Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.
Мөн авлига, албан тушаалын хэрэгт төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
 
Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмж хангана
Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмэлтээр хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, эрүүл мэндийн салбарын цахим системийн хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулахад техник, хангамжийн бүрдэл, тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд,  хүн амын эрүүл мэндийн боловсролыг дэмжих салбар хоорондын хамтарсан цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг Эрүүл мэнд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт тус тус даалгав.
Мөн “Шүд” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, Нүүр, ам судлалын үндэсний төв байгуулах асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов.

 

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уламжлалт өглөөний уулзалтаараа нүүр, амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзав. Нүүр, ам судлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярболд илтгэл тавилаа. 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхдийн өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5, шүдний гажиг 2.4, хараа муудах 1.1 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 121,602 тохиолдол буюу 83 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байна. Шүд цоорох өвчний тархалт дэлхийн улс орнуудын дундаж 40-45 хувь байхад Монгол Улсын дундаж 80-99 хувьтай буюу хоёр дахин их байгааг танилцууллаа. Мөн өнөөдрийн уулзалтад Монгол Улсад нүүр, ам судлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудал сэдвээр “Импайр Дентал” клиникийн захирал Б.Энхбаатар илтгэл тавилаа. Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг шинээр зохион байгуулах, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийг өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалаас шүдний хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгох зэрэг санал гаргав.
Уулзалтад оролцогч төр хувийн хэвшлийн төлөөллүүд мөн саналаа хэллээ. Орон нутагт шүдний эмч дутагдалтай байгаа асуудлыг шийдэх, нүүр, амны эрүүл ахуйчийг бодлогоор бэлтгэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд шүд угаах цаг гаргах, орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах хэрэгтэйг тэд хэллээ.  
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтад оролцогчдын саналыг сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд авах арга хэмжээг цогцоор тусгасан танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Эрүүл мэндийн даатгалаас хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд санхүүжилт авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх асуудлыг судлах, 2024 онд “Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөө гаргах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг өглөө.
 

АГААРЫН БОХИРДОЛ МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсад анх удаа болсон агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалтаар агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 50 шахам орны 200 гаруй төлөөлөгч санал солилцсон билээ.  
Чуулга уулзалтаар ярилцсан үндсэн таван сэдвийн нэг “Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийн хүрээнд ЭМЯ-ыг төлөөлөн Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Агаарын бохирдол-эрүүл мэнд” итгэл тавьсан юм. 

Тэрбээр илтгэлдээ ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн хэмжээнд жилд  12.6 сая хүн нас барж буйн 23 хувь нь хүрээлэн буй орчинтой холбоотой байгаа бөгөөд агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судасны, мэдрэлийн тогтолцоо, хорт хавдрын өвчлөл үүсгэх эрсдэлтэйг онцлоод 2021 онд хийсэн  “Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” судалгаагаар уушгины хатгалгааны 18.03 хувьд, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.29, зүрхний ишемит өвчний 31.45, тархины судасны өвчний 30.98 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоосон зэрэг мэдээллийг хуваалцлаа.  
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын судлаачид агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлалын тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байгааг тогтоож, түүнийг бууруулах, сэргийлэх чиглэлээр санал зөвлөмж боловсруулан зохих түвшинд танилцуулж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсээр ирснийг дурдаад агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн эрүүл мэндийн байдалд хэрхэн нөлөөлөх талаар хийсэн судалгаануудад үндэслэсэн тодорхой мэдээллүүдийг өглөө.
Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5-ын хэмжээ нэг нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн томуу, уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо 15-аар нэмэгдэж байхад агаар дахь РМ2.5-ын концентраци 100 мкг/м3 буурахад амьсгалын замын өвчний шалтгаанаар нас барах тохиолдол 11-ээр, зурх судасны тогтолцооны өвчний шалтгаанаар нас барах тохиолдол 5-аар тус тус буурах хандлагатай. РМ 2.5-ын агууламж 200 мкг/м3– ээр бууруулахад хүйтний улиралд амьсгал, зүрх судасны шалтгаант нас баралтыг 28 хувиар бууруулах боломжтойг судалгаагаар тогтоосон болон гадаад орчны агаарын бохирдуулагч NO2-ийн түвшинг 2017 оны дунджаас 50 хувиар бууруулж  чадвал 2027 онд 0-19 насны хүүхдийн шинээр илрэх багтраа өвчин 2,7 болно. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй үргэлжилсээр байх тохиолдолд  2017 онд  100 000 хүн амд 6,6 бүртгэгдэж байсан багтраа өвчин 2027 онд 16,7 болж өсөн шинээр бүртгэгдэх магадлалтайг судлаачид тогтоосныг илтгэлдээ дурдсан. 
Оксфордын бодлогын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд манай орны судлаачидтай хамтран 2017 онд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судалсан, судалгаагаар агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд 10.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бөгөөд хэрэв агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд дээрх мөнгөн дүн 24.8 тэрбум төгрөг болж 2016 оны тооцооллоос даруй 2.3 дахин нэмэгдэх судалгаа бий.  

Цаашид агаарын бохирдлыг бууруулахаас гадна агаарын чанарыг сайжруулах чиглэлд “Цэвэр түлш Монгол Улсын агаарын чанарын стандартыг ДЭМБ-ын агаарын чанарын шинэчлэгдсэн удирдамжтай уялдуулан шинэчлэх, орчин бохирдуулсны төлбөрөөс тодорхой хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхтэй оролцоог дэмжих, иргэдийг орчны бохирдлын өртөлтөөс хамгаалах, дотоод орчны агаарын стандарт боловсруулж, батлуулах, эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай PM2.5-г хэмжих чадавхийг улсын хэмжээнд сайжруулах, орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авах зайлшгүй шаардлага байгааг “Цэвэр агаар” дээд хэмжээний уулзалтад оролцогчдод танилцуулсан юм.

ЭМД-аас уналт таталтын эм бэлдмэлийг хөнгөлөх хувь хэмжээг танилцуулав.

Уналт таталтын эсрэг 77 нэр төрлийн эм 70 хувь хөнгөлөлттэй үнээр бол байнгын асаргаа, хяналтад байдаг 0-18 насны хүүхдүүдэд уналт таталтын эсрэг эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгох юм байна.

Иргэд ирэх сарыг дуустал эрт илрүүлэгт хамрагдах боломжтой

Эрүүл мэндийн яам өнгөрсөн жилээс иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах санаачилга гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байдаггүй боломж. Нэг талаар энэ нь иргэдийн хайнга байдлыг өөгшүүлж буй мэт боловч нөгөө талдаа цөөхөн хүн амтай Монгол Улсад нэг хүний амь нас ч үнэ цэнтэйг харуулж байна. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга гаруй хүн хамрагдаад буй.

Тус эрт илрүүлгийн үзлэг ирэх дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх учир хамрагдаагүй иргэд харьяа эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна.

Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.

35 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЗНЭ

Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргаад байгаа. Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой хэвээр байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явна гэсэн тайлбар өгсөн.

Тиймээс харьяа өрх, дүүргийн эмнэлгээс тодруулж нэр заасан хувийн эмнэлэгт ч тус үзлэгт хамрагдах боломжтой. Эрт илрүүлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй төдийгүй үзлэг оношилгоо ч сайн хийгдэж буй болохыг ЭМЯ-наас тайлбарлаж байна. Мөн өвчлөл хүндрэх эрсдэл бууруулах давуу талтайг онцоллоо. Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтойг салбарын сайд хэлсэн юм.

Одоогоор Улаанбаатарт хийгдсэн үзлэгийн хувьд Баянзүрх дүүрэг нийт үзлэгийн 27 хувь, Баянгол дүүрэг 24,3 хувийн хамрагдалттай буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлттэй байна.

Харин аймгуудын мэдээллийг харьцуулахад Өвөрхангай аймаг нийт үзлэгийн 4,1 хувь, Орхон 3,7, Хөвсгөл 3,5, Сэлэнгэ 3,1, Баян-Өлгий 2,9 хувьтай байгаа аж. Тиймээс иргэн бүрийг эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАХАД НӨЛӨӨЛӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НЭГ ЦАЛИН ХӨЛС ЮМ

БЗДЭМТ нь 2022 оны 07 дугаар сараас нийт ажилчдын дунд нөхцөл байдлын судалгааг хийж, тулгамдаж буй асуудлыг илрүүлж, эрэмблэн шийдвэрлэж эхэллээ. Үүнд шуурхай шийдвэрлэх боломжтой нэг асуудал нь ажилчдын цалин хөлс, урамшуулал байв. Энэ асуудлыг шийдвэрлэхээр БЗДЭМТ-ийн даргын Б/230 дугаар тушаал гарч нийт ажилчдын үндсэн цалинг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тохиолдолд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийг БЗДЭМТ нь нийт эмч, сувилагч, ажилтан албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чадварлаг боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах, ажилчдыг хөгжүүлэх, ажилчид өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг олгох дэмжлэг гэж үзэж нийт ажилчдын цалин хөлсийг цаашид тогтвортойгоор нэмэгдүүлэх бодлого барьж 2023 оны 01 дүгээр сараас БЗДЭМТ-ын даргын Б/37 тоот тушаалаар дахин ажилчдын үндсэн цалинг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Ингэснээр БЗДЭМТ-д ажиллаж байгаа нийт эмч, сувилагч, ажилчдын цалин бодитоор 400,000 төгрөгөөр сүүлийн 6 сарын дотор нэмэгдсэн байгаа юм.Нэг ёсондоо цалин хөлс тэтгэмж сайн байвал тэр хэрээрээ эмч сувилагч нарын хүний нөөцийн асуудал сайжрах юм.

Үндсэндээ 2022.07.01-нээс нийт ажилчдын үндсэн цалинг 300 мянган төгрөгөөр, мөн 2023.01.02-ноос хойш бүх ажилчдын үндсэн цалинг 100 мянган төгрөгөөр буюу нийтдээ 42-81 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг юм.Үндсэн цалинг тогтвортой нэмэгдүүлснээр БЗД-ийн эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцийн дутагдлыг 5% болтол бууруулж чадсан бөгөөд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийг эмч, эрэгтэйчүүдийн эмчийг бүрэн орон тоогоор ажиллуулж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс гадна, ажлын байрандах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ёс зүйтэй байдал, хариуцлагыг сайжруулах гол зорилготой юм. Үүний үр дүнд салбарын үйл ажиллагаа цалгардахгүй, иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хугацаа алдахгүй чанартай, хүртээмжтэй авах боломжтой болох юм. Мөн чадварлаг боловсан хүчний нөөцөнд тулгуурлаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлж иргэд дүүрэгтээ хүссэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломж нэмэгдэнэ хэмээн БЗДЭМТ-ийн дарга Г.Ууганцэцэг онцолж байлаа

 

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ УНАЛТ ТАТАЛТЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГ БИЕ ДААН ХИЙЖ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Манай улсад эпилепси буюу унаж татах эмгэгийн оноштой хүмүүст өнөөдрийг хүртэл зөвхөн эмийн эмчилгээ хийгдэж ирсэн бол Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархи мэдрэлийн мэс заслын өндөр, нарийн хүчин чадалтай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдснээр өнгөрсөн жилээс эхлэн энэ төрлийн эмгэгийн зарим хэлбэрүүдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж эхлүүлээд байна.
Япон, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эпилепсийн эмгэгээр мэргэшсэн мэдрэлийн эмч, тархи мэдрэлийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч, нейрофизиологич, мэргэшсэн сувилагч зэргээс бүрдсэн өндөр мэргэшсэн ур чадвартай мэргэжлийн багаар уналт таталтын голомтыг лазераар түлэх, эмгэг дохиог өөрчлөх, саармагжуулах төхөөрөмж суулгах зэрэг мэс заслын дэвшилтэт аргуудыг өргөнөөр ашиглан хийдэг ба энэ төрлийн мэс заслын эмчилгээ нь хүнд хөнгөнөөсөө хамаарч ойролцоогоор тавиас зуун хорин мянган ам доллар орчмын өндөр өртөгтэй байдаг тул манай иргэд тэрбүр гадагшаа эмчилгээнд явах боломж хязгаарлагдмал байдаг. Тэгвэл тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нарын баг гадаадын зочин профессорын баг болон дотоодод эпилепсийн мэргэшсэн туршлагатай эмч нарын хамтарсан багаар өнгөрсөн оноос эхлэн эмэнд дасалтай чамархайн эпилепсийн голомтыг авах мэс засал, таталтын голомт үүсгэж байгаа тархины дисплазийн өөрчлөлтөт эмгэгийг тайрч авах мэс засал, таталтаас болж гэнэт амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох (Леннокс Гастогийн хам шинж) эмгэгийн үеийн Каллозотоми мэс засал зэрэг нарийн төвөгтэй нийт 14 тохиолдолд мэс засал эмчилгээг тус тус амжилттай хийгээд байна. Мэс засал эмчилгээний дараах 6-8 сарын хяналтын туршид байнгын эмийн тунгийн хэрэглээ багасч, уналтын давтамж бүх тохиолдлуудад 60-70 орчим хувиар цөөрсөн, зарим тохиолдол нь эмчилгээний дараа дахин унаагүй зэрэг үр дүнтэй байна.
Тус эмнэлэг цаашид бусад хэлбэрийн эпилепсийг эмчлэх аргуудыг нэвтрүүлж, энэ төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд уналтын голомтыг нарийвчлан тогтоох оношлогооны тоног төхөөрөмжийг чадавхижуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Архаг ларингитын эмчилгээний 85%-ийг ЭМД-аас төлнө

Архаг ларингит, дууны хөвч, төвөнхийн эмгэгийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөх болжээ. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын тогтоолоор архаг ларингит, дууны хөвч, төвөнхийн эмгэгийн мэс заслын төлбөрийг 698 мянга байхаар зохицуулсан. Тодруулбал, тухайн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл болон хүндрэлээс хамаарч байхаар зохицуулжээ.

Тэгвэл уг төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сангаас, 15 хувийг иргэд өөрсдөө хариуцан төлөх болсон байна. Ингэснээр иргэн ЭМД-аас 593 мянган төгрөг авч, өөрөө 104700 төгрөг төлөх юм.

УРТ ХУГАЦААНД ХЭРЭГЖИХ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Дэлхий дахинд коронавируст халдвар (КОВИД-19)-ыг “цар тахал” хэмээн зарласан ч өнөөдрийн байдлаар улс орнуудад өвчлөл, нас баралт төдийлөн буурахгүй, SARS-CoV-2 вирус болон вирусийн шинэ хувилбарууд илэрсээр байгаа юм. Энэхүү цар тахал нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, тогтолцоо, чадавхийг шалгасан том сорилт болсон төдийгүй эрүүл мэндийн салбарын ирээдүйн чиг хандлагад өөрчлөлт оруулсан, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох байдал үргэлжилсээр байна. Тиймээс эрсдэлд суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, дараа дараагийн давалгаа, дэгдэлтийн бэлэн байдлыг хангах, урт хугацааны менежментийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай тул эрүүл мэндийн салбарын түвшинд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө” боловсруулах ажлыг эхлүүлэх, мэдээлэл солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, ЭСҮТ, СЭМҮТ, ЭМХТ, ЭЭХХЗГ-ынхнаас гадна ГЕГ-ын Гаалийн хорио цээрийн хэлтэс, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцож, саналаа солилцов. Уулзалтын эхэндд халдварт өвчний 2008-2020 оны төлөв байдал, сургамж болон 2022-2040 он хүртэлх хэтийн төлөв, хандлагын тооцооллын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийсэн. Түүнчлэн хүн амын өртөмхий бүлгийг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг зохицуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ДЭМБ-аас гишүүн улс орнуудад зориулж “Цар тахлын хариу арга хэмжээнээс Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тогтвортой менежмент рүү шилжих”-д чиглэсэн удирдамж, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДЭМБ-ын Онцгой Комиссын хуралдааны зөвлөмжийн талаар ДЭМБ-аас мэдээлэл өглөө.  ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте КОВИД-19-ын эсрэг вакцины хамралт хамгийн өндөр орон бол  Монгол Улс бөгөөд дэлхийн бусад улс оронд сайн туршлага болсныг тэмдэглээд цаашид шинэ вирусийг тандах, тандалтын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн харилцааг өргөжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулж, олсон амжилтаа бататгахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, цаашид энэхүү урт хугацааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулах нь зүйтэй гэж үзэв.

БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300 ДАХЬ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон 300 дахь хагалгаагаа амжилттай хийсэн сайхан мэдээг хуваалцаж байна. Бөөр шилжүүүлэн суулгах үндэсний баг 2021 оны хоёрдугаар сарын 8-нд Төрийн соёрхол хүртсэн бөгөөд  хэдэн зуун хүнд амьдрал бэлэглэсэн алтан гартай ачтанууд арван жилийн өмнө арвуулаа байсан бол өдгөө 22 эмч мэргэжилтнээс бүрдсэн хүчирхэг хамт олон болсныг Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн байртай болгох асуудлаар Эрүүл мэндийн саайд С.Чинзоригийг УНТЭ-т ажиллах үеэр үндэсний багийн ахлагч Д.Баян-Өндөр эмч танилцуулж байсан. Одоогийн байдлаар бөөрний дутагдлын улмаас мэс засал хийлгэх шаардлагатай 483, төрөл төрөгсөд нь донор болох 16, нийлэмжээ баталгаажуулахаар шинжилгээ өгөөд хүлээж буй 18 хүн байгаа ч бөөр шилжүүлэн суулгах гуравхан ортой учраас дараалал ихтэй, хүмүүс удаан хүлээхэд хүрч байгаа юм. Тиймээс Эрхтэн шилжүүлэх төвийг зориулалтын байртай болгох асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.
 
 

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ