СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД ЭРТ ИЛРҮҮЛГЭЭР СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРЫН 214 ТОХИОЛДЛЫГ ИЛРҮҮЛСЭН

Халдварт өвчин судлалын үндэсний төв БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь” төслийг 2015 оноос хойш хэрэгжүүлж нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулахаас гадна эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулж, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг үе шаттай хийж ирсэн юм. Хамтарсан төслийн хэрэгжилт, төслийн хүрээнд хийсэн ажилтай танилцах уулзалт өнөөдөр /2023-04-11/ ХӨСҮТ-д боллоо. Уулзалтад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан,  Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Д.Наранзул, Үзлэг хяналтын тасгийн эрхлэгч П.Насанжаргал, БНСУ-ын GDC consulting ХХК-ийн захирал Lee Kyechun тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

 

Уулзалтын үеэр Ц.Билэгтсайхан захирал  “2015 оноос хойш хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд бид Улаанбаатар хотын хоёр дүүргийн 50,000 орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9000 иргэнд эрт илрүүлгийг хийж 214 иргэн сүрьеэ өвчний халдвартайг олж илрүүлж, хяналтандаа аван эмчилгээг эхэлсэн. Төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн асуудал буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг нэвтрүүлсэн. Мөн далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна бид эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байна. Үүнээс гадна СҮСН-тэй хамтран таван удаагийн олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахь хурлаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн төслийн үйл ажиллагаа үр дүнгийн талаар танилцуулсан. Төсөл хамтран хэргжүүлэгч GDC consulting ХХК-ийн захирал Lee Kyechun  төслийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид эрт илрүүлгийг идэвхтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг зөвлөлөө.

 

МОНГОЛ ЭМЧ НАРЫН ЧАДВАР ДЭЛХИЙН ТҮВШИНД ХҮРСНИЙГ ХАРУУЛСАН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЛОО

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Титмийн физиологи, хэт авиан оношилгоо” олон улсын сургалтыг энэ сарын 4-5-нд зохион байгууллаа.
Сургалтанд УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг болон орон нутгийн 30 гаруй эмч хамрагдсан бөгөөд энэ үеэр дэвшилтэт технологид суурилсан титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг долоон тохиолдолд хийсэн нь сургалтыг илүү өгөөжтэй, сонирхолтой болгосон юм. Сургалтын талаар УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Х.Батмягмараас тодруулахад
“УНТЭ-ийн Зүрхний төв, Зүрх, судсан дотуурх мэс заслын эмчилгээний нийгэмлэг хамтран “Титмийн физиологи-Хэт авиан оношилгоо” сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулж байна.
Сургалт нь ангиогийн лаборатороос шууд дамжуулж, оператор эмч нар танхимын сургалтанд оролцож байгаа эмч нартай шууд харилцаж байгаагаараа давуу талтай.
Титэм судасны физиолог буюу нарийслын үнэлгээнүүдийг орчин үеийн iFR, FFR гэсэн тоног төхөөрөмжүүдээр хийж, судасны нарийслын зэргийг үнэлэх, стент тавих хэмжээнд буюу судасны нарийслыг эмчлэх ёстой юу, үгүй юу гэдгийг оношлох, стент тавих хэсэг буюу судасны нарийсалтай хэсэгт тэлэгч суулгаад тэлэгч нь судасны хананд хэр бэхлэгдсэн байна гэдгийг оношлохоос гадна судасны нарийслын анатомын бүтцийг хэт авиан оношилгоогоор оношилж, эмчилж байгаагаараа давуу талтай байна.
Бид энэ технологийг 2022 оноос хойш нэвтрүүлж, өнөөдөр олон улсын сургалт зохион байгуулах хэмжээнд хүрчээ. Сургалтанд ОХУ-ын Москвагийн Анагаахын их сургуулийн эмч, эрдэмтэд оролцож, ажлын байран дээрх сургалтыг танхим болон цахим хэлбэрээр   амжилттай зохион байгууллаа” хэмээлээ.
УНТЭ Монгол Улсад анх удаа 20 тохиолдолд судасны хэт авиан шинжилгээний хяналтан дор гол судасны баллон, шахуургын дэмжлэгтэйгээр оношилгоо, эмчилгээг хийсний үр дүнд гадагш явах урсгалыг бууруулж чадсан талаар тус эмнэлгийн Зүрхний төвийн дарга, анагаах ухааны магистр, клиникийн профессор Л.Анхбаяр ярихдаа
 “УНТЭ-ийн Зүрх судасны нэгж нь 49 жилийн түүхтэй бөгөөд 2020 онд “Зүрхний төв”-ийг байгуулсан. Ингэснээр зүрх судасны тусламж, үйлчилгээний төрөл нэмэгдэж, манай эмнэлгийн зүрх судасны тогтолцооны эмгэгийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл нэмэгдсэн. Үүний нэг нь “Шигдээсийн нэгж” юм. Эрүүл мэндийн сайдын А/154 тоот тушаалын дагуу долоон аймаг, дөрвөн дүүргийн хүн амд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар манайх 2000 гаруй өвчтөнд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийсэн. Өмнө нь энэ төрлийн тусламж, үйлчилгээг зөвхөн УГТЭ дээр л хийдэг байсан бол өнөөдөр энэ төрлийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд илүү хүртээмжтэй үзүүлж, төвлөрлийг сааруулж байна” гэсэн юм. Тэрбээр мөн “Хүн амын дунд халдварт бус өвчний тархалтын хувьд зүрх судасны өвчлөл нь эхний гуравт ордог. 2021 оны эрүүл мэдийн үзүүлэлтийн байдлаар эмнэлэгт хэвтэлт нь 10,000 хүн амд 963, нас баралтын тохиолдол нь 10,000 хүн амд 19 байна.
Насны хувьд хөдөлмөрийн насны буюу 35-55 насныхан, хүйсийн хувьд эрчүүд зүрх судасны өвчлөлд их өртдөг. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсэд хорт зуршил, хөдөлгөөний дутагдал, хооллолт, стресс, нийгэм, эдийн засгийн байдал. Иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо сайн хамрагдаж байх, цусан дахь сахарын хэмжээ болон даралт, өөх тосны солилцоогоо тогтмол хянаж байх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

 

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх байгуулагдсан цагаас хойш жил бүрийн энэ өдрийг дэлхийн улс орнууд хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулсан “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023” арга хэмжээнд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан болон төрийн байгууллагынхан, эрүүл мэндийн салбарынхан, олон улсын байгууллагын оролцож мэндчилгээ дэвшүүллээ.  ДЭМБ-ын түүхэн 75 жилийн ой тохиож байгаа энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө”  уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд энэ нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд эрүүл мэндийн салбарын оруулсан хувь нэмэр, ололт амжилтыг дүгнэн, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж идэвхжүүлэх боломжийг олгож буйг оролцогчид онцолж байсан юм. Монгол Улсын хувьд ДЭМБ-ын гишүүнээр 1962 онд элссэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд “Техникийн болон мэргэжилтний зөвлөгөө өгөх тусламж”-ийн тухай Үндсэн хэлэлцээрийг 1963 онд байгуулж, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай улсын эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн болон техникийн чадавх сайжирсаар байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дэлхийн 194 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эх, хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах, халдварт болон халдварт бус өвчлөлд хүргэж, хүний амьдралын чанарыг доройтуулж буй нийгэм, эдийн засгийн болон бусад хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах чиглэлээр дэлхийн улс орнуудыг манлайлан чиглүүлж багагүй амжилтад хүрснийг онцлоод “Монгол Улсын Засгийн газрын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэвшүүлсэн “Хэнийг ч үл орхигдуулах” зарчмын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтад хүрэх зорилтдоо тууштай байж, эл зорилтыг хангахын тулд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, эрүүл мэндийг дэмжих ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна. Тухайлбал, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын тогтолцоог бэхжүүлж, санхүүжилтийг оновчтой болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулахын төлөө ажиллаж байна.
Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсад анхдагч болох “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг шинээр боловсруулан батлуулахаар Эрүүл мэндийн яам ажиллаж байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж, бусад дэмжлэгт орчныг бүрдүүлэх замаар “өвчилсөн хүмүүсийг эмчлэх тогтолцоо”-ноос аль болох “эрүүл төрсөн хүнийг эрүүл хэвээр байлгах, архаг өвчтэй болохоос нь сэргийлэх тогтолцоо” руу шилжих шаардлагатай гэж үзэж байна. Салбарын хууль тогтоомжид “нийгмийн эрүүл мэнд бол эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл юм” хэмээн тодорхойлсон байх ч эмнэлгийн ор шүтсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг санхүүжүүлсэн тогтолцоо хэвээр байсаар байна. Иймд “эрүүлийг хамгаалах тогтолцоо”-г бүрдүүлэхийн төлөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, иргэдийн зан үйл, амьдралын хэв маягийг өөрчлөх эрх зүйн орчныг бий болгохоор зорьж байна.
Эцэст нь тэмдэглэхэд, 2020 оноос эхэлсэн коронавируст халдвараар үүсгэгдсэн КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхийн хэмжээний хариу арга хэмжээг амжилттай удирдаж ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хамтран дэмжиж ажилласан олон улсын бусад түншүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж буйгаа дахин илэрхийлж байна” гэсэн юм.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте “Энэ өдрийг ДЭМБ-аас гишүүн орнуудынхаа Засгийн газартай хамтран эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлснээ дүгнэж хүн амын эрүүл мэндийг сайжруулах, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө юу хийж болохоо ярилцдаг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Бид хамтдаа бүх нийтийн эрүүл мэндийн төлөө зүтгэж буй бөгөөд хүний эрүүл мэндийг боломжит дээд түвшинд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөлийг бүрэн бүрдүүлэхийг хичээж ажилладаг. Нийтийг хамарсан аюулт өвчин дэгдэх нийгэмд ноцтой байдал үүсэх үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг оновчтой зөв хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой байна. Бид Монгол Улстай эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Монгол Улсын хувьд ДЭМБ-ын гишүүнээр 1962 онд элссэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд “Техникийн болон мэргэжилтний зөвлөгөө өгөх тусламж”-ийн тухай Үндсэн хэлэлцээрийг 1963 онд байгуулж, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай улсын эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн болон техникийн чадавх сайжирсаар байна.
Тухайлбалэрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг “Хэнийг ч орхигдуулахгүйгээр” хүн амд хүргэх зорилго бүхий  “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг нийт анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 70 хувьд буюу өрхийн болон сумын эрүүл мэндийн 353 төвд энэхүү технологийг нэвтрүүлээд байна. Ингэснээр иргэдийг эрт үед нь оношлох, халдварт бус өвчнийг тэдний амьдарч байгаа газар нь ямар нэгэн чирэгдэлгүйгээр илрүүлэх боломжтой болж байна. 2023 онд “Зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын удирдамж”-ийг батлуулан “Иргэдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулж, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх арга хэмжээ”, “Архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах”, “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ”, “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стрессийг зөв удирдах арга хэмжээ”, “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх”, “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” гэсэн зургаан сэдвийн хүрээнд жилийн турш нөлөөллийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн. Үүний эхний арга хэмжээ болох зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах зорилготой “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна. Энэ хүрээнд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх,  эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүрийн идэвх оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээний дүнд монгол хүний эрүүл мэндийн байдал сайжирч, сэргийлж болох өвчлөл, нас баралтыг бууруулж, хүн амын дундаж наслалт нэмэгдэх боломжтой юм.

Монголд 2050 он гэхэд 2 хүүхдийн 1 нь аутизмтай төрөх эрсдэлтэй

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” тохиодог. Энэ жилийн тухайд тус өдөр Сүхбаатарын талбайд “Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя” аяныг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор аяныг санаачлагч “Аутизмд хийсэн аялал” ТББ-ын тэргүүн, аутизмтай хүүхэдтэй ээжүүдийн төлөөлөл болох З.Октябрьтай ярилцлаа.

–Монгол Улсад аутизмтай хүүхдүүд амьдрах орчин хэр байдаг вэ? Тэдэнд тулгамдаж буй хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байна? 

-Аутизмтай хүүхдүүдийн аав ээж Монголд хүүхдээ өсгөх орчин нөхцөл байхгүйгээс  гадаад орныг зорьж байна. 2017 онд 55 хүүхэд тутмын нэг нь аутизмтэй гэж гарсан бол 2021 оны судалгаагаар 33 хүүхэд тутмын нэг нь аутизмтэй гэж гарсан. Яг энэ чигээрээ яваад байвал 2050 он гэхэд хоёр хүүхэд тутмын нэг нь аутизмын эмгэгтэй болно гэсэн урьдчилсан судалгаа байдаг.  Аутизмтай хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй харьцуулахад хэл яриа үйл хөдлөлийн хувьд өөр байдгаас үүнээс үүдэн нийгмийн ялгаварлан гадуурхал үүсдэг тэр ч бүү хэл амь насаа алдаж байсан тохиолдол ч байдаг.Тиймээс бид энэ хүүхдүүдэд энгийн хүүхдүүдтэй адилхан сурч хөгжих боломжийг нь олгож орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Энэ аяны гол онцлог давуу тал юу вэ?

-Арга хэмжээний гол онцлог нь хүчин зүйл нь төрийн харьяа шийдвэр гаргах түвшний гурван газар хамтран ажиллаж байна мөн нийслэлийн тамгын газар маш их ач холбогдол өгч ерөнхий санхүүжүүлэх байгууллагаар ажиллаж өгч байгаа нь давуу тал болж байна. Улаанбаатар хотод  аутизимын эмгэгтэй хүүхдүүд түлхүү амьдарч байна. Тэдэнд тулгардаг асуудал нь Засгийн газрын хэмжээнд тэгш хамрагдах үндэсний хөтөлбөр явагдаж байгаа ч энэ хөтөлбөр нь хэрэгжихэд бас учир дутагдалтай байгаа. Гэвч Засгийн газар энэ асуудлыг яавал хэрэгжүүлэх талаар авч хэлэлцэж төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байгаа нь сайшаалтай.

-Та нарын зүгээс олон нийтэд хандаж юу хэлмээр байна? 

-Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсад анхдагч аутизмтай хүүхдүүдийн дуу хоолойг бусдад хүргэх зорилготой хамгийн том үйл ажиллагаа юм. Энэ удаагийн арга хэмжээг нийгэм рүүгээ илүү чиглээсэй, бид бүхнийг анхаараасай гэж хүсэж байна. Сайхан ирээдүйг хүүхдүүддээ бүтээх хүүхдүүдийг маань хаана ч очсон асуудалгүй сургууль цэцэрлэгт хамруулдаг, чин сэтгэлээсээ хандаж өсөж хөгжих боломжийг нь нээж өгөх сайхан нийгмийн төлөө энэ үйл ажиллагаа зохиогдох гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирж дуу хоолойгоо нэгтгээсэй гэж хүсэж байна.

 

ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна

“ТАРГАЛАЛТ ЗАЛУУСЫН ДУНД ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА”

Эрүүл мэндийн дэд сайд С.ЭНХБОЛД:

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 10 сарын хугацаанд улсын хэмжээнд нийт хүн амын 26.7 хувь буюу 900 гаруй мянган хүнийг хамруулаад байна. Энэ 900 гаруй мянган хүнд эхний судалгаа хийгдэж, урьдчилсан үр дүн гарсан.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, дотоод шүүрэл, тэжээлийн болон бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж байна. 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цооролт илэрч, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.

Манай улсын хүн амын дунд хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан халдварт бус өвчин, түүн дотор зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтэл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж байна.

Монгол Улсын иргэдийн илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам тэр дундаа залуус, хүүхдүүдийг илүү хамарч байна.

15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай байна.

Илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна.

Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг. Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цаг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан байна.

Тиймээс эрт илрүүлгийн үр дүнд үндэслэн эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлж, эрүүл мэндийн боловсрол олгосноор өвчин эмгэгээс сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэнэ. Энэ жилдээ эрүүл жиндээ” аянд нэгдэхийг уриалж байна.

“НИЙГМИЙН ЯДУУРАЛ ТАРГАЛАЛТЫН БАС НЭГ ШАЛТГААН БОЛДОГ”

Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ж.БАЯНМӨНХ:

-Би сүүлийн зургаан жилд олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн эрүүл амьдрал болон таргалалттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. ЭМЯ-наас зохион байгуулж буй “Энэ жилдээ эрүүл жиндээ” үндэсний аян миний үндсэн зорилготой уялдаж байгаад маш их таатай байна.

Монголчуудын дунд таргалалт сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй. 100 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчинтэй. Өсвөр насны хүүхдийн таргалалт мөн маш их нэмэгдсэн.

Хүн төрөлхтөн түүхэндээ хэзээ ч өнөөгийнх шиг таргалалттай байгаагүй. 1970-2010 онуудад дэлхийн хүн амын таргалалт огцом нэмэгдсэн. Энэ нь нүүрс усны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой юм билээ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Монголчууд хувьд эрүүл зөв хооллолтын мэдлэггүй, шим тэжээлийн талаар ойлголт дутмаг  байгаатай холбоотой. Ихэнх хүмүүс турмаар байна, гэвч дасгал хөдөлгөөн хийх зав гарахгүй байна гэж хэлдэг. Бидний өдөр тутам хийдэг дасгал нийт энергийн 5-хан хувийг эзэлдэг. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжрах, дархлааг тэтгэх, сэтгэл санааг өргөх, зүрх судас, үе мөчний өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Таргалалтын дараагийн нэг шалтгаан нь стресс. Хүн стресстэй байвал кортизол дааврын хэмжээ өсч, таргалалтыг нэмэгдүүлнэ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Буруу мэдээ мэдээлэл мөн таргалалтын шалтгаан болно. Өглөөний цай тогтмол уух нь таргалалтаас сэргийлнэ гэж үзэх нь бий. Энэ бол буруу ойлголт. Өглөөний цайндаа юу идэх вэ гэдэг нь чухал. Нүүрс усаар баялаг буруу хүнс хэрэглэвэл таргалалтыг нэмэгдүүлнэ. Миний хувьд аян хүрээнд эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх талаар Монголын нөхцөлдөө тохирсон контент бэлтгэн хүргэх болно.

“ТУРШЛАГАА СОЛИЛЦЪЁ” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг бүртгэн, хэлэлцэж, мэдээлэх журмын тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 207 дугаар тушаал шинэчлэгдэн, А/550 тоот тушаал батлагдсантай холбогдуулан, 2023 оны гуравдугаар сарын 23-нд “Туршлагаа солилцьё” сэдэвт цахим хурлыг зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийн туршлага, санал, зөвлөмжийг хэлэлцлээ. Цахим хурлыг тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Х.Цолмон удирдаж, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, Тандалт судалгааны албаны эмч, судлаачид, “Өргөө”, “Хүрээ” амаржих газар, ЭНЭҮТ II, УХТЭ, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМТ-үүд, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, зарим сумдын эмч, эх баригч 252 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.
Энэ удаагийн цахим хурлаар эхийн ноцтой хүндрэлийн хэлэлцүүлэг, эхийн эндэгдлийн эмнэлзүй-эмгэг судлалын хурлыг зохион байгуулах, хурлаас дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах, сургамжтай тохиолдлын оношилгоо, эмчилгээний онцлог, түүнд нөлөөлсөн хожимдол, хожимдлыг арилгах, дахин алдаа гарахаас сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааныхаа талаар Завхан, Төв аймгийн ЭМГ, АНЭ-ийн хамт олон танилцуулж, туршлагаасаа хуваалцлаа.
Эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй, жирэмсний хүндрэлтэй, олон төрсөн, ахимаг насны жирэмсэн эх суманд, гэртээ ихэс ховхрон цус алдаж, ураг амьгүй болсон тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлгээс дуудлагын баг шуурхай очиж, эхийг тээвэрлэлгүйгээр, гэрт нь кесар мэс заслаар төрүүлж, эхийн амь насыг аварсан тохиолдлын тухай Завхан аймгийн эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй зөвлөх эмч, клиникийн профессор Д.Уранбилэг танилцууллаа.
Тус аймагт 2019 онд эхийн ноцтой хүндрэлийн харьцаа улс, аймгийн дунджаас өндөр байсанд дүн шинжилгээ хийж, ноцтой хүндрэлийн тохиолдлыг бууруулахын тулд ноцтой хүндрэлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг судлан, дүгнэлт хийснээр аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт ажлын байрны тасралтгүй сургалт зохион байгуулж, улирал тутам өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нартай онлайн хэлэлцүүлэг хийн, “Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн нэрийн хяналт”-ын явцыг танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тогтмолжуулжээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч өрх, сумын ЭМТ-ийн жирэмсэн эхийн хяналтыг хуваарилалтын дагуу давхар хянах үйл ажиллагааг эрчимжүүлсэн, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмчийг дангаар ажиллуулж байгаа зэрэг “сайн туршлага” болох олон үйл ажиллагааг өрнүүлсний дүнд 2020 онд ЭНХ-ийн харьцаа 2.2 болж, өмнөх оны мөн үеэс 5.1 промилоор буурсан байна. Хүсээгүй жирэмслэлтийн улмаас эх жирэмснээ нууж, хууль бус үр хөндөлт хийлгэснээс үжлээр хүндэрч эндсэн тохиолдолд “үгээр шинжих арга”-ыг түлхүү хэрэглэн, мэдээллийг цуглуулсан тухай Төв аймгийн эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэрэгтэй Зөвлөх эмч С.Төгсбаяр тайлбарлаад, уг тохиолдлын хурлаас гаргасан шийдвэрийн дагуу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг шинэчлэх, жирэмсний эрт илрүүлгийн хувийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн үйлдлийн заавар, удирдамж ба ЭМС-ын тушаал, журмын хэрэгжилтийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд урт, богино хугацааны сургалтад хамруулан чадавхижуулах, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн зөвлөх эмчийг томилон албажуулж, ажлын байрны чиг үүргийг тодорхой болгох чиглэлээр хийсэн ажлуудаа танилцууллаа.

Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн тохиолдлын хэлэлцүүлэг ба хурлын зохион байгуулалт, сургамж, дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах үйл явцын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын “сайн туршлага” нь мэдлэг баяжуулсан, өгөөжтэй мэдээлэл боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ. Оролцогчдын асуултад ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Х.Цолмон, Төв аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа нар хариулт өгч, харилцан ярилцлаа.
Мэргэжил нэгт нөхдөдөө өөрсдийн туршлагаа харамгүй хуваалцсан Завхан аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Уранбилэг, Төв аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, тэргүүлэх зэргийн эмч С.Төгсбаяр, “Эхийн эндэгдлийг шинжих аргууд” сэдвээр мэдээлэл танилцуулсан ЭХЭМҮТ-ийн Төрсний дараах тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ж.Сарантунгалаг нарт талархал илэрхийлье. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

“ЭМЧЭЭ СОНСЪЁ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эмчээ сонсъё” цуврал уулзалтуудыг зохион байгуулсан.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны идэвхтэн гишүүн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж цалин хөлс, нийгмийн хамгаалалтай олон асуудлаар саналыг нь сонсож, тулгамдсан асуудлаар нь ярилцсан. Мөн эмийн салбарынхантай, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхантай уулзсан. Харин өнөөдөр /2023-03-27/ “Эмч, эмнэлгийн мэргэжилтний дуу хоолой” төрийн бус байгууллагаас “Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг “One event hall”-д зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбарын бүх шатлалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтны эрхийг хамгаалах, нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, тушаал шийдвэрийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюунчимэг болон ЭМДЕГ-ын төлөөлөл, хот, хөдөөгийн 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэлцүүлэгт оролцогчдод хандан сайдаар томилогдож ирснээс хойш хоёр сар гаруйгийн хугацаанд хийсэн ажил, авч буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогынхоо талаар товч мэдээлэл өгсөн.
Тухайлбал, эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах Эрүүл  мэндийн багц хуулиудын уялдаа холбоог ханган шинэчлэн боловсруулахын зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, Эд эс эрхтэн шилжүүлэх тухай хууль зэрэг анхдагч хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрүүл мэндийн ажилтны эрсдэл, хариуцлагын даатгалын эрх зүйн орчинг тусган боловсронгуй болгох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран эхлүүлсэн.

Улс орон даяар зохион байгуулж байгаа эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 900 гаруй мянган иргэн хамрагдсанаас давхардсан тоогоор 247 мянга  гаруй өвчний сэжигтэй тохиолдол илэрсний дийлэнх хувь нь сэргийлж болох өвчлөл байгаа нь  цаашид иргэдийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байгаа учраас “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хэмжээний цогц арга хэмжээг салбар дунд, иргэний оролцоотойгоор хэрэгжүүлэхээр тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилт цөөн хүн амтай сумдад эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэл хангалтгүй байгаагийн улмаас хүндрэлд орох, шаардлагагүй хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний тоо хэмжээ төрийн өмчийн эмнэлгүүдэд буурахгүй байх, яаралтай тусламж, үйлчилгээнд онош ахиулах хандлага эмнэлгүүдэд гарч байгаа, эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийн тариф хангалтгүй байх, гүйцэтгэлийн санхүүжилтийн дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэнд олгож байгаа урамшууллын хэмжээ харилцан адилгүй байх зэрэг асуудал тулгарч байна. Тиймээс цаашид нэг иргэнээр тооцсон аргад газарзүйн коэффициентийн тохируулгыг нэмэгдүүлэх, орны тоо хэмжээг бууруулан өдрийн болон гэрийн эмчилгээг дэмжих, зарим шаардлагатай оношийн хамааралтай бүлгийн өртгийг дахин тооцох, оношийн хамааралтай бүлгийн суурь тарифт тохируулга хийх, төрийн өмчит эмнэлгийн үзүүлж чадахгүй байгаа тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодлогын тохируулга хийн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалин урамшууллын тогтолцоо харилцан адилгүй байна. Цалингийн зардлын өсөлт сүүлийн таван жилийн хугацаанд 21,8 хувь өсч 2018 онд 411 тэрбум байсан бол 2022 онд 771 тэрбум болж өссөн статистик үзүүлэлт байна.  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 107-р тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалин болон төрийн үйлчилгээний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг тогтоож салбарын онцлог, гүйцэтгэлд суурилсан үр дүнг харгалзан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг цалингийн доод хэмжээнээс нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болсон. Гэвч дийлэнх эрүүл мэндийн байгууллагууд ажилчиддаа урамшуулал олгосон хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилчдын хувьд ялгаатай байдал байсаар байна. Ялангуяа гүйцэтгэлийн санхүүжилтэд хамаарахгүй төсвийн байгууллагууд, захиргааны ажилтнууд, хүн ам цөөтэй алслагдсан сумдын эрүүл мэндийн ажилтнуудын хувьд цалингийн асуудал нэлээдгүй тулгамдаж байгааг шийдвэрлэх зорилгоор ХНХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа зэрэг мэдээллийг С.Чинзориг сайд өгсөн. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн хомсдол, үүнийг үүсгэж буй цалингийн тогтолцоо, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, ажлын ачааллыг тэнцүүлэх зэргээс гадна гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй холбоотой олон асуудлыг ярьж, тодорхой саналуудыг хэлж байлаа.

Томуугийн өвчлөл буурахгүй хурдан хугацаанд хүндрэх, эдгэрэлт удаан байна

Бага насныхны дунд ханиад томуугийн тархалт их байгааг иргэд цахим хуудастаа бичиж эхэллээ. Мөн уламжлалт болон эмэн эмчилгээ хийсэн ч ханиад эдгэхгүй олон хонож байна.

Тэгвэл энэ жил томуугийн улирал урт хугацаанд үргэлжилж байгаа төдийгүй хүүхдүүдээс гадна 25-40 насныхны томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа аж.

  • БЗД-ийн хэмжээнд 10 дүгээр долоо хоногт томуу төст өвчнөөр 15 хүртэлх насны 1986 хүүхэд.
  • Дүүргийн хэмжээнд томуу төст өвчлөлийн наслалтаар авч үзэхэд 2-4 насны хүүхдүүд түлхүү өвчилсөн байна.
  • Баянзүрх дүүргийн хэмжээнд амбулаториор 16691 хүн үйлчлүүлсний 1986 (9%) нь томуу төст өвчний шалтгаантай байна.

Томуугийн вирусээс шалтгаалж хүүхэд болон жирэмсэн эх, чихрийн шижинтэй хүмүүс, архаг хууч өвчтэй тохиолдолд хүндрэх эрсдэл илүү өндөр байна.

Томчууд амны хаалтаа зүүхгүй, агаар дуслын замаар дамжих өвчнийг зөөвөрлөж, бага насны хүүхдэдээ дамжуулах эрсдэл их байна.

Томуугийн вирусээр насанд хүрэгчид хөнгөн өвдөж байгаа ч хүүхдүүд хүндрэх эрсдэл их. Бага насны хүүхдэд Covid-19-ийн үед илэрдэг бүх шинж тэмдэг илэрнэ гэдгийг анхаарч, эмчийн заавраар эмчилгээг хийх нь эдгэрэлтийг хурдасгана.

Вакцинжуулалтын тухайд улсын хэмжээнд хийж байгаа бөгөөд одоогоор нийт 442 мянган хүн хамрагдаад байгаа дүн мэдээ байна.

“ӨВСНИЙ ҮНДЭС” ХӨТӨЛБӨРИЙН 217.1 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар хэрэгжих Хавдар судлалын үндэсний төвийн  цэвэр ус түгээх системийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Кобаяши, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар гарын үсэг зурж баталгаажуулсан төслөөр “Өвсний үндэс” хөтөлбөрөөс 217.1 мянган ам.долларын санхүүжилтээр тус төвийн хуучирч муудсан цэвэр ус түгээх системийг иж бүрэн шинэчлэх ажлыг хийх юм.
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болсон энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Кобаяши болон ЭСЯ-ны ажилтнууд, ХСҮТ-ийн төлөөлөл оролцов. Энэхүү төсөл нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн 593 дахь, ХСҮТ-д хэрэгжиж буй гурав дахь төсөл бөгөөд үр дүнд нь олон жилийн эдэлгээний явцад хуучирч муудан байнга ус алдаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж байсан бэрхшээл арилж эмнэлгийн эрүүл ахуйн орчин сайжирч, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтойг Элчин сайд Х.Кобаяши онцлон тэмдэглэсэн. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, уян хатан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэх замаар салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг Японы ард түмэнд гүн талархал илэрхийлээд  “Эрүүл мэндийн салбарт Япон улстай 1990 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан хамтран хэрэгжүүлж ирсэн.
Тэдгээрийн нэг хэсэг нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 593 дахь төслөө эхлүүлж буйд баяртай байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт анх 1990 онд В гепатитын вакцин үйлдвэрлэх технологийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын аймаг, сумдын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засвар үйлчилгээ, тохижилтыг хийх, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах зэргээр аймаг, нийслэл, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой жижиг, дунд хэмжээний цаг үеэ олсон, уян хатан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.
Өнөөдөр мөн энэ хөтөлбөрийн хүрээнд дахин нэг шинэ төслийг Хавдар судлалын үндэсний төвд хэрэгжүүлэх гэрээг байгуулж байна.
Эрүүл мэндийн салбарт “Өвсний үндэс” хөтөлбөрөөс гадна Япон улстай хамтран хэрэгжүүлж байгаа өөр олон төсөл, хөтөлбөр байдаг бөгөөд цаашид ЭМЯ-ны зүгээс харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, нягт хамтран ажиллах болно” хэмээсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийг нь ХСҮТ-ийн захирал 2018 оны зун үргэлжилж орсон борооны улмаас ХСҮТ усанд автахад тухайн үеийн Элчин Масато гуай сонин дээрээс уншлаа гэсээр өөрөө хүрч ирж уулзан дээврийн засварын санхүүжилтийг шийдэж өгсний ачаар дээврээс ус гоожих тухай асуудал үгүй болсон тухай дурсаад орлуулашгүй эмчилгээ хийдэг учир зөөлөн, эрдэсгүй чанар сайтай ус хэрэглэх зайлшгүй шаардлага байдаг тул цэвэр усны системийн шинэчлэлийн асуудлыг шийдэж өгч буйд талархал илэрхийлэв. ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү монголчуудын асуудлыг эгээ өөрсдийнхөө мэт үзэж тулгамдсан асуудлыг минь шийдвэрлэхэд гүн туслалцаа үзүүлж буй Японы ЭСЯ-ныханд талархал илэрхийлээд төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр тус төв Япон улсын тусламжаар 2000 онд анх удаа “Олимпус” дурангийн аппараттай болсон нь хавдрын оношлогоог шинэ шатанд гаргах эхлэлийг тавьсан төдийгүй өнөөг хүртэл сугалтын зориулалтаар ашиглаж байгааг дуулгаад тус улсад бэлтгэгдсэн өндөр мэргэжлийн чадварлаг эмч нар Монгол Улсад хаьвдрын өвчлөлийг эмчилж анагаах үйлсийн тэргүүн эгнээнд зүтгэж явааг дуулгалаа.

Угаарын хийн хордлого, хариу арга хэмжээ сургалтыг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс санаачлан “Угаарын хийн хордлогын үед үзүүлэх яаралтай тусламж, хариу арга хэмжээг сайжруулах, салбар дундын уялдаа холбоог нэмэгдүүлэх өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг чадавхжуулах” сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг НЭМҮТ, НОБГ, БЗД-ийн ОБХ, БЗД-ийн ЦГ, Цэргийн төв эмнэлэг, Тавантолгой түлш ХХК-тай хамтран зохион байгууллаа.

 

Баянзүрх дүүргийн хэмжээнд Угаарын хийн хордлогоор 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 тохиолдол бүртгэгдэж үүний 48 буюу 54.5% нь насанд хүрсэн иргэн ,  40 буюу 45.5%-ийг  хүүхэд тус тус эзэлж байна. Дээрх тохиолдол нь 4-13 нас, 20-59 насанд зонхилон тохиолдсон байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар авч үзвэл 2,4,5,8,9,12,16,18,19,21,22,24,27,28-р хороонд тус тус бүртгэгдэж 2, 5, 8, 9, 19,22-р хороонд тохиолдлын тоо өндөр байна.

 

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН БАЙДАЛ ӨССӨН ДҮНГЭЭР:

2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан – 35, эмнэлэгт хэвтэж тусламж үйлчилгээ авсан – 53 хүн байна. Үүнээс нас барсан 1, Маш хүн 1, Хзндэвтэр 9, Дунд 45, хөнгөн 32 хүн тус тус тусламж үйлчилгээ авсан байна.

ЦААШИД АНХААРАХ:

  1. Мэдээллийн нэгдсэн урсгал мэдээлэлтэй болох
  2. Бүртгэл,мэдээлэл тандалтыг сайжруулах
  3. Эрсдэлтэй айл өрхөд тогтмол хяналт тавих
  4. Мэдээлэл сургалт сурталчилгааг тогтмол хийж иргэдийг эрсдэлээс сэргийлэх хариу арга хэмжээг сайжруулах
  5. Салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хамтарч ажиллах