч дийлэнх эрүүл мэндийн байгууллагууд ажилчиддаа урамшуулал олгосон хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилчдын хувьд ялгаатай байдал байсаар байна. Ялангуяа гүйцэтгэлийн санхүүжилтэд хамаарахгүй төсвийн байгууллагууд, захиргааны ажилтнууд, хүн ам цөөтэй алслагдсан сумдын эрүүл мэндийн ажилтнуудын хувьд цалингийн асуудал нэлээдгүй тулгамдаж байгааг шийдвэрлэх зорилгоор ХНХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа зэрэг мэдээллийг С.Чинзориг сайд өгсөн. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн хомсдол, үүнийг үүсгэж буй цалингийн тогтолцоо, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, ажлын ачааллыг тэнцүүлэх зэргээс гадна гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй холбоотой олон асуудлыг ярьж, тодорхой саналуудыг хэлж байлаа.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ