“КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ХЯМРАЛЫГ АРИЛГАХАД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХААЛТЫН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх Буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хаалтын ёслолын ажиллагааг 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд зохион байгуулав. Ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Япон Улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн ноён Кикүма Шигэрү, ЖАЙКА- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи болон бусад албаны төлөөлөл оролцов. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт “КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 883 сая иенийн буцалтгүй тусламжийг 2022 оны 07 дугаар сард олгохоор шийдвэрлэсэн. Буцалтгүй тусламжийн хүрээнд КОВИД-19 цар тахлын эсрэг эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болох 2 ширхэг бүрэн геномын шинжилгээ хийх аппарат болон урвалж, 500,000 SARS-CoV-2-ын антигенийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур, 548 ширхэг зөөврийн компьютер, 150,000 ширхэг тариурын аюулгүйн хайрцаг, 60 ширхэг зөөврийн хөлдөөгч, 500 ширхэг спирометр болон дагалдах хэрэгсэл, вакцин тээвэрлэх зориулалт бүхий суудлын болон ачааны автомашин зэрэг Япон Улсад үйлдвэрлэгдсэн 9 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хүлээн авч Монгол Улсын 21 аймаг, 331 сум, 9 дүүрэг, Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвүүдэд өнгөрсөн хугацаанд нийлүүлсэн болохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр онцгойлон тэмдэглэв.
Мөн тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалтыг хийж эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Япон Улсын Засгийн газар, Японы татвар төлөгч ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
ЖАЙКА- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи Япон- Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХӨСҮТ “ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо“-г үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв нь 2022 оны 09 дүгээр сараас эхлэн “ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо”-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ISO 9001:2016 стандартийн шаардлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох баталгаажилтын гэрчилгээгээ Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага ‘SFCS” ХХК-аас гардан авлаа. ТУс үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа,  болон тус тогтолцоог нэвтрүүлэхэд чиглүүлэн ажилласан “Amu consulting” ХХК-ий төлөөлөл, Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага ‘SFCS” ХХК болон бусад албаныхан оролцлоо. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа хэлсэн үгэндээ “ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагааг нэвтрүүлэх ажил 2022 оны 09 дүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд бид ажлын хэсгийг байгуулж, төлөвлөлтөө хийн, сургалтуудыг тогтмол зохион байгуулсан бөгөөд  “Amu consulting” ХХК энэ хугацаанд арга аргачилалаар дэмжиж ажиллалаа. Тус тогтолцоог авахын тулд 10 бүлгийн 100 гаруй үзүүлэлтийг хангах ёстой бөгөөд манай эмнэлгийн үзүүлэлт 49 хувьтай байсан бол өнөөдөр 84 хувь болтлоо сайжирсан байна.
Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2016 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсоноороо өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулж, үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, тогтвортойгоор аюулгүй орчинд хүргэх, эрсдэл болон боломжоо төлөвлөж тусгах, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үйл явцын уялдааг хангаж, тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгож байна.” гэдгийг онцоллоо. Ташрамд дурдахад “Amu consulting” компани нь ХӨСҮТ-ийн 20 эмч эмнэлгийн ажилчдыг дотоод аудитор бэлтгэх сургалтад хамруулсан аж.

ДЭМБ ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ БҮХИЙ Л ТАЛААР ДЭМЖИХ БОЛОМЖТОЙ

ДЭМБ, Номхон далайн баруун эргийн дата, стратеги, инновацийн баг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн их өгөгдлийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсад ажилласан дүнгээ өнөөдөр /2023-07-28/ ЭМЯ-ны удирдлагад танилцуулж дүгнэлт, зөвлөмжөө гардууллаа.  
Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах нь хүн амын насжилт, амьдралын чанарыг бууруулж,  хөдөлмөрийн чадвар алдалтанд  хүргэх халдварт бус өвчнүүдийг эрт үед нь илрүүлснээр ирээдүйд учрах өвчний хүндрэл, нас баралт, гэр бүл цаашлаад улс орны эдийн засаг, санхүүгийн дарамтаас сэргийлэх зорилготой.
Эрт илрүүлэг нь зорилтот насны бүлэгт чиглэсэн, хувь хүний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх, эмнэл зүйн үзлэг, багажийн болон лабораторийн шинжилгээнд үндэслэн дүгнэлт өгөх, зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад оношийг нь тодруулахаар илгээх, хянах цогц үйл ажиллагаа юм.  
Монгол Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс даяар зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн 648 байгууллагын 5000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг түшиглэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээг хийж байна.
Эдгээр эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн цахим мэдээллийн программуудыг стандартын дагуу эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн платформ бий болгох зорилгоор нэгтгэн мэдээллийг солилцож, улмаар эрт илрүүлгийн их өгөгдөл (Биг дата)-ийн санг бий болголоо. Дээрх өгөгдөл дүн шинжилгээ хийх цаашид шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах, бодлогын баримт бичгүүдийн суурь дата болгохоор судалгааны багууд ажиллаж байгаа юм. ДЭМБ, Номхон далайн баруун эргийн бүсийн Дата, стратеги, инновацийн захирал доктор Кидонг Парк багийг ахалж ажилласан бөгөөд тэд Монгол Улсад ажиллах хугацаандаа эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байгаа лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудаар явж уулзалт хийж цахимаар хэрхэн мэдээллээ цуглуулж байгаа, түүнийг нэгтгэж дата анализ хийж буйтай танилцсан байна.

Доктор Кидонг Парк Монгол Улс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт маш их ач холбогдол өгч зохион байгуулж буй нь бусад улс оронд жишиг болохуйц байгаа төдийгүй бодлогын стратеги бүхий дүгнэлтийг гаргах боломжуудыг бий болгож байна хэмээн дүгнэснээ хэлээд энэ чиглэлд Монголын эрдэмтэдтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн цаашид Монгол Улсын эрт, илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, их өгөгдөл, арга зүй, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг боловсруулах, тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэсэн талаар танилцуулж цаашид энэ үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж арга зүйн болон техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэсэн юм.   
Тэрбээр мөн Монгол Улс эрүүл мэндийн салбарын мэдээллийн төвтэй болох нь маш чухал гэдгийг онцлоод өвчний олон улсын ангилал болох ICD-10 -аас ICD -11 рүү шилжихэд анхаарч ажиллахыг зөвлөсөн. Түүнчлэн ДЭМБ их өгөгдөл бодох, нийгмийн эрүүл мэндийн бодлогын баримт бичиг боловсруулах, өвчний ачаалал эрсдэлт хүчин зүйл, дүн шинжилгээ хийхэд тодорхой тусламж дэмжлэгийг үзүүлэх талаар дүгнэлтдээ дурдсан.  Манай улсын хувьд энэ оны долдугаар сарын 27-ны байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1 079 460 хүн хамрагдсанаас 482 561 буюу 44.7 хувь нь эрэгтэйчүүд, 596 899 буюу 55.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 544 599 буюу 50.5 хувь нь Улаанбаатар хотод, 534 861 буюу 49.5 хувь нь орон нутагт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 621 591 буюу 57.6 хувь нь 0-17 насны хүүхэд, 457 869 буюу 42.4 хувь нь 18-аас дээш насныхан байна.

ГЕПАТИТЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДРИЙГ “НЭГ АМЬДРАЛ-НЭГ ЭЛЭГ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭВ

Өнөөдөр гепатитын эсрэг дэлхийн өдөр. Нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болоод буй вируст гепатитын халдварыг бууруулах, устгах зорилгоор жил бүрийн долдугаар сарын 28-ныд Гепатитын эсрэг дэлхийн өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн уриа “Нэг амьдрал-нэг элэг”.
Элэгний хэмээх бүлэг вирусээр үүсгэгддэг гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх замаар өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулахыг ДЭМБ-аас улс орнуудын Засгийн газар, ард иргэдэд уриалж буй бөгөөд дэлхий даяар 350 сая гаруй хүн элэгний архаг халдвартай амьдарч буйн 80-90 хувь нь өөрийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа нь тэднийг эрүүл мэндийн ноцтой үр дагаварт хүргэх эрсдэлтэй. Урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой энэ өвчнөөр жилд 1.1 сая хүн амь насаа алдаж буй нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Тиймээс ДЭМБ 2030 он гэхэд вируст гепатитын нийгмийн эрүүл мэндэд заналхийлж буй аюулаас бүрэн ангижрах том зорилтыг дэвшүүлж, энэ зорилтод хүрэхийн төлөө улс орон бүр бүх талын хүчин чармайлт, тууштай нэгдсэн арга барилаар ажиллахыг уриалж байна.

Д.БАЯРБОЛД: ЭРТ ИЛРҮҮЛЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
 “Нэг амьдрал-нэг элэг” уриан дор тэмдэглэж буй гепатитын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан ЭМЯ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн холбогдох албаныхан хийж буй ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тавьсан зорилтынхоо талаар зарим мэдээллийг өгсөн юм.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
-Вируст гепатитийн урьдчилан сэргийлэлт, тусламж үйлчилгээний чухлыг таниулж, анхаарал хандуулах, эдгээрт чиглэсэн арга хэмжээг дэлхий нийтээр авч хэрэгжүүлэхийг уриалдаг онцлогтой дэлхийн өдрийг энэ жил “Нэг амьдрал, нэг элэг” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Энэ уриа нь элэгний үрэвсэлт өвчинтэй тэмцэх, хүн бүрийн элэг нь  эрүүл, сайн сайхан амьдралын  төлөөх бидний хамтын ажиллагааны мөн чанар гэдгийг илэрхийлсэн энгийн хэрнээ гүн гүнзгий утга агуулж буй юм. 
Вируст гепатит нь та бидний эрүүл мэндэд заналхийлж байгаа тулгамдсан асуудлын нэг бөгөөд жил бүр 1.0 сая гаруй хүний нас барж, 3.0 сая гаруй хүн шинээр халдвар авч байгаа нь эрт илрүүлэлтийн арга хэмжээг сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Монгол Улс дэлхийд архаг вируст гепатитийн өвчлөл болон элэгний хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарч, тэргүүлэх чиглэл болгон дэлхийд жишиг сайн хөтөлбөр хэмээн үнэлэгдэж байгаа вируст гепатитийн эсрэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.
Гепатитаас урьдчилан сэргийлэх арга, халдварт өртөх эсрдэл, халдвар дамжих зам, оношилгоо, эрт илрүүлэг, эмчилгээний талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй байж хэмээн бид элэг хэмээх нандин эрхтэнээ хамгаалж чадна. Түүнчлэн, элэгний өвчнийг илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах, эмчилгээ хийлгэхээс гадна архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, таргалалт болон илүүдэл жингээс ангид байх, цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчнийг эмчлэх нь элэгний эрүүл мэндийн түлхүүр юм.
“Нэг амьдрал, нэг элэг” гэдэг нь бидэнд элэг бүтэн амьдрах боломж байгаа бөгөөд бид эрүүл мэндээ цаг тутамд нандигнаж, элгээ хамгаалах ёстойг сануулж байна.
Ж.БАЙГАЛЬМАА:ВАКЦИНЖУУЛАЛТ САЯ САЯ ШИНЭ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ ЧАДНА
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгальмаа:
-Вирусийн шалтгаант архаг гепатит нь элэгний хатуурал, элэгний эсийн хорт хавдрын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа. Эхээс хүүхдэд гепатитын халдвар дамжих нь шинэ халдварын гол эх үүсвэр болж буй тул вакцинжуулалт, вирусийн эсрэг эмчилгээгээр халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай төдийгүй иргэдэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын дадал хэвшлээ өөрчлөхөд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгоход онцгой анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна.
Гепатитын В вирусийн эсрэг вакцинжуулалт нь нийгмийн эрүүл мэндийн хамгийн амжилттай хэрэгжиж буй арга хэмжээний нэг бөгөөд сая сая шинэ халдвараас урьдчилан сэргийлж чадсан бол С вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмүүд нь эмчилгээнд хувьсгал хийж, эдгэрэлтийн түвшин нь 95 хувиас давж байгаа нь халдварыг устгах боломжтойг илтгэж байна.

С.ӨНӨРСАЙХАН:АРХАГ ГЕПАТИТ ЭЦЭСТЭЭ ЦИРРОЗ, ЭЛЭГНИЙ ХАВДАРТ ХҮРГЭЖ БАЙНА
НЭМҮТ-ийн ерөнхий захирал, доктор С.Өнөрсайхан:
-1980-аад оны дундуур Т.Гомбосүрэн нарын эрдэмтэд монгол хүн амын дунд вируст гепатитын халдвар аяга, шанага, халбага сэрээгээр буюу ахуйн хавьтлын замаар торхаж байгааг илрүүлсэн бөгөөд Г.Олзвой докторын судалгаагаар монгол эхээс урагт вирус халдварлах байдал 0.6 хувь байгааг тогтоосноор манай улсын хувьд хүүхэд эхээс төрснөөсөө хойш халдвар авах нь их байгааг нотолсон. Иймээс 1991 оноос хүүхдийг төрснөөс нь 24 цагийн дотор гепатит В-ийн вакцинаар дархлаажуулах бодлогыг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2000 онд вирусийн тархалт 13 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 10 дахин, нийт вируст гепатитын өвчлөл 4.6 дахин тус тус буурсан. Төрөх үедээ халдвар авсан тохиолдлын 90 хувь, тав хүртэлх наснаас хойш авсан тохиолдлын 10 хувь нь архаг болдог бөгөөд архаг гепатит өвчтэй хүмүүсийн дийлэнх нь шинж тэмдэггүй байсаар эцэстээ цирроз, ба элэгний хавдарт хүргэж байна.
ЭЛЭГНИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Энэ удаагийн “Нэг амьдрал, нэг элэг” уриан дор Засгийн газар, эрүүл мэндийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүст хандан дараах уриалгыг дэвшүүллээ.
•Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийг дэмжих чиглэлээр ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах.
•Халдварыг эрт илрүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг тогтмол хийж, цаг алдалгүй арга хэмжээ авах явдлыг дэмжих.
•Шинэ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ялангуяа эмзэг бүлгийн хүн ам, нярайг вакцинжуулах ажлыг дэмжих.
•Гепатитаар өвчилсөн хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах явдлыг арилгаж, бүх хүнд тустай, ойлголцох орчныг бүрдүүлэх.
•Хямд үнэтэй, үр дүнтэй эмчилгээ тэгш хүртээмжтэй байх боломжийг баталгаажуулж, энэ халдварыг устгах аянд хэнийг ч үл  орхигдуулах.

 

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ