УГТЭ АМЕРИКИЙН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэг АНУ-ын “ВИРТУ” сантай 2014 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэ сарын 14-28-нд тус сангийн шугамаар АНУ-ын Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи, нуруу, нугасны мэс заслын зочин профессорын баг ажиллаж байна.  Америк эмч нарын баг тус эмнэлэгт ажиллах хугацаандаа гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай 30 гаруй өвчтөнд нарийвчилсан үзлэг оношлогоо хийж, эпилепсийн эмгэг голомт авах зэрэг тархи, нурууны мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын багтай хамтран хийж байна. Мөн ажлын байрны болон танхим хосолсон сургалтуудыг хамтран зохион байгуулж, тус эмнэлгийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Энэ удаагийн зочин профессорын багт эпилепсийн эмгэгийн үеийн сэтгэл зүйч эмч ирсэн бөгөөд эпилепсийн эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийн хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм.

МОНГОЛ-ТУРКИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2023-05-18/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзаж хоёр орны найрамдалт харилцаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд БНТУ-ын Засгийн газраас Туркийн Олон улсын хамтын ажиллагааны агентлаг-ТИКА-аар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хөгжлийн болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг шинэчлэх ажлын явцын талаар мэдээлэл өглөө.  Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаа бөгөөд манай улсын томоохон эмнэлгүүд тодруулбал, УНТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд БНТУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг батлуулан, түүний хүрээнд нилээдгүй ажил хийж буй талаар сайд яриандаа онцлон дурдсан.
Тэрбээр мөн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байгаа өвчин эмгэгийг эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, дотооддоо хийж буй эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, хүрээг нь өргөжүүлэх тал дээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын төсөл хамтран хэрэгжүүлэх, Туркээс нарийн мэргэжлийн эмч нарын мэргэшсэн баг ирүүлж ажлын байрны сургалт явуулах, хамтарсан судалгааны ажил хийх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
С.Чинзориг сайд мөн эмч, сувилагчийг урт, богино хугацааны сургалтанд хамруулж чадавхийг бэхжүүлэх, шинэ технологи, эмчилгээний арга зүй эзэмшүүлэх,  давтан сургах хэрэгцээ шаардлага байгаа тул энэ чиглэлд Турк улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ялангуяа орон нутгийн эмч, сувилагчийг нэн тэргүүнд хамруулах хүсэлтэй байгаагаа ч хэлсэн. Элчин сайд Зафер Атеш Турк улс ахан дүүсийн найрсаг харилцаатай, үүх түүхийн холбоо хамааралтай Монгол Улстай  бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байдаг бөгөөд энэ хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг тун удахгүй шинэчлэн байгуулснаар үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэйгөөр бүхий л шатанд идэвхтэй хамтран ажиллах боломжтйо болно гээд Эрүүл м эндийн сайдын тавьсан санал нэг бүрийг холбогдох яамд руугаа илгээн нааштайгаар шийдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ хэлсэн юм.

НУГАСНЫ ГЭМТЛИЙН ДАРААХ СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛНЭ

АНУ-ын “Mayo” клиникийн сэргээн засах анагаах ухааны дэд профессор Ronald K Reeves MD, Олон улсын нугасны гэмтлийн холбооны (ISCoS) боловсролын хорооны дарга, “Livability” олон улсын хөтөлбөрийн захирал Stephen Muldoon нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээ болон Хүзүү нурууны гэмтлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтанд ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах, Хүзүү нурууны гэмтлийн тасгийн эрхлэгч Б.Бат-Эрдэнэ, Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Ууганбаяр, сэргээн засахын их эмч Э.Мөнгөнтуул нар оролцож нугасны гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцов. Хүн амын дундаж наслалт, халдварт бус өвчлөл нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний шинэ арга технологийн хөгжил нэн тэргүүнд тавигдаж байна. Манай улсад сэргээн засах тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлага их байгаагаас гадна үйл ажиллагааны уялдаа холбооноос шалтгаалан гэмтлийн дараах хөдөлмөрийн чадвар алдагдал сэргэх боломжтой олон хүн энэ төрлийн тусламж үйлчилгээний гадна орхигдож буй гэж үздэг.  
Ялангуяа сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа осол гэмтлээс үүдэн  нугасны гэмтэл авсан үйлчлүүлэгчийн тоо ихсэх хандлагатай болсон тул Монгол Улсад нугасны гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх тогтолцоог бий болгох, олон улсын дэвшилтэт арга технологид тулгуурлан хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар уулзалтад оролцогчид онцолж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Анх Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс Сувилагч нарын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Сувилагч хүн гэдэг сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтэнгүүд билээ.

Дэлхий нийтийг хамарсан бүхий л өвчлөлийн үед аюулт өвчинтэй тэмцэж иргэдээ хамгаалах эх үйлсэд хүчин зүтгэж, ачааны хүндийг үүрч ажиллаж байгаа нийт сувилагчиддаа Олон улсын сувилагчдын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

“ХӨСҮТ-д омикроны дэд хувилбараар өвчилсөн 101 өвчтөн эмчлүүлж байна”

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд Covid-19-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж.

Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт Covid-19-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.НАРАНЗУЛ:

-ДЭМБ-ын мэдээгээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, 6,9 сая хүн ам нас барсан байна. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад халдвар тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч зарим улс орнуудад цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ гэх мэт улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдэж байна.

ДЭМБ тавдугаар сарын 5-нд хуралдаж, мэдэгдэл гаргахдаа “Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа хэдий ч Covid-19 олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш болсон. Улс орнууд дотооддоо цар тахлын урт хугацааны менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн.

Сүүлийн долоо хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5  40-50 хувийн тархалттай давамгайлж байна. Монголд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн. PCR шинжилгээгээр эерэг илэрч байгаа тохиолдол огцом өссөн. Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д омикроны дэд хувилбараар өвчилсөн 101 өвчтөн эмчлүүлж байна.Үүнээс жирэмсэн эх 19,  хүүхэд 27 байна.  Эдгээрээс гурван хүн нэн хүнд,  долоон хүн хүнд  оноштойгоор эмчилгээ хийлгэж байна. Тус хувилбараар өвчилсөн тохиолдолд хамар битүүрэх, ядрах, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрч байна.

ЭМИЙН ҮНЭ, ЧАНАРТ ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалт, үнэлгээний дүнг танилцуулах хурал ЭМЯ-нд боллоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  С.Төгсдэлгэр, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон холбогдох албаныхан оролцсон хуралд шалгалтын дүнг Ажлын хэсгийн   ахлагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан танилцуулав.

Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ бүрдэлт, чанар, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд үнэлгээ хийх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт, үнэлгээ хийж,  шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах, хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэгт ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газраас төлөөлөл багтсан. Тэд газар дээр нь очиж үзэх, холбогдох баримт бичигтэй танилцах, шалгах, эм хангамжийн байгууллагын ажилтнуудтай ярилцлага хийх, иргэд, эрүүл мэндийн ажилтнуудаас асуумж судалгаа авах, тайлан судалгаанд харьцуулалт хийх зэрэг аргаар хяналт шалгалтыг явуулсныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
Шалгалтад нийт 368 байгууллагыг хамруулсны 223 нь эмийн сан, 109 нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 19 нь эмийн үйлдвэр, 12 нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, тав нь БОЭТ. 2021 онд Монгол Улсад 636.1 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулагдсан бөгөөд үүнээс 489.7 тэрбум нь импортын эм байсан бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт. Мөн онд ДЭМБ-ын зөвшөөрсөн хатуу зохицуулалттай 26 орны 194 үйлдвэрээс нийт импортын 77.2 хувь буюу 321,3 тэрбум төгрөгийн импорт хийсэн байна.
Эмийн үнийн хувьд 2022 онд хамгийн их импортолсон олон улсын нэршлээр 50, худалдааны нэршлээр 240 эмийн гаалийн үнээс жижиглэнгийн үнэ хүртэлх нэмэгдэж байгаа хувийг тооцож үзэхэд үйлдвэрлэгчээс өгч буй хэлцлийн үнэ хэрэглэгчид очих хүртэл  гаалийн татвар, тээвэр, даатгал, үйл ажиллагааны зардал 17 хувь, ханган нийлүүлэх байгууллагын нэмэгдэл 25 хувь, эмийн сангийн нэмэгдэл 30 хувь, борлуулалтын НӨАТ 10 хувь гэх мэтээр дор хаяж 1.1 дахин нэмэгддэг гэсэн судалгааг танилцуулсан. Үнэлгээнд хамрагдсан 414 нэр төрлийн эмийн өртөг үнээс бөөний үнэ хүртэлх нэмэгдсэн хувь хэмжээг тооцож үзэхэд долоон нэрийн эмийн үнэ нэмэгдээгүй, 78.5 хувь 30 хүртэлх хувиар, 3.2 хувь нь 2-4 дахин нэмж борлуулсан байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 63.4 хувь нь нэг сарын дотор эмийн хэрэглээндээ 100 мянгаас доошгүй төгрөг зарцуулдаг гээд тэдний 79.6 хувь нь зах зээлд борлуулагдаж байгаа эмийг үнэтэй гэж үзсэн. Эмийн үнэ юунаас шалтгаалан өсч байна вэ гэсэн асуумжид эмийн сангууд нийлүүлэгчийн үнэ өсөлт, тээвэрлэлтийн зардал, эм ханган нийлүүлэх бйагууллагынхан үйлдвэрлэгчийн үнийн өсөлт, валютын ханш, тээвэрлэлтийн зардал, эмийн үйлдвэрүүд сав, баглаа боодол, туслах материалын үнэ өсөлт, валютын ханш, тээвэрлэлтийн зардлаас шалтгаалсан гэсэн байна. Харин иргэд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөх хувь хэмжээ буурч хувь хүн өөрөө төлөх мөнгөн дүн нэмэгдсэн, зах зээлд борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь эмийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Ажлын хэсгийн танилцуулгад мөн эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад стандартын хэрэгжилт хангалтгүй, хадгалалтын горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, тавих хяналт хангалтгүй, эмийн түгээлтэд тээвэрлэлтийн горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, хэмийн хяналт тавьдаггүй, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын 17.5 хувьд стандартад заасан хүний нөөцийн дутагдалтай, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сангийн 46.8 хувьд нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор үйлчилсэн зэрэг зөрчил дутагдал илэрснийг дурдсан.
Мөн эмийн үйлдвэр, эмийн импорт болон эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хамтад нь олгосноос ханган нийлүүлэх байгууллага хэрэглэгчдэд шууд үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн ба зөвхөн өөрийн хамаарал бүхий эмийн сангуудаар борлуулах босоо хамаарлыг бий болгосон. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмийн дээд үнийг хатуу тогтоож, худалдааны нэршил нь өөр хэдий ч тухайн эмийг харилцан орлох, өрсөлдөхүйц бусад эмийг бүртгэн даатгалд хамруулаагүйгээс шалтгаалан тухайн эмээс хямдаар худалдаалах боломжтой ч дүйцүүлэх байдлаар үнийг хөөрөгдөн /жишиг болгох/ тогтоох шалтгаан болж байна. Эм хангамжийн салбартаа голлох байр суурьтай эм ханган нийлүүлэх байгууллагууд нь эмийн импортын эксклюзив гэрээ /дистрибьютерийн эрх/-тэй болон эмийн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан зэрэг зах зээлийн босоо хэлбэрийн хамаарлыг бий болгосон давуу байдлаа ашиглан үнийг хөөрөгдөх боломжтой байна гэж үзжээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар асуулт асууж, хяналт шалгалтын үгнэлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэн цаашид шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлж, эмийн үнийг бууруулахад бодитой санал танилцуулахыг үүрэг болголоо.

У.ХҮРЭЛСҮХ: МЭРГЭШСЭН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙГ ӨРГӨЖҮҮЛЖ, СУВИЛАГЧИЙН АЖЛЫН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагчдад баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлж, сувилагчийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд  “Бидний сувилагч-Бидний ирээдүй” аян чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн аль шатлалын эрүүл мэндийн байгууллагад, ямар мэргэжлийн, хэдэн сувилагч шаардлагатайг нарийн тодорхойлж, салбарын бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах шаардлагатайг хэлэв.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл орчин бүрдүүлэх, амьдралын зөв хэвшил төлөвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг нас, хүйс, бие бялдрын онцлогт тохируулан олгоход төрийн бүх байгууллага болон шат шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.
Дэлхийн улс орнууд сувилахуйн тусламжийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, хүний нөөцийн хүртээмжийг  дээшлүүлэхийг зорьж байна.

ЭМ-ийн сайд С.ЧИНЗОРИГ: ЭХНИЙ ЭЭЛЖИНД СУМЫН ЭМБ-ЫН СУВИЛАГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ 30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг жил бүрийн энэ өдөр сувилагч бүр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, ард иргэд сувилагч нартаа баярласан талархсанаа илэрхийлэхийн сацуу сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах талаар хэрэгжүүлж буй бодлогын үр дүнг дүгнэн ярилцаж, цаашдын зорилтоо тодорхойлон зөвлөлддөг уламжлалтайг онцлоод энэ уламжлал жилээс жилд улам өргөжиж, энэ онд сувилагчдын өдрийг угтан улс орон даяар “Сувилагчаа сонсоё” хэлэлцүүлэг, “Бидний сувилагч–Бидний ирээдүй” контент, фото зургийн уралдаан, “Эрдэнийн чагнуур” ёслолын арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлдөх уулзалт, семинар зохион байгуулж, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцсэнийг дурдлаа.
Тэрбээр “Үйлчлүүлэгчид хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд сувилах тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн ур чадвараа зориулж байдаг сувилагчийг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь тасралтгүй дээшлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн үр өгөөж 3 дахин үржигддэг гэсэн тооцооллыг НҮБ-ын Эрүүл мэнд ба эдийн засгийн өсөлтийн өндөр түвшний хорооноос хийсэн байна. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас сувилагчийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн статусыг нь бэхжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч мэргэжлийг оруулж баталлаа.
Сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сувилагч мэргэжлийг сонгон суралцагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй сувилагч нарын 60 гаруй хувийг улсын төсвийн санхүүжилтээр сургаж, жилдээ 600 гаруй сувилагч ажлын талбарт гарч байна. Мөн сувилагчийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор 6 жилийн өмнөөс туслах сувилагчийг бэлтгэж эхэлсэн бөгөөд одоогоор 1200 туслах сувилагч ажиллаж, энэ ондоо багтаан нэмж 120 гаруй туслах сувилагчийг байгууллагын захиалгаар бэлтгэнэ.
Бэлтгэгдсэн сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарсны үр дүнд 2022 оны санхүүгийн гүйцэтгэлээр сувилагчдын сарын дундаж бодогдсон цалинг 1.4-1.7 сая төгрөгт хүргэсэн нь албан ёсоор тогтоосон үндсэн цалингийн доод жишгээс 2 дахин нэмэгдүүлсэн байна.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд  өнгөрсөн онд л гэхэд 13 эрүүл мэндийн байгууллага нийт 4.2 тэрбум төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэгийг 150 сувилагчид үзүүлээд байна.
Мөн ЭМЯ, Худалдаа хөгжлийн банкны Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 121 сувилагч ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, нийт 8.9 тэрбум төгрөгийн зээл авч, шинээр орон сууцтай болсон байна” хэмээн сувилагч нартай холбоотой эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан юм.
С.Чинзориг сайд илтгэлдээ сувилагч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор ХНХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, цалингийн нарийвчилсан судалгаа гаргаж, эхний ээлжинд сумын ЭМБ-ын сувилагч нарын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ. Мөн урамшууллын хэмжээг үндсэн цалинд  оруулан тооцож үндсэн цалинг нэмэгдүүлэх болно. Үүний зэрэгцээ сувилагч нарт ур чадварын нэмэгдэл  болон гүйцэтгэлийн урамшуулал олгох журмыг баталж мөрдүүлнэ. Төсвийн тухай хуулинд өөрчлөлт оруулж сум, тосгоны ЭМБ санхүүгийн үлдэгдлээ өөрөө захиран зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхөөр ажиллаж байгаагаа хэлсэн. .
Тэрбээр “Анхан шатлалын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор олгодог мөнгөн тэтгэмжид туслах сувилагчийг хамруулах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Сувилагчийг эрсдэлийн даатгалд хамруулдаг байх хууль эрх зүйн орчин бий болгоно.
Сувилахуйн сургалтын бодлогыг БШУЯ-тай хамтран тодорхойлж, чанарын шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Тухайлбал, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн элсэлтийн тоонд хяналт тавьж, 1 эмч тутамд 3 сувилагч бэлтгэн төгсгөх асуудлыг хамтран шийдвэрлэнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн айлчлалын хүрээнд 1000 эмч, сувилагчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр эхлүүлсэн яриа, хэлэлцээг БШУЯ-тай хамтран үргэлжлүүлж, бодит ажил болгоно.
“Өндөр хөгжилтэй улсад төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад эмнэлгийн мэргэжилтнийг 2022-2025 онд суралцуулах чиглэл”-д яаралтай тусламжийн сувилахуй, хавдрын сувилахуй, эх хүүхдийн сувилахуй, настны сувилахуй, сувилахуйн боловсролын чиглэлийг хамруулж, сувилагч нарыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулахаар шийдвэрлээд байна.
Энэ хүрээнд сувилагч нарыг гадаад улс оронд багаар нь сургах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ба энэ оны 6 дугаар сараас эхний ээлжийн сувилагч нарыг 7-14 хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад явуулж эхэлнэ. 
Тооны хувьд дутагдалтай ч сувилагч нар маань мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, улмаар тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад онцгой анхаарч байдгийн нэг илрэл нь хүн амд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 14 мянга орчим сувилагчийн тал нь бакалаврын боловсролтой, дөрөвний нэг нь мэргэшлийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй бөгөөд сувилахуйн доктор, магистрын зэрэгтэй сувилагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа явдал юм.
Иймээс та бүгдийн суралцах, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих чин эрмэлзэл, идэвх зүтгэлийг дэмжиж, Сувилагчийн хөгжлийн төв байгуулна” гэсэн юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Засгийн газрын өнөөдөр /2023-05-03/-ийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг шинжилгээ, оношилгооны явцыг танилцууллаа.

Эрт илрүүлэгт хүн амын 29.6 хувь хамрагдаад байна

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2023 оны тавдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд хүн амын 29.6 хувь буюу 1 022,702 хүн хамрагдсанаас 45.1 хувь нь эрэгтэй, 54.9 хувь нь эмэгтэй, үзлэгт хамрагдсан нийт хүний 60.5 хувь нь 0-17 насныхан байна. Байршлын хувьд 50.1 хувь нь Улаанбаатар хотод, 49.9 хувь нь орон нутагт хамрагдсан.

Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 61.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн амд өвчлөлийн 638,460 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 371,732 (58.2%) эмэгтэй, 266,728 (41.8%) эрэгтэй байна.
Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 61.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 11.4 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 7.8 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин,  6.1 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.7 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.5 хувийг эзэлж байна.
Хүүхдийн өвчлөлийн 75.9 хувь нь шүд цоорох

Хүүхдийн өвчлөлийн 233,182 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс шүд цоорох 75.9 хувь, шүдний гажиг 3.0 хувь, хараа муудах 1.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.
Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 82.6 хувь 6-17 насны хүүхдэд илэрсэн бол эрт илрүүлэгт хамрагдсан 6 настай хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 72 хувь (дэлхийн дундаж 45%), 12 настай хүүхдүүдийн дунд 54 хувь (дэлхийн дундаж 32%) буюу маш өндөр байна.
Хүүхдийн өвчлөлийн дунд хортой болон хоргүй хавдрын 268 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн 60 тохиолдол, 6-17 насны хүүхдийн 208 тохиолдол бүртгэгдсэн.

Насанд хүрэгчдийн дунд ходоодны үрэвсэл илүү бүртгэгдсэн

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас 313,753 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс ходоодны үрэвсэл 24.6, бөөрний сувганцрын завсрын нефрит 6.3, улаан хоолойн сөргөө 4.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.
Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хортой болон хоргүй хавдрын нийт 3,469 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 18-30 насны ангилалд 37 тохиолдол буюу 1.1 хувь, 31-45 насны ангилалд 1,372 тохиолдол буюу 39.6 хувь, 46-60 насны ангилалд 2,060 тохиолдол буюу 59.4 хувийг эзэлж байна. 31-45 насныханы дунд ходоодны өмөн 1.9, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 1.6, хөхний өмөн 1.6 хувийг эзэлж байна.
61-ээс дээш насны ангилалд 91,525 хүнээс өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 21.6%, бамбай булчирхайн үрэвсэл 7.9%, анхдагч даралт ихсэх 5.5%-ийг эзэлж байна. Тус насны ангилалд хавдрын 1,175 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 9.1%, ходоодны өмөн 6.7%, улаан хоолойн өмөн 3.4%-ийг эзэлж байна.

Эрт илрүүлгийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийлээ

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношилгооны хамрагдалтыг нэмэгдүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай”  06 дугаар тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулж шийдвэрлүүлээд байна. Үүнд:
– Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, хэрэх өвчин 25 хүртэлх насны хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолдож байгаа тул 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорилыг нэмж, ЭМДҮЗ-өөс баталсан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлэх;
– Чадавхи бүхий сумын эрүүл мэндийн төв нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн 18-30 насны багцын тусламж үйлчилгээг холбогдох удирдамжийг баримтлан цогцоор нь үзүүлсэн тохиолдолд санхүүжүүлэх;
– Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэл нь хуанлийн 20 хоногийн хугацаанд багтаах гэдгийг ажлын 20 хоног болгож өөрчилсөн;
– Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээний дүгнэлтийг үндэслэн даатгуулагчийг дараагийн лавлагаа  шатлалын эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд илгээхдээ Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын 3.1 дэх заалтыг баримтлах, харин  даатгуулагчийг тухайн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд шууд илгээж болох зохицуулалтуудыг тус тус тусгаснаар иргэн, даатгуулагчийг  шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй авах нөхцөлөөр хангах боломж бүрдэж байна.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байна

Эрт илрүүлэх, үзлэгээр илэрсэн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар дараах ажлуудыг хийгээд байна.
– “Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгэм, зан үйлийн өөрчлөлтийн харилцааны стратеги”-ийг боловсруулах БШУЯ, ХНХЯ, ХЗДХЯ, БХБЯ, СЯ, БХЯ, ОНБТСҮХ-ны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг, ажиллах удирдамжийг ЭМС-ын А/40 дүгээр тушаалаар баталсан. Уг ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
– Эрүүл мэндийн яам болон Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хооронд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх,  эрүүл мэндийн салбарын ололт амжилт, шинэ техник, технологи, инновацийг иргэдэд сурталчилан таниулах, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүдийг оролцуулсан нотолгоонд суурилсан эрүүл мэндийн нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд түгээх чиглэлээр хамтран ажиллаж байна.  Уг санамж бичгийн хүрээнд теле-сэтгүүл, теле зохиомжийн хэлбэрээр эрүүл мэндийн нэвтрүүлэг бэлтгэн долоо хоног тутам олон нийтийн телевизээр нэвтрүүлнэ.
-“Зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах” ажлын удирдамжийг батлан “Иргэдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулж, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх арга хэмжээ”, “Архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах”, “Амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ”, “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стрессийг зөв удирдах арга хэмжээ”, “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх”, “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” аяныг жилийн турш хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн.
Эхний аяныг “Энэ жилдээ эрүүл жиндээ” уриатайгаар бусад салбарын оролцоо, манлайлал, хамрах хүрээг өргөжүүлэх нэгдсэн нээлтийн арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, аяны үйл ажиллагааг орон даяар хэрэгжүүлж байна.

“Шүд” төслийг боловсруулах ажил эхэлсэн

-Хүн амын дунд шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн тогтолцоог бий болгох, эрүүл зан үйлийг багаас нь төлөвшүүлэх “Шүд” төслийг боловсруулах  ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/124 дүгээр тушаалаар байгуулж, төслийг боловсруулж байна.
Нүүр ам судлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ” 01 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар дараахь саналыг боловсруулсан.
1.Шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд шүд, амны хөндийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, тухайн шүдний бүрэн эмчилгээ,
2.Хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд шүд, амны хөндийн мэргэжлийн эмчийн үзлэг, шүдний өнгөр тодорхойлох, цоорлоос хамгаалах ломбо болон бүх төрлийн түрхлэгийн зардал,
3.Хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний зардлыг нэг хүүхдэд жилд 2 удаа ЭМДСангаас санхүүжүүлэх,
4.Анхан шатны эрүүл мэндийн байгууллага тухайн тусламжийг магадлан итгэмжлэлээс үл хамаан хувийн хэвшлийн чадамж бүхий эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хийхээр тус тус тусгасан.