Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй.

169 Views

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Нэг аймаг дэгдэлтийн түвшинд хүрсэн байгаа. Нийт өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 23 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна гэдгийн мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

 

Энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсэдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Үүнийг өмнөд өдөртэй нь харьцуулахад 1.7 хувиар нэмэгдэсэн байна. Томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага хотын хэмжээнд нийт дуудлагын 60 орчим хувийг эзэлсэн. Вирус судлалын лабораториос шинжилгээ хийхэд томуугийн А вирусний H1N1 В дийлэнхийг нь эзэлж байсан бол H3N2 В вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна.

Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насны хүүхдүүд 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Энэ нь хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан байгаагаас 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Тэдгээр хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмсэн. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын эмгэгээр хоёр хүүхэд нас барсан байна.

Жирэмсэн, архаг хууч өвчтэй, эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш, 2-5 хүртэлх насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Мөн 2-12 насны 800 гаруй мянган хүүхдийн 30 хувийг вакцинд хамруулаад байна. Хичээл эхлэх гэж буйтай холбоотойгоор вакцинжуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Ирэх Даваа гарагт ЕБС-ийн хичээл эхлэх тул ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвшихийг зөвлөж байна.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших

Эдгээр энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАХ ВЭ ?

  • Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахих
  • Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх
  • Амны хаалт байнга зүүж хэвших
  • Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх
  • Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
  • Өвчилсөн тохиолдолд колдаур, колдакс, фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон, аньсны  шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчний үед вирүст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
  • Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв

2023

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ