ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ДЭМБ-ТАЙ ХАМТАРЧ ХИЙХ АЖЛУУДАА ХЭЛЭЛЦЛЭЭ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантетэй уулзаж, хамтын үйл ажиллагааны хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Тус уулзалтаар:
- ГССҮТ-ийг ДЭМБ-ын дэргэдэх Гэмтлийн төвтэй холбож, хамтын ажиллагааг эхлүүлэх,
- Ослын цэгээс эмнэлэг хүртэлх анхны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд яаралтай түргэн тусламжийн үндэсний тогтолцоо, сүлжээг бий болгох,
- Орон нутгийн яаралтай тусламжийн бүсчлэлийг тогтоох ажлыг хамтран хэрэгжүүлэх,
- Орон нутгийн хэмжээнд гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх,
- Эмч, мэргэжилтнийг сургах, чадавхжуулах цогц сургалтыг зохион байгуулах,
- Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,
- Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээллэх сургалт хийх,
- Гамшиг ослын үеийн яаралтай тусламжийн багийг /ЭMT/ бэлтгэх, чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын сүүлээр зохион байгуулах зэрэг ажлуудыг ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хийхээр болсон байна.
Эрт илрүүлэгт 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй үзнэ
Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилгыг өнгөрсөн онд гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байхгүй боломж. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.
Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.
ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД МҮОНРТ-ТЭЙ ХАМТАРНА
Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд Монголын үндэсний олон нийтийн телевиз, радиотой хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд нийгмийн бүхий л салбарын оролцоог хангаж үйл ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлэх, иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээллийг хүргэхийн хамт салбарын амжилт, шинэ технологи, инновацийг сурталчилах үйл ажиллагаа явуулах юм.
Дэлхий нийтэд эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, ажиллаж, амьдарч, сурч байгаа орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхэд нь хувь хүн, олон нийт, байгууллага, хамт олонд туслах, олон салбарын хамтын үйл ажиллагааг чиглүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахад чиглэж байгаа энэ цаг үед чухал ач холбогдолтой уг Санамж бичиг энэ сарын 15-наас эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжинэ. Санамж бичигт гарын үзэг зурах ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах саналыг хүлээж авсан МҮОНРТ-ийн удирдлагуудад талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хүн амын 30 хүрэхгүй хувь хамрагдсан байгаа ч цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлэн бүх хүмүүсийг хамруулах зорилготой ажиллаж байна. Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 61 хувь нь шүд цоорох өвчтэй, насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судасны өвчлөл их байгаа дүн гарсан. Энэ үр дүнгээс бид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байж, амьдралын эрүүл хэв маягаа өөрчилж, буруу дадал хэвшлээс салахад нь туслах зайлшгүй шаардлага байна гэж үзэж МҮОНРТ-тэй хамтран ажиллах санал тавьсан юм.
Тэгээд ч дэлхийн улс орнуудын туршлагаас харахад нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнээс дутахгүй анхаардаг. Гэтэл манай улсын хувьд иргэдийг өвчлөхөөр нь эмчлэх тухай л ярихаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаад дүгнэлт хийж нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих цогц төлөвлөгөөг салбарын яамдтай хамтран боловсруулахаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар хувь хүний эрүүл мэндийн 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой. Үлдсэн 85-90 хувь нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэсэн байдаг. Тиймээс бид МҮОНРТ-тэй хамтран иргэдийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, контент, нэвтрүүлэг, сурталчилгааг хамтран бэлтгэж олон нийтэд хүргэх зорилго тавьж байна” хэмээсэн. МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар “Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллах санал тавьсны дагуу Санамж бичиг байгуулж байна. Манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн шалтгаан нь иргэд эрүүл мэндийн боловсрол тааруугаас улбаатай. Мөн буруу дадал зуршил, хоол хүнсний зохисгүй хэрэглээ зэргээс үүдэж байгаагаас гадна суурин амьдралын соёл ч нөлөөлж байгаа. Тиймээс хэн нэгнийг өвдсөнийх нь дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэх нь өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа тул бидний бэлтгэх мэдээ мэдээлэл энэ тал руу түлхүү чиглэх ч өвдсөн тохиолдолд яаж эмчлэх талаар ч мэдлэг мэдээлэл олгоно. Ингэхдээ хүмүүст хамгийн амархан ойлгох байдлаар нь хүргэнэ гэж төлөвлөж байгаа юм” хэмээн ярьсан.
ХӨСҮТ: Монгол Covid-19-гүй улс болж, PCR шинжилгээ хийхгүй
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурсан. Иймд улсын хэмжээнд ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна.
Хятад руу нэвтрэхэд л иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.
Улсын хэмжээнд долоон хоногт Covid-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй.
Харин томуу томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд арванхоёрдугаар сараас нэмэгдсэн. Иргэдийн дунд өвчлөл их байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж байна. Тиймээс иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд очиж томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эмнэлгээс тусламж үйлчилгээ авч буй нийт иргэдийн 16 хувийг томуу эзэлж байна. Энэ жил улирлын үүсгэгч болон В вирус хүн амын дунд зонхилжээ. Хоёр хүртэл настай хүүхдүүдэд уушгины өвчлөл түгээмэл байна. Улирлын томуугаас бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамгаалах шаардлагатай. Эдгээр эрсдэлт бүлгийн иргэд дүүргийн эмнэлэгтээ хандан, томуугийн вакцин хийлгэх боломжтой.
Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.
Мөн авлига, албан тушаалын хэрэгт төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмж хангана
Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмэлтээр хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, эрүүл мэндийн салбарын цахим системийн хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулахад техник, хангамжийн бүрдэл, тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дэмжих салбар хоорондын хамтарсан цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг Эрүүл мэнд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт тус тус даалгав.
Мөн “Шүд” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, Нүүр, ам судлалын үндэсний төв байгуулах асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов.
“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уламжлалт өглөөний уулзалтаараа нүүр, амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзав. Нүүр, ам судлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярболд илтгэл тавилаа. 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхдийн өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5, шүдний гажиг 2.4, хараа муудах 1.1 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 121,602 тохиолдол буюу 83 хувийг 6-17 насны хүүхэд эзэлж байна. Шүд цоорох өвчний тархалт дэлхийн улс орнуудын дундаж 40-45 хувь байхад Монгол Улсын дундаж 80-99 хувьтай буюу хоёр дахин их байгааг танилцууллаа. Мөн өнөөдрийн уулзалтад Монгол Улсад нүүр, ам судлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудал сэдвээр “Импайр Дентал” клиникийн захирал Б.Энхбаатар илтгэл тавилаа. Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг шинээр зохион байгуулах, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийг өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалаас шүдний хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгох зэрэг санал гаргав.
Уулзалтад оролцогч төр хувийн хэвшлийн төлөөллүүд мөн саналаа хэллээ. Орон нутагт шүдний эмч дутагдалтай байгаа асуудлыг шийдэх, нүүр, амны эрүүл ахуйчийг бодлогоор бэлтгэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд шүд угаах цаг гаргах, орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах хэрэгтэйг тэд хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтад оролцогчдын саналыг сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд авах арга хэмжээг цогцоор тусгасан танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Эрүүл мэндийн даатгалаас хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд санхүүжилт авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх асуудлыг судлах, 2024 онд “Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөө гаргах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг өглөө.
АГААРЫН БОХИРДОЛ МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсад анх удаа болсон агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалтаар агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 50 шахам орны 200 гаруй төлөөлөгч санал солилцсон билээ.
Чуулга уулзалтаар ярилцсан үндсэн таван сэдвийн нэг “Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийн хүрээнд ЭМЯ-ыг төлөөлөн Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Агаарын бохирдол-эрүүл мэнд” итгэл тавьсан юм.
Тэрбээр илтгэлдээ ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн хэмжээнд жилд 12.6 сая хүн нас барж буйн 23 хувь нь хүрээлэн буй орчинтой холбоотой байгаа бөгөөд агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судасны, мэдрэлийн тогтолцоо, хорт хавдрын өвчлөл үүсгэх эрсдэлтэйг онцлоод 2021 онд хийсэн “Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” судалгаагаар уушгины хатгалгааны 18.03 хувьд, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.29, зүрхний ишемит өвчний 31.45, тархины судасны өвчний 30.98 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоосон зэрэг мэдээллийг хуваалцлаа.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын судлаачид агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлалын тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байгааг тогтоож, түүнийг бууруулах, сэргийлэх чиглэлээр санал зөвлөмж боловсруулан зохих түвшинд танилцуулж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсээр ирснийг дурдаад агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн эрүүл мэндийн байдалд хэрхэн нөлөөлөх талаар хийсэн судалгаануудад үндэслэсэн тодорхой мэдээллүүдийг өглөө.
Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5-ын хэмжээ нэг нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн томуу, уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо 15-аар нэмэгдэж байхад агаар дахь РМ2.5-ын концентраци 100 мкг/м3 буурахад амьсгалын замын өвчний шалтгаанаар нас барах тохиолдол 11-ээр, зурх судасны тогтолцооны өвчний шалтгаанаар нас барах тохиолдол 5-аар тус тус буурах хандлагатай. РМ 2.5-ын агууламж 200 мкг/м3– ээр бууруулахад хүйтний улиралд амьсгал, зүрх судасны шалтгаант нас баралтыг 28 хувиар бууруулах боломжтойг судалгаагаар тогтоосон болон гадаад орчны агаарын бохирдуулагч NO2-ийн түвшинг 2017 оны дунджаас 50 хувиар бууруулж чадвал 2027 онд 0-19 насны хүүхдийн шинээр илрэх багтраа өвчин 2,7 болно. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй үргэлжилсээр байх тохиолдолд 2017 онд 100 000 хүн амд 6,6 бүртгэгдэж байсан багтраа өвчин 2027 онд 16,7 болж өсөн шинээр бүртгэгдэх магадлалтайг судлаачид тогтоосныг илтгэлдээ дурдсан.
Оксфордын бодлогын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд манай орны судлаачидтай хамтран 2017 онд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судалсан, судалгаагаар агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд 10.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бөгөөд хэрэв агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд дээрх мөнгөн дүн 24.8 тэрбум төгрөг болж 2016 оны тооцооллоос даруй 2.3 дахин нэмэгдэх судалгаа бий.
Цаашид агаарын бохирдлыг бууруулахаас гадна агаарын чанарыг сайжруулах чиглэлд “Цэвэр түлш Монгол Улсын агаарын чанарын стандартыг ДЭМБ-ын агаарын чанарын шинэчлэгдсэн удирдамжтай уялдуулан шинэчлэх, орчин бохирдуулсны төлбөрөөс тодорхой хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхтэй оролцоог дэмжих, иргэдийг орчны бохирдлын өртөлтөөс хамгаалах, дотоод орчны агаарын стандарт боловсруулж, батлуулах, эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай PM2.5-г хэмжих чадавхийг улсын хэмжээнд сайжруулах, орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авах зайлшгүй шаардлага байгааг “Цэвэр агаар” дээд хэмжээний уулзалтад оролцогчдод танилцуулсан юм.
ЭМД-аас уналт таталтын эм бэлдмэлийг хөнгөлөх хувь хэмжээг танилцуулав.
Уналт таталтын эсрэг 77 нэр төрлийн эм 70 хувь хөнгөлөлттэй үнээр бол байнгын асаргаа, хяналтад байдаг 0-18 насны хүүхдүүдэд уналт таталтын эсрэг эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгох юм байна.