Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор эмнэлгийг Монголд байгуулна

56 Views

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан, Японы “Товако” группийн дэвшилтэт технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв байгуулагдсанаас хойш жирэмслэх хүсэлтэй олон мянган гэр бүлд эмчилгээ үйлчилгээг амжилттай хүргэн, Монгол улсдаa энэ салбарт тэргүүлэх эгнээнд бичигдэж байгаа билээ.

Тэгвэл тус эмнэлэг нь “Като Лэдиес Клиник” эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын хөрөнгө оруулалттай, Олон улсын стандартад нийцсэн нөхөн үржихүйн эмнэлгийн барилгын ажлаа эхлүүлээд байна. Эмнэлгийн барилгыг эрчим хүчний хэмнэлттэй, өндөр зэрэглэлийн агаар, орчны бохирдол шүүх системтэй, байгальд ээлтэй материал ашиглах зэргээр шийдэн, ашиглалтын үеийн тав тухыг бүрэн хангасан, эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлагад 100 хувь нийцсэн “ногоон” барилгын технологиор барьж, гүйцэтгэн, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Эмнэлгийн сүүлийн үеийн технологи, шалгарсан боловсон хүчин, чанар, стандарт хангасан эмнэлэгтэй болсноор үргүйдэл, нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээ авахыг хүссэн олон мянган гэр бүл гадаад явах, өндөр зардал гаргах шаардлагагүй болно. Зөөлөн сэдэлт байгалийн мөчлөгт үр шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд нутагшуулж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Като Лэдиес Клиник” эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагаатай ажилладаг Монгол дахь цорын ганц эмнэлэг болох “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв нь 2015 онд байгуулагдсан бөгөөд “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” санг дэргэдээ байгуулж, үргүйдэлтэй хосуудад тусалж ирсэн. Өнгөрсөн найман жилийн хугацаанд тус эмнэлгийн үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр 1300 гаруй хүүхэд аав ээж, эмээ өвөөдөө аз жаргал болон мэндэлжээ. Монголд цор ганц вакум өрөө бүхий орчин үеийн лабораторитой тус эмнэлэг 2018 оноос Үр хөврөлийн генетикийн шинжилгээг хийж эхэлснээр Монголдоо анх удаа NGS технологийг нэвтрүүлсэн эмнэлэг болж байсан билээ. Тус эмнэлгийг зорих гадаад үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, олон шинэ технологи нэвтрүүлсэн нөхөн үржихүйн цогцолбор эмнэлэг болсноор үр шилжүүлэн суулгах ажилбар, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ дараагийн шинэ шатанд гарах, төв Азидаа тэргүүлэх эмнэлэг болох үүд хаалга нээгдэх юм.

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ