Монголд сэтгэцийн эмч хүрэлцээгүй байна

Covid-19 цар тахлаас хойш дэлхий нийтийн хүн амд сэтгэлзүйн эмгэг, тохиолдлуудын тоо өсчээ. Тиймээс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хүний сэтгэцэд ямар эмгэг үүсч байгааг олон улсад мэргэжлийн баг гарган хэд хэдэн судалгааг хийж байна. Монгол Улсын эрдэмтэд, зарим сэтгэл зүйчид хамтран дээрх судалгаануудад  мөн оролцож байгаа аж.

Тодруулбал, энэ төрлийн судалгааг 2021-2022 онд хийсэн бөгөөд үр дүнд нь цар тахлаас шалтгаалсан стресс болон бусад эмгэгийн тохиолдлын тоо өсөлттэй гарчээ.

Сэтгэлзүйн асуудлыг удаан хугацаанд тоохгүй явах нь хувь хүнд болоод нийгэмд  эрсдэлтэй СЭМҮТ-өөс анхааруулсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өгсөн тоон мэдээллээр Covid-19-ийн үеийн Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын судалгаанд 7919 хүн оролцсон байна.

Судалгаанд хамрагдагсдыг түүврийн аргаар сонгосон бөгөөд:

  • 62.2 хувь нь архаг сульдлын хам шинжтэй,
  • 55 хувь нь сэтгэл түгших хам шинжтэй,
  • 48.5 хувь нь биеших эмгэгтэй,
  • 39.6 нь сэтгэл гутрах хам шинжтэй байна.

Гэхдээ дээрх сэтгэлзүйн хам шинж эмэгтэйчүүдэд илүү ажиглагджээ. Тухайлбал, архаг ядаргаа нийт эмэгтэйчүүдийн 66.8 хувь, сэтгэл түгших хам шинж 60.4 хувь,  биеших эмгэг 54.6 хувь зэрэг эмгэгүүд эрэгтэйчүүдээс илүү хувьтай байгаа юм. Эдгээр хам шинжийн эмгэгүүд угтаа бүгд эмчлэгдэх боломжтой.

Харамсалтай нь, монгол иргэдийн ихэнх нь анагаах ухаанаар энэ төрлийн эмгэгээ эмчлэхэд цаг хугацаа гаргадаггүй байна.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 150 ГАРУЙ СЭТГЭЦИЙН ЭМЧ БИЙ

СЭМҮТ-ийн датанаас харвал стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд давамгайлж байна. Ажилгүйдэл, ядуурал, халдварт өвчин зэрэг үүнд нөлөөлдөг. Ингэснээр сэтгэл гутрах, түгших, архи, мансуурал, нойр, архаг ядаргаа гэх мэт эмгэгүүдээр өвчилж байна. Сэтгэлзүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагаас авдаггүйгээс нийгэмд үзүүлэх хоруу чанар ч өсч байгааг судлаачид анхааруулж байгаа юм. Тиймээс нийгмийн сэтгэлзүй, массын сэтгэцийн эмгэгийг анагаах асуудал нь зайлшгүй анхаарах сэдэв болоод байна.

Мөн анагаахын салбарт энэ чиглэлээр ажилдаг боловсон хүчин дутагдалтай байгаа нь хамгийн том асуудал аж. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд 150 гаруй сэтгэцийн эмч бий. Эдгээр эмч гурван сая хүн амд үйлчилж байна гэхээр хангалттай биш.

Тэгэхлээр бусад салбартай хамтарч байж сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой. Гол нь иргэд өөрсдөө стресс, сэтгэл зовсон түгшсэн асуудал байгаа бол эмчид хандаж тусламж авдаг хандлагатай байх нь зүйтэй.

Чанарын шаардлага хангаагүй эмийг импортлох боломжгүй гэв

Эмийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үнэ өсч чанар муу байгаа талаар иргэд ярих болсон. Иймээс импортоор орж ирдэг эмийн чанар болон үйлдвэрлэлд хэрхэн хяналт тавьдаг талаар тодрууллаа.

Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй эм байдгаас 79 хувь нь импортоор орж ирж, үлдсэн 21 хувийг дотоодод үйлдвэрлэдэг байна.

Чанартай, аюулгүй эмээр монголчуудыг хангах үүргийг нэг хэсэг Эрүүл мэндийн яам дангаар хариуцдаг байсан бол одоо тусгай хэрэгжүүлэгч агентлаг эмийн чанарт анхаардаг болсон. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар энэ үүргийг хүлээдэг болсон байна. Тиймдээ ч эм, эмийн бүтээгдэхүүний бүртгэл хяналт сүүлийн жилүүдэд илүү нарийн дэс дараалал, стандарттай болсныг албаныхан онцлов.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр “Импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг эхний ээлжид зохистой орчинд үйлдвэрлэгдсэн эсэхийг хянадаг. Үүний дараагаар найрлага, тун, идэвхийг нягталж тогтвортой эсэхийг тогтооно. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсэхийг шалгаж, ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн жагсаалтад орсон эсэх, үйлдвэрлэгч улсын эмийн жагсаалтад орсон үгүйг шалгадаг.

Импортын эмийн чанарт эргэлзэх хүн цөөнгүй байдаг. Гэхдээ импортын эмэнд дээрх шаардлагуудаас гадна тухайн улс орондоо гурваас дээш жил худалдаалагдсан, бусад 3-5 оронд экспортлодог байх шаардлагыг тавьдаг .

Эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн байвал импортоор оруулж ирдэг. Эмийн зах зээлд хугацаа зааж өгдөг нь тухайн эмийн гаж нөлөө зэрэг илрэх хугацааг тооцоолсон. Хэрэв шинээр үйлдвэрлэгдэж байгаа эм бол судалгааны явц, хорт хавдар үүсгэх магадлалыг харгалздаг” гэсэн юм.

Түрээсийн байр минь баяртай.

Манай өнөөдрийн Сэтгэлийн буланд Аж ахуйн албаны мужаан Д.Содбаатар оролцож байна.

Д.Содбаатар шинэхэн орон сууцтай болчих санаатай хашаа байшингаа зараад багагүй хугацааг өнгөрөөжээ. Энэ өнгөрсөн хугацаанд юм юмыг л үзэж. Түрээсийн байранд сард сая гаруй төгрөг зарцуулна. Ингээд гэр бүлээ тэжээх идэж уух өмсөж зүүх гээд л авдаг цалингаас аль хэдийн давчихдаг болохоор нэг л болж өгөхгүй явсаар өдийг хүрчээ. Өнгөрсөн жил тэрээр “Ногоон жөгжил” ТББ-т хандаж байртай болох боломж  судлажээ. Нөгөө газрын нөхцөл шаардлага нь ч боломжийн та зөвхөн сар бүр 500 мянган төгрөг төлөөд байртай болно гэж итгүүлж чадсан байгаа юм. Ингээд байртай болох хүсэл ирмэлзлийнхээ итгэлийн үндсэн дээр  жил орчим сар бүр 500 мянган төгрөгөө төлсөөр иртэл нэг л өдөр байртай болох нь битгий хэл төлсөн мөнгөө эргүүлээд авч чадахаа байжээ. Одоо яах вэ цаашид юу болох бол гэсэн айдастай явж байтал саарын хажуугаар сайн мэдээ дуулдсан нь түүнд байгууллагаас нь байрны урьдчилгаа 30 сая төгрөг өгөхөөр болсон баярт мэдээ байлаа.

БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Аж ахуйн албаны мужаан Д.Содбаатар:

Манайх ам бүл 3 уулаа. Эрүүл мэдийн төвийнхөө аж ахуй албандаа мужааны мэргэжлээр ажиллаад даруй 9-н жилийг ардаа орхижээ. Өөрийн гэсэн тохилог орон сууцтай болчих санаатай олон жил зүтгэж мөрөөдсөөр ирсэн. Хашаа байшингаа ч зарлаа. Түрээсийн байранд ч амьдрач үзэж л явна. Түрээсийн байранд сард  дулаан тог цахилгаан гээд сая төгрөг зарцуулчихна. Эхнэр бид 2 авдаг цалингаа арай хийн хүргэж ирсэн дээ. Идэж уух ч тэгээд болгоно. Харин өмсөж зүүхэд илүүчлэнэ гэвэл тэр худлаа. /Содоо маань өмсөж яваа гутлаа үзүүлээд инээв/.

Харин би чинь өнгөрсөн оны 12 сард баярлаад ханахгүй сайхан мэдээ дууллаа. Байгууллагаас надад байрны урьдчилгаа 30 сая төгрөг шийдэж өглөө гэх… Тэгсэн манай эрүүл мэндийн төв ийн дарга Г.Ууганцэцэг, ЗДТГ, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нар байрны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг маань шийдэж өгсөн байна лээ. Үнэхээр баярлаад баярлаад талархаад барахгүй л явна. Одоо Худалдаа хөгжлийн банкаар дамжуулаад Баянзүрх дүүрэгтээ 2 өрөө байр авахаар болсондоо сэтгэл хангалуун байна. Шинэ орон сууцандаа тун удахгүй орно. Тэгвэл сар болгон байрны зээлэнд 500 орчим мянган төгрөг төлнө. Дээр нь өөрийн гэсэн тохилог орон сууцтай болно. Хоол хүнс, өмсөж зүүхдээ ч тодорхой хэмжээний мөнгө зарцуулах боломжтой болно гээд амьдралд минь таатай нөхцлүүд бий болж байгаадаа маш их баярлаж байна. Ингээд энэ сайхан боломжийг олгосон, шийдвэр гаргасан Эрүүл мэндийнхээ төвийн Дарга Г.Ууганцэцэг, Дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нартаа баярласан талархсанаа илэрхийлмээр байнаа.  

 

Байртай болсон баярт мэдээ.

Манай өнөөдрийн сэтгэлийн буланд маань БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн СА-2 бага эмч Ж.Отгонцэцэг оролцлоо.

Та эрүүл мэндийн салбарт хичнээн жил ажиллаж байна вэ

  • Би эрүүл мэндийн салбартаа 27 жил ажилласан байдаг юм. Харин БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори-2 бага эмчээр 11 жил ажилласан байна.

Танай салбар, таны мэргэжил бол аргагүй л хүнд нөхцөлд тооцогдоно л доо та  ажлынхаа онцлогоос хуучлахгүй юу

  • Би ч энэ мэргэжлийг хүнд хэцүү гэж сонгоогүй л дээ. /инээв/ Зарим хүмүүс та нарын ажил ямар ачаалалтай цаг наргүй дээр нь их стрэсстэй юм бэ л гэдэг юм. Гэхдээ энэ бол миний мэргэжил миний ажил. Ажлын онцлог гэж байна шүү дээ. Тэгээд ч бид чинь тангараг өргөсөн эмч хүн болохоор ямар нэгэн тайлбар шалтаг шалтгаан тоочих, бэрхшээх эрхгүй хүмүүс шүү дээ.

Танай байгууллагаас эмч мэргэжилтнүүд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хэр дэмжиж ажиллаж анхаарч байна даа

  • Тэгвэлгүй яахав тэр дээр бол үнэхээр сайн шүү. Өнгөрсөн оны 7-р сараас үндсэн цалин нэмэгдсэн, сая он гараад ахиад нэмлээ. Дээр нь надад бол бүүр их баяртай мэдээ дуулгасан. Юу вэ гэхээр 2022-12 сард байгууллагаас надад байрны урьдчилгаа болгож 30 сая төгрөгийг шийдэж өгсөн явдал юм. Энэ бол манай гэр бүлийн хувьд сэтгэл догдлуулсан баярт мэдээ байсан.

Тэгэхээр танайх чинь төрийн байгууллага  шүү дээ. Тэгсэн мөртлөө албан хаагчийнхаа орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөгийг шийдэж өгсөн гэхээр өмнө нь нээх сонсогдож байгаагүй мэдээ байна л даа

  • Харин тиймээ би өрөө ч итгэж чадахгүй л байсан. /инээв/ Манай гэдэг айл чинь 4 жил түрээсийн байраар явсан. Сар болгон байрны түрээс тог цахилгаан байрны мөнгө гээл явж өгнө шүү дээ. Ер нь түрээсийн байраар амьдрана гэдэг бол маш хүнд. Мэдээж өөрийн юм биш болохоор. Түрээсийн байранд амьдрахын хажуугаар байрны урьдчилгаа 30 хувь төлөөд орон сууцны зээл авна гэдэг бол маш хүнд биз дээ. Тэгтэл өнгөрсөн оны 12 сард байгууллага маань надад орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөг шийдэж өгсөн. Энэ бол ганц миний биш манай гэр бүлийн 4 хүний хувь заяаг шийдэж өгсөнтэй ялгаагүй явдал юм шүү дээ. Хэрвээ би түрээсийн байрны мөнгөнөөс гадна байрны урьдчилгаагаа цуглуулсан бол дахиад хэдэн жил ч түрээсийн байранд амьдрах байсан юм бүү мэд.

Ер нь байгууллагаас эмч мэргэжилтнүүддээ ийм боломж олгох шийдвэрийг хэзээ гаргав, яаж шийдсэн юм бол

  • Анх 2019 онд орон сууцны урьдчилгааны батламж өгсөн юм байна лээ. Тэгсэн цар тахал ковид гээд цуцлагдсан. Ингэж яваад өнгөрсөн оны 12-р сард бүрэн шийдэж өгсөн асуудал л юм байгаан. Манай байгууллагаас хэдэн хэдэн хүн орон сууцны 30 саяын ярьдчилгаа авсаан түүний нэг нь би. Ийм том асуудлыг минь шийдэж өгсөн шийдвэр гаргасан Эрүүл мэндийн төвийн Г.Ууганцэцэг дарга болон дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нартаа баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлмээр байна.

Та  одоо байрандаа ороо юу

  • Манайх Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан урьдчилгаа 30 саяыг төлөөд БЗД-ийн цагаан хуаран хотхоны 86-р байранд өөрийн гэсэн байртай болсон. Тун удахгүй байрандаа шинэ байрандаа нүүж орно. Манай гэр бүлийнхэн маш их баяртай байгаа. Хамт олон болон бүх удирдлагууддаа баярлаж байна даа.

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

“Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар 2 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион байгуулсан уг сургалтад тус эмнэлгийн  24 сувилагч оролцож байна. Төгсөлтийн дараах сургалтад хамрагдах сувилагч нарт хичээл заах эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, багшлах ур дүйг эзэмшүүлэх, сургалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг ур чадварыг эзэмшүүлэх зорилготой уг сургалтыг Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зохион байгуулдаг билээ.
Төслийн хүрээнд Сувилахуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг нийт 9 удаа зохион байгуулсан ба сургагч багшаар 230, чиглүүлэгч багшаар 47 сувилагчийг сургаж чадавхжуулсан байна.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭМНЭЛЗҮЙН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсээс “Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалыг сайжруулах нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их суруулийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Манба дацан эмнэлэг, сургалтын төв, Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төв, “Ачуут гол” эмнэлэг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлгийн уламжлалтын тасаг,  Мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөл оролцсон тус уулзалтаар ЭМЯ-наас Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалын нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, сайжруулах арга замын талаар мэдээлэл танилцуулж, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үр дүнд уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоодын төлөөллөөс бүрдсэн эмнэлзүйн засаглалыг сайжруулахад чиглэн уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээний заавар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрээ боловсруулах ажлын хэсгийг байгуулж, шуурхай зохион байгуулалтад орж ажиллах шийдвэр гаргалаа.

Хичээл эхэлсэн тул томуугийн дэгдэлт нэмэгдэхийг анхааруулав.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хичээл сургууль эхэлсэн учир ирэх долоо хоногт томуугийн дэгдэлт нэмэгдэхийг анхааруулж байна. Одоогоор улсын хэмжээнд томуугийн халдвар алаг цоог “улбар шар” түвшинд байгаа ч хүндрэх эрсдэл ихэсчээ. Мөн ханиад томуу их байгаагаас цэцэрлэг, сургуульд явах хүүхдүүдийн ирц буурсан байна. Тиймээс ХӨСҮТ-өөс амны хаалт заавал зүүхийг уриаллаа.

Томуугийн өвчлөлийг үүсгэж давамгайлан эргэлдэж буй вирус нь В, А, H1N1. А хүрээний вирус илүү голлож байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа бөгөөд долоо хоног тутамд энэ хувь нэмэгдэх үзүүлэлттэй байгаа гэлээ. Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн томуугийн дархлаажуулалт Улаанбаатарт 80, орон нутагт 89, улсын хэмжээнд 85 хувьд хүрчээ.

Томуугийн вакцины тухайд 5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насныхан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бусад байгууллагын ажилтнуудад хийж байна.

Томуу, томуу төст өвчний эмнэл зүйн шинж тэмдэг нь халуурах нус гоожих, ханиалгах, амьсгаадах. Дэлхий нийтэд томуугийн AH3N2 вирус давамгайлж байна. БНХАУ-д AH3N2, B, БНСУ-д AH3N2, Японд AH3N2, А, ОХУ-д AH3N2, AH1N1, B  хүрээний вирус давамгайлан эргэлдэж байгаа мэдээлэлтэй байна гэдгийг халдварт өвчин судлалын төвөөс онцоллоо.

Харин нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт амбулаторийн үзлэг нийт 77 мянган хүн хамрагдсан. Тэдгээрийн 12,9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Насны бүлгийн хувьд зонхилон 0-8 насныхан өвдөж байгаа. Тодруулбал:

  • 0-1 насныхан 21 хувь
  • 2-4 насныхан 24 хувь
  • 5-9 насныхан 13 хувь томуугаад өвджээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2200 ор дэлгэснээс 1720-д нь хүүхэд хэвтэн эмчлүүьж байгаа аж. Ингэснээр орны ачаалал 77 хувьд хүрчээ.

Томуугийн вирусээр жирэмсэн эх, тарган хүмүүс өвчилбөл хүндэрэх аюултай.

ХӨСҮТ-өөс улсын хэмжээнд буюу 21 аймаг, есөн дүүргээс долоо хоног бүр сорьц цуглуулаад судалгаа хийдэг. Энэ үеэрээ томуу болон цар тахлын судалгааг зэрэг хийдэг. Одоогоор томуугийн H3N2, А хүрээний H1N1, болон B хүрээний гурван вирус идэвхтэй орчилд байна. Үүнээс гадна томуу төст өвчний 4-5 вирус орчилд байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томуугийн хүрээний вирусийн идэвхжил нэмэгдэх хандлагатай болж байна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

-Одоо томуугийн дэгдэлтийн оргил үе учраас эмнэлэгт хандаж буй тохиолдлын олонх нь амьсгалын замын халдвар байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор нэмэлтээр 619 ор дэлгээд байна. Үүний 407 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт байна. ХӨСҮТ дээр гэхэд 200 нэмэлт ор дэлгээд байна.

  • Сүүлийн 21 хоногийн байдлаар томуугийн дэгдэлт өссөн хандлагатай байна. Насны бүлгээр нь авч үзвэл амбулатороор үйлчлүүлэгчдийн 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.

Үүний 60 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд байгаа юм. Түүнчлэн амьсгалын замын өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 15 хүртэлх насны хүүхдүүдийн 80 гаруй хувийг дөрөв хүртэлх насныхан эзэлж байна. Томуугийн А хүрээний H1N1 вирусээр жирэмсэн эхчүүд, сахартай болон жингийн илүүдэлтэй хүмүүс халдварласан тохиолдолд хүндрэх тохиолдол түгээмэл байна.

Оюутнууд БЗХӨ-ийн шинжилгээнд сайн дураар хамрагдах бүрэн боломжтой.

Халдварт өвчин судлалын үндэсний төв улсын хэмжээнд БЗДХ-ын тархалтын талаарх судалгаа, статистик мэдээллийг гаргадаг бөгөөд, эрсдэлт бүлгийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулдаг. Тус төвөөс эрсдэл өндөр насны бүлэг болох 19-24 насныхныг сайн дурын шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

-Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын дөрвөн өвчнийг мэдээлдэг. Тухайлбал, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ДОХ. Эдгээрээс тэмбүүгийн халдвар тодорхой хувиар өндөр бусад гурван өвчнөөс өндөр байдаг. БЗДХ-ын тархалтын өнөөгийн байдлыг харвал өвчлөлийн статистик бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн дунд их байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны бүлгээр авч үзвэл:

  • 15-19 насныхан- 13–10 хувь
  • 20-24 насныхан- 29–25 хувь
  • 25-29 насныхан- 20–22 хувь
  • 30-34 насныхан- 15–17 хувь
  • 35-39 насныхан- 9–11 хувь
  • 40-44 насныхан- 5–7 хувь
  • 45-49 насныхан- 3 хувь
  • 50-59 насныхан- 4 хувь
  • 60-аас дээш насныхан- 1 хувь байна.

Халдвартай иргэдийн хүн амзүйн үзүүлэлтээр 45 хувь нь гэр бүлтэй, 34 хувь нь гэрлээгүй, 15 хувь нь хамтран амьдрагчтай, дөрвөн хувь нь гэр бүлээ цуцалсан, нэг хувь нь гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа юм. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар бүртгэгдсэн БЗДХ-ын хувьд:

  • Тэмбүү- 3239
  • Заг хүйтэн- 3284
  • Трихомониаз- 2338 байгаа бөгөөд энэ онд нийт 8875 тохиолдол бүртгэгдсэн нь бусад нийт халдварт өвчний 2.9 хувийг эзэлж байна.

Энэ төрлийн халдвараар өвдөж байгаа хүмүүсийн тал хувь буюу 20-29 насныхны тухайд бэлгийн идэвхтэй амьдралтай ч байнгын хамтрагчгүйгээс халдвараар өвдөх эрсдэл өндөр байдаг байна.

Тиймээс эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг БЗД-ийн эрүүл мэндийн төвөөс зөвлөж байна.

Энэ долоо хоногоос 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт хийнэ.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцох шаардлага тулгарчээ. Мөн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хоёр тал онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа аж.

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтыг нэг сарын дараа бүрэн хэрэгжүүлж эхлэх юм байна.

ЭМЯ 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай платформыг бэлэн болгох үүрэг хүлээжээ. Энэ хүрээнд E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дууссан байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэжээ. Цаашид хоёр яам хамтарч, эрүүл мэндийн салбарын цахимжилтыг бүхий л түвшинд амжилттай хэрэгжүүлэх замаар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл бэрхшээл, түвэг чирэгдэлгүй үзүүлдэг болохыг зорьж байгаа юм байна.