НЭМГ-ын САЙН ТУРШЛАГА-2023 арга хэмжээ амжилттай боллоо

НЭМГ-ын САЙН ТУРШЛАГА-2023

Сайн туршлага-2023 арга хэмжээ 10 сарын 26, 28нд өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. НЭМГ-н харьяа 29-н байгууллагын 220 бүтээл оролцож шилдэг бүтээлээ шалгарууллаа.

Баянзүрх эмнэлгийн шилдэг 8 бүтээл оролцсоноос

Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи номинацид Хөлийн өнгөц венийг хэт богино долгионоор түлэх пластик мэс эмчилгээгээр Мэс засал гэмтлийн тасгийн эрхлэгч Б.Булганы бүтээл- Тэргүүн байр

Шинээр нэвтрүүлсэн оношилгооны технологи номинацид Ялтас эсийн хариу урвалыг шалгах шинжилгээгээр Амбулатори оношзүйн төв- Тусгай байр

Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи номинацид Жирэмсний эрт үеийн хордлогын усан зүү эмчилгээгээр Уламжлалтын их эмч Б.Ууганбаяр сайн туршлагын шилдэг бүтээлийн гэрчилгээгээр шалгарлаа.

Идэвхи санаачлагатай оролцсон нийт төв , тасгууддаа баяр хүргэе

 

“Нөхөрсөг” спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ХОЛБОО” үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан гишүүн байгууллагуудын хооронд зохиогдсон “НӨХӨРСӨГ” 4 төрөлт тэмцээн 2 өдөр амжилттай зохион байгууллагдаж өндөрлөлөө.

ЭРЭГТЭЙ ШАТРЫН ТЭМЦЭЭНД

Нэгдүгээр байр- Мэс заслын эмч Х.Баярхүү

ЭРЭГТЭЙ ШИРЭЭНИЙ ТЕННИС

Гуравдугаар байр-Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл

ЭРЭГТЭЙ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД

Нэгдүгээр байр- БАЯНЗҮРХ ЭМНЭЛГИЙН ЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ДОВТЛОГЧООР Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл нар тус тус шалгарлаа.

Нийт нийлбэр дүнгээр

Нэгдүгээр байр- МӨНГӨН ГҮҮР ЭМНЭЛЭГ

Хоёрдугаар байр- БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГ

Гуравдугаар байр- НОМУН ЭМНЭЛЭГ

Амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе.

Захиралын зүгээс амжилттай оролцсон баг тамирчиддаа дурсгалын зүйлс гардуулав.

ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан.

Энэхүү тэмдэглэлт өдөр нь эмэгтэй болж төрснөөрөө (хүйсээсээ болж) ялгаварлан гадуурхагдах, сул доройд тооцогдох, бие махбод болон сэтгэлзүйн хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн золиос болж буй охидын эрхийг хамгаалах, тулгамдаж буй асуудал болон тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж,охидын эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд уриалж ажиллах өдөр юм.

Иргэд эрүүл мэндийн оношлогоо шинжилгээг эмчийн заалтаар ЭМД-аа төлөөд бүрэн авах боломжтой

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

Иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Зураг дээрх  QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.

 

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны даргаар Ж.Чинбүрэнг сонголоо

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.04/ 11 цаг 09 минутад, гишүүдийн 85.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Хянан шалгах түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн нэрийг дэвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан уг Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж байлаа. Мөн гишүүдээс эмийн үнэ, чанарын асуудалд хувьсгал хийх цаг болсныг тодотгоод Ж.Чинбүрэн гишүүнээс Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил бий, эсэх эмийн үнийг буулгаж зорилтод зах зээлд хүргэх, эмийн чанар, хүртээмж, үнэ тойрсон тулгамдсан асуудлыг цэгцлэхэд тууштай ажиллаж чадах эсэхийг нь тодруулж байлаа.

Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн  Ж.Чинбүрэн хариултдаа,  Эмч хүний хувьд эм бол эмчийн гол зэвсэг байдгийг онцлоод өөрт нь хамааралтай ямар нэг эмийн сан, эмнэлэг байхгүй тул Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр, “3.4 сая хүний эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмийн чанар, хүртээмж, үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлын шалтгаан, нөхцөлийг тогтоож, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож, тогтолцоог нь зөв болгохын төлөө Хянан шалгах түр хорооны гишүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, ажлаа эрчимжүүлж, үр дүнд хүрэх шаардлагатай байна” гэсэн юм.

Ингээд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн тул Түр хорооны даргыг сонгох тогтоолын төслийг батлав

 

“СТРЕПТОКОККИЙН АНГИНА, ФАРИНГИТ, ХЭРЭХ ӨВЧИН, ХЭРЭХИЙН ШАЛТГААНТ ЗҮРХНИЙ ОЛДМОЛ ГАЖГИЙГ ЭРТ ОНОШЛОХ ЧАДАВХИ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Хүүхдэд тохиолдох А бүлгийн бетта стрептококкийн гаралтай ангина, фарингитын оношилгоо, эмчилгээ, хүүхдийн хэрэх өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн оношилгоо, эмчилгээний заавар, зөвлөмжийг боловсруулж, батлуулснаар үндэсний хэмжээнд уг эмгэгийн оношилгоо, эмчилгээний чадамж сайжирч, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн өвчлөлийн хувийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран “А Стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх нь” төслийг эхлүүлээд байна.

Сүүлийн жилүүдэд хүүхэд хэрэх өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэж, эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг, явц удаан байгаагаас оношлогоо, илрүүлэлт оройтож, гажиг үүсэх эрсдэл өндөр байгаа тул хэрэхийн кардитыг эрт оношлох, төгс эмчлэх, урьдчилан сэргийлэлтийг эрчимжүүлэх, уг оношилгоог хийх боломжийг Эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрд бүрдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах зорилгоор нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг чадавхижуулах сургалт 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эхлэлээ.

Төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн ӨЭМТ-үүд өөрийн харьяаны Ерөнхий боловсролын сургуулийн 6-15 насны хүүхдүүдийг А Стретококкийн хурдавчилсан оношлуур ашиглан илрүүлэг, үзлэгт хамруулан ажиллах ба оношлуур эерэг гарсан сурагчдад шүдний эмчийн үзлэг, зүрхний эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ хийж Хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажиг, оношлогдсон хүүхдүүдийг эмчилгээнд хамруулах, хяналтанд авч, эрүүлжүүлэн ажиллах юм.

МАНАЙ УЛС ЦӨМИЙН АНАГААХ УХААНЫ ЧАДАВХИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулган энэ сарын 25-29-нд Австрийн Вена хотноо болж байна.
 
Чуулганы үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Илтгэлцлийн бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, БНСУ-ын Цацрагийн болон анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн (КИРАМС) Ерөнхийлөгч Жин Кюнг Ли, ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Хуа Лиу нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаель Гросси, БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл холбооны технологийн сайд Ли Жон Хо, Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав нар байлцлаа.

 
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дэлхий дахинаа хавдрын оношлогоо, эмчилгээг сайжруулах зорилготой ОУАЭА нь “Итгэл найдварын туяа” санаачилгыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Манай улс хавдрын менежментийг сайжруулах  чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэх хоёр дахь орноор тодорч, энэ чиглэлээр өнгөрсөн наймдугаар сард ОУАЭА болон БНСУ-тай хамтран ажиллахаар тохиролцсон. Дээрх төсөл 2024-2027 онд хэрэгжсэнээр УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчин бэлтгэн манай улсын хавдрын оношлогоо, эмчилгээний үндэсний чадавх бэхжих ач холбогдолтой юм.  

ЭХ БАРИХЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ ШИНЭЧЛЭХ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд арга хэмжээний 2021-2024 оны төлөвлөгөө”, Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Эх барихын тусламж, үйлчилгээнд мөрдөж байгаа эрхзүйн орчинг шинэчлэх хүрээнд санал солилцох уулзалтыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газраас Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эх, нярайд цогц тусламж үйлчилгээ үзүүлэхэд эх баригчдын оролцоо нэн чухал байдаг. Олон улсад хэвийн төрөлтийг эх баригчид бие даан удирдаж, эх барихуйн тусламжийг багаар үзүүлдэг бөгөөд манай улсын хувьд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эх баригчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” А/216 дугаар тушаалын хүрээнд эх баригчид хэвийн төрөлтийг эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн удирдлага дор удирддаг зохицуулалттай. Цаашид эх баригчийн ажлын байрны тодорхойлолтод гардан хийх тусламж, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх өөрчлөлт оруулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд санал нэгдлээ. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоотой уялдуулан жирэмсэн, төрөх, төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний зохицуулалтын журам, жагсаалтыг шинэчлэн өөрчлөх ажлыг шуурхай зохион байгуулах нь зөв гэж үзлээ.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ НАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ХИЙЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн хороотой тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд өчигдөр эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалт зохион байгуулсан бол өнөөдөр  /2023-10-03/ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт сургалт явуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ. Монгол эмнэлгийн хорооны уламжлалт анагаах ухааны  эмч нарын үзлэг, оношлогоо хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр хүүхдийн сэргээн засал, чих, дотоод шүүрэл, үе мөч, зүрх судас, зүрхний цахилгаан бичлэг,  хэвлийн ЭХО, гар засал, мэдрэл, сэтгэц судлалаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 60 гаруй иргэнд үзүүлсэн байна. Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судас, хавдрын өвчлөл нэмэгдэх болсон. Эмч нарын баг үзлэг, оношлогооны үеэр ахмадуудад зүрх судас, мэдрэл чиглэлээр тусгайлан тусламж үйлчилгээ үзүүлж, үзлэгийн дагуу монгол эм, танг үнэгүй олголоо. Өвөр Монголын Олон улсын Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь манай улсын бүс нутгуудад түгээмэл тохиолддог, дахимтгай, архаг хууч өвчний шинж тэмдгийг нэгтгэж, монгол анагаахын эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн эмчилгээний багийг орон нутагт ажиллуулж, эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийх, эмчлэх, зөвлөгөө өгөх, эм хандивлах зэрэг эрүүл  мэндийн явуулын тусламж үйлчилгээг 18 дахь удаагаа үнэ төлбөргүй зохион байгуулж буй юм.

С.ЧИНЗОРИГ: ЭМНЭЛЭГ ХООРОНД ӨВЧТӨН ШИЛЖҮҮЛЭХЭД 13А МАЯГТ ШААРДАХГҮЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13А маягтыг хүчингүй болгож буй талаар мэдээлэл хийлээ.

Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягт нь үйлчлүүлэгчид  үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хэрэгждэг зохицуулалт бөгөөд бусад улс орнууд ч энэ зохицуулалтыг ашигладаг.
Энэхүү маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй өвчтөнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт оношилж, эмчлэх боломжгүй тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шилжүүлдэг. Энэ нь тусламж, үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх, иргэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ авахад үүсэх хүлээгдэл, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой.
Энэ харилцааг 1998 оноос 13А маягтаар зохицуулж ирсэн боловч өнөө хүртэл хэрэгжиж хэвшээгүй ирсэн байна.
Гэвч 2023 онд 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхгүйгээр шууд 13А маягт авна гэдэг ойлголт бий болж иргэдийн дунд чирэгдэл, бухимдал үүсгэсэн.
Нөгөө талаас бодит амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэдийн хувьд ялгамжтай хэрэгжиж байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг нь өөрийн салбарын алба хаагчид, тэдний ар гэр, ахмадуудад 13А маягтгүйгээр үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн манай улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой ивээлд байдаг учраас жирэмсэн эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мөн л 13А маягтыг шаарддаггүй.
Бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох, иргэддээ ялгамжгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байх зарчмыг үндэслэн 13А-г халах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд 13А маягтыг цаашид шаардахгүй.
Гэхдээ үүнтэй холбоотойгоор лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хүлээгдэл ихсэнэ гэдгийг иргэдэд анхааруулах нь зүйтэй.
Бидний зүгээс лавлагаа шатлалын эмнэлгийн удирдлагуудад тусламж, үйлчилгээний чанарыг алдагдуулахгүйгээр зохион байгуулалтыг сайжруулах, цаг товлох үйлчилгээг боловсронгуй болгох үүрэг даалгаврыг өгөөд байна.
Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн өвчтөнийг тогтмол хянах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна.
Энэ хүрээнд иргэд лавлагаа шатлалын эмнэлгээс тусламж үйлчилгээ авсны дараа өөрийн харьяалах өрх, сум, тосгоны эмнэлгийн хяналтад заавал орж байх зохицуулалтын арга хэмжээ авах болно.
Гэвч зохицуулалтын дээрх арга хэмжээ нь томоохон эмнэлгүүдийг чиглэсэн иргэдийн урсгалыг тогтоон барьж чадахгүй байх магадлал өндөр учраас иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд эхлээд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө, зөвхөн шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт хандаж байхыг хүсч байна.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ