By Bzd Post on April 21, 2023 Мэдээ “Шүд” төслийг хэрэгжүүлэхэд том дэмжлэг үзүүлэх “АШУҮИС дент” эмнэлэг нээлтээ хийлээ 0 Likes 93 Views Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль “АШУҮИС дент” шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд “Шүд” төслийг боловсруулж, 2024 оноос хэрэгжүүлж эхлэхээр болсон. Уг шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гарч “Шүд” төсөл боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулан байгуулсан. Дэд сайд С.Энхболд “АШУҮИС дент” эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулаторийн нээлтэд зориулан хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдийн 75,9 хувьд амны хөндийн өвчлөл, тэр дундаа шүд цоорох өвчтэй байгааг дурдаад “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүд” төслийг эхлүүлэх чиглэл өгч, Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар төслийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. АШУҮИС дэргэдээ шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулатори шинээр нээж байгаа нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд том дэмжлэг үзүүлэх талбар болно гэдэгт итгэлтэй байна” гээд нүүдлийн шүдний амбулаториор алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэд үйлчлүүлэх боломжтойгоос гадна дээрх эмнэлгүүдэд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийг ажлын байран дээр нь сургах бололцоо бүрдэж буйг онцоллоо. Тэрбээр мөн “Шүд” төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд “Эрүү, нүүр, шүдний үндэсний төв” байгуулах, шүдний тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам, өвчлөлийн статистикийг цахимжуулах, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон асуудлыг шийдэх бөгөөд төлөвлөсөн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхээр шуурхай ажиллаж буйгаа дуулгалаа. АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Бид Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж, шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх “АШУҮИС дент” шүдний эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Шинэ эмнэлэг шүдний сувгийн эмчилгээ, гажиг засал зэрэг бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Шүд” төсөлд манай эмнэлэг гол ачааллыг авч иргэдэд үйлчлэхэд бэлэн” гэсэн юм. Тус эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна энэ чиглэлээр мэргэшиж буй эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээний ажилд ашиглах бааз болох аж. No comments Cancel replyComment Name * Email * Website Save my name, email, and website in this browser for the next time I comment. SEND COMMENT