ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

57 Views

 

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх байгуулагдсан цагаас хойш жил бүрийн энэ өдрийг дэлхийн улс орнууд хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулсан “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023” арга хэмжээнд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан болон төрийн байгууллагынхан, эрүүл мэндийн салбарынхан, олон улсын байгууллагын оролцож мэндчилгээ дэвшүүллээ.  ДЭМБ-ын түүхэн 75 жилийн ой тохиож байгаа энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө”  уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд энэ нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд эрүүл мэндийн салбарын оруулсан хувь нэмэр, ололт амжилтыг дүгнэн, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж идэвхжүүлэх боломжийг олгож буйг оролцогчид онцолж байсан юм. Монгол Улсын хувьд ДЭМБ-ын гишүүнээр 1962 онд элссэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд “Техникийн болон мэргэжилтний зөвлөгөө өгөх тусламж”-ийн тухай Үндсэн хэлэлцээрийг 1963 онд байгуулж, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай улсын эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн болон техникийн чадавх сайжирсаар байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дэлхийн 194 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эх, хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах, халдварт болон халдварт бус өвчлөлд хүргэж, хүний амьдралын чанарыг доройтуулж буй нийгэм, эдийн засгийн болон бусад хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах чиглэлээр дэлхийн улс орнуудыг манлайлан чиглүүлж багагүй амжилтад хүрснийг онцлоод “Монгол Улсын Засгийн газрын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэвшүүлсэн “Хэнийг ч үл орхигдуулах” зарчмын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтад хүрэх зорилтдоо тууштай байж, эл зорилтыг хангахын тулд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, эрүүл мэндийг дэмжих ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна. Тухайлбал, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын тогтолцоог бэхжүүлж, санхүүжилтийг оновчтой болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулахын төлөө ажиллаж байна.
Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсад анхдагч болох “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг шинээр боловсруулан батлуулахаар Эрүүл мэндийн яам ажиллаж байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж, бусад дэмжлэгт орчныг бүрдүүлэх замаар “өвчилсөн хүмүүсийг эмчлэх тогтолцоо”-ноос аль болох “эрүүл төрсөн хүнийг эрүүл хэвээр байлгах, архаг өвчтэй болохоос нь сэргийлэх тогтолцоо” руу шилжих шаардлагатай гэж үзэж байна. Салбарын хууль тогтоомжид “нийгмийн эрүүл мэнд бол эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл юм” хэмээн тодорхойлсон байх ч эмнэлгийн ор шүтсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг санхүүжүүлсэн тогтолцоо хэвээр байсаар байна. Иймд “эрүүлийг хамгаалах тогтолцоо”-г бүрдүүлэхийн төлөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, иргэдийн зан үйл, амьдралын хэв маягийг өөрчлөх эрх зүйн орчныг бий болгохоор зорьж байна.
Эцэст нь тэмдэглэхэд, 2020 оноос эхэлсэн коронавируст халдвараар үүсгэгдсэн КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхийн хэмжээний хариу арга хэмжээг амжилттай удирдаж ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хамтран дэмжиж ажилласан олон улсын бусад түншүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж буйгаа дахин илэрхийлж байна” гэсэн юм.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте “Энэ өдрийг ДЭМБ-аас гишүүн орнуудынхаа Засгийн газартай хамтран эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлснээ дүгнэж хүн амын эрүүл мэндийг сайжруулах, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө юу хийж болохоо ярилцдаг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Бид хамтдаа бүх нийтийн эрүүл мэндийн төлөө зүтгэж буй бөгөөд хүний эрүүл мэндийг боломжит дээд түвшинд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөлийг бүрэн бүрдүүлэхийг хичээж ажилладаг. Нийтийг хамарсан аюулт өвчин дэгдэх нийгэмд ноцтой байдал үүсэх үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг оновчтой зөв хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой байна. Бид Монгол Улстай эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Монгол Улсын хувьд ДЭМБ-ын гишүүнээр 1962 онд элссэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд “Техникийн болон мэргэжилтний зөвлөгөө өгөх тусламж”-ийн тухай Үндсэн хэлэлцээрийг 1963 онд байгуулж, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай улсын эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн болон техникийн чадавх сайжирсаар байна.
Тухайлбалэрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг “Хэнийг ч орхигдуулахгүйгээр” хүн амд хүргэх зорилго бүхий  “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг нийт анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 70 хувьд буюу өрхийн болон сумын эрүүл мэндийн 353 төвд энэхүү технологийг нэвтрүүлээд байна. Ингэснээр иргэдийг эрт үед нь оношлох, халдварт бус өвчнийг тэдний амьдарч байгаа газар нь ямар нэгэн чирэгдэлгүйгээр илрүүлэх боломжтой болж байна. 2023 онд “Зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын удирдамж”-ийг батлуулан “Иргэдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулж, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх арга хэмжээ”, “Архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах”, “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ”, “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стрессийг зөв удирдах арга хэмжээ”, “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх”, “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” гэсэн зургаан сэдвийн хүрээнд жилийн турш нөлөөллийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн. Үүний эхний арга хэмжээ болох зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах зорилготой “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна. Энэ хүрээнд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх,  эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүрийн идэвх оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээний дүнд монгол хүний эрүүл мэндийн байдал сайжирч, сэргийлж болох өвчлөл, нас баралтыг бууруулж, хүн амын дундаж наслалт нэмэгдэх боломжтой юм.

No comments

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ