By Bzd Post on March 30, 2023 Мэдээ “ТУРШЛАГАА СОЛИЛЦЪЁ” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО 0 Likes 50 Views ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг бүртгэн, хэлэлцэж, мэдээлэх журмын тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 207 дугаар тушаал шинэчлэгдэн, А/550 тоот тушаал батлагдсантай холбогдуулан, 2023 оны гуравдугаар сарын 23-нд “Туршлагаа солилцьё” сэдэвт цахим хурлыг зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийн туршлага, санал, зөвлөмжийг хэлэлцлээ. Цахим хурлыг тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Х.Цолмон удирдаж, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, Тандалт судалгааны албаны эмч, судлаачид, “Өргөө”, “Хүрээ” амаржих газар, ЭНЭҮТ II, УХТЭ, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМТ-үүд, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, зарим сумдын эмч, эх баригч 252 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.Энэ удаагийн цахим хурлаар эхийн ноцтой хүндрэлийн хэлэлцүүлэг, эхийн эндэгдлийн эмнэлзүй-эмгэг судлалын хурлыг зохион байгуулах, хурлаас дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах, сургамжтай тохиолдлын оношилгоо, эмчилгээний онцлог, түүнд нөлөөлсөн хожимдол, хожимдлыг арилгах, дахин алдаа гарахаас сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааныхаа талаар Завхан, Төв аймгийн ЭМГ, АНЭ-ийн хамт олон танилцуулж, туршлагаасаа хуваалцлаа.Эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй, жирэмсний хүндрэлтэй, олон төрсөн, ахимаг насны жирэмсэн эх суманд, гэртээ ихэс ховхрон цус алдаж, ураг амьгүй болсон тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлгээс дуудлагын баг шуурхай очиж, эхийг тээвэрлэлгүйгээр, гэрт нь кесар мэс заслаар төрүүлж, эхийн амь насыг аварсан тохиолдлын тухай Завхан аймгийн эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй зөвлөх эмч, клиникийн профессор Д.Уранбилэг танилцууллаа.Тус аймагт 2019 онд эхийн ноцтой хүндрэлийн харьцаа улс, аймгийн дунджаас өндөр байсанд дүн шинжилгээ хийж, ноцтой хүндрэлийн тохиолдлыг бууруулахын тулд ноцтой хүндрэлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг судлан, дүгнэлт хийснээр аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт ажлын байрны тасралтгүй сургалт зохион байгуулж, улирал тутам өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нартай онлайн хэлэлцүүлэг хийн, “Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн нэрийн хяналт”-ын явцыг танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тогтмолжуулжээ.Түүнчлэн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч өрх, сумын ЭМТ-ийн жирэмсэн эхийн хяналтыг хуваарилалтын дагуу давхар хянах үйл ажиллагааг эрчимжүүлсэн, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмчийг дангаар ажиллуулж байгаа зэрэг “сайн туршлага” болох олон үйл ажиллагааг өрнүүлсний дүнд 2020 онд ЭНХ-ийн харьцаа 2.2 болж, өмнөх оны мөн үеэс 5.1 промилоор буурсан байна. Хүсээгүй жирэмслэлтийн улмаас эх жирэмснээ нууж, хууль бус үр хөндөлт хийлгэснээс үжлээр хүндэрч эндсэн тохиолдолд “үгээр шинжих арга”-ыг түлхүү хэрэглэн, мэдээллийг цуглуулсан тухай Төв аймгийн эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэрэгтэй Зөвлөх эмч С.Төгсбаяр тайлбарлаад, уг тохиолдлын хурлаас гаргасан шийдвэрийн дагуу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг шинэчлэх, жирэмсний эрт илрүүлгийн хувийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн үйлдлийн заавар, удирдамж ба ЭМС-ын тушаал, журмын хэрэгжилтийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд урт, богино хугацааны сургалтад хамруулан чадавхижуулах, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн зөвлөх эмчийг томилон албажуулж, ажлын байрны чиг үүргийг тодорхой болгох чиглэлээр хийсэн ажлуудаа танилцууллаа.Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн тохиолдлын хэлэлцүүлэг ба хурлын зохион байгуулалт, сургамж, дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах үйл явцын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын “сайн туршлага” нь мэдлэг баяжуулсан, өгөөжтэй мэдээлэл боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ. Оролцогчдын асуултад ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Х.Цолмон, Төв аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа нар хариулт өгч, харилцан ярилцлаа.Мэргэжил нэгт нөхдөдөө өөрсдийн туршлагаа харамгүй хуваалцсан Завхан аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Уранбилэг, Төв аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, тэргүүлэх зэргийн эмч С.Төгсбаяр, “Эхийн эндэгдлийг шинжих аргууд” сэдвээр мэдээлэл танилцуулсан ЭХЭМҮТ-ийн Төрсний дараах тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ж.Сарантунгалаг нарт талархал илэрхийлье. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа. No comments Cancel replyComment Name * Email * Website Save my name, email, and website in this browser for the next time I comment. SEND COMMENT