“ӨВСНИЙ ҮНДЭС” ХӨТӨЛБӨРИЙН 217.1 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар хэрэгжих Хавдар судлалын үндэсний төвийн  цэвэр ус түгээх системийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Кобаяши, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар гарын үсэг зурж баталгаажуулсан төслөөр “Өвсний үндэс” хөтөлбөрөөс 217.1 мянган ам.долларын санхүүжилтээр тус төвийн хуучирч муудсан цэвэр ус түгээх системийг иж бүрэн шинэчлэх ажлыг хийх юм.
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болсон энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Кобаяши болон ЭСЯ-ны ажилтнууд, ХСҮТ-ийн төлөөлөл оролцов. Энэхүү төсөл нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн 593 дахь, ХСҮТ-д хэрэгжиж буй гурав дахь төсөл бөгөөд үр дүнд нь олон жилийн эдэлгээний явцад хуучирч муудан байнга ус алдаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж байсан бэрхшээл арилж эмнэлгийн эрүүл ахуйн орчин сайжирч, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтойг Элчин сайд Х.Кобаяши онцлон тэмдэглэсэн. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, уян хатан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэх замаар салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг Японы ард түмэнд гүн талархал илэрхийлээд  “Эрүүл мэндийн салбарт Япон улстай 1990 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан хамтран хэрэгжүүлж ирсэн.
Тэдгээрийн нэг хэсэг нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 593 дахь төслөө эхлүүлж буйд баяртай байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт анх 1990 онд В гепатитын вакцин үйлдвэрлэх технологийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын аймаг, сумдын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засвар үйлчилгээ, тохижилтыг хийх, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах зэргээр аймаг, нийслэл, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой жижиг, дунд хэмжээний цаг үеэ олсон, уян хатан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.
Өнөөдөр мөн энэ хөтөлбөрийн хүрээнд дахин нэг шинэ төслийг Хавдар судлалын үндэсний төвд хэрэгжүүлэх гэрээг байгуулж байна.
Эрүүл мэндийн салбарт “Өвсний үндэс” хөтөлбөрөөс гадна Япон улстай хамтран хэрэгжүүлж байгаа өөр олон төсөл, хөтөлбөр байдаг бөгөөд цаашид ЭМЯ-ны зүгээс харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, нягт хамтран ажиллах болно” хэмээсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийг нь ХСҮТ-ийн захирал 2018 оны зун үргэлжилж орсон борооны улмаас ХСҮТ усанд автахад тухайн үеийн Элчин Масато гуай сонин дээрээс уншлаа гэсээр өөрөө хүрч ирж уулзан дээврийн засварын санхүүжилтийг шийдэж өгсний ачаар дээврээс ус гоожих тухай асуудал үгүй болсон тухай дурсаад орлуулашгүй эмчилгээ хийдэг учир зөөлөн, эрдэсгүй чанар сайтай ус хэрэглэх зайлшгүй шаардлага байдаг тул цэвэр усны системийн шинэчлэлийн асуудлыг шийдэж өгч буйд талархал илэрхийлэв. ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү монголчуудын асуудлыг эгээ өөрсдийнхөө мэт үзэж тулгамдсан асуудлыг минь шийдвэрлэхэд гүн туслалцаа үзүүлж буй Японы ЭСЯ-ныханд талархал илэрхийлээд төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр тус төв Япон улсын тусламжаар 2000 онд анх удаа “Олимпус” дурангийн аппараттай болсон нь хавдрын оношлогоог шинэ шатанд гаргах эхлэлийг тавьсан төдийгүй өнөөг хүртэл сугалтын зориулалтаар ашиглаж байгааг дуулгаад тус улсад бэлтгэгдсэн өндөр мэргэжлийн чадварлаг эмч нар Монгол Улсад хаьвдрын өвчлөлийг эмчилж анагаах үйлсийн тэргүүн эгнээнд зүтгэж явааг дуулгалаа.

Угаарын хийн хордлого, хариу арга хэмжээ сургалтыг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс санаачлан “Угаарын хийн хордлогын үед үзүүлэх яаралтай тусламж, хариу арга хэмжээг сайжруулах, салбар дундын уялдаа холбоог нэмэгдүүлэх өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг чадавхжуулах” сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг НЭМҮТ, НОБГ, БЗД-ийн ОБХ, БЗД-ийн ЦГ, Цэргийн төв эмнэлэг, Тавантолгой түлш ХХК-тай хамтран зохион байгууллаа.

 

Баянзүрх дүүргийн хэмжээнд Угаарын хийн хордлогоор 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 тохиолдол бүртгэгдэж үүний 48 буюу 54.5% нь насанд хүрсэн иргэн ,  40 буюу 45.5%-ийг  хүүхэд тус тус эзэлж байна. Дээрх тохиолдол нь 4-13 нас, 20-59 насанд зонхилон тохиолдсон байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар авч үзвэл 2,4,5,8,9,12,16,18,19,21,22,24,27,28-р хороонд тус тус бүртгэгдэж 2, 5, 8, 9, 19,22-р хороонд тохиолдлын тоо өндөр байна.

 

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН БАЙДАЛ ӨССӨН ДҮНГЭЭР:

2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан – 35, эмнэлэгт хэвтэж тусламж үйлчилгээ авсан – 53 хүн байна. Үүнээс нас барсан 1, Маш хүн 1, Хзндэвтэр 9, Дунд 45, хөнгөн 32 хүн тус тус тусламж үйлчилгээ авсан байна.

ЦААШИД АНХААРАХ:

  1. Мэдээллийн нэгдсэн урсгал мэдээлэлтэй болох
  2. Бүртгэл,мэдээлэл тандалтыг сайжруулах
  3. Эрсдэлтэй айл өрхөд тогтмол хяналт тавих
  4. Мэдээлэл сургалт сурталчилгааг тогтмол хийж иргэдийг эрсдэлээс сэргийлэх хариу арга хэмжээг сайжруулах
  5. Салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хамтарч ажиллах

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

 

 

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 тохиолдол бүртгэгдэж үүнээс насанд хүрсэн иргэн 48, хүүхэд  40 тохиолдол тус тус бүртгэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр харьцуулахад 4-13 нас, 20-59 насанд тохиолдлын тоо өндөр бүртгэгдсэн байна.

Дээрх 88 тохиолдлыг хүйсээр авч үзвэл эрэгтэй 44 буюу 50%, эмэгтэй 44 буюу 50%-ийг тус тус эзэлж байна.

 

Нийт бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар авч үзвэл 2,4,5,8,9,12,16,18,19,21,22,24,27,28-р хороонд тус тус бүртгэгдэж 2, 5, 8, 9, 19,22-р хороонд тохиолдлын тоо өндөр байна.

 

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН БАЙДАЛ ӨССӨН ДҮНГЭЭР:

2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан – 35, эмнэлэгт хэвтэж тусламж үйлчилгээ авсан – 53 хүн байна. Үүнээс нас барсан 1, Маш хүн 1, Хзндэвтэр 9, Дунд 45, хөнгөн 32 хүн тус тус тусламж үйлчилгээ авсан байна.

Үзүүлэлт Хүний тоо
Угаарын хийн хордлогод өртөж, эрүүл мэндийн байгууллагад хандсан  хүний тоо 88
Хүйсээр: Эрэгтэй 44
Эмэгтэй 44
Насны ангиллаар:           Насанд  хүрэгчид 48
Хүүхэд 40
Тусламж авч буцсан 35
             ЦНТЭ-д хандсан 22
              ЭХЭМҮТ-д  хандсан 30
             СБДНЭ 1
Угаарын хийн хордлого оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн 53

 

 

 

 

ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН

БЗДЭМТ-ЫН ОРЧИН ХАРИУЦСАН ХАЛДВАР СУДЛААЧ Б.БОЛОРМАА

С.ЧИНЗОРИГ: ТУЛГАМДСАН АСУУДЛАА ЯРИЛЦАЖ, ГАРЦ ШИЙДЭЛ ХАЙСАН АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТЫГ УЛИРАЛ БҮР ХИЙСЭН Ч БОЛНО

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн сарын 18-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээж авч уулзан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал солилцох үеэр МЭМАҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультан, гишүүд, эмч, ажилтнуудтай хийхээр товлосон уулзалт өнгөрсөн баасан гариг /2023-03-10/-т МҮЭ-ийн Соёлын төв ордонд болсон. Эрүүл мэндийн салбарын төлөөлөл 200 гаруй хүн оролцсон уг уулзалтын эхэнд С.Чинзориг сайд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар танилцуулж эмч, эмнэлгийн ажилтнуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудынх нь талаар  сонсон шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм.
Тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын амаргүй хүнд цаг үеийн гол ачааг нуруундаа үүрэн зүтгэсэн эрүүл мэндийн салбарынханд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд УИХ-аас эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах, Засгийн газраас санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласны үр дүнд ковидын цар тахлыг хохирол багатай давсан цөөн орны нэг гэсэн үнэлгээг ДЭМБ-аас авсныг  дуулгав.
Сайд С.Чинзориг сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж ирсэн алдаагаа засч нийгмийн эрүүл мэндийн анхдагч суурь хуультай болох шаардлагатай байгааг онцлоод “Өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс нь өмнө урьчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоог оновчтой тодорхойлсон Нийгмийн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний тухай хуультай болохоор ажиллаж байна.
Хувь хүний эрүүл мэндийн 10-12 хувь л эрүүл мэндийн байгууллагатай хамааралтай, үлдэх 80 хувь өөрөөс нь шалтгаалдаг тул иргэний эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангасан үйл ажиллагааны цогц төлөвлөгөө, стратеги боловсруулан ойрын үед Засгийн газарт оруулна. МҮОНРТ-тэй иргэний эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар эрдэмтэн судлаачид, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсон хамгийн гол нь нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг системтэйгээр өгөх боломж бүрдэж байгаа.
Манайд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой стандартууд байдаг ч эдгээрийг боловсронгуй болгох шаардлага байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт мөрдөх үйлчилгээний стандарт гаргах нь зөв хэмээн үзэж лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад тохирсон стандартыг боловсруулж ирэх сарын 1-нээс мөрдүүлэх үүргийг өгсөн.
2011-2012 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин нэлээд бүрдсэн хэдий ч үүнээс хойш шинэчилсэн найруулгаар нэг ч хууль батлуулаагүй, суурь хуулиудын 60-70 хувьд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ тохиолдолд  батлагдсан хуулийн суурь концепц зарчим үндсэндээ алдагддаг учраас 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөж буй бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар Тамхины хяналтын тухай, Тусгай сангийн тухай, Эмийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг яаралтай оруулна. Тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхи гэж ямар ч зохицуулалтгүй, хяналтгүйгээр ялангуяа өсвөр насныхны хэрэглээ болоход ойрхон байгаа бүтээгдэхүүнийг утаат тамхитай адилхан худалдан борлуулах зохицуулалттай, татвартай болгохоос өөр аргагүй.
Монгол Улсад эмчилж, оношилж чадахгүй 26 төрлийн өвчин байгааг 2017 онд сайдын тушаалаар баталгаажуулсан байдаг. Нэгэнт өөрсдөө эмчилж оношилж чадахгүй бол эдгээр өвчнөөр өвчилж шаналж байгаа иргэддээ тодорхой дэмжлэг үзүүлдэг байхаас өөр аргагүй. Иргэнээ дээдэлсэн ардчилсан төртэй улсын хувьд ийм арга хэмжээ авах ёстой. Тиймээс дотооддоо эмчилж чадахгүй байгаа өвчнийг анагаах арга технологи, эмнэл зүйг оруулж ирж нутагшуулбал зардлыг нь ЭМДС-гаас санхүүжүүлдэг байх зохицуулалтыг хийхийн тулд Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна.
Иргэд сүүлийн нэг жилд эм, тарианы үнэ маш их өссөнийг ярьж байгаа. ҮСХ-ны судалгаагаар нэг жилийн хугацаанд эм тарианы үнэ 40 хувиар нэмэгдсэн дүн бий. Эм тарианы чанар, соёлтой хэрэглээг төлөвшүүлэх, мөн онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх эм тарианы улсын нөөц бүрдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудал эмийн салбарт байгаа тул   Эмийн тухай хуулийг УИХ-д яаралтай оруулж тулгамдсан асуудлыг нь шийдэх гарц шийдлийг олох ёстой” хэмээсэн.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлээр санхүүжилтийн  тогтолцоонын талаар “Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор гүйцэтгэлийн санхүүжилт бодитойгоор хэрэгжсэн гэж хэлэхэд хэцүү байх. Болж байгаа ч зүйл бий, болохгүй байгаа нь байна. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой асуудлаар Ц.Эрдэмбилэг зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг гаргаад зарим тусламж үйлчилгээний өртгийг дахин хянах, тарифт өөрчлөлт оруулах замаар ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлага байна. Шулуухан хэлэхэд энэ гүйцэтгэлийн санхүүжилт өвчлөөд байвал сайн, хэвтэн эмчлүүлээд байвал сайн, өндөр өртөгтэй шинжилгээ, мэс засал хийгээд байвал сайн гэдэг рүү явж байна. Клиник эмнэлгүүд дээр амбулаторийн үйлчилгээ байхгүй болсон. Хувийн эмнэлгүүд зөвхөн өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээг шүтэж, үзүүлж байгаа үйлчлүүлэгчийг шаардлагатай эсэхээс үл хамааран өндөр өртөгтэй MRI, томографт харуулахыг зөвлөж байна. Бүр тодруулбал, хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр хүн тутмын нэг нь өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээнд хамрагдаж байгаа дүн бий. Энэ бүхнээс харахад гүйцэтгэлийн санхүүжилт яг таг таарч байна гэхэд өрөөсгөл. Дэлхий нийтийн хандлага, өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 50-иас дээш хувь нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээ байдаг бөгөөд санхүүжилтийнхээ 50-80 хувийг энэ чиглэлд зарцуулдаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээнд санхүүгийн эх үүсвэрийнхээ дөнгөж 19 хувийг өгч байгаа нөхцөлд орон нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд ЭМДС-гаас жилд 200 орчим тэрбумын санхүүжилт авч, нийт ачааллын 31 хувийг дааж байхад тэдэнтэй яг ижил хэмжээний санхүүжилт авдаг хувийн эмнэлгүүд ачааллын ердөө 7.0 хувийг үүрдэг. Эндээс харахад хувийн эмнэлгүүд өндөр өртөгтэй, зардал багатай, хөнгөвтөр өвчтөнийг авдаг. Дүүргийн эмнэлгүүд өртөг багатай, зардал ихтэй, хүнд өвчтөнүүдийг авдаг. Тиймээс санхүүжилтийн аргад өөрчлөлт хийхээс аргагүй байна.
ЭМДҮЗ-ийн тогтоолд анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих чиглэлд өөрчлөлт оруулж, энэ хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг ч давхар авч үзэх, эх үүсвэрийг бий болгох шаардлага байгаа” гээд салбарын ажиллагсдын цалин хөлсний тогтолцоонд өөрчлөлт оруулах зорилгоор ХНХЯ-тай хамтран Ажлын хэсэг гаргасан. Энэ Ажлын хэсэгт эрүүл мэндийн байгууллагууд, үйлдвэрчнийхэн гээд бүхий л талын төлөөлөл орсон гэдгийг хэлж байлаа.

Уулзалтад оролцогчдоос эмнэлгүүдийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилт, ажиллагсдын цалин, нийгмийн хамгаалалтай холбоотой олон санал хэлсэн.

Тухайлбал,
-Эмч нарын цалингийн асуудлыг яаралтай авч үзэхгүй бол чадварлаг боловсон хүчнээ гадагшаа алдаад дуусах нь.
-Гадны улс орнуудад эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан багш эмч нараар гүйцэтгэлийн санхүүжилтийн хяналт хийлгэдэг тогтолцоог нэвтрүүлэх
-Лавлагаа шатны эмнэлгүүдэд ТУЗ байх нь зөв эсэхийг эргэж  харах
-Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн бодлого алдагдсан, сувилагчийг хуучин системийн үед хоёр жилээр бэлтгэдэг байсан. Хийх ажил, хүлээх үүрэг нь өөрчлөгдөөгүй атал одоо дөрвөн жил сургаж байгаа нь хувийн сургуулийг л тэжээх гэсэн арга
-Яаралтай түргэн тусламж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордоггүй, цалин ч ялгаагүй учраас сүүлийн үед резидентүүд сонгохоо больсон. Одоогийн байдлаар УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг л яаралтай тусламжийн эмчээр хангагдсан бусад эмнэлэгт хомсдолтой
-Эмч нарыг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй. Иргэдийн дарамтад ажилладаг болсон. Эмч эмнэлгийн мэргэжилтэний нэр хүндийг сэргээх, иргэдэд ойлгуулах эерэг хандлагатай үйлчлүүлэх соёлтой үйлчлүүлэгчийг бий болгомоор байнаа.
-Эмнэлгүүдэд парк шинэчлэл хийж туулах чадвар сайтай машинаар хангах
-Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон хүмүүс хэзээ чөлөөлөгдөх вэ
-ХӨСҮТ-ийн үндсэн үүрэг халдварт өвчний дэгдэлтийг хумих, өвчин гарахгүй байхад чиглэх ёстой атал гүйцэтгэлийн санхүүжилтээр өвчин гарч байвал авах мөнгө нь их байх буруу зохицуулалттай байна.
-Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн Засгийн газрын 107 дугаар тогтоолоор цалинждаг. Үндсэн цалинг дор хаяж 30 хувиар нэмж өгнө үү
-Ур чадварын нэмэгдэл олгох боломжийг бүрдүүлэх
-Хамтын төлбөрийн тогтолцоонд шилжиж байж иргэд эрүүл мэнддээ анхаардаг болохоос гадна ЭМДС-д   төвлөрөх мөнгө нэмэгдэж ажиллагсдын цалинг бодитоор нэмэх боломж бүрдэнэ
-Хөдөлмөрийн  норм норматив гэж байна уу? Робот ч байсан амжуулахгүй их ажлыг хийж байна. Өвдөж ч чадахгүй сувилагч нар маань зүтгэж байна. Суурь норм норматив байхгүй бол юутай харьцуулж гүйцэтгэлийг үнэлэх вэ?
-Томилолтын мөнгө, урамшуулал болон илүү цагийн хөлснөөс татвар, нийгмийн даатгалын шимтгэл авахгүй байж болохгүй юу
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийг дахин тооцож зарим үйлчилгээний үнэлэмжийг дээшлүүлэх шаардлага байна
-Эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг орон сууцны ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах зэрэг салбарын үйл ажиллагаатай хэлсэн санал бүрийг нухацтай авч үзэж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, МЭМАҮЭХ-той хамтран төлөвлөгөө гарган ажиллана. Салбарынхаа тулгамдсан асуудлыг ярилцаж, гарц шийдэл хайсан ажил хэрэгч уулзалтыг уламжлал болгон улирал бүр зохион байгуулдаг байхад болохгүй зүйл үгүйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

Сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах чиглэлээр дүүргүүдийн сэтгэц, дотоод шүүрлийн болон аддиктологийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжууллаа

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх онол, практик хосолсон уулзалт, сургалт энэ сарын 10-ны өдөр боллоо.

Тус сургалтыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл сүрьеэгийн ирээдүйн төлөө ТББ-аас ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Сүрьеэгийн мэс заслын тасаг болон НЭМГ-тай хамтран “Үндэсний хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Үүний үр дүнд  ахмад настан, чихрийн шижин, архины хамааралтай иргэдэд тусламж үйлчилгээгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүд болон дүүргийн амбулаторийн эмч нар сүрьеэгийн ялган оношилгоо зөв хийх, цаашлаад сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, оношилгоог эрт үед нь илрүүлэх олон талын ач холбогдолтой болох юм.

Сургалт, уулзалтын үеэр ХӨСҮТ, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг “Өнөөдрийн сургалтаар сүрьеэгийн тусламж үйлчилгээнд юуг анхаарах вэ , тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх вэ, сүүлийн үеийн тоо мэдээлэл ямар байгаа вэ, төрийн болон төрийн бус байгууллага, холбоодын хамтын ажиллагаа ямар чухал вэ зэрэг асуудлуудаар мэдээлэл солилцож, эмч, мэргэжилтнүүдэд онол, практикийн дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь онцлогтой болж байна.

Өнөөдрийн уулзалтаар бид бүхэн эрүүл мэндийн салбар, түүн дотор архины хамааралтай, ахмад настан хүмүүстэй ажиллаж байгаа  Геронтологийн Үндэсний Төв, Аддиктологийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг  сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах талаас нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, чадвахжуулах чухал алхам болж байна. Сүрьеэ өвчин нь нийгмийн халдварт өвчин бөгөөд ихэвчлэн амьсгалын замаар дамждаг, цаашлаад нийгэм, эдийн засгийн маш томоохон хор хохирол учруулдаг сөрөг үр дагавруудыг авчирдаг учраас сүрьеэгийн тусламж үйлчилгэг сайжруулах, цаашид “сүрьеэгүй Монгол” болоход дан ганц эрүүл мэндийн салбарын биш бүх салбарынхан оролцоо, дэмжлэг чухал юм.

Ирэх 03 дугаар сарын 24-нд болох “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ жил “Тиймээ, бид сүрьеэг устгаж чадна” гэсэн уриатайгаар улс орнууд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ,  нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллага зэрэг төр болон төрийн бус байгууллагууд хамтран  эрт илрүүлэг үзлэг, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.” гэв.

ЭСИТ ТББ-ын гүйцэтгэх захирал М.Тунсаг “Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг сайжруулах, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, эмчилгээний амжилтыг сайжруулах,  халдварт бус өвчин түүн дотор чихрийн шижин, архины хамаарал бүхий иргэд, ахмадуудад сүрьеэ өвчнөөс эрт илрүүлэг,  оношилгоо хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл солилцож, эмч, мэргэжилтнүүдийг илүү чадавхжуулахад анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд хамтарсан уулзалт, сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн  сургалт нь  эмч, мэргэжилтнүүдэд онол, практикийн мэдээлэл олгохоос гадна  ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн мэс заслын тасагт эмнэлзүйн дадлага хийлгэж,  сүрьеэгийн ялган оношилгоог хийх тал дээр илүү чадавхжуулж байгаагаар илүү ач холбогдолтой боллоо. Ахмад настан, архины хамааралтай, чихрийн шинжин болон амбулаторид тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүд эмнэлзүйн дадлагаар сүрьеэгийн бодит кейсүүдтэй танилцаж, цаашдын ялган оношилгоо үр дүнтэй хийх тал дээр суралцлаа.

Мөн уушгины бус сүрьеэгийн ялган оношилгоо, эмчилгээ, хяналтын талаар МУ-ын гавьяат эмч, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын тасгийн зөвлөх эмч  Ц.Рэнцэнмягмар онол, практик хосолсон мэдлэг, мэдээлэл олголоо. Энэ бол маш ач холбогдолтой сургалт боллоо.

Чихрийн шижинтэй иргэд хавсарсан оношоор сүрьеэгийн тусламж үйлчилгээнд оройтож ханддаг. Мөн ахмад настан болон архины хамааралтай, архисах өвчтэй хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл байдаг. Үүнийг илрүүлж чадахгүйгээс болж хүндрэх тохиолдлууд гардаг. Тиймээс дээрх чиглэлийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, чадавхжуулах нь илүү цаг үе олсон сургалт болсон гэж харж байна.

Сургалтыг зохион байгуулахад дэмжин ажилласан ХӨСҮТ-ийн СТСА, Мэс заслын тасаг, НЭМГ, Геронтологийн Үндэсний Төв , Аддиктологийн төв, Чихрийн шижингийн холбоод талархал илэрхийлье ” гэв.

 

ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Үжил, үжлийн дайрлага” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлыг тус төвийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Мөнхбаяр удирдаж, ЭХЭМҮТ, “Өргөө”, “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гурвангал эмнэлэг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багануур дүүрэг, Жаргалант тосгоны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч зэрэг 370 гаруй хүн оролцлоо.  
Цахим хурлаар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны менежер Ч.Батхишиг эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Лхагвасүрэн “Үжил, үжлийн дайрлага” сэдвээр онолын мэдээлэл хийлээ.  ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр, Б.Лхагвасүрэн нар эх барихын үжлийн талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж, эмнэл зүйн арга, эмчилгээний талаар тодорхой мэдээллийг өгсөн. Үжил бол амархан үүсдэг, хурдан явцтай, хоруу чанар өндөртэй, үхэлд хүргэдэг. Халдварын эсрэг бие махбодын хариултын зохицуулга алдагдсанаас улбаалсан амь насанд аюултай эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдлыг үжил гэж тодорхойлдог. Үжилд биологийн гурван хүчин зүйл болох үүсгэгчийн хоруу чанар, организмын урвалт чанар буюу төрсний дараах үе, дааврын байдал зэрэг нөлөөлдөг. Тухайлбал, чихрийн шижингийн хүнд хэлбэр, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааны гүнзгий алдагдал, халдвар нэвтэрч орох зам, хэр удаан оршин байх нь үжлийн шок үүсэхэд нөлөөтэй. Эх барихын үжлийн шокийн онцлог нь нэг ба олон халдварын голомт байдаг төдийгүй нянгийн хавсарсан шалтгаантай байж, халдвар хордлогын шок, олон эртхний дутагдалд түргэн хүргэдэг. Олон эрхтний үйл ажиллагааны үнэлгээг SOFA оноогоор үнэлэх ёстой ба хамгийн чухал нь эрчимт эмчилгээний тасагт эмчилж, хяналтыг байнга хийх ёстой. Үжлийг эрт таньж оношилж, эмчлээгүй алтан цаг эргэж олдохгүй гэдгийг эмч, мэргэжилтэн бүр сайн санаж байх. Үжлийн үед антибиотик эмчилгээг эхний нэг цагийн дотор заавал хийх, цагаа олсон, өргөн хүрээний, үр дүнтэй, өвчтөн бүрт өөрт нь тохирсон зэрэг зөв эмчилгээг нэн даруй эхлүүлэх шаардлагатайг онцлон зөвлөв.

ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ДЭМБ-ТАЙ ХАМТАРЧ ХИЙХ АЖЛУУДАА ХЭЛЭЛЦЛЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантетэй уулзаж, хамтын үйл ажиллагааны хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Тус уулзалтаар:

  • ГССҮТ-ийг ДЭМБ-ын дэргэдэх Гэмтлийн төвтэй холбож, хамтын ажиллагааг эхлүүлэх,
  • Ослын цэгээс эмнэлэг хүртэлх анхны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд яаралтай түргэн тусламжийн үндэсний тогтолцоо, сүлжээг бий болгох,
  • Орон нутгийн яаралтай тусламжийн бүсчлэлийг тогтоох ажлыг хамтран хэрэгжүүлэх,
  • Орон нутгийн хэмжээнд гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх,
  • Эмч, мэргэжилтнийг сургах, чадавхжуулах цогц сургалтыг зохион байгуулах,
  • Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,
  • Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээллэх сургалт хийх,
  • Гамшиг ослын үеийн яаралтай тусламжийн багийг /ЭMT/ бэлтгэх, чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын сүүлээр зохион байгуулах зэрэг ажлуудыг ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хийхээр болсон байна.

Эрт илрүүлэгт 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй үзнэ

Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилгыг өнгөрсөн онд гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байхгүй боломж. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.

Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД МҮОНРТ-ТЭЙ ХАМТАРНА

Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд Монголын үндэсний олон нийтийн телевиз, радиотой хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд нийгмийн бүхий л салбарын оролцоог хангаж үйл ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлэх, иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээллийг хүргэхийн хамт салбарын амжилт, шинэ технологи, инновацийг сурталчилах үйл ажиллагаа явуулах юм.
 Дэлхий нийтэд эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, ажиллаж, амьдарч, сурч байгаа орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхэд нь хувь хүн, олон нийт, байгууллага, хамт олонд туслах, олон салбарын хамтын үйл ажиллагааг чиглүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахад чиглэж байгаа энэ цаг үед  чухал ач холбогдолтой уг Санамж бичиг энэ сарын 15-наас эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжинэ. Санамж бичигт гарын үзэг зурах ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах саналыг хүлээж авсан МҮОНРТ-ийн удирдлагуудад талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хүн амын 30 хүрэхгүй хувь хамрагдсан байгаа ч цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлэн бүх хүмүүсийг хамруулах зорилготой ажиллаж байна. Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 61 хувь нь шүд цоорох өвчтэй, насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судасны өвчлөл их байгаа дүн гарсан. Энэ үр дүнгээс бид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байж, амьдралын эрүүл хэв маягаа өөрчилж, буруу дадал хэвшлээс салахад нь туслах зайлшгүй шаардлага байна гэж үзэж МҮОНРТ-тэй хамтран ажиллах санал тавьсан юм.
Тэгээд ч дэлхийн улс орнуудын туршлагаас харахад нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнээс дутахгүй анхаардаг. Гэтэл манай  улсын хувьд иргэдийг өвчлөхөөр нь эмчлэх тухай л ярихаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаад дүгнэлт хийж нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих цогц төлөвлөгөөг салбарын яамдтай хамтран боловсруулахаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар хувь хүний эрүүл мэндийн 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой. Үлдсэн 85-90 хувь нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэсэн байдаг.  Тиймээс бид МҮОНРТ-тэй хамтран иргэдийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, контент, нэвтрүүлэг, сурталчилгааг хамтран бэлтгэж олон нийтэд хүргэх зорилго тавьж байна” хэмээсэн. МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар “Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллах санал тавьсны дагуу Санамж бичиг байгуулж байна. Манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн шалтгаан нь иргэд эрүүл мэндийн боловсрол тааруугаас улбаатай. Мөн буруу дадал зуршил, хоол хүнсний зохисгүй хэрэглээ зэргээс үүдэж байгаагаас гадна суурин амьдралын соёл ч нөлөөлж байгаа. Тиймээс хэн нэгнийг өвдсөнийх нь дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэх нь өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа тул бидний бэлтгэх мэдээ мэдээлэл энэ тал руу түлхүү чиглэх ч өвдсөн тохиолдолд яаж эмчлэх талаар ч мэдлэг мэдээлэл олгоно. Ингэхдээ хүмүүст хамгийн амархан ойлгох байдлаар нь хүргэнэ гэж төлөвлөж байгаа юм” хэмээн ярьсан.

ХӨСҮТ: Монгол Covid-19-гүй улс болж, PCR шинжилгээ хийхгүй

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурсан. Иймд улсын хэмжээнд ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна.

Хятад руу нэвтрэхэд л иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.

Улсын хэмжээнд долоон хоногт Covid-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй.

Харин томуу томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд арванхоёрдугаар сараас нэмэгдсэн. Иргэдийн дунд өвчлөл их байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж байна. Тиймээс иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд очиж томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эмнэлгээс тусламж үйлчилгээ авч буй нийт иргэдийн 16 хувийг томуу эзэлж байна. Энэ жил улирлын үүсгэгч  болон В вирус хүн амын дунд зонхилжээ. Хоёр хүртэл настай хүүхдүүдэд уушгины өвчлөл түгээмэл байна. Улирлын томуугаас бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамгаалах шаардлагатай. Эдгээр эрсдэлт бүлгийн иргэд дүүргийн эмнэлэгтээ хандан, томуугийн вакцин хийлгэх боломжтой.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ