Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Томуу томуу төст өвчний 06 дугаар долоо хоногийн мэдээгээр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 198 сорьцонд томуу, томуу төст болон SARS-CoV-2 вирус илрүүлэх шинжилгээ хийхэд 33 (16.6%) сорьцонд томуугийн В вирус, 12 (6.0%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус, 10 (5.0%) сорьцонд томуугийн А хүрээний вирус, 3 (1.5%) сорьцонд томуугийн А(H1N1)pdm09 вирус, 2 (1.0%) SARS-CoV-2 вирус тус тус илэрсэн байна.

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, сар шинийн баяртай холбоотой зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

– Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримтлах

– Ханиаж, найтаах шинж тэмдэг илэрсэн бол маск зүүх, өөрийгөө тусгаарлах

– Сар шинийн баяртай холбоотой бага насны хүүхдийг үнсэхгүй байх

– Орон нутаг руу зорчих бол тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, дулаан хувцаслах

– Хоол хүнсээ тохируулах хэрэглэх, халуун хоол идсэний дараа хүйтэн ус, ундаа уухгүй байх

– Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх

– Угаарын хийн хордлого, галын аюулаас сэргийлж, зуух пийшингийн аюулгүй ажиллагааг сахих гэх мэт

ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ ГАРТ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан ТОМООХОН зах, худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг нэмэгджээ

Нийслэл хотын хэмжээнд энэ оны 1-р сарын байдлаар 485 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 456, зөрчлийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 77 нэгжээр буюу 15.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 179 нэгж буюу 36,9 хувь нь гудамж талбайд, 247 нэгж буюу 50,9 хувь нь автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, 29 нэгж буюу 5,9 хувь нь зах, худалдааны төвд, 18 нэгж буюу 3,7 хувь нь үйлчилгээний газар, 12 нэгж буюу 2,4 хувь нь эмнэлэг, сургуульд тус тус үйлдэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зах, худалдаа үйлчилгээний газруудаар нэгдсэн эргүүл, хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд томоохон зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэхдээ халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байна. Иймд иргэд та бүхэн олон хүн цугласан зах, худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аль болох их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахгүй байж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдэх хулгайлах явдал нэмэгдэж байна. Тиймээс бага насны хүүхдүүдээ гадуур явахдаа сонор сэрэмжтэй байж аль болох үнэтэй гар утас, бэлэн мөнгө өгч явуулахгүй байхын анхааруулж байнаа.

 

  • Сар шинийн баяр ойртоход орон байр, халаасны хулгайн гэмт хэрэг гарах нь нэмэгдэх хандлагатай байдгийг анхаарч өмч, хөрөнгөндөө тавих хяналтаа сайжруулж, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд нийслэлийн томоохон худалдааны зах, дэлгүүрээр явахдаа халаасны хулгайн болон залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах.

    -Мал хулгайлах гэмт хэрэг хөдөө орон нутагт өсөх төлөвтэй байгааг анхаарч малыг байнгын хариулга, маллагаатай байлгах,

    -Нийслэлээс болон орон нутгаас гарч явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах

    -Галын аюулаас урьдчилан сэргийлэхэд цахилгааны шугам, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, гал алдахаас сэргийлэхийг зөвлөж, сэрэмжлүүлж байна.

 

 

Иргэн бүр эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй!

Монголчууд уужуу хүмүүс. Энэ хандлага нь ялангуяа эрүүл мэндэд илэрдэг. Өвдөхгүй л бол урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагддаггүй. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилга гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байхгүй боломж. Нэг талаар энэ нь иргэдийн хайнга байдлыг өөгшүүлж буй мэт боловч нөгөө талдаа цөөхөн хүн амтай Монгол Улсад нэг хүний амь нас ч үнэ цэнтэйг харуулж байна. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.

35 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЗНЭ

Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой хэвээр байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явна гэсэн тайбар өгсөн.

Тиймээс харьяа өрх, дүүргийн эмнэлгээс тодруулж нэр заасан хувийн эмнэлэгт ч тус үзлэгт хамрагдах боломжтой. Эрт илрүүлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй төдийгүй үзлэг оношилгоо ч сайн хийгдэж буй болохыг ЭМЯ-наас тайлбарлаж байна. Мөн өвчлөл хүндрэх эрсдэл бууруулах давуу талтайг онцоллоо. Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтойг салбарын сайд хэлсэн юм.

Одоогоор Улаанбаатарт хийгдсэн үзлэгийн хувьд Баянзүрх дүүрэг нийт үзлэгийн 27 хувь, Баянгол дүүрэг 24,3 хувийн хамрагдалттай буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлттэй байна.

Харин аймгуудын мэдээллийг харьцуулахад Өвөрхангай аймаг нийт үзлэгийн 4,1 хувь, Орхон 3,7, Хөвсгөл 3,5, Сэлэнгэ 3,1, Баян-Өлгий 2,9 хувьтай байгаа аж. Тиймээс иргэн бүрийг эрт элрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ НИЙТ ХҮН АМЫН 25.7 ХУВЬ ХАМРАГДСАН БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулж байгаа.
Энэ үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023-02-10/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  дэд сайд С.Энхболд нарын хамт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Фамили медикал” эмнэлэгт ажиллалаа.
Эрт илрүүлэг үзлэгт энэ сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 852 834 хүн хамрагдсан нь нийт хүн амын 25.7 хувь бөгөөд насны ангиллаар авч үзвэл 0-5 насны хүүхдийн 34.4 хувь, 6-17 насны хүүхдийн 52.4 хувь, 18-30 насны залуучуудын 11.4 хувь, 31-45 насны хүн амын 12.4 хувь, 46-60 насны 17.2 хувь, 61-ээс дээш насны хүн амын 20.8 хувь хамрагдсан дүнтэй байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн очсон Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд энэ оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар 110,762 иргэн буюу хамрагдвал зохих хүн амын 28.8 хувь нь хамрагдсан бөгөөд улаан хоолойн хавдрын урьтал эмгэг, ходоодны шарх, хавдар, элэгний хортой, хоргүй хавдар, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг,  элэгний  В, С вирусийн шинэ тохиолдол зэрэг өвчлөл, өөрчлөлтүүд зонхилон илэрч байгаа талаар тус төвийн дарга Г.Ууганцэцэг танилцуулсан.
аянзүрх дүүргийн ЭМТ тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, эрт илрүүлгийн хамралтын хувийг дээшлүүлэх зорилгоор 18-30 насны иргэдийг зөвлөх поликлиниктээ, бусад насны бүлэг буюу  дуран оношилгоотой багцыг дүүргийн нутаг дэвсгэр дэх улсын болон хувийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн хүмүүст хүрч очиж ажиллах зохицуулалт хийжээ. Тухайлбал, бүрэн тоноглосон эрт илрүүлгийн автобус ажиллуулж, өнгөрсөн онд 1,509 хүнийг хамруулсан байна.
Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээнд төрийн өмчийн 49, хувийн хэвшлийн 27 байгууллага хамтран ажиллаж байна. Эдгээрийн нэг нь “Фамили медикал” эмнэлэг юм. Тус эмнэлэг Баянзүрх дүүргийн хоёр, 21, 27 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн ес, 16 дугаар хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэгт хамруулах гэрээтэй бөгөөд өдөрт 60-70 хүн хамрагддаг. Энэ хугацаанд 12,600 гаруй хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсанаас 250 орчим хавдрын урьтал болон батлагдсан тохиолдол илэрчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгүүдэд ажиллах үеэрээ үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр эрүүл мэнддээ анхаарч шинжилгээ, оношилгоонд хамрагдахаар ирсэнд нь талархал илэрхийлээд “Энэхүү эрт илрүүлгийн арга хэмжээ нь Монгол Улсын хүн амын нас, насны бүлэгт зонхилон тохиолдох өвчин, эмгэгийг илрүүлэх, эмчлэх зорилготой. Цаашид иргэн бүр жил тутам эрт илрүүлэгт хамрагдаж хэвших нь чухал байна. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол дээшилснээр монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ” гээд гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд идэвхтэй хамруулаарай гэж захилаа.
Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсээс давхардсан тоогоор өвчлөлийн 636 360 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 307 288 буюу 48.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 71 248 буюу 11.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчин,     67 351 буюу 10.6 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 53 730 буюу 8.4 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 50 621 буюу 8.0 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 86.5 хувийг эзэлж байна.
0-17 насны хүүхдийн өвчлөлийн 238 184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 61.5 хувь нь шүд цоорох, 2.4 хувь нь шүдний гажиг, 1.1 хувь нь хараа муудах өвчлөл эзэлж байгаа нь хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөл болж байна. Хүүхдүүдийн дунд бүртггэгдсэн шүд цоорох өвчний 121 602 тохиолдол буюу 83.0 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байгаа гэсэн дүн гарсан байна.

Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд гэр бүл, ойр дотнынхноо идэвхтэй хамруулаарай гэж Ерөнхий сайд уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Эрүүл мэнд-Үндэсний баялаг”  уриан дор хэрэгжүүлж буй хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны хэрэгжилт, үйл ажиллагааны явцтай танилцлаа. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  дэд сайд С.Энхболд нарын хамт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Фамили медикал” эмнэлэгт ажиллав.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг дүүргийн хэмжээнд 383892 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдахаас энэ оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар 110,762 иргэн буюу 28.8 хувь нь хамрагдсан бөгөөд улаан хоолойн хавдрын урьтал эмгэг, ходоодны шарх, хавдар, элэгний хортой, хоргүй хавдар, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг,  элэгний  В, С вирусийн шинэ тохиолдол зэрэг өвчлөл, өөрчлөлтүүд зонхилон илэрч байгаа талаар танилцуулав. Тусламж үйлчилгээний чанар хүртээмж, эрт илрүүлгийн хамралтын хувийг дээшлүүлэх зорилгоор 18-30 насны иргэдийг зөвлөх поликлиниктээ, бусад насны бүлэг буюу  дуран оношилгоотой багцыг дүүргийн ну таг дэвсгэр дэх улсын болон хувийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн хүмүүст хүрч очиж ажиллах зохицуулалт хийжээ. Тухайлбал, бүрэн тоноглосон эрт илрүүлгийн автобус ажиллуулж, өнгөрсөн онд 1,509 хүнийг хамруулсан байна.
Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээнд төрийн өмчийн 49, хувийн хэвшлийн 27 байгууллага хамтран ажиллаж байна. Эдгээрийн нэг нь “Фамили медикал” эмнэлэг юм. Тус эмнэлэг Баянзүрх дүүргийн хоёр, 21, 27 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн ес, 16 дугаар хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэгт хамруулах гэрээтэй бөгөөд өдөрт 60-70 хүн хамрагддаг. Энэ хугацаанд 12,600 гаруй хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсанаас 250 орчим хавдрын урьтал болон батлагдсан тохиолдол илэрчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгүүдэд ажиллах үеэрээ үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр эрүүл мэнддээ анхаарч шинжилгээ, оношилгоонд хамрагдахаар ирсэнд нь талархал илэрхийлээд “Энэхүү эрт илрүүлгийн арга хэмжээ нь Монгол Улсын хүн амын нас, насны бүлэгт зонхилон тохиолдох өвчин, эмгэгийг илрүүлэх, эмчлэх зорилготой. Цаашид иргэн бүр жил тутам эрт илрүүлэгт хамрагдаж хэвших нь чухал байна. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол дээшилснээр монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ” гэв. Мөн гэр бүл, ойр дотнынхныхоо эрүүл мэндэд анхаарч эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд идэвхтэй хамруулаарай гэж Ерөнхий сайд уриаллаа.
Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжүүлсэн энэхүү кампанит  үзлэгт улсын хэмжээнд хүн амын 25.7 хувь буюу 852,834 хүн хамрагдсан байна.
Өвчлөлийн нийт 636,360 сэжигтэй тохиолдол дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин (48.3%) зонхилж байгаа бол хүүхдийн өвчлөл дунд амны хөндийн өвчлөл өндөр үзүүлэлтэй байна. Эрт илрүүлгээр 5,518 хавдрын тохиолдол илэрснээс 2347 нь хортой хавдар байна.

Засгийн газраас цаашид эрт илрүүлэх үзлэг, оношилгооны дүн, мэдээлэлд үндэслэн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тус салбарын тогтолцооны өөрчлөлт хийх зэрэг ажлыг төлөвлөж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ НЭМҮТ-Д АЖИЛЛАВ

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын байгууллагууддаа ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын хамт тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож шийдэх гарц гаргалгааны талаар санал солилцож байгаа. Сайдын алба хүлээж авснаас хойш Хэнтий аймаг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажилласан тэрбээр өнөөдөр /2023-02-09/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлага, судлаач эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа.
Монгол хүний бие бялдрын өвөрмөц онцлог, амьдралын чанар, эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, удамшлын эрсдэлт хүчин зүйлийг судлах, нотолгоонд суурилсан бодлогыг хөгжүүлж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлдэг бүх шатны байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, иргэдэд эрүүл амьдрах дадал хэвшил, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжлэгт орчинг бий болгох зорилго, чиглэлийг баримтлан ажиллаж буй тус төв 130 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдгийн 60 хувь нь эрдэм шинжилгээний ажилтан судлаачид. Ажиллагсдын 20 нь гэрээт ажилтан. Тиймээс төвийн бүтцийг нэн даруй шинэчлэн баталж гэрээт ажиллагсдынхаа асуудлыг шийдэх шаардлага байгаа болон нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүйг хэлж байв. Түүнчлэн санхүүжилт хангалтгүйгээс нэн шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, иргэдэд мэдээлэл сурталчилгааг хүргэхэд хүндрэл учирч буйг танилцуулж дэмжлэг хүслээ.
Мөн Монгол Улсад ганцхан байгаа вакцин, биобэлдмэлийн үндэсний үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP шаардлагад нийцсэн, өндөр технологижсон үйлдвэрийн байр, цогцолбортой болгоход анхаарал тавихыг Эрүүл мэндийн сайдаас хүслээ. Биобэлдмэлийн үйлдвэрт түшиглэн биотехнологийн судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлээр мэргэшсэн, дээд, дунд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах шаардлага байгааг ч дуулгасан. Түүнчлэн Вакцины хяналтын лабораторийн барилгын санхүүжилтийг шийдүүлэх шаардлага ч байгаа юм билээ. С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр онцгой анхаарч эрүүл мэндийн салбарын анхдагч суурь хууль болох Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буй тул  хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачдын санал чухал гэдгийг онцолсон.
Эрүүл мэндийн сайдын хувьд иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах байр суурь барьж буйгаа танилцуулсан. Энэ ажилд НЭМҮТ-ийн үүрэг оролцоо их гэдгийг ч хэлж байлаа. Тэрбээр санхүүжилттэй холбоотой асуудлаар “Манай улсын эрүүл мэндийн нийт зардлын 11 орчим хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа нь ДЭМБ, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хөгжлийн агентлагуудын зөвлөмж болгож буй 30-аас доошгүй хувьд хүргэх зорилтоос гурав дахин бага үзүүлэлт төдийгүй энэхүү зардлын дийлэнх хувийг олон улсын зээл тусламж эзэлж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламжид чухам ямар үйлчилгээг оруулбал зохих тухай Дэлхийн банк, ДЭМБ хамтран 1990-ээд оны дунд үед эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн байдаг. Үүгээр нэг иргэнд жилд үзүүлж болох тусламж, үйлчилгээний багцын өртөг зардлыг тооцоод нэн буурай хөгжилтэй орнуудад 12 ам.доллар, дундаж хөгжилтэй орнуудад 21.5 ам.доллар хэмээн гаргасан байдаг. Харин манайд өнөө хэр ийм тооцоолол хийгдээгүй байдаг юм билээ” хэмээгээд манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөлд зарцуулж буй төсвийн хуваарилалт дэлхий нийтийн чиг хандлагаас эрс ялгаатай, эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хэлбэр рүү явж буйд шүүмжлэлтэй ханддагаа хэлсэн. Учир нь олон улсад нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн суурь тусламж үйлчилгээ эрүүл мэндийн нийт тусламж үйлчилгээний 21-100 хувийг эзэлдэг бөгөөд нийт санхүүжилтийнхээ 58 хувийг энэ чиглэлд зарцуулдаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн суурь тусламж үйлчилгээ эрүүл мэндийн нийт тусламж үйлчилгээний 49 хувийг эзэлдэг атлаа санхүүжилтийнх нь 19.5 хувь оногддог байна. Түүнээс гадна эрүүл салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд тохиромжтой эсэхийг үнэлэх шаардлагатай гэв.   
С.Чинзориг сайд НЭҮТ-д хийсэн уулзалтын үеэр онцолсон бас нэг сэдэв нь Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой байсан юм. Сайдын хэлж буйгаар ЭМДэмС-д хуулиар төвлөрүүлэх ёстой хөрөнгийг гүйцэтгэлээр нь бүрэн авахад жилдээ 11-12 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой. Гэвч Сангийн яамнаас тус санд жилдээ 2-3 тэрбумыг хуваарилдаг. Энэ жишгийг өөрчилж гүйцэтгэлээр нь бүрэн төвлөрүүлж байх талаар холбогдох сайд нартай ярилцаж шийдэлд хүрсэн учраас Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулан ЭМДэмС-гийн журмыг шинэчилнэ. Ингэхдээ тус санд төвлөрсөн хөрөнгөөс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, судалгаа шинжилгээнээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээ бүр тодруулбал, Монголдоо эмчилж чадахгүй байгаа 26 төрлийн өвчнийг эмчлэх арга, эмнэл зүй, технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирэх, нутагшуулах зардал болон эдгээр өвчнөөр шаналж буй иргэдийг гадагшаа явж эмчлүүлэхэд үзүүлдэг дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулах зохицуулалтыг хийнэ гэдгээ хэлсэн.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг судлаачид эрдэмтдийг дэмжихэд ч анхаарах бөгөөд  судалгааны ажлыг санхүүжүүлэх, үр дүнг нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх ажлыг ЭМДэмС-гаас гадна Шинжлэх ухаан технологийн сантай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэсэн юм.  
 

ХҮҮХДИЙГ ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ НАЛАЙХ ДҮҮРЭГТ БОЛЛОО

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяны хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд сургалт зохион байгууллаа.
Тус дүүргийн хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан зэрэг нийт 75 ажилтан сургалтанд хамрагдсан байна.
Энэ удаагийн сургалтаар: ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Энхбаяр “Осол гэмтлийн өнөөгийн байдал ба “Хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлье”, “Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэх, хариу арга хэмжээ авах нь”,
-ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч А.Ерлан “Хүүхдийг түлэгдэлтийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийг зөв үзүүлэх нь”,
-НЭМҮТ-ийн ТШУА-ны эрдэм шинжилгээний ажилтан Г.Номуунтуул “Химийн бодисын хордлого, авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сэдвээр мэдээлэл хүргэсэн юм.
Түүнчлэн ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Золжаргал “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн сургалтын модуль багц-”ыг танилцууллаа.

Монголд сэтгэцийн эмч хүрэлцээгүй байна

Covid-19 цар тахлаас хойш дэлхий нийтийн хүн амд сэтгэлзүйн эмгэг, тохиолдлуудын тоо өсчээ. Тиймээс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хүний сэтгэцэд ямар эмгэг үүсч байгааг олон улсад мэргэжлийн баг гарган хэд хэдэн судалгааг хийж байна. Монгол Улсын эрдэмтэд, зарим сэтгэл зүйчид хамтран дээрх судалгаануудад  мөн оролцож байгаа аж.

Тодруулбал, энэ төрлийн судалгааг 2021-2022 онд хийсэн бөгөөд үр дүнд нь цар тахлаас шалтгаалсан стресс болон бусад эмгэгийн тохиолдлын тоо өсөлттэй гарчээ.

Сэтгэлзүйн асуудлыг удаан хугацаанд тоохгүй явах нь хувь хүнд болоод нийгэмд  эрсдэлтэй СЭМҮТ-өөс анхааруулсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өгсөн тоон мэдээллээр Covid-19-ийн үеийн Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын судалгаанд 7919 хүн оролцсон байна.

Судалгаанд хамрагдагсдыг түүврийн аргаар сонгосон бөгөөд:

  • 62.2 хувь нь архаг сульдлын хам шинжтэй,
  • 55 хувь нь сэтгэл түгших хам шинжтэй,
  • 48.5 хувь нь биеших эмгэгтэй,
  • 39.6 нь сэтгэл гутрах хам шинжтэй байна.

Гэхдээ дээрх сэтгэлзүйн хам шинж эмэгтэйчүүдэд илүү ажиглагджээ. Тухайлбал, архаг ядаргаа нийт эмэгтэйчүүдийн 66.8 хувь, сэтгэл түгших хам шинж 60.4 хувь,  биеших эмгэг 54.6 хувь зэрэг эмгэгүүд эрэгтэйчүүдээс илүү хувьтай байгаа юм. Эдгээр хам шинжийн эмгэгүүд угтаа бүгд эмчлэгдэх боломжтой.

Харамсалтай нь, монгол иргэдийн ихэнх нь анагаах ухаанаар энэ төрлийн эмгэгээ эмчлэхэд цаг хугацаа гаргадаггүй байна.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 150 ГАРУЙ СЭТГЭЦИЙН ЭМЧ БИЙ

СЭМҮТ-ийн датанаас харвал стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд давамгайлж байна. Ажилгүйдэл, ядуурал, халдварт өвчин зэрэг үүнд нөлөөлдөг. Ингэснээр сэтгэл гутрах, түгших, архи, мансуурал, нойр, архаг ядаргаа гэх мэт эмгэгүүдээр өвчилж байна. Сэтгэлзүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагаас авдаггүйгээс нийгэмд үзүүлэх хоруу чанар ч өсч байгааг судлаачид анхааруулж байгаа юм. Тиймээс нийгмийн сэтгэлзүй, массын сэтгэцийн эмгэгийг анагаах асуудал нь зайлшгүй анхаарах сэдэв болоод байна.

Мөн анагаахын салбарт энэ чиглэлээр ажилдаг боловсон хүчин дутагдалтай байгаа нь хамгийн том асуудал аж. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд 150 гаруй сэтгэцийн эмч бий. Эдгээр эмч гурван сая хүн амд үйлчилж байна гэхээр хангалттай биш.

Тэгэхлээр бусад салбартай хамтарч байж сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой. Гол нь иргэд өөрсдөө стресс, сэтгэл зовсон түгшсэн асуудал байгаа бол эмчид хандаж тусламж авдаг хандлагатай байх нь зүйтэй.

ХҮН АМЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ОНЛАЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газраас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг эрчимжүүлэх онлайн хурлыг зохион байгуулав.

Цахим хуралд ЭМДЕГ, ЭЭХХЗГ, аймаг, нийслэлийн ЭМГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж байгаа 21 аймгийн БОЭТ, Нэгдсэн эмнэлэг, есөн дүүргийн ЭМТ, Дэмжих төвийн дарга, захирал, НЭМОД нар оролцож, Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягийн хийсэн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал“ мэдээллийг сонсож, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны нөхцөл байдлын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд ярилцав.

Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 1-нээс энэ оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 836 хүн хамрагдсанаас 382 721 буюу 45.5 хувь нь эрэгтэйчүүд, 458 115 буюу 54.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

Улаанбаатарт хийгдсэн үзлэгийг дүүргүүдээр харуулбал Баянзүрх дүүрэг нийт үзлэгийн 27.0 хувь, Баянгол дүүрэг 24.3 хувийн хамрагдалттай буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлттэй байна.

Эрт илрүүлэг үзлэгийн аймгуудын мэдээллийг харьцуулахад Өвөрхангай нийт үзлэгийн 4.1 хувь, Орхон 3.7 хувь, Хөвсгөл 3.5 хувь, Сэлэнгэ 3.1 хувь, Баян-Өлгий 2.9 хувьтай байгаа нь бусад аймагтай харьцуулахад харьцангуй өндөр хамрагдалттай байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН БАРИЛГЫН АСУУДЛААР ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн салбарт нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудаас ХСҮТ-ийн шинэ барилга, УНТЭ-д Эрхтэн шилжүүлэх төв барих талаар санал танилцуулж тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээндээ Улсын клиникийн төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг өөрийн гэсэн барилга байшинтай болгон өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Улсын клиникийн төв эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 2006 онд хийсэн бөгөөд энэ сарын 9-нд бөөр шилжүүлэн суулгах 300 дахь, ирэх сарын 17-нд элэг шилжүүлэн суулгах 200 дахь хагалгааг хийхээр товлосон юм байна.
Бөөр болон элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багууд төвлөрөн ажиллаж буй тус эмнэлэг эдгээр мэргэшсэн багийн эмч мэргэжилтэнд тулгуурлан 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулсан бөгөөд тус төв  үйл ажиллагаа нь тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрхтэн шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг нэгтгэх томоохон үүргийг хүлээдэг ч өнөөг хүртэл өөрийн гэсэн байргүй. УНТЭ-ийн өргөтгөлд гурван бокс, хоёр том өрөөтэй, хэвтүүлэн эмчлэх найман ортойгоор үйл ажиллагаа явуулж буй нь эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөнийхөө ачаалалтай харьцуулахад хэтэрхий бага.

Яг өнөөдрийн байдлаар донор нь бэлэн 67, шинжилгээ өгч донор бэлдэж байгаа 36 нийт 103, тархины үхэлтэй донор хүлээж байгаа 191 хүн элэг шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэхээр хүлээж байна.
Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр 600 хүн хүлээж байгаагийн 15-ынх нь донор бэлэн, нийлэмжээ баталгаажуулахаар шинжилгээ өгөөд хүлээж буй 18, доноргүй 483 хүн байгаа. Улсын хэмжээгээр бөөрний дутагдал гэж оношлогдсон  1200 хүн диализын аппаратанд орж байна. Гэтэл байр савны хүрэлцээгүйгээс сард  5-6 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг гэхээр эдгээр хүмүүс дор хаяж найман сараас дээш хугацаагаар хүлээхэд хүрч байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд ерөнхий мэс заслын өрөөг ашигладаг учраас 10 орчим цаг үргэлжилдэн элэг шилжүүлэн суулгах хагалгаа орсон өдөр төлөвлөгөөт 10-аад хагалгааг хойшлуулахаас аргагүйд хүрдэг зэрэг олон шалтгааны улмаас Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн зориулалтын байртай болгох шаардлага байгааг эмч мэргэжилтнүүд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан тайлбарласан. Тус төвийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг 22 хүнтэй, өдөрт хоёр хагалгаа хийхэд хангалттай мэргэшсэн боловсон хүчинтэй. Элэгний баг ч залуу үеэ хангалттай хэмжээнд бэлтгэсэн гэсэн мэдээллийг өгч байлаа. Үндэсний багийнхан зөвхөн эрхтэн шиллжүүлэн суулгах хагалгаанд л ордог юм биш. Тэд УНТЭ-т хийгдэж буй бсад төрлийн мэс заслыг ч хийх үүрэгтэй.
УНТЭ-ийн хувьд нэг давуу тал нь Эрхтэн шилжүүлэн суулгах төв барих газартай. Эмнэлгийн эзэмшлийн нэг орчим га газар дээр тус төвийг барихаар төлөвлөсөн бөгөөд 1800 ам метр талбайд 10 давхар, ариутггал, угаалга, тоног төхөөрөмжийн хэсэг бүхий зоорийн хоёр давхартай байхаар төлөвлөсөн байна.
Барилга барих санхүүжилтийг шийдэх хоёр хувилбар байж болохыг С.Чинзориг сайд ЭШСТ-ийн эмч мэргэжилтнүүдэд танилцуулсан. Сайдын хэлж буйгаар эхнийх нь батлагдсан зураг төслийн дагуу санхүүжилтийг улсын төсөвт суулгах. Энэ талаар Ерөнхий сайдтай зөвлөсөн, санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах талаар санал солилцсон ч хөрөнгө оруулалтыг нэг дор бөөнөөр нь  суулгах боломжгүй тул хэдэн он дамжиж.таарна.  Ингэсэн тохиолдолд 15-20 ор нэмэх боломжийг судлах үүргийг УКТЭ-ийн даргатай уулзахдаа өгсөн гэлээ.

Хоёр дахь хувилбар нь ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд нийгмийн салбарын төсөлд багтаах. Энэ тохиолдолд хугацаа хожих боломжтой ч ЭШСТ-ийг барих ажлыг хувийн хэвшил сонирхох эсэх нь эргэлзээтэйгээс гадна бариад ашиглах зарчмаар явах учраас хувийн хэвшил барьсан тохиолдолд өртгөө нөхөх зорилгоор тусламж үйлчилгээний үнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа гэдгийг сайд хэлж байлаа.
Үндэсний багийнхны хувьд  аль болох хугацаа алдахгүйгээр шинэ төвтэй болох нь олон хүний амийг аврах боломж бүрдэнэ гэж үзэж буй ч хувийн хэвшлээр барилгаа бариулсан тохиолдолд гарч болох эрсдлийг эртнээс тооцож, тусламж үйлчилгээнд даатгалаас олгодог санхүүжилтийг нэмэгдүүүлэх зэрэг арга хэмжээг авч болох юм гэж байв.

Шинэ барилгатай болох хүртэл ЭШСТ-ийн орны тоог нэмэх замаар ачааллыг зохицуулах арга байж болох ч энэ нь зөвхөн хэвттүүлэн эмчлэх ор нэмж тавих тухай асуудал биш. Эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн өвчтөний биеийн байдлыг иж бүрнээр нь хянах тусламж үйлчилгээний цогц тоног төхөөрөмжийг хамтад нь шийдэхээс гадна хагалгааны өрөөг нэмэх асуудлыг ч авч үзэх ёстойг хэлсэн.