СУМДАД ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ ИХ БАЙНА

46 Views
“Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг, сургалтыг Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран  зохион байгууллаа. Өнгөрөгч бямба гариг /2023-04-29/-т болсон уг хэлэлцүүлэгт 21 аймгийн 331 сумын ЭМТ-ийн төлөөлөл 290 шахам хүн оролцсон.
Хэлэлцүүлэг сургалтад оролцогчдод ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын чиг хандлага”, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг “Гүйцэтгэлийн санхүүжилтийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Санхүү, эдийн засгийн газрын дарга Л.Лувсан “Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын бодлого, 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт” сэдвээр илтгэл тавьсан.
Мөн ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Б.Оюунцэцэг, Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил нар сумдын ЭМТ-ийн санхүүжилт ба цахимжилтын талаар тодорхой мэдээлэл өгч оролцогчдын асуултад хариулт өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сумдын ЭМТ-ийн эмч нарт эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажил, авсан арга хэмжээ, бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагынхны ажиллах нөхцөл, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцах нь энэ уулзалтын зорилго гэдгийг онцолсон.
Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал харьцангуй бага байдаг. Хамгийн гол нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэдгээрээ үйлчилгээний өөрийн гэсэн стандарттай байх ёстой бөгөөд үйлчлүүлэгч хэнд хандах, хаанаас эхлэх вэ гэдгийг тодорхой болгосон стандартыг тун удахгүй хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг сайд хэлсэн.  
С.Чинзориг сайд “Үндсэн хуулиар иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй. Гэтэл энэ тухай бидний хэн ч ярьдаггүй. Эрүүл мэндийн салбарынхан, судлаач эрдэмтэдтэй уулзахаар аливаа хүний эрүүл байх асуудлын 12-15 хувь л эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хамаардаг гэдэг.  Бусад нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж байгаа учраас иргэн хүний Үндсэн хуулиар хүлээсэн эрүүл мэндээ хамгаалах журамт үүргийг нь ойлгуулах, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилгоор үндэсний хэмжээний стратеги хөтөлбөртэй болохоор ажиллаж байна” хэмээсэн.
Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд нэлээд зүйлийг хийж байгаагаа мөн танилцуулсан. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд санхүүгийн зөв менежменттэй ажилласнаар тодорхой хуримтлал үүсгэж чадсан бол түүнийгээ захиран зарцуулах эрхтэй байх талаар олонтаа ярьдаг, санал гаргадаг ч Төсвийн тухай хуулиар энэ нь боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, одоогийн Төсвийн тухай хуулиар сум, тосгоны эрүүл мэндийн байгууллага санхүүгийн үлдэгдэлтэй гарсан бол төсөвт буцааж татдаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор тодорхой алхам хийж буйгаа Эрүүл мэндийн сайд онцолсон. Тэрбээр гүйцэтгэлийн санхүүжилтийн арга буюу чанар үр дүнд суурилсан санхүүжилтийн үр дүнд үлдэгдэлтэй гарсан бол түүнийгээ тухайн байгууллага өөрөө захиран зарцуулдаг байх эрхийг нээж өгөх тухай Сангийн сайдтай ярилцаж ойлголцсон бөгөөд удахгүй Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэсэн юм.
Түүнчлэн төрийн ямар ч оролцоогүй явж ирсэн эмийн ханган нийлүүлэлт, худалдан авалттай холбоотой асуудлыг эргэж харах, Эмийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой зохицуулалтуудыг тусгаж өгөхөөр ажиллаж байгаагаа ч хэлсэн.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЭМЯ-ны газрын дарга нар, ЭМДЕГ-ын удирдлагууд мэдээлэл өгөхөөс гадна орон нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагынхны ажиллах нөхцөл, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонссон нь энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог байлаа.
Үг хэлсэн, санал бодлоо илэрхийлсэн хүн бүр гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой асуудлыг хөндөж байв. Тиймээс гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тал талаасаа нэлээд ярилцсан бөгөөд санхүүжилтийн шалгуур, хяналт, өртгийн тооцоолол, тариф зэрэг тодорхой асуудлууд дээр зарим нэг тохируулгууд хийхээр болсныг танилцуулж, хууль эрх зүйн талаас нь ч зарим өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.
Орон нутагт нэн даруй шийдвэрлэх асуудал нь хүний нөөцийн хомсдол. Эмч, сувилагч дутагдалтай, ажиллах хүн олдохгүй, тэтгэвэрт гарсан хүмүүсээ ажиллуулахаас аргагүй байна. Хүн хүч муутайн улмаас байгаа хэдэн эмч нь сургалтад хамрагдаж чаддаггүй, хөгжиж дэвших боломж олддоггүй. Залуу эмч нар ирээд ажлын ачаалал, амьдрах орчин нөхцөл зэрэг шалтгаанаас тэр бүр тогтож ажиллахгүй байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний ялангуяа хөдөө сумдад ажиллаж байгаа хүмүүсийн суурь цалинг дорвитойхон нэмэгдүүлээд өгчихвөл төвлөрлийг сааруулах төр засгийн бодлогод ч нөлөөлөх боломжтой гэж байв.
Сумдын эмнэлгүүдийн шатахууны зардал, машин тэрэгний чанартай холбоотой асуудал ч хэлж байсан. Тухайлбал, Завханы Тосонцэнгэлд А92 шатахуун литр нь 3000 төгрөг байхад хотын үнэ ханшаар санхүүжилтийг тооцдогоос зарим үед шатахууны, сэлбэг материалын өртэй гардаг тухай хүмүүс ярьж байв. Түүнээс гадна сумын түргэн тусламжийн жолоочийн тэтгэврийн насыг наашлуулах боломжтой эсэхийг ч асууж байв. Мөн эмийн бодлого,  жор бичих эрх, эргэлтийн эмийн сантай холбоотой асуултууд нэлээд гарсан.
Сумдын эмнэлгийнхний тулгамдсан асуудлуудыг сонсоод өнгөрөх биш. Нэг бүрчлэн авч үзэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодитой ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно гэдгээ С.Чинзориг сайд хэлсэн.

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ