СУВИЛАЛ СЭРГЭЭН ЗАСАХ ЧИГЛЭЛД ИЛҮҮ АНХААРЧ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЁСТОЙ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төлөөллийг хүлээж авч уулзан сувиллын үйл ажиллагааны чиглэл, хүний нөөц, тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн тогтолцоо, хууль эрх зүйн орчны талаар ярилцлаа.
Сувилал гэж ямар үйлчилгээ үзүүлэх байгууллага байх ёстойг Эрүүл мэндийн тухай хуулийн 16.11 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Хуульд зааснаар сувилал нь чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, байгалийн бусад хүчин зүйлийн орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага юм.
Манай оронд нийт 267 халуун, хүйтэн рашааны орд байдаг. Үүнээс ашиглалтын нөөц, эмчилгээний ач тус нь судлагдсан 180 гаруй халуун, хүйтэн рашаан байдаг бөгөөд 2022 онд гаргасан үзүүлэлтээр улсын хэмжээнд 95 сувиллын эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 44 нь Улаанбаатарт, 51 нь орон нутагт байна. Эдгээр сувилалд нийт 2082 ажилтан ажиллаж байгаагийн 216 нь эмч. Эмч нарын 36 нь сэргээн засахын, 177 нь уламжлалтын, хоёр нь шүдний эмч байна. Мөн сувилалд 364 сувилагч, 25 хөдөлгөөн засалч, долоон хөдөлмөр засалч ажилладаг гэсэн хүний нөөцийн судалгаа бий.
Сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагууд 2022 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 27.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Энэ оны байдлаар нийт магадлан итгэмжлэгдсэн 73 сувилал байгаагаас 55 нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Үүнээс уламжлалтын чиглэлээр 42, сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг 25, уламжлалт анагаах ухаан болон сэргээн засах хавсарсан 11 сувилал байна.
ЭМД-ын сангаас сэргээн засах тусламж, үйлчилгээний 71,958 тохиолдолд 11.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгосон бөгөөд тусламж, үйлчилгээний төрлөөр нь авч үзвэл нийт тохиолдлын 58.2 хувь, санхүүжилтийн 85.7 хувийг сувиллаас үзүүлэх сэргээн засахын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ эзэлж байна. Зонхилон тохиолдох 10 оношийн 2.0 хувийг сувилалд эмчилж байгаа зэрэг сувиллын тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд бий.
Уулзалтын үеэр сувиллын газрууд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохдоо бичилт буруу, дутуу хийсэн зэрэг шалтгаанаар тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг авч чадахгүй байна хэмээн ярьж байсан.
Мөн энэ уулзалтаар сувиллууд сэргээн засахын тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөцийн дутагдалтай, сувиллын байгууллага нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй “амралт” сувиллын үйл ажиллагааг давамгайлж үзүүлж байгаа талаар ч хөндсөн.
ЭМЯ-наас Эрүүл мэндийн тухай хуульд “Сувиллын тусламж, үйлчилгээ нь эрүүл мэндээ сайжруулах, эсвэл эрүүл байхыг хүсч буй хүмүүст чанар нөөц нь тогтоогдсон рашаан, ундарга, орд газар болон байгалийн бусад хүчин зүйлийг ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг урт болон богино хугацаагаар хэвтүүлэн үзүүлэх байгууллага байна” хэмээн нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж буй бөгөөд сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээний заавар, эрхзүйн орчныг тодорхой болгоход анхаарч ажиллахаа хэлж байлаа.
“Шүд” төслийг хэрэгжүүлэхэд том дэмжлэг үзүүлэх “АШУҮИС дент” эмнэлэг нээлтээ хийлээ
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль “АШУҮИС дент” шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд “Шүд” төслийг боловсруулж, 2024 оноос хэрэгжүүлж эхлэхээр болсон. Уг шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гарч “Шүд” төсөл боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулан байгуулсан.
Дэд сайд С.Энхболд “АШУҮИС дент” эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулаторийн нээлтэд зориулан хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдийн 75,9 хувьд амны хөндийн өвчлөл, тэр дундаа шүд цоорох өвчтэй байгааг дурдаад “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүд” төслийг эхлүүлэх чиглэл өгч, Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар төслийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. АШУҮИС дэргэдээ шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулатори шинээр нээж байгаа нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд том дэмжлэг үзүүлэх талбар болно гэдэгт итгэлтэй байна” гээд нүүдлийн шүдний амбулаториор алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэд үйлчлүүлэх боломжтойгоос гадна дээрх эмнэлгүүдэд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийг ажлын байран дээр нь сургах бололцоо бүрдэж буйг онцоллоо. Тэрбээр мөн “Шүд” төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд “Эрүү, нүүр, шүдний үндэсний төв” байгуулах, шүдний тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам, өвчлөлийн статистикийг цахимжуулах, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон асуудлыг шийдэх бөгөөд төлөвлөсөн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхээр шуурхай ажиллаж буйгаа дуулгалаа. АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Бид Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж, шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх “АШУҮИС дент” шүдний эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Шинэ эмнэлэг шүдний сувгийн эмчилгээ, гажиг засал зэрэг бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Шүд” төсөлд манай эмнэлэг гол ачааллыг авч иргэдэд үйлчлэхэд бэлэн” гэсэн юм.
Тус эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна энэ чиглэлээр мэргэшиж буй эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээний ажилд ашиглах бааз болох аж.
ЭХ БАРИГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЦОГЦ ЧАДАМЖ БОЛОВСРУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд Эх баригчдын төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг чанаржуулах, эх барихуйн сургагч болон чиглүүлэгч багш бэлтгэх, улмаар эх баригч мэргэжилтний чадамжийг сайжруулах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд “Эх баригчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг эцэслэн боловсруулах зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан ба төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн суурь болох эх баригч мэргэжилтний чадамжийг боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.Мөн өнгөрсөн жил Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан танхимаар 50, цахимаар 27 эх баригч оролцсон уулзалт зохион байгуулан санал авсан. Үүний дараа улсын хэмжээнд эх баригчдын анкет судалгааг одоо ажиллаж байгаа 1119 эх баригчийн 708-аас нь аваад байна. Энэ удаагийн санал солилцох уулзалтаар талууд дээрх судалгаа, санал асуулгуудын үр дүнтэй танилцаж, санал, зөвлөмжөө нэгтгэн “Эх баригч мэргэжилтний цогц чадамж”-ийг эцэслэн боловсруулах зорилготой бөгөөд уулзалтад Эрүүл мэндийн яам, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Янжмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан суурин төлөөлөгч Нагай Маки, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунгоо, Монголын эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн болон ЭХЭМҮТ, ЭНЭМҮТ-2, “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийин төлөөлөл оролцож байна. улзалтын төгсгөлд чадамжийг тодорхойлох өнөөг хүртэлх үйл явц, анкет судалгааны үр дүнг танилцуулж, оролцогчид бүлгээр ажиллан “Эх баригчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг эцэслэх юм.
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН УЛААН БУРХНЫ ДАРХЛААЖУУЛАЛТАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээж авч уулзлаа.
Уулзалтаар 2023 он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар дэлхийн 103 оронд бүртгэгдэж, манай хөрш ОХУ, БНХАУ зэрэг арав гаруй оронд дэгдэлт хэлбэрээр гараад байгаа улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалттай холбоотой асуудлыг хөндөн ярилцсан.
Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Хүүхдийн сангийн зүгээс улаан бурхны вакцин худалдан авахтай холбоотойгоор 400 мянган ам.долларыг төвлөрүүлж буйг мэдэгдээд вакциныг аль болох богино хугацаанд татан авах асуудлаар Хүүхдийн сангийн төв оффисс болон Хангамжийн хэлтэстэйгээ холбогдон ажиллаж байна гэлээ.
С.Чинзориг сайд улаан бурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахтай холбоотой хэд хэдэн асуудлыг богино хугацаанд шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлээд “Улаан бурхан өвчний дэгдэлт дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, 2021 оны дэгдэлтийн түвшинтэй харьцуулахад гурав дахин өндөр гэсэн статистик мэдээлэл байна. Манай хөрш ОХУ-д дэгдэлт хэлбэрээр улаан бурхан өвчин гарч байгаа төдийгүй Сэлэнгэ аймагтай хил залгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Хиагт хотод хоёр тохиолдол батлагдсан байна. Тиймээс бид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад онцгой анхаарал тавьж байгаа. Улаан бурхан өвчний эсрэг вакцины нэгдүгээр тунд 40 гаруй мянга, хоёрдугаар тунд 60 гаруй мянган хүүхэд хамрагдаагүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Иймд улаан бурхны дэгдэлт хөрш зэргэлдээ орнуудад гарч байгаа нөхцөлд дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллах болно” гэв.
ТОМУУГИЙН БОЛЗОШГҮЙ ЦАР ТАХЛЫН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ЭМЯ-ны зүгээс ДЭМБ-аас уриалсан “хэнийг ч орхигдуулахгүй байх” зөвлөмжийн дагуу алслагдсан аймаг, сумын хүн ам, тэр тусмаа малчдыг орхигдуулахгүй байх, үндэсний цөөнх, бэлгийн цөөнх, амьжиргааны түвшингээс бага орлоготой эрсдэлт бүлгийн хүн амын тусламж үйлчилгээг жигд хүргэхэд анхаарч ажилласан бөгөөд Ковид-19-ийн цар тахлын үед худал мэдээлэлтэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах, иргэдийн сэтгэлзүйг бэлдэх, зөв мэдээллийг цаг тухай бүр оновчтой өгөх, эрсдэлийн харилцааг сайжруулах, төлөвлөлтийг боловсронгуй болгох шаардлагатай байгааг танилцуулсан.
Цаашид салбар хоорондын уялдаа холбоог хангахаас гадна, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоход эрүүл мэндийн салбар манлайлах, бүсийн хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд цар тахлын эсрэг хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ёстой гэж үзэж байгаагаа хэллээ.
Түүнчлэн дараа дараагийн давалгаанд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг төлөвлөх эрх зүйн орчныг шинэчлэх, сүүлийн үеийн тооцоолол арга, аргачлалыг судлах, түүнийг хэрэглээ болгох, нэвтрүүлэх гээд хийх ажил, суралцах зүйл их байгаа бөгөөд сургамжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай.
Цар тахлын сургамжийг улс орон бүр бие биетэйгээ хуваалцаж, дараа дараагийн цар тахалд бэлтгэлтэй байснаар хохирол багатай даван туулах нь хамгийн чухал гэдгийг харуулсан учраас ЭМЯ санаачлан “Kоронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлын урт хугацааны төлөвлөгөө” боловсруулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын нэг хэсэг “Томуугийн болзошгүй цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлыг ДЭМБ-ын зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр хийх юм.
“Томуугийн цар тахлын үе шат бүрээр хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангахад шаардлагатай нөөцийг тооцоолох аргачлал” сургалт болон “Томуугийн болзошгүй цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт ширээний дасгал сургуулилалт, хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 18-20-нд зохион байгуулахаар төлөвлөснийг уулзалтын үеэр танилцууллаа.
Ц.БИЛЭГТСАЙХАН: Улаанбурханы вакцинд хамрагдсан хүүхдүүдэд 97-98 хувийн дархлаа үүсдэг
Цар тахлын дараагаар вакцинд хамрагдалт дэлхий дахин буурсан тул вакцинтай халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байна. М|анай улсад ч гэсэн энэ нөлөө ажиглагдаж байна. Тухайлбал томуугийн эсрэг вакцины хамрагдалт урьд жилүүдэд 95 ба түүнээс дээш хамрагдалттай байдаг бол өнгөрсөн жил 84-85 хувьтай буюу өмнөх жилүүдийн дунджаас 10 хувиар бага байна. Түүнчлэн товлолын дархлаажуулалт нь 95 хувиас дээш хамрагдалттай байдаг байсан бол энэ нь 2 хүртэлх хувиар буурч байна. Үүний цаана 100, 1000 хүүхдийн асуудал байдаг.
Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад сүүлийн таван жилд хийсэн судалгаагаар эхний тундаа 20,000 хүүхэд хоцорсон бол II тунд 47,000 хүүхэд хоцорсон байдаг. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй байдаг.
Улаанбурханы вакцины товлолын дагуу эхний тунг есөн сартайд хийдэг бол хоёр дахь тунг хоёр настайд хийж байж бүрэн тунд хамрагдлаа гэж үздэг. Вакцинд хамрагдсан хүүхдүүдэд 97-98 хувийн дархлаа үүсдэг. Тиймээс ямар нэгэн шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Харьяалал харгалзахгүй аль ч өрхийн эмнэлэг дээр очиж хийлгэх боломжтой.
Улаанбурхан өвчин нь бага насанд тусвал биеийн байдал хүндрэх, амь нас эрсдэх нь аюултай тул дархлаажуулалтад хамрагдаж, тарилгатай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлээрэй гэж уриалмаар байна.
“ШҮД” ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 7-ны хуралдааны 11 дүгээр тэмдэглэлд тусгасны дагуу Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хурал өнөөдөр /2023-04-13/ боллоо. Хурлыг Ажлын хэсгийн дарга, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд удирдаж Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын сургууль, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, “Мишээл кидс” сан болон хувийн хэвшлийнн шүдний эмнэлгүүдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хөтөлбөрүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж ирсэн хэдий ч иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал, хэвшил бүрэн төлөвшөөгүй, бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөлийн үзүүлэлтүүд буурахгүй байгаа тул энэхүү “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон, нэн чухал асуудал болохыг Ажлын хэсгийн дарга С.Энхболд сайд онцолсон. Энэ удаагийн хурлаар “Шүд” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, боловсролын байгууллагын хүрээнд хийгдэх ажлууд; эрүүл мэндийн даатгал, санхүүжилт; нүүр амны салбарын хүний нөөцийн бодлого, тусламж үйлчилгээний хүртээмж; мэдээллийн сан ба цахимжуулалт болон эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэв.
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙНХАН ВАКЦИН БИО БЭЛДМЭЛИЙН ТӨВ АГУУЛАХТАЙ ТАНИЛЦЛАА
НҮБ-ын Хүүхдийн сангийн Глобаль инноваци хариуцсан захирал Томас Давин, Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд зочилж тус сангийн дэмжлэгтэйгээр барьж 2021 онд ашиглалтад орсон Вакцин био бэлдмэлийн төв агуулахын үйл ажиллагаатай танилцлаа.
НҮБ-ын Хүүхдийн сан нь Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн банктай хамтран эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлын зэргийг сайжруулах зорилгоор ХӨСҮТ-ийн дэргэд байгуулсан Вакцин био бэлдмэлийн төв агуулахын үйл ажиллагааны талаар тус төвийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулсан. Тэрбээр “Бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран маш олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд вакцин, вакцины дагалдах хэрэгсэл нийлүүлэлт, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, хүний нөөцийг чадавхжуулах, эрсдэлийн харилцаа холбоог зохицуулах тал дээр хамтран ажиллахаас гадна коронавирусийн цар тахлын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус тус хамтран ажилласан. Вакцин био бэлдмэлийн төв агуулах нь бидний хамтын ажиллагааны нэг томоохон хэсэг бөгөөд товлолт вакцины дагалдах хэрэгслүүдийг бүх төрлийн хадгалалтын горимоор нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр стандартын дагуу хадгалж байна” хэмээгээд энэ ажлыг хийхэд гүн туслалцаа үлүүзсэн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийллээ. Хүүхдийн сангийн Глобаль инноваци хариуцсан захирал Томас Давин, Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар НҮБ-ын Хүүхдийн сан эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсад товлолт вакцинуудыг нийлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирснийг онцлоод хамтын ажиллагааны үр дүн болсон Вакцин био бэлдмэлийн төв агуулахын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид олон төсөл, хөтөлбөрийг хамтран амжилттай хэрэгжүүлэх итгэл дүүрэн байна гэсэн юм. ХӨСҮТ нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Вакцины дагалдах хэрэгслийн нийлүүлэлт, Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, Хүний нөөцийг чадавхжуулах, Эрсдэлийн харилцаа, холбоо, Вакцины нөөцийн бүртгэлийн программ, Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалт зэрэг олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн.
ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс өнөөдөр /2023.04.13/ сүүлийн өдрүүдэд эрчимтэй тархаж байгаа салхин цэцэг, мөн хөрш орнуудад дэгдээд байгаа улаан бурхан өвчний талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 12-13-ний байдлаар салхин цэцэг өвчний халдвар авсан 40 хүүхэд эмчлүүлж буй аж. Вирусын гаралтай, агаар дуслын замаар дамжин халдварладаг өвчин тул заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэдгийг зөвлөлөө.
ХӨСҮТ-ийн Тасгийн эрхлэгч н.Бурмаа:
Яаралтай тусламжийн тасгаар салхин цэцэг, улаан эсрэгэн өвчний халдвар авсан хүүхдүүд олноор ирж байна. Тэр дундаа салхин цэцэг өвчний халдвар өндөр байна. Салхин цэцэг өвчнөөр хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрээр өвдсөн заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Маш өндөр халдвартай, агаар дуслын буюу амьсгалын замаар халдварлана.
Эхний урьдал шинж: Толгой өвдөх, дотор муухайрах. Бага насны хүүхдэд суулгах шинж тэмдэг, уур уцаартай, ноомой байдалтай болж болно. Халуурах шинж тэмдэг илэрч болно. Хөнгөн, хүндээсээ хамаарч улаан бурхан, улаан эсэргэнэтэй төстэй тууралт гарна. Тууралт толбон, гөвдрүүн, цэврүүн тууралт гарна. Нэг талбайд нэлэнхүйдээ зэрэг гарна. Хүзүү, нүүр, их бие мөчид хэсгээр нэг цаг хугацаанд бүх талбайд гарна. Цэврүү тууралт хагарна. Биед нь шинэ тууралт гарах бүрийд халуурна.
Хөнгөн явж байгаа тууралт 3-5 хоног, хүнд үед 6-8 хоног халуурч болно. Арьс салстаар бүх тууралт гарч байгаа учраас мэдрэл, хоол боловсруулах, шээс дамжуулах эрхтэнд нөлөөлнө.
Цаашлаад залгиур хоолой өвтгөж болно. Менингит ч болох эрсдэлтэй.
Өвөрмөц бус хүндрэлийн үед арьс маш их загатнуулна. Цэврүү ихтэй тууралттай үед арьс их загатнаснаар нян хавсарч идээт тууралт болдог. Дунд чих үрэвсүүлэх, хатиг мундас гарна.
Ийм үед усанд сайн оруулах, агаарт гаргах шаардлагатай. Салхин цэцэг нэршлээс нь болоод салхинд гаргаж болохгүй биздээ гэж, эцэг эхчүүд их асуудаг. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ их хийнэ.
Вирусийн халдвар учраас ацекловерыг тав хоногоор 6-8 цагаар уухаар зөвлөдөг. Энэ өвчнөөс сэргийлэх арга бол амны хаалт зүүж, дархлааг нь дэмжих. Хүүхэд салхин цэцэг өвчний халдвараар өвдсөн бол олон нийтийн газраар очихгүй байх, бусдад тараахгүй байх нь чухал.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
Монгол Улсад улаан бурхан өвчин одоогоор бүртгэгдээгүй ч 2023 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 100 гаруй улсад 22 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Азийн улсуудаас Энэтхэг, Хятад, Филиппин улсад бүртгэгдээд байна. Мөн ОХУ-д бүртгэгдлээ.
2022 онд нийтдээ 182 улсад 172 мянган тохиолдол бүртгэгдсэн.
Монгол Улсад улаан бурхны эсрэг вакциныг 1973 онд анх нэвтрүлсэн. Улаан бурхан улаануудын эсрэг вакциныг нэвтрүүлээд 34 жил болсон. Сүлийн 14 жил гахайн хавдар, улаанууд, улаан бурханы эсрэг дархлаажуулалт хийсэн. Хоёр тун хийдэг. Есөн сартайд, хоёр настайд хийдэг.
1973-1989 оны хооронд улаан бурхны вакцин хийж байхад 3-4 жилийн давтамжтай бүртгэгдэж байсан.
Дэгдэлтийн тоо буурсан ч дөрвөн удаагийн давтамжтай дэгдэлт бүртгэгдсэн.
1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд улаан бурханы дэгдэлт бүртгэгдсэн.
Энэ дэгдэлт хараахан мнайд бүртгэгдээгүй ч бүртгэгдэх эрсдэл байна.
Улаан бурхны эрсдэлээ үнэлэх олон салбарыг хамруулсан эрсдлийн үнэлгээг хийсэн. Шадар сайдын тушаалын дагуу хийдэг. Шинээр сэргэж буй халдварт өвчний эсрэг бүх байгууллага хамтарч үнэлсэн. Тодорхой хэмжээний эрсдэл байна гэдэг дүгнэлт гарсан.21 аймагт танилцуулсан. ХӨСҮТ , ЭМЯ-наас тодорхой чиглэл хүрсэн. Нэмэлт дархлаажуулалт хийх бололцоотой. Дархлаажуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой.
ХӨСҮТ-ийн Дархлаажлуулалтын албаны дарга О.Дашпагма:
Улаан бурханы өвчний эсрэг вакциныг дангаар хийдэг байсан бол гурван хавсарсан вакциныг хийдэг. Эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд хийдэг. Уг вакциныг хийлгэснээр халдвараас 94-98 хувь сэргийлэх боомжтой. Насан туршдаа сэргийлэх дархлаа ч тогтдог. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдээ товлолт хугацаанд нь дархлаажуулалтад хамруулах шаардлага байна.
Улс орнуудад улаан бурхан өвчний тархалт өндөр байгаа нь дархлаажуулалтад хамрагдсан хүн амын тоо бага байгаатай холбоотой.
Монгол Улсын хувьд улаан бурхан өвчний эсрэг нэгдүгээр тунд хамрагдаагүй хүүхдийн тоо 40 мянга , хоёрдугаар тунд хамруулах ёстой хүний тоо 60 мянга байна гэдэг судалгаа гарсан.
Бага насны хүүхдийг товлолт хугацаанд нь вакцинд хамруулснаар нас баралт өндөртэй өвчнөөс сэргийлэх боломжтой.
Цаашдаа дэгдэлтээс яаж сэргийлэх вэ гэхээр вакциндаа хамрагдаагүй хоцрогдсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулах. Харьяалал харгалзахгүйгээр хамрагдах боломжтой. 0-15 насны хүүхдэд хийдэг товлолт вакцин нь үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй хийгддэг.
Нэмэлт дархлаажуулалтаар нэг тун хийж, дархлааг сэргээх арга хэмжээ авдаг.
Дэлхийн олон оронд улаан бурхан өвчний дэгдэлт бүртгэгдсэнээр 40 гаруй улс улаанууд, улаан бурхан өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийхээр төлөвлөөд байна.