У.ХҮРЭЛСҮХ: МЭРГЭШСЭН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙГ ӨРГӨЖҮҮЛЖ, СУВИЛАГЧИЙН АЖЛЫН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАХ ЁСТОЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагчдад баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлж, сувилагчийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд “Бидний сувилагч-Бидний ирээдүй” аян чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн аль шатлалын эрүүл мэндийн байгууллагад, ямар мэргэжлийн, хэдэн сувилагч шаардлагатайг нарийн тодорхойлж, салбарын бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах шаардлагатайг хэлэв.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл орчин бүрдүүлэх, амьдралын зөв хэвшил төлөвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг нас, хүйс, бие бялдрын онцлогт тохируулан олгоход төрийн бүх байгууллага болон шат шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.
Дэлхийн улс орнууд сувилахуйн тусламжийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, хүний нөөцийн хүртээмжийг дээшлүүлэхийг зорьж байна.
ЭМ-ийн сайд С.ЧИНЗОРИГ: ЭХНИЙ ЭЭЛЖИНД СУМЫН ЭМБ-ЫН СУВИЛАГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ 30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг жил бүрийн энэ өдөр сувилагч бүр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, ард иргэд сувилагч нартаа баярласан талархсанаа илэрхийлэхийн сацуу сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах талаар хэрэгжүүлж буй бодлогын үр дүнг дүгнэн ярилцаж, цаашдын зорилтоо тодорхойлон зөвлөлддөг уламжлалтайг онцлоод энэ уламжлал жилээс жилд улам өргөжиж, энэ онд сувилагчдын өдрийг угтан улс орон даяар “Сувилагчаа сонсоё” хэлэлцүүлэг, “Бидний сувилагч–Бидний ирээдүй” контент, фото зургийн уралдаан, “Эрдэнийн чагнуур” ёслолын арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлдөх уулзалт, семинар зохион байгуулж, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцсэнийг дурдлаа.
Тэрбээр “Үйлчлүүлэгчид хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд сувилах тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн ур чадвараа зориулж байдаг сувилагчийг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь тасралтгүй дээшлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн үр өгөөж 3 дахин үржигддэг гэсэн тооцооллыг НҮБ-ын Эрүүл мэнд ба эдийн засгийн өсөлтийн өндөр түвшний хорооноос хийсэн байна. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас сувилагчийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн статусыг нь бэхжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч мэргэжлийг оруулж баталлаа.
Сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сувилагч мэргэжлийг сонгон суралцагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй сувилагч нарын 60 гаруй хувийг улсын төсвийн санхүүжилтээр сургаж, жилдээ 600 гаруй сувилагч ажлын талбарт гарч байна. Мөн сувилагчийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор 6 жилийн өмнөөс туслах сувилагчийг бэлтгэж эхэлсэн бөгөөд одоогоор 1200 туслах сувилагч ажиллаж, энэ ондоо багтаан нэмж 120 гаруй туслах сувилагчийг байгууллагын захиалгаар бэлтгэнэ.
Бэлтгэгдсэн сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарсны үр дүнд 2022 оны санхүүгийн гүйцэтгэлээр сувилагчдын сарын дундаж бодогдсон цалинг 1.4-1.7 сая төгрөгт хүргэсэн нь албан ёсоор тогтоосон үндсэн цалингийн доод жишгээс 2 дахин нэмэгдүүлсэн байна.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн онд л гэхэд 13 эрүүл мэндийн байгууллага нийт 4.2 тэрбум төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэгийг 150 сувилагчид үзүүлээд байна.
Мөн ЭМЯ, Худалдаа хөгжлийн банкны Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 121 сувилагч ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, нийт 8.9 тэрбум төгрөгийн зээл авч, шинээр орон сууцтай болсон байна” хэмээн сувилагч нартай холбоотой эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан юм.
С.Чинзориг сайд илтгэлдээ сувилагч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор ХНХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, цалингийн нарийвчилсан судалгаа гаргаж, эхний ээлжинд сумын ЭМБ-ын сувилагч нарын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ. Мөн урамшууллын хэмжээг үндсэн цалинд оруулан тооцож үндсэн цалинг нэмэгдүүлэх болно. Үүний зэрэгцээ сувилагч нарт ур чадварын нэмэгдэл болон гүйцэтгэлийн урамшуулал олгох журмыг баталж мөрдүүлнэ. Төсвийн тухай хуулинд өөрчлөлт оруулж сум, тосгоны ЭМБ санхүүгийн үлдэгдлээ өөрөө захиран зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхөөр ажиллаж байгаагаа хэлсэн. .
Тэрбээр “Анхан шатлалын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор олгодог мөнгөн тэтгэмжид туслах сувилагчийг хамруулах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Сувилагчийг эрсдэлийн даатгалд хамруулдаг байх хууль эрх зүйн орчин бий болгоно.
Сувилахуйн сургалтын бодлогыг БШУЯ-тай хамтран тодорхойлж, чанарын шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Тухайлбал, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн элсэлтийн тоонд хяналт тавьж, 1 эмч тутамд 3 сувилагч бэлтгэн төгсгөх асуудлыг хамтран шийдвэрлэнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн айлчлалын хүрээнд 1000 эмч, сувилагчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр эхлүүлсэн яриа, хэлэлцээг БШУЯ-тай хамтран үргэлжлүүлж, бодит ажил болгоно.
“Өндөр хөгжилтэй улсад төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад эмнэлгийн мэргэжилтнийг 2022-2025 онд суралцуулах чиглэл”-д яаралтай тусламжийн сувилахуй, хавдрын сувилахуй, эх хүүхдийн сувилахуй, настны сувилахуй, сувилахуйн боловсролын чиглэлийг хамруулж, сувилагч нарыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулахаар шийдвэрлээд байна.
Энэ хүрээнд сувилагч нарыг гадаад улс оронд багаар нь сургах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ба энэ оны 6 дугаар сараас эхний ээлжийн сувилагч нарыг 7-14 хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад явуулж эхэлнэ.
Тооны хувьд дутагдалтай ч сувилагч нар маань мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, улмаар тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад онцгой анхаарч байдгийн нэг илрэл нь хүн амд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 14 мянга орчим сувилагчийн тал нь бакалаврын боловсролтой, дөрөвний нэг нь мэргэшлийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй бөгөөд сувилахуйн доктор, магистрын зэрэгтэй сувилагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа явдал юм.
Иймээс та бүгдийн суралцах, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих чин эрмэлзэл, идэвх зүтгэлийг дэмжиж, Сувилагчийн хөгжлийн төв байгуулна” гэсэн юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Засгийн газрын өнөөдөр /2023-05-03/-ийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг шинжилгээ, оношилгооны явцыг танилцууллаа.
Эрт илрүүлэгт хүн амын 29.6 хувь хамрагдаад байна
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2023 оны тавдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд хүн амын 29.6 хувь буюу 1 022,702 хүн хамрагдсанаас 45.1 хувь нь эрэгтэй, 54.9 хувь нь эмэгтэй, үзлэгт хамрагдсан нийт хүний 60.5 хувь нь 0-17 насныхан байна. Байршлын хувьд 50.1 хувь нь Улаанбаатар хотод, 49.9 хувь нь орон нутагт хамрагдсан.
Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 61.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн амд өвчлөлийн 638,460 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 371,732 (58.2%) эмэгтэй, 266,728 (41.8%) эрэгтэй байна.
Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 61.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 11.4 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 7.8 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 6.1 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.7 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.5 хувийг эзэлж байна.
Хүүхдийн өвчлөлийн 75.9 хувь нь шүд цоорох
Хүүхдийн өвчлөлийн 233,182 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс шүд цоорох 75.9 хувь, шүдний гажиг 3.0 хувь, хараа муудах 1.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.
Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 82.6 хувь 6-17 насны хүүхдэд илэрсэн бол эрт илрүүлэгт хамрагдсан 6 настай хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 72 хувь (дэлхийн дундаж 45%), 12 настай хүүхдүүдийн дунд 54 хувь (дэлхийн дундаж 32%) буюу маш өндөр байна.
Хүүхдийн өвчлөлийн дунд хортой болон хоргүй хавдрын 268 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн 60 тохиолдол, 6-17 насны хүүхдийн 208 тохиолдол бүртгэгдсэн.
Насанд хүрэгчдийн дунд ходоодны үрэвсэл илүү бүртгэгдсэн
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас 313,753 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс ходоодны үрэвсэл 24.6, бөөрний сувганцрын завсрын нефрит 6.3, улаан хоолойн сөргөө 4.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.
Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хортой болон хоргүй хавдрын нийт 3,469 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 18-30 насны ангилалд 37 тохиолдол буюу 1.1 хувь, 31-45 насны ангилалд 1,372 тохиолдол буюу 39.6 хувь, 46-60 насны ангилалд 2,060 тохиолдол буюу 59.4 хувийг эзэлж байна. 31-45 насныханы дунд ходоодны өмөн 1.9, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 1.6, хөхний өмөн 1.6 хувийг эзэлж байна.
61-ээс дээш насны ангилалд 91,525 хүнээс өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 21.6%, бамбай булчирхайн үрэвсэл 7.9%, анхдагч даралт ихсэх 5.5%-ийг эзэлж байна. Тус насны ангилалд хавдрын 1,175 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 9.1%, ходоодны өмөн 6.7%, улаан хоолойн өмөн 3.4%-ийг эзэлж байна.
Эрт илрүүлгийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийлээ
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношилгооны хамрагдалтыг нэмэгдүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулж шийдвэрлүүлээд байна. Үүнд:
– Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, хэрэх өвчин 25 хүртэлх насны хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолдож байгаа тул 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорилыг нэмж, ЭМДҮЗ-өөс баталсан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлэх;
– Чадавхи бүхий сумын эрүүл мэндийн төв нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн 18-30 насны багцын тусламж үйлчилгээг холбогдох удирдамжийг баримтлан цогцоор нь үзүүлсэн тохиолдолд санхүүжүүлэх;
– Даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэл нь хуанлийн 20 хоногийн хугацаанд багтаах гэдгийг ажлын 20 хоног болгож өөрчилсөн;
– Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээний дүгнэлтийг үндэслэн даатгуулагчийг дараагийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд илгээхдээ Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын 3.1 дэх заалтыг баримтлах, харин даатгуулагчийг тухайн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд шууд илгээж болох зохицуулалтуудыг тус тус тусгаснаар иргэн, даатгуулагчийг шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй авах нөхцөлөөр хангах боломж бүрдэж байна.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байна
Эрт илрүүлэх, үзлэгээр илэрсэн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар дараах ажлуудыг хийгээд байна.
– “Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгэм, зан үйлийн өөрчлөлтийн харилцааны стратеги”-ийг боловсруулах БШУЯ, ХНХЯ, ХЗДХЯ, БХБЯ, СЯ, БХЯ, ОНБТСҮХ-ны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг, ажиллах удирдамжийг ЭМС-ын А/40 дүгээр тушаалаар баталсан. Уг ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
– Эрүүл мэндийн яам болон Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хооронд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын ололт амжилт, шинэ техник, технологи, инновацийг иргэдэд сурталчилан таниулах, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүдийг оролцуулсан нотолгоонд суурилсан эрүүл мэндийн нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд түгээх чиглэлээр хамтран ажиллаж байна. Уг санамж бичгийн хүрээнд теле-сэтгүүл, теле зохиомжийн хэлбэрээр эрүүл мэндийн нэвтрүүлэг бэлтгэн долоо хоног тутам олон нийтийн телевизээр нэвтрүүлнэ.
-“Зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах” ажлын удирдамжийг батлан “Иргэдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулж, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх арга хэмжээ”, “Архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах”, “Амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ”, “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стрессийг зөв удирдах арга хэмжээ”, “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх”, “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” аяныг жилийн турш хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн.
Эхний аяныг “Энэ жилдээ эрүүл жиндээ” уриатайгаар бусад салбарын оролцоо, манлайлал, хамрах хүрээг өргөжүүлэх нэгдсэн нээлтийн арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, аяны үйл ажиллагааг орон даяар хэрэгжүүлж байна.
“Шүд” төслийг боловсруулах ажил эхэлсэн
-Хүн амын дунд шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн тогтолцоог бий болгох, эрүүл зан үйлийг багаас нь төлөвшүүлэх “Шүд” төслийг боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/124 дүгээр тушаалаар байгуулж, төслийг боловсруулж байна.
Нүүр ам судлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ” 01 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар дараахь саналыг боловсруулсан.
1.Шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд шүд, амны хөндийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, тухайн шүдний бүрэн эмчилгээ,
2.Хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд шүд, амны хөндийн мэргэжлийн эмчийн үзлэг, шүдний өнгөр тодорхойлох, цоорлоос хамгаалах ломбо болон бүх төрлийн түрхлэгийн зардал,
3.Хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний зардлыг нэг хүүхдэд жилд 2 удаа ЭМДСангаас санхүүжүүлэх,
4.Анхан шатны эрүүл мэндийн байгууллага тухайн тусламжийг магадлан итгэмжлэлээс үл хамаан хувийн хэвшлийн чадамж бүхий эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хийхээр тус тус тусгасан.
СОЛОНГОС ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ТУЛГУУР ЭРХТЭНИЙ СОГОГТОЙ ТАВАН ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
Гэмтэл согог судлалын үндэсний төв БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Гэрээний дагуу БНСУ-ын хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын баг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29, 30-нд ГССҮТ-д ажиллаж, туршлага солилцлоо. Солонгос ээмч нарын багт БНСУ-ын Чун Ан их сургуулийн “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн захирал Ким Бү Соб, хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, профессор Ан Жэ Ин болон тус эмнэлгийн мэс заслын сувилагч, техникч нар багтсан бөгөөд тэд ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн эмч нартай хамтран хүнд хэлбэрийн тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.
Мөн нийт 20 өвчтөнд үзлэг оношлогоо хийж, дараагийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх мэс заслуудыг төлөвлөсөн бөгөөд ГССҮТ-ийн удирдлагуудтай уулзан, цаашид авч хэрэгжүүлэх томоохон ажлуудаа хэлэлцэв.
“ЭХ БАРИГЧ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, БИЕ ДААСАН БАЙДАЛ, МАНЛАЙЛАЛ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Жил бүрийн тавдугаар сарын 5-ныг Олон улсын эх баригчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн Эх баригчдын өдрийг “Нотолгоог бодит хэрэг болгоход нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж буй бөгөөд ЭМЯ Монголын эх баригчдын нийгэмлэгтэй хамтран “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, бие даасан байдал, манлайлал” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг “Холлидэй ин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 1115 эх баригч ажиллаж байгаагийн 39.6 хувь нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4 хувь нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байгаа төдийгүй нийт төрөлтийн 99.2 хувьд эх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тэдний төлөөлөл 50 эх баригч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож буй юм.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эх, нярайг эсэн мэнд амаржуулж, гэр бүлд аз жаргалыг бэлэглэх хариуцлагатай бөгөөд ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригчдад Олон улсын эх баригчдын өдрийн мэндийг дэвшүүлэв.
Тэрбээр дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод туссан Эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах, эрүүл мэндийг нь хамгаалах асуудалд үе үеийн Засгийн газар анхаарал хандуулж ирсэн төдийгүй үүний үр дүнд Монгол Улс эх, нярай, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг Мянганы хөгжлийн зорилтот түвшинд хүргэн бууруулж чадсан есөн орны нэг болсныг дурдаад коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлын үед хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хөрөнгө оруулалтад онцгой анхаарч, хохирол багатай даван туулсан цөөн улсын нэг болж чадсан нь эх баригчид, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хүчин чармайлт гэдгийг тэмдэглэв.
Сайд хэлсэн үгэндээ хэдийгээр өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан ч эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах хөрөнгө оруулалтыг аль болох нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газраас барьж ирснийг дуулгаад эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд зориулж 2021 онд Хөвсгөл, Увс, Дорнод аймаг Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгийн барилга, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Өргөө” амаржихын засвар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Эх, нярайн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт 54,4 тэрбум төгрөг зарцуулсан төдийгүй 2022 онд хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн засвар, “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн барилгын ажлыг эхлүүлж, оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт 115,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснийг онцлон дурдлаа. Түүнчлэн 2023 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын их засварыг эхлүүлэхээр 11,4 тэрбум төгрөгийг төсөвлөн ажиллаж байна гэв.
С.Чинзориг сайд уулзалтад оролцогчдод эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлогоо танилцуулж, салбарын хууль эрх зүйг боловсронгуй болгох, ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, эхлүүлсэн ажлуудынхаа талаар товч танилцуулсан.
Энэ хүрээнд эх барих, нөхөн үржихүйн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, өртөгжүүлэх, зохион байгуулах байгууллагыг үүрэгжүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал хоорондын үйл ажиллагааны давхардлыг арилгах, уялдааг сайжруулах, өртөг зардлыг тооцоог дахин хийж, шаардлагатай тогтоол, шийдвэрийг шинэчлэн гаргахаар ажиллаж байгаа болон эрүүл мэндийн салбарын гол үндсэн чиг үүрэг болох үйлчилгээний соёл, харилцаа хандлагыг сайжруулахад чиглэсэн эмнэлгийн орчин, тусламж, үйлчилгээнд аюулгүй байдлыг хангахад тавигдах суурь стандартыг боловсруулж буй талаар мэдээлэл өглөө.
Нээлтийн үеэр мөн НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Халид Шарифи, Монголын эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн, ЖАЙКА байгууллагын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки нар үг хэлж амжилт хүслээ. Зөвлөлдөх уулзалтад оролцогчид эх баригчийн төгсөлтийн өмнөх ба дараах сургалт, цаашдын чиг хандлага, эх баригчийн боловсролын асуудал, эх барихуйн олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэхээс гадна төгсөлтийн дараах эх баригч мэргэжилтний чадамж, нярайн зүрх уушгины амилуулах тусламжийн шинэ технологийн танилцуулга мэдээллийг сонсож, эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, бахархал, эх баригчдыг мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, манлайлахад саад болж буй асуудлууд, түүнийг шийдэх алхмууд, эх баригч хүний сул болон давуу талууд, гаргаж болох шийдвэр, хүлээх үүрэг хариуцлага, эх баригч мэргэжил эзэмшсэнээр амьдралд бий болсон сайхан боломжуудынхаа талаар сэтгэдлээ хуваалцаж, бүлгээр ажиллан туршлагаа хуваалцах юм.
ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ, ХҮҮХЭД ЗАЛУУСТ БИЕИЙН ТАМИРААР ХИЧЭЭЛЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулж буй “Эрүүл монгол хүн” үндэснйи чуулганаар “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам”, “Эрүүл хүүхэд, залуус ба эрүүл мэндийн боловсрол”, “Архидан согтуурахаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”, “Эрүүл зөв хооллолт”, “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн-Судалгаанд суурилсан нийгмийн эрүүл мэндийн интервенци болох нь”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуур үзүүлэлт ба Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт” зэрэг сэдвээр илтгэл сонсож байна.
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ БОРЛУУЛАЛТААС ТОДОРХОЙ ХУВИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД ЗАРЦУУЛНА
Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Энэ хүрээнд 2022 оны долдугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталсан бөгөөд энэ дагуу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс согтууруулах ундааны хатуулгаас хамааран Онцгой албан татвар хоёр дахин нэмэгдэж, литр тутмын борлуулалтаас тодорхой хувийг Эрүүл мэндийн боловсрол олгох, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, бие даасан сан байгуулахад зарцуулж эхэллээ.
Өндөр хатуулагтай согтууруулах ундааны хэрэглээ жил бүр өсөж, насанд хүрсэн нэг хүн жилд дунджаар 54 литр согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн судалгаа гарч гарчээ. Ялангуяа хэтрүүлэн хэрэглэх, донтох нь улам бүр нэмэгдэж байна. Архи, тамхины сөрөг нөлөөнөөс шалтгаалж жилд 9-10 мянга орчим хүн амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын 60 орчим хувийг эзэлдэг юм.
НАСАНД ХҮРЭГСДИЙН 95 ГАРУЙ ХУВЬ НЬ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ
Судалгаанаас үзвэл насанд хүрсэн иргэдийн 95 гаруй хувь нь ямар нэг байдлаар эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Зохисгүй хооллолт, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, дасгал, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт, даралт ихсэлт нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэнд төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн гэж үздэг. Эрүүл мэндийн салбарт 5,000 орчим эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 58 мянган хүн, 1,000 гаруй эрдэмтэн судлаач ажиллаж байна.
ПРЕЗИДЕНТ” СПОРТ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын биеийн тамираар хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-тай хамтран “Президент” спорт цогцолбор байгуулж байна. Цогцолбор нь 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 хүүхэд, залууст үйлчлэх хүчин чадалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, бие бялдрын хөгжлийн цогц боловсрол олгодог байх ёстой гэж үзэж байна.
ЗҮРХ, СУДАСНЫ ТӨВ БАЙГУУЛНА
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж буй зүрх, судасны эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэх, оновчтой эмчлэх зорилгоор Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна. Дэвшилтэт техник, технологи бүхий энэ төв дотооддоо оношилж, эмчилж чаддаггүй эмгэгүүдийг зөв оношилж, эмчлэхээс гадна эмч нараа Япон Улсад мэргэшүүлж, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр ажиллах юм.