БЗД-ийн Эрүүл мэндийн төв ажилчдын цалин 25-55 хувиар нэмэгджээ. Энэ нь ажилчдын ахуй амьдралд ихээхэн тус болж байна.

БЗД-ийн Эрүүл мэндийн төв эмч ажилчдынхаа цалинг өнгөрсөн онд нэмжээ. Тодруулбал, нийт эмч, сувилагч, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор үндсэн цалинг 2022 оны 7 дугаар сараас 25-55 хувиар нэмж, 13 дах сарын цалинг бүх ажилчдад олгосон байна. Мөн 5 ажилтанд орон сууцны урьдчилгаа тус бүр 30 сая, 6 ажилтанд орон сууцны урьдчилгаа 10 сая төгрөгний дэмжлэг үзүүлж, гэр хороололд амьдардаг 70 ажилтанд 3 сарын хэрэглээний сайжруулсан түлшний мөнгө олгож, Төрийн сангийн зардлаар үндсэн мэргэжлээр 13 эмчийг сургасан байна.

Энэ нь байгууллагын хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг нэмэгдүүлж, ажлаас гарах хөдөлгөөнийг сааруулахад хөшүүрэг болсон бөгөөд 2022 онд ажлын сул орон тоо 105 буюу 31 хувийг эзэлж байсан бол жилийн эцсийн байдлаар 5 хувь болж буурч хүний нөөцийн дутагдлыг эрс бууруулсан байна.

Цаашид нийт ажилчдын үндсэн цалинг тогтвортойгоор нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг өргөн цар хүрээтэй шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах, чадварлаг боловсон хүчнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бодлого барин ажиллаж байгаа юм байна.

 

Ц.Билэгтсайхан: 2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан дүн

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Тэрээр “2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан дүн.

Хоногт батлагдаж байгаа тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 10-аас бага болсон. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш КОВИД-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар  34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн 94 хувь нь хүндэвтэр, зургаан хувь нь хөнгөн гэсэн эмнэлзүйн эрэмбэтэй байна. Мөн 134 хүн гэрийн хяналтад байна.

Манай улсын хувьд энэ Омикроны дэд хувилбарыг үүсгэж байгаа BQ.1 хувилбар 92.5 хувь, BQ.1.1 2.5 хувь, BA.5 хувилбар таван хувьтай байна.
Дэлхийд 657 сая хүн КОВИД-19-өөр өвчилснөөс 6.6 сая нь нас баржээ.

КОВИД-19 цар тахал, ялангуяа Омикроны давлагаа сүүлийн долоо хоногт дэлхий дахинд 21 орчим хувиар буурсан. Олон улсад BA.5 хувилбар 63 хувь, BA2.2.75, BQ.1 зэрэг хувилбар дэгдэлтийг үүсгээд байна.

Манай урд хөрш 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цар тахлын мэдээллийг нийтлэхгүй байгаа. Гэхдээ ДЭМБ-ын мэдээгээр Хятад улсад өнгөрсөн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол, сүүлийн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэсэн байна.

Урд хөршид энэ долоо хоногийн өвчлөлийн тоо өмнөх долоо хоногоос 45 хувиар өссөн. КОВИД-19-ийн шалтгаант нас баралт 648 гэж мэдээлсэн нь өмнөх долоо хоногоосоо 50 гаруй хувиар нэмэгдсэн юм.

БНХАУ-д дэгдэлт үүсгээд буй вирусийн хувилбарыг арванхоёрдугаар сарын 19-24-ны сорьцын мэдээллээс авч үзвэл:

  • 85 хувь нь Омикроны BF.7 гэх дэд хувилбар
  • 15 хувь нь BA.5.2 гэх мэт олон дэд хувилбар өвчлөлийн тоог нэмэгдүүлж байна.” хэмээлээ.

Эрүүл мэндийн салбарт энэ онд 88, ирэх жил 130 стандартыг шинэчилнэ

Эрүүл мэндийн салбарт энэ онд 88, ирэх жил 130 стандартыг шинэчилнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр эмнэлгийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яаманд ажиллаж эрүүл мэндийн салбарын стандартчиллын асуудлын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа.

улзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөж буй стандартуудын талаар товч мэдээлэл өглөө.  Тэрбээр өнөөдрийн байдлаар тус салбарт 702 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас эмчилгээ, оношилгооны стандарт 32.8, эм, эмийн хамаарал бүхий стандарт 40.1, бүтэц үйл ажиллагааны стандарт 2.7, арга, аргачлал болон бусад стандарт 27 хувийг эзэлж буй бөгөөд стандартын тоогоор бусад салбараас харьцангуй олон ч багагүй хувь нь шинэчлэх, хүчингүй болгох шаардлагатай байгааг дурдсан.
Шадар сайд С.Амарсайхан уулзалтад оролцогчдод хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод нээлттэй болгох, тэр дундаа эрүүл мэнд, хүнс, боловсролын салбарын стандартыг нэн тэргүүнд сайжруулах цаашлаад бүхий л салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, уялдаа холбоог бэхжүүлэх, ажлыг эзэнтэй болгож хариуцлагжуулахад чиглэсэн тодорхой бодлого шийдвэрүүдийг гарган ажиллаж байгааг онцлоод Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж буй 
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр болон 2023 оныг Стандарын жил болгон зарласантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарт стандартын шинэчлэлийг эрчимжүүлэхэл анхаарч ажиллахыг анхаарууллаа.
Эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, шинэчлэлийн ажлын талаар мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл танилцуулсан.

Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын Шадар сайдаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд стандартын асуудлыг цэгцлэх суурь томоохон ажлууд яамны төлөвлөгөөнд тусч, хийгдсэн. Тухайлбал, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эмийн хамаарал бүхий стандартад Эрүүл мэндийн сайдын баталсан ажлын хэсэг, эмчилгээ, оношилгоо, арга аргачлал зэрэг бусад стандартад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу мэргэжлийн салбар зөвлөлөөр үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний үр дүнд орчин үеийн стандартад нийцсэн бөгөөд цаашид байх шаардлагатай 135 стандарт, агуулга хуучирсан хэдий ч цаашид байх шаардлагатай 218 стандартыг шинэчлэх, хүчингүй болгох 415 стандарт байна гэсэн дүгнэлт гарсан.
Тиймээс эрүүл мэндийн салбарын стандартыг цэгцлэх асуудлаар ЭМЯ, Стандарт хэмжил зүйн газартай хамтарсан уулзалтуудыг удаа дараа зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд А/464 тушаал гаргаж, 2025 он хүртэлх боловсруулан батлуулах стандарт, эмнэлзүйн зааврын төлөвлөгөөг гарган боловсруулах эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдыг томилоод байгаа юм.
Энэ тушаалын дагуу энэ онд 88 стандартыг шинэчлэх, 2024 онд 130 стандартыг шинэчлэх зааврыг боловсруулан батлуулах төлөвлөгөөг гаргасан. Ингэснээр эрүүл мэндийн салбарын стандарт, эмнэлзүйн зааврын шинэчлэл хийгдэх томоохон алхам болно гэж үзэж байгаа талаар тодорхой мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан эрүүл мэндийн салбарын стандартуудыг шинэчлэх, сайжруулах ажлыг нэн даруй хийхийн зэрэгцээ салбарын хэмжээнд бүхий л төрлийн стандартыг ягштал мөрдүүлэн ажиллахад хаа хаанаа хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг томуугийн үед хүүхдийн орны ачааллыг зохицуулах тушаал гаргав

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх орны ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн  сайд С.Чинзориг тушаал гаргаж ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг түр шилжүүлэх зохицуулалтыг хийх үүргийг холбогдох албаныханд өглөө.
Уг зохицуулалтаар эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 18-20 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн 1-3, 25, 26 хороо, Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Чингэлтэй дүүргийн 8, 13, 14, 16, 19 дүгээр хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлэгт түр шилжүүлэх бөгөөд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Амгалан”, “Өргөө” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд харьяаллын дагуу жирэмсэн эхчүүдийн амьсгалын замын өвчлөл, дотрын тусламж үйлчилгээг хариуцах юм.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн жилийн эцсийн буюу 52 дугаар долоо хоногийн томуу томуу төст өвчний мэдээгээр аймаг, дүүргийн  хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 80.9 амьсгалын замын цочмог хүнд халдвартай ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн. Энэ нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр нийтийг хамраагүй буюу алаг цоог тархалтын түвшинд байна.
2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн 2088 орон дээр 1979 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт орны ачаалал 90.7 хувьтай байгаа бөгөөд эмнэлгийн коридор, зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй байгаа юм.   
Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн төвөөр 1387 хүүхэд үзүүлснээс 844 нь орой 18 цагаас шөнө 00 цагийн хооронд эмнэлэгт хандсан байна. Эдгээрээс зөвлөгөө авч  буцсан хүүхэд 1128, эмчилгээ хийлгэсэн хүүхдийн тоо 411 буюу 26.9 хувь нь байна. Коридор болон зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй.
            Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, босго үзүүлэлтийг үндэслэн авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, өвчлөл дэгдэлтийн нөхцөл байдалд нийцүүлэн эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, хүний нөөцийг нэмэлтээр ажиллуулан зохицуулалт хийж байна.

Хэрэглэгчийн үнэлгээний үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломж бүрдлээ

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа буюу Хэрэглэгчийн үнэлгээг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар жилийн турш зохион байгуулах үүднээс www.1313.mn-д Эрүүл мэндийн статистик мэдээллийн санд Дэд модуль хөгжүүлэн 2022 оны 12 дугаар сараас үйл ажиллагааг эхлүүллээ.

Жил бүрийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төв  улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулдаг бөгөөд 2022 оны хэрэглэгчийн үнэлгээнд төрийн өмчит, төрөөс санхүүждэг аймаг, нийслэлийн 550 гаруй эрүүл мэндийн байгууллагын 29500 хэрэглэгч дээрх системээр хамрагдаад байна.

Цаашид уг системийн үйл ажиллагааг сайжруулан тогтвортой ажиллаж жилийн турш эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг  авах боломж бүрдэх  ба сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгчид  цаг хугацаа, орон зай үл харгалзан харах боломж нээгдэж байна. Ингэснээр хэрэглэгчийн үнэлгээгээр дамжуулан эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад дэмжлэг болох юм.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийн үнэлгээг байгууллагын  гүйцэтгэлийн үнэлгээний нэг хэсэг болгон ашиглах технологийн боломж бүрдэж байна.

Улс орон даяар нэн шаардлагатай гурвалсан системт “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭР“-тэй боллоо

Коронавирусийн цар тахлын халдварын үед орон нутагт хамгийн их тулгамдсан асуудлын нэг нь хүчилтөрөгчийн хангамж байсан билээ. Аймгууд хүчилтөрөгчийн үйлдвэргүйгээс болж амь тэнссэн үеийн болон яаралтай тусламж үзүүлэхэд хүндрэл үүсэж байсан нь саяхан.

Эрүүл мэндийн яам энэ асуудалд анхаарал хандуулж, 2022 онд 15,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд гурвалсан системт буюу хүчилтөрөгч, агаар, вакумыг нэг дор үйлдвэрлэх хүчин чадалтай Герман улсын АДЕКОМ брэндийн бүрэн автомат, ухаалаг систем бүхий 26  “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭР”-ийг  улс орон даяар байгууллаа.

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай бөгөөд эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, дотор, мэс засал, халдварт, хүүхдийн тасгуудад ханын системээр хүчилтөрөгчтэй холбогдож, амьсгалын эмгэгтэй иргэд өрөөнөөсөө хүчилтөрөгчөөр хангагдах боломжтой болсон

Өмнө нь орон нутгийн эрүүл мэндийн төв, сумдын эмнэлгүүд Улаанбаатар хотоос баллонтой хүчилтөрөгчийг зөөвөрлөж авдаг байсан бол тус хөрөнгө оруулалт хийгдсэнээр аймгийн нэгдсэн эмнэлгүүд жилд 50-100 гаруй сая төгрөг хэмнэх боломж бүрдсэн юм.

Үйлдвэрт ажиллах инженер, техникчийг нийлүүлэгч компаниуд ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах ажлыг хийсэн ба хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сайжрах давуу талтай юм.

Ийнхүү орон нутгууд бэсрэг үйлдвэртэй болсноор тээвэрлэлтийн зардлыг хэмнэж, төсвийн дарамтын бууруулахаас гадна доорх давуу талууд бий болж байна.Үүнд:

  • Хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж, эрсдэл үүсгэдэг технологийг халж, орчин үеийн хананы хүчилтөрөгчийн системтэй болсон
  • Сумдын эмнэлгүүд хамгийн ойрхон Нэгдсэн эмнэлэгт очиж, хүчилтөрөгчийн баллоноо цэнэглүүлж, цаг хугацаа, төсвөө хэмнэх бүрэн боломжтой болсон
  • Хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй болсноор хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнд түргэн шуурхай хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай
  • Өвчтөний орны дэргэд хүчилтөрөгчийн ханын системтэй болсноор эмнэлэгт хоног болоогүй нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээний тасагт яаралтайгаар ирсэн эрхтэн тогтолцооны хүндрэлийг эмчлэхэд маш чухал ач холбогдолтой.
  • Зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 60-70 хувийг өгч байсан бол энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 90-96 хувийг өгөх бүрэн боломж бүрдсэн.

 

 

Зүрхний шигдээс өвчний 12.5 сая төгрөг хүртэлх зардлыг даатгалаас хариуцна

 

Зүрхний ишемит өвчний тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний ишемит буюу зүрхний цусан хангамж багасах өвчний эмийн эмчилгээг 550 мянга, мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж, мэс заслын хүндрэлээс хамаарч 1.2-12.5 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 40 мянган тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

 

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эмийн эмчилгээг 1.2 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.5 – 6.8 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 4335 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Эрүүл мэндийн яамнаас оношийн дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна.

Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ зэргийг УНТЭ-ийн Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны төвүүд дээр төвлөрүүлэн хийж эхэллээ.

Ингэхдээ эмч мэргэжилтнүүдийг бодлогоор Франц, БНСУ-д  суралцуулж, АНУ, Япон, БНСУ-ын мэргэжлийн багуудын алсын зайн дэмжлэгтэйгээр хийж эхэлсэн.

-Ясны чөмгийг шилжүүлэн суулгахаар 1.9 тэрбумын хөрөнгө оруулалт хийв-

Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд 2021 онд ЭМЯ-наас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмчилгээний ариун орчин нөхцлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтад зарцуулсан бол 600 сая төгрөгөөр өндөр хүчин чадалтай лабораторийн NGS технологийг нэвтрүүлсэн.

Монголд эмчлэгдэх боломжгүй байсан хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээг нэвтрүүлэхийн тулд УНТЭ-ийн Зүрх судасны төвд хөрөнгө оруулалтаар Би-план ангиографийн аппарат, ЭКМО аппаратуудыг шийдвэрлэж, эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад дунд болон богино хугацааны сургалтад системтэйгээр суралцуулсны үр дүнд дөрвөн тохиолдлыг амжилттай хийгээд байна.

 

-Ихэр жирэмсний ургаас урагт юүлэгдэх хам шинжийн лазер эмчилгээг нэвтрүүллээ-

Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д нэвтрүүллээ. Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээг нэвтрүүлэхийн тулд эх барихын хоёр эмч, ургийн мэдээгүйжүүлэг буюу гэдсэнд байгаа урагт мэдээгүйжүүлэг хийх хоёр унтуулгын эмч нарыг Япон улсад сургасан юм.
Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс заслыг нэвтрүүлэхдээ хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, цээжний хөндийн мэс заслын тасгийг байгуулсан.

Мөн нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс заслыг 5 хүүхдэд амжилттай хийгээд байна. Тархи, нугасны хавдрын стериотактик туяа эмчилгээг ХСҮТ-д хийж эхэлсэн бөгөөд энэ чиглэлийн эмч нарыг сургах, тоног төхөөрөмжийн хангалтыг ЭМЯ-ны зүгээс шийдвэрлэн ажиллалаа.

Эрүүл мэндийн яам нь Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчний тоог бууруулах, гадаадад урсах мөнгөний зардлыг багасгах, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсэх санхүүгийн хүндрэлээс сэргийлэх бодлогыг баримтлан шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, хүний нөөцийг бэлтгэн нэмэгдүүлснээр “Монголд эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалт”-аас 6 өвчнийг эх орондоо эмчлэх боломжтой болсон.

АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН 13 ХУВЬ НЬ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ШАЛТГААНТАЙ БАЙНА

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.БАЙГАЛЬМАА:

-Нэгдүгээр сарын 9-ний байдлаар томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол улсын хэмжээнд сүүлийн гурван долоо хоногт тогтвортой нэмэгдэж байна. Амбулаториор үйлчлүүлэгчдийн 13 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад, гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний алаг цоог дэгдэлт буюу улбар шар түвшинд байна. Өвчлөл үүсгэж, давамгайлан илэрч байгаа вирус бол томуугийн В хүрээний вирус байна. Түүнчлэн А H1N1, томуугийн А хүрээний вирус давамгайлан эргэлдэж, энэ удаагийн томуугийн дэгдэлтийн голлох шалтгаан болж байна.

COVID-19-ИЙН “ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ” ГЭСЭН ҮР ДҮН ГАРСАН

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:

-Дэлхий даяар цар тахалтай нүүр тулаад яг гурав дахь жилтэйгээ золгож байна. Цар тахлын онош батлагдсан 657 сая хүн байгаагийн 6.6 сая нь харамсалтайгаар нас барсан гэсэн тоон мэдээлэл бий. Дэлхий дахинд Covid-19 цар тахал, ялангуяа омикроны давлагаа сүүлийн долоо хоногт 21 орчим хувиар буурсан мэдээлэл байна. Олон улсад дэгдэлт үүсгэж буй хувилбарыг авч үзвэл BA5 бөгөөд 63 хувьтай, ВА2-ын 2.75 гэдэг хувилбар BQ1 хувилбарууд дэгдэлт үүсгэж байна. Манай урд хөрш оны өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлээд цар тахлын талаарх тоон мэдээллийг бүрэн нийтлэхгүй байна. Гэхдээ ДЭМБ-ын мэдээллээр, урд хөршид сүүлийн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн, өнгөрсөн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ долоо хоногт өвчлөл, тохиолдлын тоо 45 хувиар өссөн байна.

Covid-19-ийн шалтгаант 648 нас баралт бүртгэгдсэнийг мэдээлсэн. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 50 гаруй хувиар өссөн дүн. Урд хөршид дэгдэлт үүсгээд байгаа вирусын хувилбарын хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс 24-ний өдрийн сорьцын мэдээллээр авч үзвэл 85 хувь нь омикроны BF7 гэдэг дэд хувилбар, 15 хувь нь BA5.2 гэдэг дэд хувилбар байна. Мөн маш олон дэд хувилбар урд хөршид дэгдэлт үүсгэж байна.

Барууны орны эрдэмтэд судалгаагаар, БНХАУ-д цар тахлын оргил үе нэгдүгээр сарын дунд үе гэхэд тохиолдоно гэж тооцсон байна. Хоногт 7.7 сая тохиолдол бүртгэгдэнэ, үүнээс 10-14 хоногийн дараа нас баралтын тоо хамгийн дээд түвшинд хүрч, 25 мянга орчим нас баралт бүртгэгдэнэ гэсэн тооцооллууд хийсэн байна.

Манай улсад нэгдүгээр сарын эхний долоо хоногт нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн өдрүүдэд өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо 10-аас бага болсон. Зарим өдөр 7, зарим өдөр 9 гэх мэтчилэн бүртгэгдэж байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш Covid-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 134 хүн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэгсдийн 94 хувь нь хүндэвтэр, 6 хувь нь хөнгөн гэсэн эмнэл зүйн эрэмбэтэй байна. Манай улсад BQ1.2 гэдэг дэд хувилбар 92.5 хувьтай, BQ1.1 гэдэг дэд хувилбар 2.5 хувьтай байна. BQ дэд хувилбар нийлээд 95 хувийг эзэлж байна гэж ойлгож болно. Үлдсэн 5 хувь нь BA5 гэдэг хувилбар байна.

Бид олон салбарын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Урд хөршид амаргүй байгаа учраас энэ нөхцөл байдал манайд яаж нөлөөлөх вэ гэдэг эрсдэлийг ХӨСҮТ, Улсын онцгой комисс ЭМЯ, ОБЕГ, Гаалийн ерөнхий газар, ХСҮТ, НЭМҮТ гээд олон салбар хамтарч, Covid-ийн эрсдэлийн үнэлгээг 29 дэх удаагаа хийсэн. Он гараад нэгдүгээр сарын 4-нд энэ эрсдэлээ үнэлсэн. Эхлээд эрсдэлийг түвшин ямар байна вэ гэдгийг, дараа нь үр дагаврын түвшин ямар байна вэ гэдгийг тооцдог. Эрсдэлийн үнэлгээгээр “өндөр эрсдэлтэй” гэсэн дүн гарсан. Энэ чиглэлээр хамтарч ажиллах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Урд хил нээгдэхтэй холбоотойгоор манай улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал, эрсдэлээс гадна эдийн засагт ирэх үр нөлөө, олон улсын харилцаа гэх мэтчилэн олон талаас нь авч үзэж байж энэ шийдвэрүүдийг гаргаж байгаа гэж ойлгож байна.

Сүхбаатар аймагт урьдчилан сэргийлэх тарилгыг андуурч хийсэн тохиолдол гарсан. ЭМЯ-ны ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар аймагт ХӨСҮТ, ЗӨСҮТ, мэргэжлийн хяналт, ЭМЯ гэсэн олон байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Манай ХӨСҮТ нэгдүгээрт, дархлаажуулалттай холбоотой үйл ажиллагаагаар, хоёрдугаарт, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн чиглэлээр оролцсон. Энэ нэгдсэн багийн дүгнэлт, тайлан албан ёсоор ЭМЯ дээр нэгтгэгдэж гарна. Манай Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал ЧИНБАЯР Сүхбаатар аймгаас тээвэрлэгдэн ирсэн долоон иргэний биеийн байдлын талаар мэдээлэл хүргэнэ.

“ХОЁР ИРГЭНИЙ ТАРИЛГА ХИЙСЭН ГАЗРААС ШҮҮС ГАРСАН, ҮРЭВСЛИЙН ПРОЦЕСС
ИЛҮҮ ЯВАГДАЖ БАЙНА”

ХӨСҮТ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Ц.ЧИНБАЯР:

-Нэгдүгээр сарын 9-ний 20.00 цагийн орчим бид Сүхбаатар аймгаас долоон иргэн хүлээн авсан. Энэ долоон иргэний хувьд тарилга андуурагдан хийгдсэнтэй холбоотойгоор шинээр үүссэн өвчлөл байхгүй. Гурав нь хуучин архаг суурь өвчтэй, гэхдээ архаг суурь өвчний байдал нь өмнөх түвшиндээ байна. Долуулаа тарилга хийсэн хэсэг газарт улайсан, үрэвслийн шинж тэмдэгтэй. Хоёр иргэний тарилга хийсэн газраас шүүс гарсан, үрэвслийн процесс арай илүү явагдаж байгаа байдалтай байна.

Үзлэг шинжилгээгээр биеийн байдал нь хүнд гэж үнэлэхээр байдал байхгүй. Бид хүлээж авснаасаа хойш хавсарсан эмгэгтэй хүмүүсийн хавсарсан өвчний талаас нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг шинжилгээнүүдийг нэмэлтээр хийж байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр магадгүй андуурагдаж хийгдсэн тарилгатай холбоотойгоор суурь өвчинд нь сэдрэл өгөх вий, хүндрэл гарах вий гэдэг талаас нь болгоомжилж, онцгой анахарч байна. Хэсэг газрын буглаа, үрэвслийн үед авдаг арга хэмжээг стандарт журмын дагуу аваад явж байна.

 

 

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ