ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ДР.ТЕДРОС А.ГЕБРЕЙЕСУС МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

133 Views
 
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А. Гебрейесус манай улсад энэ сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Н.Оюунтунгалаг багтаж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Др. Тедрос А. Гебрейесус тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд мэргэжил арга зүйн хувьд ДЭМБ хамгийн ойрын түнш байж, дархлаажуулалт, тандалт судалгаа, лаборатори, эмнэлзүй зэрэг бүхий л чиглэлээр зөвлөмж, заавар, удирдамжуудаар хангаж, цар тахлыг хохирол багатай даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хооронд 2023-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж санал солилцов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А. Гебрейесус Монгол Улсад Үндэсний Их Баяр Наадмын үеэр айлчлал хийх боломж олгосонд талархал илэрхийлэв. Тэрбээр КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг өндрөөр үнэлж, цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулсан үлгэр жишээ улсуудын нэг байсныг онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг эрчимжүүлэх, эмийн чанар аюулгүй байдлыг хянах үндэсний лабораторийн чадавхыг сайжруулах, тамхины хяналтын чиглэлээрх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүний дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос А. Гебрейесус эрүүл мэнд, онцгой байдлын салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ