Баянзүрх дүүрэгт эрт илрүүлэгт 152,158 иргэн хамрагдсан байна.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. .
Эрт илрүүлэг үзлэгт 2023 оны хоёрдугаар сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 852 834 хүн хамрагдсан нь нийт хүн амын 25.7 хувь бөгөөд насны ангиллаар авч үзвэл 0-5 насны хүүхдийн 34.4 хувь, 6-17 насны хүүхдийн 52.4 хувь, 18-30 насны залуучуудын 11.4 хувь, 31-45 насны хүн амын 12.4 хувь, 46-60 насны 17.2 хувь, 61-ээс дээш насны хүн амын 20.8 хувь хамрагдсан дүнтэй байгаа юм.
Баянзүрх дүүрэгт нэгдүгээр сарын 26-ны байдлаар 110,762 иргэн буюу хамрагдвал зохих хүн амын 28.8 хувь нь хамрагдсан бөгөөд улаан хоолойн хавдрын урьтал эмгэг, ходоодны шарх, хавдар, элэгний хортой, хоргүй хавдар, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг,  элэгний  В, С вирусийн шинэ тохиолдол зэрэг өвчлөл, өөрчлөлтүүд зонхилон илэрсэн байна.

Баянзүрх дүүргийн ЭМТ нь тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, эрт илрүүлгийн хамралтын хувийг дээшлүүлэх зорилгоор 18-30 насны иргэдийг зөвлөх поликлиниктээ, бусад насны бүлэг буюу  дуран оношилгоотой багцыг дүүргийн нутаг дэвсгэр дэх улсын болон хувийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн хүмүүст хүрч очиж ажиллах зохицуулалт хийсэн нь зөв зүйтэй ажил байлаа. Тухайлбал, бүрэн тоноглосон эрт илрүүлгийн автобус ажиллуулж, өнгөрсөн онд 1,509 хүнийг хамруулсан байна.

Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээнд төрийн өмчийн 49, хувийн хэвшлийн 27 байгууллага хамтран ажиллаж байна. Эдгээрийн нэг нь “Фамили медикал” эмнэлэг юм. Тус эмнэлэг Баянзүрх дүүргийн хоёр, 21, 27 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн ес, 16 дугаар хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэгт хамруулах гэрээтэй бөгөөд өдөрт 60-70 хүн хамрагддаг. Энэ хугацаанд 12,600 гаруй хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсанаас 250 орчим хавдрын урьтал болон батлагдсан тохиолдол илэрчээ.

Энэхүү эрт илрүүлгийн арга хэмжээ нь Монгол Улсын хүн амын нас, насны бүлэгт зонхилон тохиолдох өвчин, эмгэгийг илрүүлэх, эмчлэх зорилготой. Цаашид иргэн бүр жил тутам эрт илрүүлэгт хамрагдаж хэвших нь чухал байна. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол дээшилснээр монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ” гээд гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд идэвхтэй хамруулах явдал юм.

Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсээс давхардсан тоогоор өвчлөлийн 636 360 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 307 288 буюу 48.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 71 248 буюу 11.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчин,     67 351 буюу 10.6 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 53 730 буюу 8.4 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 50 621 буюу 8.0 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 86.5 хувийг эзэлж байна.

0-17 насны хүүхдийн өвчлөлийн 238 184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 61.5 хувь нь шүд цоорох, 2.4 хувь нь шүдний гажиг, 1.1 хувь нь хараа муудах өвчлөл эзэлж байгаа нь хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөл болж байна. Хүүхдүүдийн дунд бүртггэгдсэн шүд цоорох өвчний 121 602 тохиолдол буюу 83.0 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байгаа гэсэн дүн гарсан байна.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт эрт илрүүлэгт 152,158 иргэн хамрагдсан байна.

 

Турк эмч нар Монголд хийдэггүй мэс заслыг амжилттай хийв  

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн урилгаар ирсэн БНТУ-ын “Emsey” эмнэлгийн профессорын баг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, Улсын гуравдугаар төв эмнээлг /УГТЭ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ЭХЭМҮТ/-д ажилласан байна.

Энэ үеэрээ Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний эмчилгээг нутагшуулах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд нуруу, нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлт болон хүүхдийн зүрхний мэс заслын багийг чадавхижуулах ажлын байрны сургалтыг явуулж, Монголын эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан конференц зохион байгуулан хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна өөр өөрийн чиглэлээр үзлэг, оношилгоо хийж, нэн шаардлагатай өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийжээ.

Тухайлбал, ГССҮТ-д нуруу нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлттай 150 гаруй, УГТЭ-т 10 хүүхдэд хамтарсан үзлэг хийжээ. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс хоёрыг нь сонгон ГССҮТ-ийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эмч нартай хамтран нурууны мурийлт засах мэс заслыг хийсэн бол УГТЭ-ийн эмч нартай хамтран гол судасны нарийслыг авч хиймэл судас залгах, дөрвөлсөн гажиг буюу ховдол хоорондын цоорхой нөхөх, уушгины артери өргөсгөх, баруун ховдлын гарах хэсгийг өөлөх, уушгины артерийн хавхлага өөрийн эдээр хийх мэс засал хийсэн нь Монгол Улсын хувьд анхны мэс засал болжээ.

Түүнчлэн дэд профессор, доктор Мехмед Аядоган “Өсвөр үеийнхний идиопатик нурууны мурийлт орчин үеийн эмчилгээний аргууд” сэдвээр, профессор, доктор Мустафа Кемал ЭХЭМҮТ-д “Төрөлхийн зүрхний өвчлөл, түүний мэс заслууд” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

 

Жилд зоонозын халдвараар 500 хүн өвчилж, эрсдэлд орж байна

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд дарга Б.Амгаланбаяраас дараах тодруулгыг хийлээ.

-Зоонозын халдварт өвчин гэж юу вэ гэдэг талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу?

-Бидний эргэн тойронд нян, вирус бичил биетэн гэх мэт маш олон төрлийн нүдэнд үл харагдах зүйлүүдээс 1500 орчим нь хүнд халдвар үүсгэдэг. Үүний 60-70 хувь нь зоонозын халдварт өвчин үүсгэдэг буюу мал амьтнаар дамжин хүнд халдварладаг. Түүнчлэн хүнээс хүнд халдварладаг халдварт өвчнийг зоонозын халдварт өвчин гэнэ.

-Монголд зоонозын өвчин хэр тархалттай байгаа вэ. Мал амьтнаас хүнд халдах эрсдэл нь хэр өндөр байна?

-Жилд зоонозын халдвараар 2600 мал амьтан, 300-500 орчим хүн халдварлаж, өвчилдөг. Энэ жил 400 орчим хүн өвчилсөн.  Тэдний 70-80 хувь нь хачгаар дамждаг халдварууд, үлдсэн нь галзуугийн эрсдэл бүхий үнэг, хярс, нохойд уруулах, тарвага агнах, худалдаалах зэргээр амь насаа эрсдэлд оруулж байна. Зоонозын халдвараар өвчлөх тохиолдлын тоо нэмэгдэж, өсөх хандлагатай байна.

-Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх талаар танай төвөөс ямар арга хэмжээ авч ажилладаг вэ. Мөн халдвар гарсан тохиолдолд яах ёстой юм бэ?

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол хамгийн чухал бодлого.  Манай үндэсний төв Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх аймагт жил болгон судалгаа хийж, эрсдэл бүхий газруудад анхаарал хандуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, зэрлэг амьтад, мэрэгч, шумуул, шавьж, хачиг зэрэгт зоонозын халдварт өвчин үүсгэж буй үүсгэгч ямар хэлбэрээр оршиж, хаана хамгийн их эрсдэл үүсгэхээр байна вэ гэдгийг жил болгон тогтоодог. Түүнд түшиглэн,  хүн амыг урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Халдвар гарсан тохиолдолд бусдад халдаахаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг.

-Иргэдийн хувьд энэ өвчний талаарх ойлголт хэр байдаг юм бол оо. Мэдлэггүйгээсээ болж, өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тохиолдол олон байх шиг харагддаг?

-Мэдээлэл өгч, анхааруулдаг ч иргэд халдвар тээгч амьтантай шууд харьцах, амьтны эд эрхтэнг түүхийгээр нь хэрэглэх, тарвага, чоныг агнах зэргээр эрсдэлд ордог. Тухайлбал, галзуугийн эрсдэл бүртгэгдсэн аймагт чоно айлын хотонд халдаж, иргэд рүү дайрсан тохиолдол гарсан. Шинжилгээний сорьц авах гэхэд тухай айлын хүмүүс аюулгүй болгосон чоноо сорьцын мах авах боломжгүй болтол нь бууз хийгээд идсэн байсан.  Түүнчлэн малын засааг түүхийгээр нь идэх, гөрөөсний цус уух зэрэг нь тухайн амьтанд байгаа нян вирусын халдвар авч, өвчилдөг. Тиймээс ийм эрсдэлт зүйлийг хийхгүй байх нь чухал байна.

Хүүхдүүд жилд 3 шүд үнэгүй эмчлүүлэх боломжтой боллоо

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зургадугаар сарын 28-ны хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулжээ.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг  батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс  хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.

Хүүхдийн шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж алслагдсан сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нийцсэн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээр хүүхдийн шүдний өвчлөл их байгаа тул лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад 1 шүдний эмчилгээг 60,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд эмчлүүлэхээр, мөн сум, тосгоны эрүүл мэндийн төвд 90,000 төгрөгөөр, жилдээ гурван шүд эмчлүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар бэлтгэл ажлаа хангаж эмнэлгүүдийн цахим бүртгэлд шинэчлэл хийж байгаа бөгөөд наймдугаар сараас бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байгаа аж.

 

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ