By Bzd Post on May 2, 2023 Мэдээ АНХАН ШАТАНД АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГОД ОНЦГОЙ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙГ ЭМЧ НАР ЯРЬЖ БАЙНА 0 Likes 55 Views Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа эрүүл мэндийн салбарынхантай хийлээ. Өмнө нь буюу гуравдугаар сарын 6-нд нүүр, ам судлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхантай уулзсан бол өнөөдөр /2023-05-01/-ийн “Өглөөний уулзалт”-ын зочид өрхийн ЭМТ-ийн эмч нар байв. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт болсон уг уулзалтанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаныхантай эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өрхийн ЭМТ-ийн эмч нарт Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засагт гарч байгаа нааштай өөрчлөлтүүд, ойрын болон хэтийн төлөв, зорилго, зорилтын талаар танилцуулсан.Тэрбээр оролцогч эмч нараас анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлаас гадна яг нэг жилийн өмнө эхэлсэн иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлэх арга замын талаар санал бодлоо хэлэхийг хүссэн юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр өрхийн ЭМТ-ийн өнөөгийн байдал, иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ, гүйцэтгэлийн санхүүжилт, ажилтны цалин хөлс, тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга замын талаар товч мэдээлэл хийсэн. Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж буйн 131 нь нийслэлд, 76 нь орон нутагт ажилладаг бөгөөд тэдгээрт 3614 эмч, эмнэлгийн мэргэжилтэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ажиллах орчин нөхцөлийн хувьд өөрийн гэсэн байртай болон ЭМТ-ийн цогцолборт дангаараа үйл ажиллагаа явуулдаг нь нийт ЭМТ-ийн 30 гаруйхан хувийг эзэлдэг, 53.2 хувь нь хороо, баг, цагдаа хамтдаа байрладаг цогцолбор барилгад, үлдэх хувь нь зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй байранд ажиллаж байна.Өрхийн ЭМТ-ийн хувьд нийт санхүүжилтийнхээ 93.0 хувийг улсын төсвөөс нэг иргэнээр тооцож авдаг бол 7.0 хувийг ЭМД-аас иргэдэд өдрөөр, гэрээр, сэргээн засах, оношлогоо шинжилгээний тусламж үйлчилгээ үзүүлснийхээ зардлаар санхүүждэг.Цалин хөлсний хувьд эрүүл мэндийн салбарын дунджаас 800 орчим мянган төгрөгөөр өндөр. Тодруулбал, судалгаагаар 2022 онд эрүүл мэндийн салбарын сарын бодогдсон дундаж цалин 1.5 сая төгрөг бол ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байсан. Түүнчлэн цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний тарифыг шинэчлэх, өртгийн тооцооллыг хийхээс гадна эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудалд онцгой анхаарч тодорхой зохицуулалт хийхээр ажиллаж байгаа зэрэг мэдээллийг С.Чинзориг сайд өглөө. Эдгээр мэдээллийн дараа эмч нар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар байр сууриа илэрхийлж, тодорхой асуултуудад хариулт авсан. Эдгээр мэдээллийн дараа эмч нар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар байр сууриа илэрхийлж, тодорхой асуултуудад хариулт авсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Мараната” ӨЭМТ-ийн их эмч Э.Алтанзул: -Манайх 15 эмч, ажилтантай, 9000 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хүн амын хувьд 100 хувь гэр хорооллынх, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн өрх олонтой ч бид анхан шатны тусламжаас гадна ахисан шатлалын тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа. Гэвч гүйцэтгэлийн санхүүжилтийн шалгуур хангаагүй гэдгээр санхүүжилтийнхээ 20 хувийг авч чадаагүй. Энэ нь E-Hospital программын хөгжүүлэлт дутуугаас шалтгаалсан. Түүнээс гадна манайхтай адил гэр хороололд төвлөрсөн усан хангамж, цэвэр бохир усны системд холбогдоогүй барилгад үйл ажиллагаа явуулдаг ЭМТ-үүдэд магадлангийн шалгалт очихоор стандарт хангаагүй гэдгээр тэнцэхгүй байх магадлал өндөр байдаг. Сэлэнгэ аймгийн “Хараа мандал” ӨЭМТ-ийн дарга О.Бүрэнжаргал:-Сэлэнгэ аймаг өрхийн эрүүл мэндийн таван төвтэй. Манай эмнэлэг дөрвөн их эмч, долоон сувилагчийн орон тоотой боловч одоогоор хоёр эмч л ажиллаж байна. Нэг нь би, нөгөө нь тэтгэврийн насны хүн. Хөдөө орон нутагт, анхан шатанд ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжээсэй гэж хүсэж байна.Мөн өрхийн дөрвөн эмнэлэг дундаа нэг машинтай. Гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт зөвлөгөөг боловсролоор дамжуулж өгмөөр байна.Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийнхээ 20 хувийг программ шивсэн эсэхээс шалтгаалж авдаг учраас ихэнх цагаа хүнд хүрч үйлчлэхээс илүү бичиг цаасанд зарцуулж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны “Цэн оюу” ӨЭМТ-ийн эмч Д.Солонго:-Өрхийн эмч нарыг гадаад дотоодын сургалтад хамруулахад анхаарч өгөөч. Түр оршин суугчийн асуудлыг шийдэхгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд ч нэг иргэнээр тооцсон санхүүжилтээ хаанаас олж авах вэ гэдэг хүндрэлтэй асуудал болоод байна.Төв аймгийн “Баруун Зуун мод” ӨЭМТ-ийн эрхлэгч Б.Энхжаргал:-Өрхийн эрүүл мэндийн төв өөрийн гэсэн байргүй, цагдаа, багийн Засаг даргатай нэг дор цогцолбор байдлаар үйл ажиллагаа яввуулахаар төлөвлөсөн байранд эмнэлгийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Түүнчлэн хүний нөөц, унаа тэрэгний асуудлыг ч яаралтай шийдэх шаардлага байгаа. Дархан-Уул аймгийн ӨЭМТ-ийнн эмч Нямсүрэн-Эмч мэргэжлээр төгссөн залуучууд ирдэг ч ажлын ачаалал их, цалин тааруугаас хэдхэн сар ажиллаад явчихдаг. Дээр нь тэднийг ирэхэд орон байраар хангахаас эхлээд наад захын нийгмийн асуудлыг шийдэх үүргээ орон нутагт огт биелүүлэхгүй байна.Нийгмийн эрүүл мэндийн асуудал ганц эрүүл мэндийн салбарт хамаатай биш. Салбар дундын зохицуулалттай, хамтарч хэрэгжүүлж үр дүнд хүрэх ёстой гэдэг талаас нь анхаарч өгнө үү.Эмч нар тулгамдсан асуудлуудынхаа талаар ярихаас гадна нэг жилийн хугацаанд хүн амынхаа гуравны нэгийг хамруулаад байгаа эрт илрүүлгийг эрчимжүүлэхийн тулд эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангах, насны бүлгүүдэд зарим төрлийн шинжилгээ оношлогоог нэмэх, эрт илрүүлгийг хйиж буй цагийн боломжийг нэмэгдүүлэх, зэрэг арга хэмжээг авахаас гадна чанарт онцгой анхаарах шаардлагатайг хэлж байлаа. No comments Cancel replyComment Name * Email * Website Save my name, email, and website in this browser for the next time I comment. SEND COMMENT