ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна

51 Views

“ТАРГАЛАЛТ ЗАЛУУСЫН ДУНД ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА”

Эрүүл мэндийн дэд сайд С.ЭНХБОЛД:

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 10 сарын хугацаанд улсын хэмжээнд нийт хүн амын 26.7 хувь буюу 900 гаруй мянган хүнийг хамруулаад байна. Энэ 900 гаруй мянган хүнд эхний судалгаа хийгдэж, урьдчилсан үр дүн гарсан.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, дотоод шүүрэл, тэжээлийн болон бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж байна. 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цооролт илэрч, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.

Манай улсын хүн амын дунд хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан халдварт бус өвчин, түүн дотор зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтэл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж байна.

Монгол Улсын иргэдийн илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам тэр дундаа залуус, хүүхдүүдийг илүү хамарч байна.

15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай байна.

Илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна.

Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг. Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цаг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан байна.

Тиймээс эрт илрүүлгийн үр дүнд үндэслэн эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлж, эрүүл мэндийн боловсрол олгосноор өвчин эмгэгээс сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэнэ. Энэ жилдээ эрүүл жиндээ” аянд нэгдэхийг уриалж байна.

“НИЙГМИЙН ЯДУУРАЛ ТАРГАЛАЛТЫН БАС НЭГ ШАЛТГААН БОЛДОГ”

Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ж.БАЯНМӨНХ:

-Би сүүлийн зургаан жилд олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн эрүүл амьдрал болон таргалалттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. ЭМЯ-наас зохион байгуулж буй “Энэ жилдээ эрүүл жиндээ” үндэсний аян миний үндсэн зорилготой уялдаж байгаад маш их таатай байна.

Монголчуудын дунд таргалалт сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй. 100 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчинтэй. Өсвөр насны хүүхдийн таргалалт мөн маш их нэмэгдсэн.

Хүн төрөлхтөн түүхэндээ хэзээ ч өнөөгийнх шиг таргалалттай байгаагүй. 1970-2010 онуудад дэлхийн хүн амын таргалалт огцом нэмэгдсэн. Энэ нь нүүрс усны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой юм билээ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Монголчууд хувьд эрүүл зөв хооллолтын мэдлэггүй, шим тэжээлийн талаар ойлголт дутмаг  байгаатай холбоотой. Ихэнх хүмүүс турмаар байна, гэвч дасгал хөдөлгөөн хийх зав гарахгүй байна гэж хэлдэг. Бидний өдөр тутам хийдэг дасгал нийт энергийн 5-хан хувийг эзэлдэг. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжрах, дархлааг тэтгэх, сэтгэл санааг өргөх, зүрх судас, үе мөчний өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Таргалалтын дараагийн нэг шалтгаан нь стресс. Хүн стресстэй байвал кортизол дааврын хэмжээ өсч, таргалалтыг нэмэгдүүлнэ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Буруу мэдээ мэдээлэл мөн таргалалтын шалтгаан болно. Өглөөний цай тогтмол уух нь таргалалтаас сэргийлнэ гэж үзэх нь бий. Энэ бол буруу ойлголт. Өглөөний цайндаа юу идэх вэ гэдэг нь чухал. Нүүрс усаар баялаг буруу хүнс хэрэглэвэл таргалалтыг нэмэгдүүлнэ. Миний хувьд аян хүрээнд эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх талаар Монголын нөхцөлдөө тохирсон контент бэлтгэн хүргэх болно.

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ