СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД ЭРТ ИЛРҮҮЛГЭЭР СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРЫН 214 ТОХИОЛДЛЫГ ИЛРҮҮЛСЭН
Халдварт өвчин судлалын үндэсний төв БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь” төслийг 2015 оноос хойш хэрэгжүүлж нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулахаас гадна эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулж, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг үе шаттай хийж ирсэн юм. Хамтарсан төслийн хэрэгжилт, төслийн хүрээнд хийсэн ажилтай танилцах уулзалт өнөөдөр /2023-04-11/ ХӨСҮТ-д боллоо. Уулзалтад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Д.Наранзул, Үзлэг хяналтын тасгийн эрхлэгч П.Насанжаргал, БНСУ-ын GDC consulting ХХК-ийн захирал Lee Kyechun тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтын үеэр Ц.Билэгтсайхан захирал “2015 оноос хойш хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд бид Улаанбаатар хотын хоёр дүүргийн 50,000 орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9000 иргэнд эрт илрүүлгийг хийж 214 иргэн сүрьеэ өвчний халдвартайг олж илрүүлж, хяналтандаа аван эмчилгээг эхэлсэн. Төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн асуудал буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг нэвтрүүлсэн. Мөн далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна бид эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байна. Үүнээс гадна СҮСН-тэй хамтран таван удаагийн олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахь хурлаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн төслийн үйл ажиллагаа үр дүнгийн талаар танилцуулсан. Төсөл хамтран хэргжүүлэгч GDC consulting ХХК-ийн захирал Lee Kyechun төслийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид эрт илрүүлгийг идэвхтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг зөвлөлөө.