Монголд сэтгэцийн эмч хүрэлцээгүй байна

150 Views

Covid-19 цар тахлаас хойш дэлхий нийтийн хүн амд сэтгэлзүйн эмгэг, тохиолдлуудын тоо өсчээ. Тиймээс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хүний сэтгэцэд ямар эмгэг үүсч байгааг олон улсад мэргэжлийн баг гарган хэд хэдэн судалгааг хийж байна. Монгол Улсын эрдэмтэд, зарим сэтгэл зүйчид хамтран дээрх судалгаануудад  мөн оролцож байгаа аж.

Тодруулбал, энэ төрлийн судалгааг 2021-2022 онд хийсэн бөгөөд үр дүнд нь цар тахлаас шалтгаалсан стресс болон бусад эмгэгийн тохиолдлын тоо өсөлттэй гарчээ.

Сэтгэлзүйн асуудлыг удаан хугацаанд тоохгүй явах нь хувь хүнд болоод нийгэмд  эрсдэлтэй СЭМҮТ-өөс анхааруулсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өгсөн тоон мэдээллээр Covid-19-ийн үеийн Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын судалгаанд 7919 хүн оролцсон байна.

Судалгаанд хамрагдагсдыг түүврийн аргаар сонгосон бөгөөд:

  • 62.2 хувь нь архаг сульдлын хам шинжтэй,
  • 55 хувь нь сэтгэл түгших хам шинжтэй,
  • 48.5 хувь нь биеших эмгэгтэй,
  • 39.6 нь сэтгэл гутрах хам шинжтэй байна.

Гэхдээ дээрх сэтгэлзүйн хам шинж эмэгтэйчүүдэд илүү ажиглагджээ. Тухайлбал, архаг ядаргаа нийт эмэгтэйчүүдийн 66.8 хувь, сэтгэл түгших хам шинж 60.4 хувь,  биеших эмгэг 54.6 хувь зэрэг эмгэгүүд эрэгтэйчүүдээс илүү хувьтай байгаа юм. Эдгээр хам шинжийн эмгэгүүд угтаа бүгд эмчлэгдэх боломжтой.

Харамсалтай нь, монгол иргэдийн ихэнх нь анагаах ухаанаар энэ төрлийн эмгэгээ эмчлэхэд цаг хугацаа гаргадаггүй байна.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 150 ГАРУЙ СЭТГЭЦИЙН ЭМЧ БИЙ

СЭМҮТ-ийн датанаас харвал стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд давамгайлж байна. Ажилгүйдэл, ядуурал, халдварт өвчин зэрэг үүнд нөлөөлдөг. Ингэснээр сэтгэл гутрах, түгших, архи, мансуурал, нойр, архаг ядаргаа гэх мэт эмгэгүүдээр өвчилж байна. Сэтгэлзүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагаас авдаггүйгээс нийгэмд үзүүлэх хоруу чанар ч өсч байгааг судлаачид анхааруулж байгаа юм. Тиймээс нийгмийн сэтгэлзүй, массын сэтгэцийн эмгэгийг анагаах асуудал нь зайлшгүй анхаарах сэдэв болоод байна.

Мөн анагаахын салбарт энэ чиглэлээр ажилдаг боловсон хүчин дутагдалтай байгаа нь хамгийн том асуудал аж. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд 150 гаруй сэтгэцийн эмч бий. Эдгээр эмч гурван сая хүн амд үйлчилж байна гэхээр хангалттай биш.

Тэгэхлээр бусад салбартай хамтарч байж сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой. Гол нь иргэд өөрсдөө стресс, сэтгэл зовсон түгшсэн асуудал байгаа бол эмчид хандаж тусламж авдаг хандлагатай байх нь зүйтэй.

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ