“ШҮД” ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 7-ны хуралдааны 11 дүгээр тэмдэглэлд тусгасны дагуу Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хурал  өнөөдөр /2023-04-13/  боллоо.  Хурлыг Ажлын хэсгийн дарга, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд удирдаж Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын сургууль, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, “Мишээл кидс” сан болон хувийн хэвшлийнн шүдний эмнэлгүүдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хөтөлбөрүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж ирсэн хэдий ч иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал, хэвшил бүрэн төлөвшөөгүй, бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөлийн үзүүлэлтүүд буурахгүй байгаа тул энэхүү “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон, нэн чухал асуудал болохыг Ажлын хэсгийн дарга С.Энхболд сайд онцолсон. Энэ удаагийн хурлаар “Шүд” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, боловсролын байгууллагын хүрээнд хийгдэх ажлууд; эрүүл мэндийн даатгал, санхүүжилт; нүүр амны салбарын хүний нөөцийн бодлого, тусламж үйлчилгээний хүртээмж; мэдээллийн сан ба цахимжуулалт болон эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэв.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙНХАН ВАКЦИН БИО БЭЛДМЭЛИЙН ТӨВ АГУУЛАХТАЙ ТАНИЛЦЛАА

НҮБ-ын Хүүхдийн сангийн Глобаль инноваци хариуцсан захирал Томас Давин, Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд зочилж тус сангийн дэмжлэгтэйгээр барьж 2021 онд ашиглалтад  орсон Вакцин био бэлдмэлийн төв агуулахын үйл ажиллагаатай танилцлаа.
НҮБ-ын Хүүхдийн сан нь Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн банктай хамтран эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлын зэргийг сайжруулах зорилгоор ХӨСҮТ-ийн дэргэд байгуулсан Вакцин био бэлдмэлийн төв агуулахын үйл ажиллагааны талаар тус төвийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулсан. Тэрбээр “Бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран маш олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд вакцин, вакцины дагалдах хэрэгсэл нийлүүлэлт, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, хүний нөөцийг чадавхжуулах, эрсдэлийн харилцаа холбоог зохицуулах тал дээр хамтран ажиллахаас гадна коронавирусийн цар тахлын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус тус хамтран ажилласан. Вакцин био бэлдмэлийн төв агуулах нь бидний хамтын ажиллагааны нэг томоохон хэсэг бөгөөд товлолт вакцины дагалдах хэрэгслүүдийг бүх төрлийн хадгалалтын горимоор нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр стандартын дагуу хадгалж байна” хэмээгээд энэ ажлыг хийхэд гүн туслалцаа үлүүзсэн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийллээ.  Хүүхдийн сангийн Глобаль инноваци хариуцсан захирал Томас Давин, Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар НҮБ-ын Хүүхдийн сан эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсад товлолт вакцинуудыг нийлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирснийг онцлоод хамтын ажиллагааны үр дүн болсон Вакцин био бэлдмэлийн төв агуулахын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид олон төсөл, хөтөлбөрийг хамтран амжилттай хэрэгжүүлэх итгэл дүүрэн байна гэсэн юм. ХӨСҮТ нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Вакцины дагалдах хэрэгслийн нийлүүлэлт, Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, Хүний нөөцийг чадавхжуулах, Эрсдэлийн харилцаа, холбоо, Вакцины нөөцийн бүртгэлийн программ, Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалт зэрэг олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ