С.ЧИНЗОРИГ: ТУЛГАМДСАН АСУУДЛАА ЯРИЛЦАЖ, ГАРЦ ШИЙДЭЛ ХАЙСАН АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТЫГ УЛИРАЛ БҮР ХИЙСЭН Ч БОЛНО

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн сарын 18-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээж авч уулзан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал солилцох үеэр МЭМАҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультан, гишүүд, эмч, ажилтнуудтай хийхээр товлосон уулзалт өнгөрсөн баасан гариг /2023-03-10/-т МҮЭ-ийн Соёлын төв ордонд болсон. Эрүүл мэндийн салбарын төлөөлөл 200 гаруй хүн оролцсон уг уулзалтын эхэнд С.Чинзориг сайд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар танилцуулж эмч, эмнэлгийн ажилтнуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудынх нь талаар  сонсон шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм.
Тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын амаргүй хүнд цаг үеийн гол ачааг нуруундаа үүрэн зүтгэсэн эрүүл мэндийн салбарынханд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд УИХ-аас эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах, Засгийн газраас санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласны үр дүнд ковидын цар тахлыг хохирол багатай давсан цөөн орны нэг гэсэн үнэлгээг ДЭМБ-аас авсныг  дуулгав.
Сайд С.Чинзориг сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж ирсэн алдаагаа засч нийгмийн эрүүл мэндийн анхдагч суурь хуультай болох шаардлагатай байгааг онцлоод “Өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс нь өмнө урьчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоог оновчтой тодорхойлсон Нийгмийн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний тухай хуультай болохоор ажиллаж байна.
Хувь хүний эрүүл мэндийн 10-12 хувь л эрүүл мэндийн байгууллагатай хамааралтай, үлдэх 80 хувь өөрөөс нь шалтгаалдаг тул иргэний эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангасан үйл ажиллагааны цогц төлөвлөгөө, стратеги боловсруулан ойрын үед Засгийн газарт оруулна. МҮОНРТ-тэй иргэний эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар эрдэмтэн судлаачид, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсон хамгийн гол нь нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг системтэйгээр өгөх боломж бүрдэж байгаа.
Манайд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой стандартууд байдаг ч эдгээрийг боловсронгуй болгох шаардлага байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт мөрдөх үйлчилгээний стандарт гаргах нь зөв хэмээн үзэж лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад тохирсон стандартыг боловсруулж ирэх сарын 1-нээс мөрдүүлэх үүргийг өгсөн.
2011-2012 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин нэлээд бүрдсэн хэдий ч үүнээс хойш шинэчилсэн найруулгаар нэг ч хууль батлуулаагүй, суурь хуулиудын 60-70 хувьд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ тохиолдолд  батлагдсан хуулийн суурь концепц зарчим үндсэндээ алдагддаг учраас 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөж буй бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар Тамхины хяналтын тухай, Тусгай сангийн тухай, Эмийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг яаралтай оруулна. Тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхи гэж ямар ч зохицуулалтгүй, хяналтгүйгээр ялангуяа өсвөр насныхны хэрэглээ болоход ойрхон байгаа бүтээгдэхүүнийг утаат тамхитай адилхан худалдан борлуулах зохицуулалттай, татвартай болгохоос өөр аргагүй.
Монгол Улсад эмчилж, оношилж чадахгүй 26 төрлийн өвчин байгааг 2017 онд сайдын тушаалаар баталгаажуулсан байдаг. Нэгэнт өөрсдөө эмчилж оношилж чадахгүй бол эдгээр өвчнөөр өвчилж шаналж байгаа иргэддээ тодорхой дэмжлэг үзүүлдэг байхаас өөр аргагүй. Иргэнээ дээдэлсэн ардчилсан төртэй улсын хувьд ийм арга хэмжээ авах ёстой. Тиймээс дотооддоо эмчилж чадахгүй байгаа өвчнийг анагаах арга технологи, эмнэл зүйг оруулж ирж нутагшуулбал зардлыг нь ЭМДС-гаас санхүүжүүлдэг байх зохицуулалтыг хийхийн тулд Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна.
Иргэд сүүлийн нэг жилд эм, тарианы үнэ маш их өссөнийг ярьж байгаа. ҮСХ-ны судалгаагаар нэг жилийн хугацаанд эм тарианы үнэ 40 хувиар нэмэгдсэн дүн бий. Эм тарианы чанар, соёлтой хэрэглээг төлөвшүүлэх, мөн онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх эм тарианы улсын нөөц бүрдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудал эмийн салбарт байгаа тул   Эмийн тухай хуулийг УИХ-д яаралтай оруулж тулгамдсан асуудлыг нь шийдэх гарц шийдлийг олох ёстой” хэмээсэн.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлээр санхүүжилтийн  тогтолцоонын талаар “Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор гүйцэтгэлийн санхүүжилт бодитойгоор хэрэгжсэн гэж хэлэхэд хэцүү байх. Болж байгаа ч зүйл бий, болохгүй байгаа нь байна. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой асуудлаар Ц.Эрдэмбилэг зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг гаргаад зарим тусламж үйлчилгээний өртгийг дахин хянах, тарифт өөрчлөлт оруулах замаар ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлага байна. Шулуухан хэлэхэд энэ гүйцэтгэлийн санхүүжилт өвчлөөд байвал сайн, хэвтэн эмчлүүлээд байвал сайн, өндөр өртөгтэй шинжилгээ, мэс засал хийгээд байвал сайн гэдэг рүү явж байна. Клиник эмнэлгүүд дээр амбулаторийн үйлчилгээ байхгүй болсон. Хувийн эмнэлгүүд зөвхөн өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээг шүтэж, үзүүлж байгаа үйлчлүүлэгчийг шаардлагатай эсэхээс үл хамааран өндөр өртөгтэй MRI, томографт харуулахыг зөвлөж байна. Бүр тодруулбал, хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр хүн тутмын нэг нь өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээнд хамрагдаж байгаа дүн бий. Энэ бүхнээс харахад гүйцэтгэлийн санхүүжилт яг таг таарч байна гэхэд өрөөсгөл. Дэлхий нийтийн хандлага, өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 50-иас дээш хувь нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээ байдаг бөгөөд санхүүжилтийнхээ 50-80 хувийг энэ чиглэлд зарцуулдаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээнд санхүүгийн эх үүсвэрийнхээ дөнгөж 19 хувийг өгч байгаа нөхцөлд орон нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд ЭМДС-гаас жилд 200 орчим тэрбумын санхүүжилт авч, нийт ачааллын 31 хувийг дааж байхад тэдэнтэй яг ижил хэмжээний санхүүжилт авдаг хувийн эмнэлгүүд ачааллын ердөө 7.0 хувийг үүрдэг. Эндээс харахад хувийн эмнэлгүүд өндөр өртөгтэй, зардал багатай, хөнгөвтөр өвчтөнийг авдаг. Дүүргийн эмнэлгүүд өртөг багатай, зардал ихтэй, хүнд өвчтөнүүдийг авдаг. Тиймээс санхүүжилтийн аргад өөрчлөлт хийхээс аргагүй байна.
ЭМДҮЗ-ийн тогтоолд анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих чиглэлд өөрчлөлт оруулж, энэ хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг ч давхар авч үзэх, эх үүсвэрийг бий болгох шаардлага байгаа” гээд салбарын ажиллагсдын цалин хөлсний тогтолцоонд өөрчлөлт оруулах зорилгоор ХНХЯ-тай хамтран Ажлын хэсэг гаргасан. Энэ Ажлын хэсэгт эрүүл мэндийн байгууллагууд, үйлдвэрчнийхэн гээд бүхий л талын төлөөлөл орсон гэдгийг хэлж байлаа.

Уулзалтад оролцогчдоос эмнэлгүүдийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилт, ажиллагсдын цалин, нийгмийн хамгаалалтай холбоотой олон санал хэлсэн.

Тухайлбал,
-Эмч нарын цалингийн асуудлыг яаралтай авч үзэхгүй бол чадварлаг боловсон хүчнээ гадагшаа алдаад дуусах нь.
-Гадны улс орнуудад эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан багш эмч нараар гүйцэтгэлийн санхүүжилтийн хяналт хийлгэдэг тогтолцоог нэвтрүүлэх
-Лавлагаа шатны эмнэлгүүдэд ТУЗ байх нь зөв эсэхийг эргэж  харах
-Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн бодлого алдагдсан, сувилагчийг хуучин системийн үед хоёр жилээр бэлтгэдэг байсан. Хийх ажил, хүлээх үүрэг нь өөрчлөгдөөгүй атал одоо дөрвөн жил сургаж байгаа нь хувийн сургуулийг л тэжээх гэсэн арга
-Яаралтай түргэн тусламж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордоггүй, цалин ч ялгаагүй учраас сүүлийн үед резидентүүд сонгохоо больсон. Одоогийн байдлаар УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг л яаралтай тусламжийн эмчээр хангагдсан бусад эмнэлэгт хомсдолтой
-Эмч нарыг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй. Иргэдийн дарамтад ажилладаг болсон. Эмч эмнэлгийн мэргэжилтэний нэр хүндийг сэргээх, иргэдэд ойлгуулах эерэг хандлагатай үйлчлүүлэх соёлтой үйлчлүүлэгчийг бий болгомоор байнаа.
-Эмнэлгүүдэд парк шинэчлэл хийж туулах чадвар сайтай машинаар хангах
-Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон хүмүүс хэзээ чөлөөлөгдөх вэ
-ХӨСҮТ-ийн үндсэн үүрэг халдварт өвчний дэгдэлтийг хумих, өвчин гарахгүй байхад чиглэх ёстой атал гүйцэтгэлийн санхүүжилтээр өвчин гарч байвал авах мөнгө нь их байх буруу зохицуулалттай байна.
-Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн Засгийн газрын 107 дугаар тогтоолоор цалинждаг. Үндсэн цалинг дор хаяж 30 хувиар нэмж өгнө үү
-Ур чадварын нэмэгдэл олгох боломжийг бүрдүүлэх
-Хамтын төлбөрийн тогтолцоонд шилжиж байж иргэд эрүүл мэнддээ анхаардаг болохоос гадна ЭМДС-д   төвлөрөх мөнгө нэмэгдэж ажиллагсдын цалинг бодитоор нэмэх боломж бүрдэнэ
-Хөдөлмөрийн  норм норматив гэж байна уу? Робот ч байсан амжуулахгүй их ажлыг хийж байна. Өвдөж ч чадахгүй сувилагч нар маань зүтгэж байна. Суурь норм норматив байхгүй бол юутай харьцуулж гүйцэтгэлийг үнэлэх вэ?
-Томилолтын мөнгө, урамшуулал болон илүү цагийн хөлснөөс татвар, нийгмийн даатгалын шимтгэл авахгүй байж болохгүй юу
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийг дахин тооцож зарим үйлчилгээний үнэлэмжийг дээшлүүлэх шаардлага байна
-Эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг орон сууцны ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах зэрэг салбарын үйл ажиллагаатай хэлсэн санал бүрийг нухацтай авч үзэж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, МЭМАҮЭХ-той хамтран төлөвлөгөө гарган ажиллана. Салбарынхаа тулгамдсан асуудлыг ярилцаж, гарц шийдэл хайсан ажил хэрэгч уулзалтыг уламжлал болгон улирал бүр зохион байгуулдаг байхад болохгүй зүйл үгүйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

Сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах чиглэлээр дүүргүүдийн сэтгэц, дотоод шүүрлийн болон аддиктологийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжууллаа

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх онол, практик хосолсон уулзалт, сургалт энэ сарын 10-ны өдөр боллоо.

Тус сургалтыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл сүрьеэгийн ирээдүйн төлөө ТББ-аас ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Сүрьеэгийн мэс заслын тасаг болон НЭМГ-тай хамтран “Үндэсний хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Үүний үр дүнд  ахмад настан, чихрийн шижин, архины хамааралтай иргэдэд тусламж үйлчилгээгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүд болон дүүргийн амбулаторийн эмч нар сүрьеэгийн ялган оношилгоо зөв хийх, цаашлаад сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, оношилгоог эрт үед нь илрүүлэх олон талын ач холбогдолтой болох юм.

Сургалт, уулзалтын үеэр ХӨСҮТ, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг “Өнөөдрийн сургалтаар сүрьеэгийн тусламж үйлчилгээнд юуг анхаарах вэ , тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх вэ, сүүлийн үеийн тоо мэдээлэл ямар байгаа вэ, төрийн болон төрийн бус байгууллага, холбоодын хамтын ажиллагаа ямар чухал вэ зэрэг асуудлуудаар мэдээлэл солилцож, эмч, мэргэжилтнүүдэд онол, практикийн дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь онцлогтой болж байна.

Өнөөдрийн уулзалтаар бид бүхэн эрүүл мэндийн салбар, түүн дотор архины хамааралтай, ахмад настан хүмүүстэй ажиллаж байгаа  Геронтологийн Үндэсний Төв, Аддиктологийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг  сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах талаас нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, чадвахжуулах чухал алхам болж байна. Сүрьеэ өвчин нь нийгмийн халдварт өвчин бөгөөд ихэвчлэн амьсгалын замаар дамждаг, цаашлаад нийгэм, эдийн засгийн маш томоохон хор хохирол учруулдаг сөрөг үр дагавруудыг авчирдаг учраас сүрьеэгийн тусламж үйлчилгэг сайжруулах, цаашид “сүрьеэгүй Монгол” болоход дан ганц эрүүл мэндийн салбарын биш бүх салбарынхан оролцоо, дэмжлэг чухал юм.

Ирэх 03 дугаар сарын 24-нд болох “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ жил “Тиймээ, бид сүрьеэг устгаж чадна” гэсэн уриатайгаар улс орнууд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ,  нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллага зэрэг төр болон төрийн бус байгууллагууд хамтран  эрт илрүүлэг үзлэг, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.” гэв.

ЭСИТ ТББ-ын гүйцэтгэх захирал М.Тунсаг “Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг сайжруулах, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, эмчилгээний амжилтыг сайжруулах,  халдварт бус өвчин түүн дотор чихрийн шижин, архины хамаарал бүхий иргэд, ахмадуудад сүрьеэ өвчнөөс эрт илрүүлэг,  оношилгоо хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл солилцож, эмч, мэргэжилтнүүдийг илүү чадавхжуулахад анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд хамтарсан уулзалт, сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн  сургалт нь  эмч, мэргэжилтнүүдэд онол, практикийн мэдээлэл олгохоос гадна  ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн мэс заслын тасагт эмнэлзүйн дадлага хийлгэж,  сүрьеэгийн ялган оношилгоог хийх тал дээр илүү чадавхжуулж байгаагаар илүү ач холбогдолтой боллоо. Ахмад настан, архины хамааралтай, чихрийн шинжин болон амбулаторид тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүд эмнэлзүйн дадлагаар сүрьеэгийн бодит кейсүүдтэй танилцаж, цаашдын ялган оношилгоо үр дүнтэй хийх тал дээр суралцлаа.

Мөн уушгины бус сүрьеэгийн ялган оношилгоо, эмчилгээ, хяналтын талаар МУ-ын гавьяат эмч, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын тасгийн зөвлөх эмч  Ц.Рэнцэнмягмар онол, практик хосолсон мэдлэг, мэдээлэл олголоо. Энэ бол маш ач холбогдолтой сургалт боллоо.

Чихрийн шижинтэй иргэд хавсарсан оношоор сүрьеэгийн тусламж үйлчилгээнд оройтож ханддаг. Мөн ахмад настан болон архины хамааралтай, архисах өвчтэй хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл байдаг. Үүнийг илрүүлж чадахгүйгээс болж хүндрэх тохиолдлууд гардаг. Тиймээс дээрх чиглэлийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, чадавхжуулах нь илүү цаг үе олсон сургалт болсон гэж харж байна.

Сургалтыг зохион байгуулахад дэмжин ажилласан ХӨСҮТ-ийн СТСА, Мэс заслын тасаг, НЭМГ, Геронтологийн Үндэсний Төв , Аддиктологийн төв, Чихрийн шижингийн холбоод талархал илэрхийлье ” гэв.

 

ЭХИЙН ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Үжил, үжлийн дайрлага” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлыг тус төвийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Мөнхбаяр удирдаж, ЭХЭМҮТ, “Өргөө”, “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гурвангал эмнэлэг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багануур дүүрэг, Жаргалант тосгоны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч зэрэг 370 гаруй хүн оролцлоо.  
Цахим хурлаар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны менежер Ч.Батхишиг эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Лхагвасүрэн “Үжил, үжлийн дайрлага” сэдвээр онолын мэдээлэл хийлээ.  ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр, Б.Лхагвасүрэн нар эх барихын үжлийн талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж, эмнэл зүйн арга, эмчилгээний талаар тодорхой мэдээллийг өгсөн. Үжил бол амархан үүсдэг, хурдан явцтай, хоруу чанар өндөртэй, үхэлд хүргэдэг. Халдварын эсрэг бие махбодын хариултын зохицуулга алдагдсанаас улбаалсан амь насанд аюултай эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдлыг үжил гэж тодорхойлдог. Үжилд биологийн гурван хүчин зүйл болох үүсгэгчийн хоруу чанар, организмын урвалт чанар буюу төрсний дараах үе, дааврын байдал зэрэг нөлөөлдөг. Тухайлбал, чихрийн шижингийн хүнд хэлбэр, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааны гүнзгий алдагдал, халдвар нэвтэрч орох зам, хэр удаан оршин байх нь үжлийн шок үүсэхэд нөлөөтэй. Эх барихын үжлийн шокийн онцлог нь нэг ба олон халдварын голомт байдаг төдийгүй нянгийн хавсарсан шалтгаантай байж, халдвар хордлогын шок, олон эртхний дутагдалд түргэн хүргэдэг. Олон эрхтний үйл ажиллагааны үнэлгээг SOFA оноогоор үнэлэх ёстой ба хамгийн чухал нь эрчимт эмчилгээний тасагт эмчилж, хяналтыг байнга хийх ёстой. Үжлийг эрт таньж оношилж, эмчлээгүй алтан цаг эргэж олдохгүй гэдгийг эмч, мэргэжилтэн бүр сайн санаж байх. Үжлийн үед антибиотик эмчилгээг эхний нэг цагийн дотор заавал хийх, цагаа олсон, өргөн хүрээний, үр дүнтэй, өвчтөн бүрт өөрт нь тохирсон зэрэг зөв эмчилгээг нэн даруй эхлүүлэх шаардлагатайг онцлон зөвлөв.

ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ДЭМБ-ТАЙ ХАМТАРЧ ХИЙХ АЖЛУУДАА ХЭЛЭЛЦЛЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантетэй уулзаж, хамтын үйл ажиллагааны хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Тус уулзалтаар:

  • ГССҮТ-ийг ДЭМБ-ын дэргэдэх Гэмтлийн төвтэй холбож, хамтын ажиллагааг эхлүүлэх,
  • Ослын цэгээс эмнэлэг хүртэлх анхны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд яаралтай түргэн тусламжийн үндэсний тогтолцоо, сүлжээг бий болгох,
  • Орон нутгийн яаралтай тусламжийн бүсчлэлийг тогтоох ажлыг хамтран хэрэгжүүлэх,
  • Орон нутгийн хэмжээнд гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх,
  • Эмч, мэргэжилтнийг сургах, чадавхжуулах цогц сургалтыг зохион байгуулах,
  • Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,
  • Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээллэх сургалт хийх,
  • Гамшиг ослын үеийн яаралтай тусламжийн багийг /ЭMT/ бэлтгэх, чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын сүүлээр зохион байгуулах зэрэг ажлуудыг ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хийхээр болсон байна.

Эрт илрүүлэгт 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй үзнэ

Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилгыг өнгөрсөн онд гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байхгүй боломж. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.

Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД МҮОНРТ-ТЭЙ ХАМТАРНА

Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд Монголын үндэсний олон нийтийн телевиз, радиотой хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд нийгмийн бүхий л салбарын оролцоог хангаж үйл ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлэх, иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээллийг хүргэхийн хамт салбарын амжилт, шинэ технологи, инновацийг сурталчилах үйл ажиллагаа явуулах юм.
 Дэлхий нийтэд эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, ажиллаж, амьдарч, сурч байгаа орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхэд нь хувь хүн, олон нийт, байгууллага, хамт олонд туслах, олон салбарын хамтын үйл ажиллагааг чиглүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахад чиглэж байгаа энэ цаг үед  чухал ач холбогдолтой уг Санамж бичиг энэ сарын 15-наас эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжинэ. Санамж бичигт гарын үзэг зурах ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах саналыг хүлээж авсан МҮОНРТ-ийн удирдлагуудад талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хүн амын 30 хүрэхгүй хувь хамрагдсан байгаа ч цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлэн бүх хүмүүсийг хамруулах зорилготой ажиллаж байна. Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 61 хувь нь шүд цоорох өвчтэй, насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судасны өвчлөл их байгаа дүн гарсан. Энэ үр дүнгээс бид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байж, амьдралын эрүүл хэв маягаа өөрчилж, буруу дадал хэвшлээс салахад нь туслах зайлшгүй шаардлага байна гэж үзэж МҮОНРТ-тэй хамтран ажиллах санал тавьсан юм.
Тэгээд ч дэлхийн улс орнуудын туршлагаас харахад нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнээс дутахгүй анхаардаг. Гэтэл манай  улсын хувьд иргэдийг өвчлөхөөр нь эмчлэх тухай л ярихаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаад дүгнэлт хийж нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих цогц төлөвлөгөөг салбарын яамдтай хамтран боловсруулахаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар хувь хүний эрүүл мэндийн 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой. Үлдсэн 85-90 хувь нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэсэн байдаг.  Тиймээс бид МҮОНРТ-тэй хамтран иргэдийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, контент, нэвтрүүлэг, сурталчилгааг хамтран бэлтгэж олон нийтэд хүргэх зорилго тавьж байна” хэмээсэн. МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар “Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллах санал тавьсны дагуу Санамж бичиг байгуулж байна. Манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн шалтгаан нь иргэд эрүүл мэндийн боловсрол тааруугаас улбаатай. Мөн буруу дадал зуршил, хоол хүнсний зохисгүй хэрэглээ зэргээс үүдэж байгаагаас гадна суурин амьдралын соёл ч нөлөөлж байгаа. Тиймээс хэн нэгнийг өвдсөнийх нь дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэх нь өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа тул бидний бэлтгэх мэдээ мэдээлэл энэ тал руу түлхүү чиглэх ч өвдсөн тохиолдолд яаж эмчлэх талаар ч мэдлэг мэдээлэл олгоно. Ингэхдээ хүмүүст хамгийн амархан ойлгох байдлаар нь хүргэнэ гэж төлөвлөж байгаа юм” хэмээн ярьсан.

ХӨСҮТ: Монгол Covid-19-гүй улс болж, PCR шинжилгээ хийхгүй

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурсан. Иймд улсын хэмжээнд ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна.

Хятад руу нэвтрэхэд л иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.

Улсын хэмжээнд долоон хоногт Covid-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй.

Харин томуу томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд арванхоёрдугаар сараас нэмэгдсэн. Иргэдийн дунд өвчлөл их байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж байна. Тиймээс иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд очиж томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эмнэлгээс тусламж үйлчилгээ авч буй нийт иргэдийн 16 хувийг томуу эзэлж байна. Энэ жил улирлын үүсгэгч  болон В вирус хүн амын дунд зонхилжээ. Хоёр хүртэл настай хүүхдүүдэд уушгины өвчлөл түгээмэл байна. Улирлын томуугаас бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамгаалах шаардлагатай. Эдгээр эрсдэлт бүлгийн иргэд дүүргийн эмнэлэгтээ хандан, томуугийн вакцин хийлгэх боломжтой.

Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.
Мөн авлига, албан тушаалын хэрэгт төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
 
Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмж хангана
Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмэлтээр хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, эрүүл мэндийн салбарын цахим системийн хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулахад техник, хангамжийн бүрдэл, тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд,  хүн амын эрүүл мэндийн боловсролыг дэмжих салбар хоорондын хамтарсан цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг Эрүүл мэнд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт тус тус даалгав.
Мөн “Шүд” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, Нүүр, ам судлалын үндэсний төв байгуулах асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов.

 

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уламжлалт өглөөний уулзалтаараа нүүр, амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзав. Нүүр, ам судлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярболд илтгэл тавилаа. 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхдийн өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5, шүдний гажиг 2.4, хараа муудах 1.1 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 121,602 тохиолдол буюу 83 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байна. Шүд цоорох өвчний тархалт дэлхийн улс орнуудын дундаж 40-45 хувь байхад Монгол Улсын дундаж 80-99 хувьтай буюу хоёр дахин их байгааг танилцууллаа. Мөн өнөөдрийн уулзалтад Монгол Улсад нүүр, ам судлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудал сэдвээр “Импайр Дентал” клиникийн захирал Б.Энхбаатар илтгэл тавилаа. Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг шинээр зохион байгуулах, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийг өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалаас шүдний хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгох зэрэг санал гаргав.
Уулзалтад оролцогч төр хувийн хэвшлийн төлөөллүүд мөн саналаа хэллээ. Орон нутагт шүдний эмч дутагдалтай байгаа асуудлыг шийдэх, нүүр, амны эрүүл ахуйчийг бодлогоор бэлтгэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд шүд угаах цаг гаргах, орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах хэрэгтэйг тэд хэллээ.  
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтад оролцогчдын саналыг сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд авах арга хэмжээг цогцоор тусгасан танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Эрүүл мэндийн даатгалаас хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд санхүүжилт авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх асуудлыг судлах, 2024 онд “Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөө гаргах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг өглөө.