ГЕПАТИТЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДРИЙГ “НЭГ АМЬДРАЛ-НЭГ ЭЛЭГ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭВ
Өнөөдөр гепатитын эсрэг дэлхийн өдөр. Нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болоод буй вируст гепатитын халдварыг бууруулах, устгах зорилгоор жил бүрийн долдугаар сарын 28-ныд Гепатитын эсрэг дэлхийн өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн уриа “Нэг амьдрал-нэг элэг”.
Элэгний хэмээх бүлэг вирусээр үүсгэгддэг гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх замаар өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулахыг ДЭМБ-аас улс орнуудын Засгийн газар, ард иргэдэд уриалж буй бөгөөд дэлхий даяар 350 сая гаруй хүн элэгний архаг халдвартай амьдарч буйн 80-90 хувь нь өөрийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа нь тэднийг эрүүл мэндийн ноцтой үр дагаварт хүргэх эрсдэлтэй. Урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой энэ өвчнөөр жилд 1.1 сая хүн амь насаа алдаж буй нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Тиймээс ДЭМБ 2030 он гэхэд вируст гепатитын нийгмийн эрүүл мэндэд заналхийлж буй аюулаас бүрэн ангижрах том зорилтыг дэвшүүлж, энэ зорилтод хүрэхийн төлөө улс орон бүр бүх талын хүчин чармайлт, тууштай нэгдсэн арга барилаар ажиллахыг уриалж байна.
Д.БАЯРБОЛД: ЭРТ ИЛРҮҮЛЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
“Нэг амьдрал-нэг элэг” уриан дор тэмдэглэж буй гепатитын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан ЭМЯ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн холбогдох албаныхан хийж буй ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тавьсан зорилтынхоо талаар зарим мэдээллийг өгсөн юм.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
-Вируст гепатитийн урьдчилан сэргийлэлт, тусламж үйлчилгээний чухлыг таниулж, анхаарал хандуулах, эдгээрт чиглэсэн арга хэмжээг дэлхий нийтээр авч хэрэгжүүлэхийг уриалдаг онцлогтой дэлхийн өдрийг энэ жил “Нэг амьдрал, нэг элэг” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Энэ уриа нь элэгний үрэвсэлт өвчинтэй тэмцэх, хүн бүрийн элэг нь эрүүл, сайн сайхан амьдралын төлөөх бидний хамтын ажиллагааны мөн чанар гэдгийг илэрхийлсэн энгийн хэрнээ гүн гүнзгий утга агуулж буй юм.
Вируст гепатит нь та бидний эрүүл мэндэд заналхийлж байгаа тулгамдсан асуудлын нэг бөгөөд жил бүр 1.0 сая гаруй хүний нас барж, 3.0 сая гаруй хүн шинээр халдвар авч байгаа нь эрт илрүүлэлтийн арга хэмжээг сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Монгол Улс дэлхийд архаг вируст гепатитийн өвчлөл болон элэгний хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарч, тэргүүлэх чиглэл болгон дэлхийд жишиг сайн хөтөлбөр хэмээн үнэлэгдэж байгаа вируст гепатитийн эсрэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.
Гепатитаас урьдчилан сэргийлэх арга, халдварт өртөх эсрдэл, халдвар дамжих зам, оношилгоо, эрт илрүүлэг, эмчилгээний талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй байж хэмээн бид элэг хэмээх нандин эрхтэнээ хамгаалж чадна. Түүнчлэн, элэгний өвчнийг илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах, эмчилгээ хийлгэхээс гадна архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, таргалалт болон илүүдэл жингээс ангид байх, цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчнийг эмчлэх нь элэгний эрүүл мэндийн түлхүүр юм.
“Нэг амьдрал, нэг элэг” гэдэг нь бидэнд элэг бүтэн амьдрах боломж байгаа бөгөөд бид эрүүл мэндээ цаг тутамд нандигнаж, элгээ хамгаалах ёстойг сануулж байна.
Ж.БАЙГАЛЬМАА:ВАКЦИНЖУУЛАЛТ САЯ САЯ ШИНЭ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ ЧАДНА
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгальмаа:
-Вирусийн шалтгаант архаг гепатит нь элэгний хатуурал, элэгний эсийн хорт хавдрын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа. Эхээс хүүхдэд гепатитын халдвар дамжих нь шинэ халдварын гол эх үүсвэр болж буй тул вакцинжуулалт, вирусийн эсрэг эмчилгээгээр халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай төдийгүй иргэдэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын дадал хэвшлээ өөрчлөхөд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгоход онцгой анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна.
Гепатитын В вирусийн эсрэг вакцинжуулалт нь нийгмийн эрүүл мэндийн хамгийн амжилттай хэрэгжиж буй арга хэмжээний нэг бөгөөд сая сая шинэ халдвараас урьдчилан сэргийлж чадсан бол С вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмүүд нь эмчилгээнд хувьсгал хийж, эдгэрэлтийн түвшин нь 95 хувиас давж байгаа нь халдварыг устгах боломжтойг илтгэж байна.
С.ӨНӨРСАЙХАН:АРХАГ ГЕПАТИТ ЭЦЭСТЭЭ ЦИРРОЗ, ЭЛЭГНИЙ ХАВДАРТ ХҮРГЭЖ БАЙНА
НЭМҮТ-ийн ерөнхий захирал, доктор С.Өнөрсайхан:
-1980-аад оны дундуур Т.Гомбосүрэн нарын эрдэмтэд монгол хүн амын дунд вируст гепатитын халдвар аяга, шанага, халбага сэрээгээр буюу ахуйн хавьтлын замаар торхаж байгааг илрүүлсэн бөгөөд Г.Олзвой докторын судалгаагаар монгол эхээс урагт вирус халдварлах байдал 0.6 хувь байгааг тогтоосноор манай улсын хувьд хүүхэд эхээс төрснөөсөө хойш халдвар авах нь их байгааг нотолсон. Иймээс 1991 оноос хүүхдийг төрснөөс нь 24 цагийн дотор гепатит В-ийн вакцинаар дархлаажуулах бодлогыг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2000 онд вирусийн тархалт 13 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 10 дахин, нийт вируст гепатитын өвчлөл 4.6 дахин тус тус буурсан. Төрөх үедээ халдвар авсан тохиолдлын 90 хувь, тав хүртэлх наснаас хойш авсан тохиолдлын 10 хувь нь архаг болдог бөгөөд архаг гепатит өвчтэй хүмүүсийн дийлэнх нь шинж тэмдэггүй байсаар эцэстээ цирроз, ба элэгний хавдарт хүргэж байна.
ЭЛЭГНИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Энэ удаагийн “Нэг амьдрал, нэг элэг” уриан дор Засгийн газар, эрүүл мэндийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүст хандан дараах уриалгыг дэвшүүллээ.
•Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийг дэмжих чиглэлээр ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах.
•Халдварыг эрт илрүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг тогтмол хийж, цаг алдалгүй арга хэмжээ авах явдлыг дэмжих.
•Шинэ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ялангуяа эмзэг бүлгийн хүн ам, нярайг вакцинжуулах ажлыг дэмжих.
•Гепатитаар өвчилсөн хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах явдлыг арилгаж, бүх хүнд тустай, ойлголцох орчныг бүрдүүлэх.
•Хямд үнэтэй, үр дүнтэй эмчилгээ тэгш хүртээмжтэй байх боломжийг баталгаажуулж, энэ халдварыг устгах аянд хэнийг ч үл орхигдуулах.
Турк эмч нар Монголд хийдэггүй мэс заслыг амжилттай хийв
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн урилгаар ирсэн БНТУ-ын “Emsey” эмнэлгийн профессорын баг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, Улсын гуравдугаар төв эмнээлг /УГТЭ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ЭХЭМҮТ/-д ажилласан байна.
Энэ үеэрээ Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний эмчилгээг нутагшуулах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд нуруу, нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлт болон хүүхдийн зүрхний мэс заслын багийг чадавхижуулах ажлын байрны сургалтыг явуулж, Монголын эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан конференц зохион байгуулан хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна өөр өөрийн чиглэлээр үзлэг, оношилгоо хийж, нэн шаардлагатай өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийжээ.
Тухайлбал, ГССҮТ-д нуруу нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлттай 150 гаруй, УГТЭ-т 10 хүүхдэд хамтарсан үзлэг хийжээ. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс хоёрыг нь сонгон ГССҮТ-ийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эмч нартай хамтран нурууны мурийлт засах мэс заслыг хийсэн бол УГТЭ-ийн эмч нартай хамтран гол судасны нарийслыг авч хиймэл судас залгах, дөрвөлсөн гажиг буюу ховдол хоорондын цоорхой нөхөх, уушгины артери өргөсгөх, баруун ховдлын гарах хэсгийг өөлөх, уушгины артерийн хавхлага өөрийн эдээр хийх мэс засал хийсэн нь Монгол Улсын хувьд анхны мэс засал болжээ.
Түүнчлэн дэд профессор, доктор Мехмед Аядоган “Өсвөр үеийнхний идиопатик нурууны мурийлт орчин үеийн эмчилгээний аргууд” сэдвээр, профессор, доктор Мустафа Кемал ЭХЭМҮТ-д “Төрөлхийн зүрхний өвчлөл, түүний мэс заслууд” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Жилд зоонозын халдвараар 500 хүн өвчилж, эрсдэлд орж байна
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд дарга Б.Амгаланбаяраас дараах тодруулгыг хийлээ.
-Зоонозын халдварт өвчин гэж юу вэ гэдэг талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу?
-Бидний эргэн тойронд нян, вирус бичил биетэн гэх мэт маш олон төрлийн нүдэнд үл харагдах зүйлүүдээс 1500 орчим нь хүнд халдвар үүсгэдэг. Үүний 60-70 хувь нь зоонозын халдварт өвчин үүсгэдэг буюу мал амьтнаар дамжин хүнд халдварладаг. Түүнчлэн хүнээс хүнд халдварладаг халдварт өвчнийг зоонозын халдварт өвчин гэнэ.
-Монголд зоонозын өвчин хэр тархалттай байгаа вэ. Мал амьтнаас хүнд халдах эрсдэл нь хэр өндөр байна?
-Жилд зоонозын халдвараар 2600 мал амьтан, 300-500 орчим хүн халдварлаж, өвчилдөг. Энэ жил 400 орчим хүн өвчилсөн. Тэдний 70-80 хувь нь хачгаар дамждаг халдварууд, үлдсэн нь галзуугийн эрсдэл бүхий үнэг, хярс, нохойд уруулах, тарвага агнах, худалдаалах зэргээр амь насаа эрсдэлд оруулж байна. Зоонозын халдвараар өвчлөх тохиолдлын тоо нэмэгдэж, өсөх хандлагатай байна.
-Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх талаар танай төвөөс ямар арга хэмжээ авч ажилладаг вэ. Мөн халдвар гарсан тохиолдолд яах ёстой юм бэ?
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол хамгийн чухал бодлого. Манай үндэсний төв Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх аймагт жил болгон судалгаа хийж, эрсдэл бүхий газруудад анхаарал хандуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, зэрлэг амьтад, мэрэгч, шумуул, шавьж, хачиг зэрэгт зоонозын халдварт өвчин үүсгэж буй үүсгэгч ямар хэлбэрээр оршиж, хаана хамгийн их эрсдэл үүсгэхээр байна вэ гэдгийг жил болгон тогтоодог. Түүнд түшиглэн, хүн амыг урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Халдвар гарсан тохиолдолд бусдад халдаахаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг.
-Иргэдийн хувьд энэ өвчний талаарх ойлголт хэр байдаг юм бол оо. Мэдлэггүйгээсээ болж, өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тохиолдол олон байх шиг харагддаг?
-Мэдээлэл өгч, анхааруулдаг ч иргэд халдвар тээгч амьтантай шууд харьцах, амьтны эд эрхтэнг түүхийгээр нь хэрэглэх, тарвага, чоныг агнах зэргээр эрсдэлд ордог. Тухайлбал, галзуугийн эрсдэл бүртгэгдсэн аймагт чоно айлын хотонд халдаж, иргэд рүү дайрсан тохиолдол гарсан. Шинжилгээний сорьц авах гэхэд тухай айлын хүмүүс аюулгүй болгосон чоноо сорьцын мах авах боломжгүй болтол нь бууз хийгээд идсэн байсан. Түүнчлэн малын засааг түүхийгээр нь идэх, гөрөөсний цус уух зэрэг нь тухайн амьтанд байгаа нян вирусын халдвар авч, өвчилдөг. Тиймээс ийм эрсдэлт зүйлийг хийхгүй байх нь чухал байна.
Хүүхдүүд жилд 3 шүд үнэгүй эмчлүүлэх боломжтой боллоо
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зургадугаар сарын 28-ны хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулжээ.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.
Хүүхдийн шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж алслагдсан сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нийцсэн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээр хүүхдийн шүдний өвчлөл их байгаа тул лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад 1 шүдний эмчилгээг 60,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд эмчлүүлэхээр, мөн сум, тосгоны эрүүл мэндийн төвд 90,000 төгрөгөөр, жилдээ гурван шүд эмчлүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар бэлтгэл ажлаа хангаж эмнэлгүүдийн цахим бүртгэлд шинэчлэл хийж байгаа бөгөөд наймдугаар сараас бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байгаа аж.
“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аян эхэллээ
Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагааг 2023 оны туршид 6 чиглэлийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсний дагуу сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрд” аяны үйл ажиллагаа эхэллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдсан 2 тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэг байна. ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7% (10 тутмын 1 нь) сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй ба үүнээс 284 сая нь (нийт хүн амын 3.8% нь) сэтгэл түгших, 264 сая нь (нийт хүн амын 3.4% нь) сэтгэл гутрах, 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй байсан. Тэгвэл 2019 онд дэлхий дахинаа 8 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэдээлсэн. Манай Улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн тархалт 2013 оны судалгаагаар Монгол улсын 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4%, органик бус нойрны эмгэг 17.5%, архаг ядаргаа 16.2%, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа 11.9%, архинд донтох эмгэг 6.4%, сэтгэл гутрах эмгэг 6.2%-ийн тархалттай байсан бөгөөд 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсөж, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна. Ийнхүү Эрүүл мэндийн яамнаас хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, олон салбарын оролцоог хангах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрд” нөлөөллийн аяныг эхлүүллээ.
ЭМЯ-НЫ ЗАХИАЛГААР ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
- ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр хуралдаж, тус яамны захиалгаар хэрэгжүүлж, гүйцэтгэсэн нэр бүхий 11 төслийн үр дүнг хэлэлцлээ. Анагаах ухааны доктор Д.Наранзулын удирдсан “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа” сэдэвт ShUTT_020/2015 төсөл;
- Анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэнгийн удирдсан “Цахилгаан халаалттай гэр сууцны дотоод орчны агаарын чанар, оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх судалгаа” сэдэвт Шу-Уз-2017/37 төсөл;
- Анагаах ухааны доктор Д.Отгонжаргалын удирдсан “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал” сэдэвт Шу-Уз-2018/28 төсөл;
- Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Нямдаваагийн удирдсан “Монголд илэрсэн SARS-CoV-2 омгуудын геномын бүтцийг тодорхойлж,молекул эпидемиологийн онцлогийг тогтоон, манай орны нөхцөлд тохирсон тандалт, сэргийлэхийн аргачлал зөвлөмж гаргах” сэдэвт ШУ Уз-2020/32 төсөл;
- Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагвын удирдсан “Өвсөн гурван халууны найрлагын ходоод, улаан хоолойн хорт хавдрын эсрэг нөлөө” сэдэвт ШУ Уз-2019/33 төсөл;
- Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Чимэглхамын удирдсан “Улаанбаатар хотын хүн амын дундах тархины харвалт өвчний регистр судалгаа-өвчлөл, нас баралтын тархвар зүйн мониторинг аргыг туршин нэвтрүүлэх” сэдэвт Шу-Уз-2018/26 төсөл;
- Анагаах ухааны доктор, профессор Р.Оюунгэрэлийн удирдсан “Манай улсад бүртгэгдсэн шинэ коронавирусын халдвар (COVID-19)-ын эмнэлзүйн судалгаа” сэдэвт Шу Уз-2020/14 төсөл;
- Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнгийн удирдсан “Манай оронд зонхилон тохиолдох элэг, улаан хоолойн хорт хавдрыг ялган оношлох, элэгний анхдагч өмөнгийн мэс заслын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх шинэлэг аргуудыг практикт нэвтрүүлэх” сэдэвт 2012/32Б төсөл;
- Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Г.Отгоны удирдсан “Монгол хүүхдийн бие мах бод дахь бичил элементийн агууламжийн лавлагаа хэмжээ, түүний өөрчлөлтийг илрүүлэх” сэдэвт ShUTT_26/2016 төсөл;
- Химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайханы удирдсан “Монгол орны хүн амын дундах бамбай булчирхайн өвчлөл, түүнд нөлөөлөх иод болон эрсдэлт хүчин зүйлсийг судлах нь” сэдэвт ШУ Уз-2019/30 төсөл;
- Анагаах ухааны доктор, профессор З.Лхагвасүрэнгийн удирдсан “Монгол хүний титмэн артерийн нарийсал ба шохойжилтыг компьютерт томо коронарографиар оношилж, нарийсал ба шохойжилтод нөлөөлөх биомаркеруудыг судлах” сэдэвт ШУ Уз-2020/31 төсөл.
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ДР.ТЕДРОС А.ГЕБРЕЙЕСУС МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А. Гебрейесус манай улсад энэ сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Н.Оюунтунгалаг багтаж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Др. Тедрос А. Гебрейесус тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд мэргэжил арга зүйн хувьд ДЭМБ хамгийн ойрын түнш байж, дархлаажуулалт, тандалт судалгаа, лаборатори, эмнэлзүй зэрэг бүхий л чиглэлээр зөвлөмж, заавар, удирдамжуудаар хангаж, цар тахлыг хохирол багатай даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хооронд 2023-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж санал солилцов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А. Гебрейесус Монгол Улсад Үндэсний Их Баяр Наадмын үеэр айлчлал хийх боломж олгосонд талархал илэрхийлэв. Тэрбээр КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг өндрөөр үнэлж, цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулсан үлгэр жишээ улсуудын нэг байсныг онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг эрчимжүүлэх, эмийн чанар аюулгүй байдлыг хянах үндэсний лабораторийн чадавхыг сайжруулах, тамхины хяналтын чиглэлээрх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүний дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос А. Гебрейесус эрүүл мэнд, онцгой байдлын салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.
Марафонд оролцогчдод эмнэлгийн тусламж үзүүллээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БГД-ЭМТ, СБД-ЭМТ, ХУД-ЭМТ, СБД-НЭ, БЗД-НЭ, НТТТ-н 70 гаруй албан хаагч 5 суурин, 3 хөдөлгөөн байршилд марафонд оролцогч нарт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн оролцож байна. Нийт 58 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
Мөн НЭМГ-н 20 албан хаагч 5-10 км зайд гүйж оролцлоо.
Д.Сүхбаатарын талбай болон автомашины хөдөлгөөн хориглосон замуудад хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж иргэдийн үйлчилгээний эрүүл ахуй, халдвар хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавин 16 улсын байцаагч ажиллаж байна.
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАВ
ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан хамтран Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын дэмжлэгээр Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээний бэлэн байдалд хийсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнг танилцуулах хурал өнөөдөр /2023-06-19/ боллоо.
ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ-ынхан, судлаач эрдэмтэн мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд оролцсон уг хурлыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үг хэлсэн. Тэрбээр үгийнхээ эхэнд ЭМЯ-ны санаачилга, хүсэлтийг хүлээн авч Жендэрт суурилсан хүчирхийллийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан НҮБ-ын Хүн амын сангийн баг хамт олон, зөвлөхүүдэд талархал илэрхийлээд “НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төсөл манай улсад 2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн ажилтнуудын эрх зүйн үүрэг, хариуцлагыг хуульчилж, холбогдох арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал, “Жендэрийн талаар эрүүл мэндийн салбарт 2021-2024 онд баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан, эрэгтэйчүүдийн кабинетын үйл ажиллагааг тогтмолжуулах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Эрэгтэйчүүдийн кабинетын үлгэрчилсэн загвар, ажиллах журам”-ыг шинэчлэн, орон нутагт үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна” гэсэн юм.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бөгөөд хүний эрхийн томоохон зөрчил гэж үздэг. Дэлхий дээр 15 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн гуравны нэг нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг 2018 онд хийсэн судалгаа харуулдаг.
Монгол Улсад 2017 онд хийсэн судалгаагаар хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хүчирхийлэлд өртөж, сүүлийн 12 сард гурван эмэгтэй тутмын нэг нь дотны хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртөж байгааг тогтоосон байдаг бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд жендэрт суурилсан хүчирхийллийг илрүүлэх, тохиолдлыг мэдээлэх, хүчирхийлэлд өртсөн иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг бусад салбарынхантай хамтран зохион байгуулж байгааг Эрүүл мэндийн сайд мөн онцлон дурдсан. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээний бэлэн байдал Монголд ямар байгааг үнэлэх судалгааны ажлын үр дүнгийн танилцуулгыг анагаах ухааны доктор Х.Энхжаргал, Я.Буянжаргал нар хийсэн.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, охидын эрүүл мэндэд хортой үр дагавартай, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх асуудлын нэг бөгөөд хүчирхийлэлд өртөж хохирсон хүмүүс хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллагад ханддаг учраас энэ салбарын хариу арга хэмжээний бэлэн байдалд үнэлгээ хийх зайлшгүй шаардлага байсныг судлаачид ярьж байв. Түүнээс гадна жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээний өнөөгийн байдлын талаар нотолгоонд суурилсан мэдээлэл дутмаг тул нэн тэргүүнд бодлого, хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн, хохирогчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн эсэх, тусламж үйлчилгээний санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа, хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ойлголт хандлага зэрэг хэд хэдэн чиглэлд онцгой анхаарал хандуулан судалсан байна. Эрүүл мэндийн салбар жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад эрхзүйн дэмжлэгт орчин бүрдсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хандлага эерэг, дийлэнх нь хохирогчийн орон зай, нууцлалыг хангах талаар зөв ойлголттой зэрэг сайн үр дүн байгаа хэдий ч цаашид жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг авах хариу арга хэмжээг улам сайжруулж тогтмолжуулах, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, нөөцийг бүрдүүлэх, байнгын бэлэн байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын төлөвлөлт, үйл ажиллагаа, ажлын байрны чиг үүрэгт энэ талаар маш тодорхой тусган хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ байсаар байгааг онцгой анхаарч ажиллах нь зөв гэдэгт талууд санал нэгдлээ.