ДЭЛХИЙН 41 УЛСЫН 2.1 САЯ ХҮН ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ПРОТЕЗЫН ТӨСЛИЙГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНЭУ, Их Британид үүрэг гүйцэтгэсэн туршлагатай дипломатчийн хувьд Монгол-Энэтхэгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө санаа тавьж явдаг нэгэн.
Тэрбээр энэ удаа Эрүүл мэндийн сайдтай тодорхой хэд хэдэн асуудлаар санал солилцохоор уулзах хүсэлт тавьснаа хэлээд С.Чинзориг сайдыг Энэтхэг улсад болох “Нэг дэлхий нэг эрүүл мэнд” сэдэвт олон улсын хуралд оролцох урилгыг гардууллаа. Уг хуралд одоогийн байдлаар 90 гаруй улсаас 700 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 23 улсаас Эрүүл мэндийн сайд нь ирнэ гэдгээ мэдэгдсэн гэсэн мэдээллийг Элчин сайд өгсөн.
Мөн БНЭУ хиймэл үе, протезын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд АНУ-ын Массачусетс технологийн их сургуультай хамтарсан Энэтхэгийн олон улсын судалгааны байгууллага амархан угсарч, суулгах протезыг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр суулгаж өгөх саналыг тавьсан. Уг судалгааны байгууллагыг өмнө нь Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан хүн удирддаг учраас Монголын өвчтөнүүдийг хамруулахаар ярилцсан бөгөөд тэрхүү амархан угсарч, суулгах протезыг АНУ-ын Массачусетс технологийн их сургууль, Станфордын их сургуулиуд Энэтхэгийн сансрын судалгааны байгууллагатай хамтарч хийсэн. Хамгийн сүүлд Камбожийн Хаант улсад 600 протез суулгасан,  одоогийн байдлаар 41 улсын 2,1 сая хүн  хэрэглэж байгаа энэ төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ЭМЯ-наас дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Төслийн хүрээнд БНЭУ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагч техникчийн баг ирж өөрсдийнхөө зардлаар протезыг суулгаж өгнө гэсэн юм.
Элчин сайдын тавьсан эдгээр асуудалд С.Чинзориг сайд хариулт өгч Энэтхэг улсад болох “Нэг дэлхий нэг эрүүл мэнд” олон улсын хуралд урьсанд талархал илэрхийлээд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхэлж хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д оруулахаар ажиллаж байгаа болон парламентын гишүүний хувьд зав зай муутай байгаа тул өөрийнхөө оронд Эрүүл мэндийн дэд сайдыг оролцуулах боломжтой гэв.
Протезтой холбоотой асуудлыг ч шийдэх боломжтой гээд “Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяа Сэргээн засах төв нь протезын захиалга авч хийдэг байгууллага юм. Манай улсын хувьд протез хийж буй материал нь уян хатан бус хүнд хүний хөдөлгөөнийг хязгаарласан гэсэн асуудлууд байдаг. Таны санал болгож буй протезыг хөнгөн, хүний биед таатай,  орчин үеийн технологийг ашиглан хийсэн гэж ойлгож байгаа тул дэмжихэд бэлэн байна. Тиймээс манай яамны харьяа Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засах төв зэрэг зэрэг байгууллага хамтран энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.
Түүнчлэн энэ уулзалтаас БНЭУ-аас оруулж ирж буй эмийн үнэтэй холбоотой асуудлыг ч ярилцсан байна.

СУВИЛАЛ СЭРГЭЭН ЗАСАХ ЧИГЛЭЛД ИЛҮҮ АНХААРЧ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЁСТОЙ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төлөөллийг хүлээж авч уулзан сувиллын үйл ажиллагааны чиглэл, хүний нөөц, тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн тогтолцоо, хууль эрх зүйн орчны талаар ярилцлаа.

Сувилал гэж ямар үйлчилгээ үзүүлэх байгууллага байх ёстойг Эрүүл мэндийн тухай хуулийн 16.11 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Хуульд зааснаар сувилал нь чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, байгалийн бусад хүчин зүйлийн орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага юм.
Манай оронд нийт 267 халуун, хүйтэн рашааны орд байдаг. Үүнээс ашиглалтын нөөц, эмчилгээний ач тус нь судлагдсан 180 гаруй халуун, хүйтэн рашаан байдаг бөгөөд 2022 онд гаргасан үзүүлэлтээр улсын хэмжээнд 95 сувиллын эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 44 нь Улаанбаатарт, 51 нь орон нутагт байна. Эдгээр сувилалд нийт 2082 ажилтан ажиллаж байгаагийн 216 нь эмч. Эмч нарын 36 нь сэргээн засахын, 177 нь уламжлалтын, хоёр нь шүдний эмч байна. Мөн сувилалд 364 сувилагч, 25 хөдөлгөөн засалч, долоон хөдөлмөр засалч ажилладаг гэсэн хүний нөөцийн судалгаа бий.
Сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагууд 2022 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 27.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Энэ оны байдлаар нийт магадлан итгэмжлэгдсэн 73 сувилал байгаагаас 55 нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Үүнээс уламжлалтын чиглэлээр 42, сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг 25, уламжлалт анагаах ухаан болон сэргээн засах хавсарсан 11 сувилал байна.

ЭМД-ын сангаас сэргээн засах тусламж, үйлчилгээний 71,958 тохиолдолд 11.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгосон бөгөөд тусламж, үйлчилгээний төрлөөр нь авч үзвэл нийт тохиолдлын 58.2 хувь, санхүүжилтийн 85.7 хувийг сувиллаас үзүүлэх сэргээн засахын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ эзэлж байна. Зонхилон тохиолдох 10 оношийн 2.0 хувийг сувилалд эмчилж байгаа зэрэг сувиллын тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд бий.
Уулзалтын үеэр сувиллын газрууд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохдоо бичилт буруу, дутуу хийсэн зэрэг шалтгаанаар тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг авч чадахгүй байна хэмээн ярьж байсан.
Мөн энэ уулзалтаар сувиллууд сэргээн засахын тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөцийн дутагдалтай, сувиллын байгууллага нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй “амралт” сувиллын үйл ажиллагааг давамгайлж үзүүлж байгаа талаар ч хөндсөн.

ЭМЯ-наас Эрүүл мэндийн тухай хуульд “Сувиллын тусламж, үйлчилгээ нь эрүүл мэндээ сайжруулах, эсвэл эрүүл байхыг хүсч буй хүмүүст чанар нөөц нь тогтоогдсон рашаан, ундарга, орд газар болон байгалийн бусад хүчин зүйлийг ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг урт болон богино хугацаагаар хэвтүүлэн үзүүлэх байгууллага байна” хэмээн нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж буй бөгөөд сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээний заавар, эрхзүйн орчныг тодорхой болгоход анхаарч ажиллахаа хэлж байлаа.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ