Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд дарга Б.Амгаланбаяраас дараах тодруулгыг хийлээ.
-Зоонозын халдварт өвчин гэж юу вэ гэдэг талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу?
-Бидний эргэн тойронд нян, вирус бичил биетэн гэх мэт маш олон төрлийн нүдэнд үл харагдах зүйлүүдээс 1500 орчим нь хүнд халдвар үүсгэдэг. Үүний 60-70 хувь нь зоонозын халдварт өвчин үүсгэдэг буюу мал амьтнаар дамжин хүнд халдварладаг. Түүнчлэн хүнээс хүнд халдварладаг халдварт өвчнийг зоонозын халдварт өвчин гэнэ.
-Монголд зоонозын өвчин хэр тархалттай байгаа вэ. Мал амьтнаас хүнд халдах эрсдэл нь хэр өндөр байна?
-Жилд зоонозын халдвараар 2600 мал амьтан, 300-500 орчим хүн халдварлаж, өвчилдөг. Энэ жил 400 орчим хүн өвчилсөн. Тэдний 70-80 хувь нь хачгаар дамждаг халдварууд, үлдсэн нь галзуугийн эрсдэл бүхий үнэг, хярс, нохойд уруулах, тарвага агнах, худалдаалах зэргээр амь насаа эрсдэлд оруулж байна. Зоонозын халдвараар өвчлөх тохиолдлын тоо нэмэгдэж, өсөх хандлагатай байна.
-Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх талаар танай төвөөс ямар арга хэмжээ авч ажилладаг вэ. Мөн халдвар гарсан тохиолдолд яах ёстой юм бэ?
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол хамгийн чухал бодлого. Манай үндэсний төв Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх аймагт жил болгон судалгаа хийж, эрсдэл бүхий газруудад анхаарал хандуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, зэрлэг амьтад, мэрэгч, шумуул, шавьж, хачиг зэрэгт зоонозын халдварт өвчин үүсгэж буй үүсгэгч ямар хэлбэрээр оршиж, хаана хамгийн их эрсдэл үүсгэхээр байна вэ гэдгийг жил болгон тогтоодог. Түүнд түшиглэн, хүн амыг урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Халдвар гарсан тохиолдолд бусдад халдаахаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг.
-Иргэдийн хувьд энэ өвчний талаарх ойлголт хэр байдаг юм бол оо. Мэдлэггүйгээсээ болж, өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тохиолдол олон байх шиг харагддаг?
-Мэдээлэл өгч, анхааруулдаг ч иргэд халдвар тээгч амьтантай шууд харьцах, амьтны эд эрхтэнг түүхийгээр нь хэрэглэх, тарвага, чоныг агнах зэргээр эрсдэлд ордог. Тухайлбал, галзуугийн эрсдэл бүртгэгдсэн аймагт чоно айлын хотонд халдаж, иргэд рүү дайрсан тохиолдол гарсан. Шинжилгээний сорьц авах гэхэд тухай айлын хүмүүс аюулгүй болгосон чоноо сорьцын мах авах боломжгүй болтол нь бууз хийгээд идсэн байсан. Түүнчлэн малын засааг түүхийгээр нь идэх, гөрөөсний цус уух зэрэг нь тухайн амьтанд байгаа нян вирусын халдвар авч, өвчилдөг. Тиймээс ийм эрсдэлт зүйлийг хийхгүй байх нь чухал байна.