ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Анх Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс Сувилагч нарын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Сувилагч хүн гэдэг сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтэнгүүд билээ.

Дэлхий нийтийг хамарсан бүхий л өвчлөлийн үед аюулт өвчинтэй тэмцэж иргэдээ хамгаалах эх үйлсэд хүчин зүтгэж, ачааны хүндийг үүрч ажиллаж байгаа нийт сувилагчиддаа Олон улсын сувилагчдын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

“ХӨСҮТ-д омикроны дэд хувилбараар өвчилсөн 101 өвчтөн эмчлүүлж байна”

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд Covid-19-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж.

Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт Covid-19-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.НАРАНЗУЛ:

-ДЭМБ-ын мэдээгээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, 6,9 сая хүн ам нас барсан байна. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад халдвар тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч зарим улс орнуудад цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ гэх мэт улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдэж байна.

ДЭМБ тавдугаар сарын 5-нд хуралдаж, мэдэгдэл гаргахдаа “Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа хэдий ч Covid-19 олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш болсон. Улс орнууд дотооддоо цар тахлын урт хугацааны менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн.

Сүүлийн долоо хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5  40-50 хувийн тархалттай давамгайлж байна. Монголд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн. PCR шинжилгээгээр эерэг илэрч байгаа тохиолдол огцом өссөн. Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д омикроны дэд хувилбараар өвчилсөн 101 өвчтөн эмчлүүлж байна.Үүнээс жирэмсэн эх 19,  хүүхэд 27 байна.  Эдгээрээс гурван хүн нэн хүнд,  долоон хүн хүнд  оноштойгоор эмчилгээ хийлгэж байна. Тус хувилбараар өвчилсөн тохиолдолд хамар битүүрэх, ядрах, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрч байна.

ЭМИЙН ҮНЭ, ЧАНАРТ ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалт, үнэлгээний дүнг танилцуулах хурал ЭМЯ-нд боллоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  С.Төгсдэлгэр, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон холбогдох албаныхан оролцсон хуралд шалгалтын дүнг Ажлын хэсгийн   ахлагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан танилцуулав.

Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ бүрдэлт, чанар, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд үнэлгээ хийх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт, үнэлгээ хийж,  шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах, хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэгт ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газраас төлөөлөл багтсан. Тэд газар дээр нь очиж үзэх, холбогдох баримт бичигтэй танилцах, шалгах, эм хангамжийн байгууллагын ажилтнуудтай ярилцлага хийх, иргэд, эрүүл мэндийн ажилтнуудаас асуумж судалгаа авах, тайлан судалгаанд харьцуулалт хийх зэрэг аргаар хяналт шалгалтыг явуулсныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
Шалгалтад нийт 368 байгууллагыг хамруулсны 223 нь эмийн сан, 109 нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 19 нь эмийн үйлдвэр, 12 нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, тав нь БОЭТ. 2021 онд Монгол Улсад 636.1 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулагдсан бөгөөд үүнээс 489.7 тэрбум нь импортын эм байсан бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт. Мөн онд ДЭМБ-ын зөвшөөрсөн хатуу зохицуулалттай 26 орны 194 үйлдвэрээс нийт импортын 77.2 хувь буюу 321,3 тэрбум төгрөгийн импорт хийсэн байна.
Эмийн үнийн хувьд 2022 онд хамгийн их импортолсон олон улсын нэршлээр 50, худалдааны нэршлээр 240 эмийн гаалийн үнээс жижиглэнгийн үнэ хүртэлх нэмэгдэж байгаа хувийг тооцож үзэхэд үйлдвэрлэгчээс өгч буй хэлцлийн үнэ хэрэглэгчид очих хүртэл  гаалийн татвар, тээвэр, даатгал, үйл ажиллагааны зардал 17 хувь, ханган нийлүүлэх байгууллагын нэмэгдэл 25 хувь, эмийн сангийн нэмэгдэл 30 хувь, борлуулалтын НӨАТ 10 хувь гэх мэтээр дор хаяж 1.1 дахин нэмэгддэг гэсэн судалгааг танилцуулсан. Үнэлгээнд хамрагдсан 414 нэр төрлийн эмийн өртөг үнээс бөөний үнэ хүртэлх нэмэгдсэн хувь хэмжээг тооцож үзэхэд долоон нэрийн эмийн үнэ нэмэгдээгүй, 78.5 хувь 30 хүртэлх хувиар, 3.2 хувь нь 2-4 дахин нэмж борлуулсан байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 63.4 хувь нь нэг сарын дотор эмийн хэрэглээндээ 100 мянгаас доошгүй төгрөг зарцуулдаг гээд тэдний 79.6 хувь нь зах зээлд борлуулагдаж байгаа эмийг үнэтэй гэж үзсэн. Эмийн үнэ юунаас шалтгаалан өсч байна вэ гэсэн асуумжид эмийн сангууд нийлүүлэгчийн үнэ өсөлт, тээвэрлэлтийн зардал, эм ханган нийлүүлэх бйагууллагынхан үйлдвэрлэгчийн үнийн өсөлт, валютын ханш, тээвэрлэлтийн зардал, эмийн үйлдвэрүүд сав, баглаа боодол, туслах материалын үнэ өсөлт, валютын ханш, тээвэрлэлтийн зардлаас шалтгаалсан гэсэн байна. Харин иргэд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөх хувь хэмжээ буурч хувь хүн өөрөө төлөх мөнгөн дүн нэмэгдсэн, зах зээлд борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь эмийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Ажлын хэсгийн танилцуулгад мөн эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад стандартын хэрэгжилт хангалтгүй, хадгалалтын горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, тавих хяналт хангалтгүй, эмийн түгээлтэд тээвэрлэлтийн горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, хэмийн хяналт тавьдаггүй, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын 17.5 хувьд стандартад заасан хүний нөөцийн дутагдалтай, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сангийн 46.8 хувьд нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор үйлчилсэн зэрэг зөрчил дутагдал илэрснийг дурдсан.
Мөн эмийн үйлдвэр, эмийн импорт болон эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хамтад нь олгосноос ханган нийлүүлэх байгууллага хэрэглэгчдэд шууд үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн ба зөвхөн өөрийн хамаарал бүхий эмийн сангуудаар борлуулах босоо хамаарлыг бий болгосон. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмийн дээд үнийг хатуу тогтоож, худалдааны нэршил нь өөр хэдий ч тухайн эмийг харилцан орлох, өрсөлдөхүйц бусад эмийг бүртгэн даатгалд хамруулаагүйгээс шалтгаалан тухайн эмээс хямдаар худалдаалах боломжтой ч дүйцүүлэх байдлаар үнийг хөөрөгдөн /жишиг болгох/ тогтоох шалтгаан болж байна. Эм хангамжийн салбартаа голлох байр суурьтай эм ханган нийлүүлэх байгууллагууд нь эмийн импортын эксклюзив гэрээ /дистрибьютерийн эрх/-тэй болон эмийн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан зэрэг зах зээлийн босоо хэлбэрийн хамаарлыг бий болгосон давуу байдлаа ашиглан үнийг хөөрөгдөх боломжтой байна гэж үзжээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар асуулт асууж, хяналт шалгалтын үгнэлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэн цаашид шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлж, эмийн үнийг бууруулахад бодитой санал танилцуулахыг үүрэг болголоо.

У.ХҮРЭЛСҮХ: МЭРГЭШСЭН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙГ ӨРГӨЖҮҮЛЖ, СУВИЛАГЧИЙН АЖЛЫН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагчдад баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлж, сувилагчийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд  “Бидний сувилагч-Бидний ирээдүй” аян чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн аль шатлалын эрүүл мэндийн байгууллагад, ямар мэргэжлийн, хэдэн сувилагч шаардлагатайг нарийн тодорхойлж, салбарын бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах шаардлагатайг хэлэв.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл орчин бүрдүүлэх, амьдралын зөв хэвшил төлөвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг нас, хүйс, бие бялдрын онцлогт тохируулан олгоход төрийн бүх байгууллага болон шат шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.
Дэлхийн улс орнууд сувилахуйн тусламжийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, хүний нөөцийн хүртээмжийг  дээшлүүлэхийг зорьж байна.

ЭМ-ийн сайд С.ЧИНЗОРИГ: ЭХНИЙ ЭЭЛЖИНД СУМЫН ЭМБ-ЫН СУВИЛАГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ 30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг жил бүрийн энэ өдөр сувилагч бүр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, ард иргэд сувилагч нартаа баярласан талархсанаа илэрхийлэхийн сацуу сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах талаар хэрэгжүүлж буй бодлогын үр дүнг дүгнэн ярилцаж, цаашдын зорилтоо тодорхойлон зөвлөлддөг уламжлалтайг онцлоод энэ уламжлал жилээс жилд улам өргөжиж, энэ онд сувилагчдын өдрийг угтан улс орон даяар “Сувилагчаа сонсоё” хэлэлцүүлэг, “Бидний сувилагч–Бидний ирээдүй” контент, фото зургийн уралдаан, “Эрдэнийн чагнуур” ёслолын арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлдөх уулзалт, семинар зохион байгуулж, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцсэнийг дурдлаа.
Тэрбээр “Үйлчлүүлэгчид хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд сувилах тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн ур чадвараа зориулж байдаг сувилагчийг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь тасралтгүй дээшлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн үр өгөөж 3 дахин үржигддэг гэсэн тооцооллыг НҮБ-ын Эрүүл мэнд ба эдийн засгийн өсөлтийн өндөр түвшний хорооноос хийсэн байна. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас сувилагчийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн статусыг нь бэхжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч мэргэжлийг оруулж баталлаа.
Сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сувилагч мэргэжлийг сонгон суралцагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй сувилагч нарын 60 гаруй хувийг улсын төсвийн санхүүжилтээр сургаж, жилдээ 600 гаруй сувилагч ажлын талбарт гарч байна. Мөн сувилагчийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор 6 жилийн өмнөөс туслах сувилагчийг бэлтгэж эхэлсэн бөгөөд одоогоор 1200 туслах сувилагч ажиллаж, энэ ондоо багтаан нэмж 120 гаруй туслах сувилагчийг байгууллагын захиалгаар бэлтгэнэ.
Бэлтгэгдсэн сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарсны үр дүнд 2022 оны санхүүгийн гүйцэтгэлээр сувилагчдын сарын дундаж бодогдсон цалинг 1.4-1.7 сая төгрөгт хүргэсэн нь албан ёсоор тогтоосон үндсэн цалингийн доод жишгээс 2 дахин нэмэгдүүлсэн байна.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд  өнгөрсөн онд л гэхэд 13 эрүүл мэндийн байгууллага нийт 4.2 тэрбум төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэгийг 150 сувилагчид үзүүлээд байна.
Мөн ЭМЯ, Худалдаа хөгжлийн банкны Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 121 сувилагч ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, нийт 8.9 тэрбум төгрөгийн зээл авч, шинээр орон сууцтай болсон байна” хэмээн сувилагч нартай холбоотой эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан юм.
С.Чинзориг сайд илтгэлдээ сувилагч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор ХНХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, цалингийн нарийвчилсан судалгаа гаргаж, эхний ээлжинд сумын ЭМБ-ын сувилагч нарын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ. Мөн урамшууллын хэмжээг үндсэн цалинд  оруулан тооцож үндсэн цалинг нэмэгдүүлэх болно. Үүний зэрэгцээ сувилагч нарт ур чадварын нэмэгдэл  болон гүйцэтгэлийн урамшуулал олгох журмыг баталж мөрдүүлнэ. Төсвийн тухай хуулинд өөрчлөлт оруулж сум, тосгоны ЭМБ санхүүгийн үлдэгдлээ өөрөө захиран зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхөөр ажиллаж байгаагаа хэлсэн. .
Тэрбээр “Анхан шатлалын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор олгодог мөнгөн тэтгэмжид туслах сувилагчийг хамруулах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Сувилагчийг эрсдэлийн даатгалд хамруулдаг байх хууль эрх зүйн орчин бий болгоно.
Сувилахуйн сургалтын бодлогыг БШУЯ-тай хамтран тодорхойлж, чанарын шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Тухайлбал, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн элсэлтийн тоонд хяналт тавьж, 1 эмч тутамд 3 сувилагч бэлтгэн төгсгөх асуудлыг хамтран шийдвэрлэнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн айлчлалын хүрээнд 1000 эмч, сувилагчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр эхлүүлсэн яриа, хэлэлцээг БШУЯ-тай хамтран үргэлжлүүлж, бодит ажил болгоно.
“Өндөр хөгжилтэй улсад төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад эмнэлгийн мэргэжилтнийг 2022-2025 онд суралцуулах чиглэл”-д яаралтай тусламжийн сувилахуй, хавдрын сувилахуй, эх хүүхдийн сувилахуй, настны сувилахуй, сувилахуйн боловсролын чиглэлийг хамруулж, сувилагч нарыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулахаар шийдвэрлээд байна.
Энэ хүрээнд сувилагч нарыг гадаад улс оронд багаар нь сургах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ба энэ оны 6 дугаар сараас эхний ээлжийн сувилагч нарыг 7-14 хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад явуулж эхэлнэ. 
Тооны хувьд дутагдалтай ч сувилагч нар маань мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, улмаар тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад онцгой анхаарч байдгийн нэг илрэл нь хүн амд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 14 мянга орчим сувилагчийн тал нь бакалаврын боловсролтой, дөрөвний нэг нь мэргэшлийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй бөгөөд сувилахуйн доктор, магистрын зэрэгтэй сувилагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа явдал юм.
Иймээс та бүгдийн суралцах, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих чин эрмэлзэл, идэвх зүтгэлийг дэмжиж, Сувилагчийн хөгжлийн төв байгуулна” гэсэн юм.