“Шүд” төслийг хэрэгжүүлэхэд том дэмжлэг үзүүлэх “АШУҮИС дент” эмнэлэг нээлтээ хийлээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль “АШУҮИС дент” шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. 
Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд “Шүд” төслийг боловсруулж, 2024 оноос хэрэгжүүлж эхлэхээр болсон. Уг шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гарч “Шүд” төсөл боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулан байгуулсан.
Дэд сайд С.Энхболд “АШУҮИС дент” эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулаторийн нээлтэд зориулан хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдийн 75,9 хувьд амны хөндийн өвчлөл, тэр дундаа шүд цоорох өвчтэй байгааг дурдаад  “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүд” төслийг эхлүүлэх чиглэл өгч, Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар төслийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. АШУҮИС  дэргэдээ шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулатори шинээр нээж байгаа нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд том дэмжлэг үзүүлэх талбар болно гэдэгт итгэлтэй байна” гээд нүүдлийн шүдний амбулаториор алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэд үйлчлүүлэх боломжтойгоос гадна дээрх эмнэлгүүдэд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийг ажлын байран дээр нь сургах бололцоо бүрдэж буйг онцоллоо. Тэрбээр мөн “Шүд” төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд “Эрүү, нүүр, шүдний үндэсний төв” байгуулах, шүдний тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам, өвчлөлийн статистикийг цахимжуулах, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон асуудлыг шийдэх бөгөөд төлөвлөсөн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхээр шуурхай ажиллаж буйгаа дуулгалаа. АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Бид Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж, шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх “АШУҮИС дент” шүдний эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Шинэ эмнэлэг шүдний сувгийн эмчилгээ, гажиг засал зэрэг бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Шүд” төсөлд манай эмнэлэг гол ачааллыг авч иргэдэд үйлчлэхэд бэлэн” гэсэн юм.  
Тус эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна энэ чиглэлээр мэргэшиж буй эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээний ажилд ашиглах бааз болох аж.

ЭХ БАРИГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЦОГЦ ЧАДАМЖ БОЛОВСРУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд Эх баригчдын төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг чанаржуулах, эх барихуйн сургагч болон чиглүүлэгч багш бэлтгэх, улмаар эх баригч мэргэжилтний чадамжийг сайжруулах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд “Эх баригчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг эцэслэн боловсруулах зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан ба төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн суурь болох эх баригч мэргэжилтний чадамжийг боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.Мөн өнгөрсөн жил Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан танхимаар 50, цахимаар 27 эх баригч оролцсон уулзалт зохион байгуулан санал авсан. Үүний дараа улсын хэмжээнд эх баригчдын анкет судалгааг одоо ажиллаж байгаа 1119 эх баригчийн 708-аас нь аваад байна. Энэ удаагийн санал солилцох уулзалтаар талууд дээрх судалгаа, санал асуулгуудын үр дүнтэй танилцаж, санал, зөвлөмжөө нэгтгэн “Эх баригч мэргэжилтний цогц чадамж”-ийг эцэслэн боловсруулах зорилготой бөгөөд уулзалтад Эрүүл мэндийн яам, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Янжмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан суурин төлөөлөгч Нагай Маки, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунгоо, Монголын эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн болон ЭХЭМҮТ, ЭНЭМҮТ-2, “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийин төлөөлөл оролцож байна. улзалтын төгсгөлд чадамжийг тодорхойлох өнөөг хүртэлх үйл явц, анкет судалгааны үр дүнг танилцуулж, оролцогчид бүлгээр ажиллан “Эх баригчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг эцэслэх юм.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ