ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ, ХҮҮХЭД ЗАЛУУСТ БИЕИЙН ТАМИРААР ХИЧЭЭЛЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулж буй “Эрүүл монгол хүн” үндэснйи чуулганаар “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам”, “Эрүүл хүүхэд, залуус ба эрүүл мэндийн боловсрол”, “Архидан согтуурахаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”, “Эрүүл зөв хооллолт”, “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн-Судалгаанд суурилсан нийгмийн эрүүл мэндийн интервенци болох нь”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуур үзүүлэлт ба Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт” зэрэг сэдвээр илтгэл сонсож байна.
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ БОРЛУУЛАЛТААС ТОДОРХОЙ ХУВИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД ЗАРЦУУЛНА
Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Энэ хүрээнд 2022 оны долдугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталсан бөгөөд энэ дагуу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс согтууруулах ундааны хатуулгаас хамааран Онцгой албан татвар хоёр дахин нэмэгдэж, литр тутмын борлуулалтаас тодорхой хувийг Эрүүл мэндийн боловсрол олгох, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, бие даасан сан байгуулахад зарцуулж эхэллээ.
Өндөр хатуулагтай согтууруулах ундааны хэрэглээ жил бүр өсөж, насанд хүрсэн нэг хүн жилд дунджаар 54 литр согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн судалгаа гарч гарчээ. Ялангуяа хэтрүүлэн хэрэглэх, донтох нь улам бүр нэмэгдэж байна. Архи, тамхины сөрөг нөлөөнөөс шалтгаалж жилд 9-10 мянга орчим хүн амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын 60 орчим хувийг эзэлдэг юм.
НАСАНД ХҮРЭГСДИЙН 95 ГАРУЙ ХУВЬ НЬ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ
Судалгаанаас үзвэл насанд хүрсэн иргэдийн 95 гаруй хувь нь ямар нэг байдлаар эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Зохисгүй хооллолт, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, дасгал, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт, даралт ихсэлт нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэнд төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн гэж үздэг. Эрүүл мэндийн салбарт 5,000 орчим эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 58 мянган хүн, 1,000 гаруй эрдэмтэн судлаач ажиллаж байна.
ПРЕЗИДЕНТ” СПОРТ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын биеийн тамираар хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-тай хамтран “Президент” спорт цогцолбор байгуулж байна. Цогцолбор нь 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 хүүхэд, залууст үйлчлэх хүчин чадалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, бие бялдрын хөгжлийн цогц боловсрол олгодог байх ёстой гэж үзэж байна.
ЗҮРХ, СУДАСНЫ ТӨВ БАЙГУУЛНА

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж буй зүрх, судасны эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэх, оновчтой эмчлэх зорилгоор Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна. Дэвшилтэт техник, технологи бүхий энэ төв дотооддоо оношилж, эмчилж чаддаггүй эмгэгүүдийг зөв оношилж, эмчлэхээс гадна эмч нараа Япон Улсад мэргэшүүлж, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр ажиллах юм.

АНХАН ШАТАНД АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГОД ОНЦГОЙ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙГ ЭМЧ НАР ЯРЬЖ БАЙНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа эрүүл мэндийн салбарынхантай хийлээ. Өмнө нь буюу гуравдугаар сарын 6-нд нүүр, ам судлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхантай уулзсан бол өнөөдөр /2023-05-01/-ийн “Өглөөний уулзалт”-ын зочид өрхийн ЭМТ-ийн эмч нар байв. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт болсон уг уулзалтанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаныхантай эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өрхийн ЭМТ-ийн эмч нарт Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засагт гарч байгаа нааштай өөрчлөлтүүд, ойрын болон хэтийн төлөв, зорилго, зорилтын талаар  танилцуулсан.
Тэрбээр оролцогч эмч нараас анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлаас гадна яг нэг жилийн өмнө эхэлсэн иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлэх арга замын талаар санал бодлоо хэлэхийг хүссэн юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр өрхийн ЭМТ-ийн өнөөгийн байдал, иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ, гүйцэтгэлийн санхүүжилт, ажилтны цалин хөлс, тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга замын талаар товч мэдээлэл хийсэн.    

Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж буйн 131 нь нийслэлд, 76 нь орон нутагт ажилладаг бөгөөд тэдгээрт 3614 эмч, эмнэлгийн мэргэжилтэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ажиллах орчин нөхцөлийн хувьд өөрийн гэсэн байртай болон ЭМТ-ийн цогцолборт дангаараа үйл ажиллагаа явуулдаг нь нийт ЭМТ-ийн 30 гаруйхан хувийг эзэлдэг, 53.2 хувь нь хороо, баг, цагдаа хамтдаа байрладаг цогцолбор барилгад, үлдэх хувь нь   зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй байранд ажиллаж байна.
Өрхийн ЭМТ-ийн хувьд нийт санхүүжилтийнхээ 93.0 хувийг улсын төсвөөс нэг иргэнээр тооцож авдаг бол 7.0 хувийг ЭМД-аас иргэдэд өдрөөр, гэрээр, сэргээн засах, оношлогоо шинжилгээний тусламж үйлчилгээ үзүүлснийхээ зардлаар санхүүждэг.
Цалин хөлсний хувьд эрүүл мэндийн салбарын дунджаас 800 орчим мянган төгрөгөөр өндөр. Тодруулбал, судалгаагаар 2022 онд эрүүл мэндийн салбарын сарын бодогдсон дундаж цалин  1.5 сая төгрөг бол ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байсан.   
Түүнчлэн цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг  бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний тарифыг шинэчлэх, өртгийн тооцооллыг хийхээс гадна эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудалд онцгой анхаарч тодорхой  зохицуулалт хийхээр ажиллаж байгаа зэрэг мэдээллийг С.Чинзориг сайд өглөө. Эдгээр мэдээллийн дараа эмч нар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар байр сууриа илэрхийлж, тодорхой асуултуудад хариулт авсан. Эдгээр мэдээллийн дараа эмч нар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар байр сууриа илэрхийлж, тодорхой асуултуудад хариулт авсан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Мараната” ӨЭМТ-ийн их эмч Э.Алтанзул:

-Манайх 15 эмч, ажилтантай, 9000 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хүн амын хувьд 100 хувь гэр хорооллынх, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн өрх олонтой ч бид анхан шатны тусламжаас гадна ахисан шатлалын тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа. Гэвч гүйцэтгэлийн санхүүжилтийн шалгуур хангаагүй гэдгээр санхүүжилтийнхээ 20 хувийг авч чадаагүй. Энэ нь E-Hospital программын хөгжүүлэлт дутуугаас шалтгаалсан. Түүнээс гадна манайхтай адил гэр хороололд төвлөрсөн усан хангамж, цэвэр бохир усны системд холбогдоогүй барилгад үйл ажиллагаа явуулдаг ЭМТ-үүдэд магадлангийн шалгалт очихоор стандарт хангаагүй гэдгээр тэнцэхгүй байх магадлал өндөр байдаг. 
Сэлэнгэ аймгийн “Хараа мандал” ӨЭМТ-ийн дарга О.Бүрэнжаргал:
-Сэлэнгэ аймаг өрхийн эрүүл мэндийн  таван төвтэй. Манай эмнэлэг  дөрвөн их эмч, долоон сувилагчийн орон тоотой боловч одоогоор хоёр эмч  л ажиллаж байна. Нэг нь би, нөгөө нь тэтгэврийн насны хүн. Хөдөө орон нутагт, анхан шатанд ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжээсэй гэж хүсэж байна.
Мөн өрхийн дөрвөн эмнэлэг дундаа нэг машинтай. Гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт зөвлөгөөг боловсролоор дамжуулж өгмөөр байна.
Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийнхээ 20 хувийг программ шивсэн эсэхээс шалтгаалж авдаг учраас ихэнх цагаа хүнд хүрч үйлчлэхээс илүү бичиг цаасанд зарцуулж байна.
            Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны “Цэн оюу” ӨЭМТ-ийн эмч Д.Солонго:
-Өрхийн эмч нарыг гадаад дотоодын сургалтад хамруулахад анхаарч өгөөч. Түр оршин суугчийн асуудлыг шийдэхгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд ч нэг иргэнээр тооцсон санхүүжилтээ хаанаас олж авах вэ гэдэг хүндрэлтэй асуудал болоод байна.
Төв аймгийн “Баруун Зуун мод” ӨЭМТ-ийн эрхлэгч Б.Энхжаргал:
-Өрхийн эрүүл мэндийн төв өөрийн гэсэн байргүй, цагдаа, багийн Засаг даргатай нэг дор цогцолбор байдлаар үйл ажиллагаа яввуулахаар төлөвлөсөн байранд эмнэлгийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Түүнчлэн хүний нөөц, унаа тэрэгний асуудлыг ч яаралтай шийдэх шаардлага байгаа.
Дархан-Уул аймгийн ӨЭМТ-ийнн эмч Нямсүрэн
-Эмч мэргэжлээр төгссөн залуучууд ирдэг ч ажлын ачаалал их, цалин тааруугаас хэдхэн сар ажиллаад явчихдаг. Дээр нь тэднийг ирэхэд орон байраар хангахаас эхлээд наад захын нийгмийн асуудлыг шийдэх үүргээ орон нутагт огт биелүүлэхгүй байна.
Нийгмийн эрүүл мэндийн асуудал ганц эрүүл мэндийн салбарт хамаатай биш. Салбар дундын зохицуулалттай, хамтарч хэрэгжүүлж үр дүнд хүрэх ёстой гэдэг талаас нь анхаарч өгнө үү.
Эмч нар тулгамдсан асуудлуудынхаа талаар ярихаас гадна нэг жилийн хугацаанд хүн амынхаа гуравны нэгийг хамруулаад байгаа эрт илрүүлгийг эрчимжүүлэхийн тулд эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангах, насны бүлгүүдэд зарим төрлийн шинжилгээ оношлогоог нэмэх, эрт илрүүлгийг хйиж буй цагийн боломжийг нэмэгдүүлэх, зэрэг арга хэмжээг авахаас гадна чанарт онцгой анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

СУМДАД ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ ИХ БАЙНА

“Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг, сургалтыг Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран  зохион байгууллаа. Өнгөрөгч бямба гариг /2023-04-29/-т болсон уг хэлэлцүүлэгт 21 аймгийн 331 сумын ЭМТ-ийн төлөөлөл 290 шахам хүн оролцсон.
Хэлэлцүүлэг сургалтад оролцогчдод ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын чиг хандлага”, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг “Гүйцэтгэлийн санхүүжилтийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Санхүү, эдийн засгийн газрын дарга Л.Лувсан “Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын бодлого, 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт” сэдвээр илтгэл тавьсан.
Мөн ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Б.Оюунцэцэг, Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил нар сумдын ЭМТ-ийн санхүүжилт ба цахимжилтын талаар тодорхой мэдээлэл өгч оролцогчдын асуултад хариулт өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сумдын ЭМТ-ийн эмч нарт эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажил, авсан арга хэмжээ, бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагынхны ажиллах нөхцөл, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцах нь энэ уулзалтын зорилго гэдгийг онцолсон.
Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал харьцангуй бага байдаг. Хамгийн гол нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэдгээрээ үйлчилгээний өөрийн гэсэн стандарттай байх ёстой бөгөөд үйлчлүүлэгч хэнд хандах, хаанаас эхлэх вэ гэдгийг тодорхой болгосон стандартыг тун удахгүй хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг сайд хэлсэн.  
С.Чинзориг сайд “Үндсэн хуулиар иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй. Гэтэл энэ тухай бидний хэн ч ярьдаггүй. Эрүүл мэндийн салбарынхан, судлаач эрдэмтэдтэй уулзахаар аливаа хүний эрүүл байх асуудлын 12-15 хувь л эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хамаардаг гэдэг.  Бусад нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж байгаа учраас иргэн хүний Үндсэн хуулиар хүлээсэн эрүүл мэндээ хамгаалах журамт үүргийг нь ойлгуулах, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилгоор үндэсний хэмжээний стратеги хөтөлбөртэй болохоор ажиллаж байна” хэмээсэн.
Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд нэлээд зүйлийг хийж байгаагаа мөн танилцуулсан. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд санхүүгийн зөв менежменттэй ажилласнаар тодорхой хуримтлал үүсгэж чадсан бол түүнийгээ захиран зарцуулах эрхтэй байх талаар олонтаа ярьдаг, санал гаргадаг ч Төсвийн тухай хуулиар энэ нь боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, одоогийн Төсвийн тухай хуулиар сум, тосгоны эрүүл мэндийн байгууллага санхүүгийн үлдэгдэлтэй гарсан бол төсөвт буцааж татдаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор тодорхой алхам хийж буйгаа Эрүүл мэндийн сайд онцолсон. Тэрбээр гүйцэтгэлийн санхүүжилтийн арга буюу чанар үр дүнд суурилсан санхүүжилтийн үр дүнд үлдэгдэлтэй гарсан бол түүнийгээ тухайн байгууллага өөрөө захиран зарцуулдаг байх эрхийг нээж өгөх тухай Сангийн сайдтай ярилцаж ойлголцсон бөгөөд удахгүй Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэсэн юм.
Түүнчлэн төрийн ямар ч оролцоогүй явж ирсэн эмийн ханган нийлүүлэлт, худалдан авалттай холбоотой асуудлыг эргэж харах, Эмийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой зохицуулалтуудыг тусгаж өгөхөөр ажиллаж байгаагаа ч хэлсэн.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЭМЯ-ны газрын дарга нар, ЭМДЕГ-ын удирдлагууд мэдээлэл өгөхөөс гадна орон нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагынхны ажиллах нөхцөл, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонссон нь энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог байлаа.
Үг хэлсэн, санал бодлоо илэрхийлсэн хүн бүр гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой асуудлыг хөндөж байв. Тиймээс гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тал талаасаа нэлээд ярилцсан бөгөөд санхүүжилтийн шалгуур, хяналт, өртгийн тооцоолол, тариф зэрэг тодорхой асуудлууд дээр зарим нэг тохируулгууд хийхээр болсныг танилцуулж, хууль эрх зүйн талаас нь ч зарим өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.
Орон нутагт нэн даруй шийдвэрлэх асуудал нь хүний нөөцийн хомсдол. Эмч, сувилагч дутагдалтай, ажиллах хүн олдохгүй, тэтгэвэрт гарсан хүмүүсээ ажиллуулахаас аргагүй байна. Хүн хүч муутайн улмаас байгаа хэдэн эмч нь сургалтад хамрагдаж чаддаггүй, хөгжиж дэвших боломж олддоггүй. Залуу эмч нар ирээд ажлын ачаалал, амьдрах орчин нөхцөл зэрэг шалтгаанаас тэр бүр тогтож ажиллахгүй байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний ялангуяа хөдөө сумдад ажиллаж байгаа хүмүүсийн суурь цалинг дорвитойхон нэмэгдүүлээд өгчихвөл төвлөрлийг сааруулах төр засгийн бодлогод ч нөлөөлөх боломжтой гэж байв.
Сумдын эмнэлгүүдийн шатахууны зардал, машин тэрэгний чанартай холбоотой асуудал ч хэлж байсан. Тухайлбал, Завханы Тосонцэнгэлд А92 шатахуун литр нь 3000 төгрөг байхад хотын үнэ ханшаар санхүүжилтийг тооцдогоос зарим үед шатахууны, сэлбэг материалын өртэй гардаг тухай хүмүүс ярьж байв. Түүнээс гадна сумын түргэн тусламжийн жолоочийн тэтгэврийн насыг наашлуулах боломжтой эсэхийг ч асууж байв. Мөн эмийн бодлого,  жор бичих эрх, эргэлтийн эмийн сантай холбоотой асуултууд нэлээд гарсан.
Сумдын эмнэлгийнхний тулгамдсан асуудлуудыг сонсоод өнгөрөх биш. Нэг бүрчлэн авч үзэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодитой ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно гэдгээ С.Чинзориг сайд хэлсэн.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ