ОЛОН УЛСЫН ДҮРС ОНОШИЛГООНЫ ЭМЧ НАР МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА

1995 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж буй  уг чуулганд дүрс, оношилгооны салбарын эмч, технологич болон бусад мэргэжлийн эмч нараас гадна Ази, Номхон далайн радиологийн нийгэмлэг, ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, Казакстан зэрэг орноос олон улсын судлаач, эрдэмтэд зэрэг 1000 гаруй хүн  оролцож байгаа юм.
Үндэсний чуулганыг нээж Монголын радиологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Гончигсүрэн үг хэлсэн. Тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн хүндтэй хүмүүс болох дүрс оношилгооны салбарынханд амжилт хүсээд “Сүүлийн жилүүдэд энэ салбарт ажиллах боловсон хүчин залуужиж, шинэ эрин үе эхэлж байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийснээр эмнэлгүүд дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий багаж тоног төхөөрөмжийг эмчилгээндээ нэвтрүүлээд байна” хэмээсэн. Чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлсэн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас дүрс оношилгооны салбарт ихээхэн анхаарал хандуулж, 21 аймгийн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж байна. Үүний нэг нь тоног төхөөрөмжийн шинэчлэл юм. 2021 онд улсын төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт зөвхөн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор 110 тэрбум төгрөгийг тавьсан бөгөөд үүний 50 гаруй хувийг дүрс оношилгооны салбарт зарцуулсан. Өнөөдрийн байдлаар зургаан аймагт ангиографийн аппарат, 21 аймагт компьютер томографийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Мөн дурангийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах ажлуудыг хийж байна” хэмээн дүрс оношлогооны салбарт ЭМЯ-наас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа.  Энэ удаагийн чуулганд эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдлуудыг танилцуулахын сацуу Ази, Номхон далайн радиологийн нийгэмлэг, Японы радиологийн коллежтэй хамтран “Зүрхний радиологийн оношилгоо”, БНСУ-ын радиологийн нийгэмлэгтэй хамтран “Хүүхдийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн дүрс оношилгоо” зэрэг олон салбар хуралдаан болж, БНСУ, Япон,  БНХАУ, ОХУ, Казакстан зэрэг найман орны эрдэмтэд  оролцож, илтгэл хэлэлцүүлэх юм. Үндэсний чуулганы нээлтийн үеэр УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн эрхлэгч Б.Энхтуяаг Монголын радиологийн нийгэмлэгийн “Хүндэт гишүүн”-ээр өргөмжилж, ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан дүрс оношилгооны салбарын эмч мэргэжилтнүүдийн салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.

Хөвсгөлийн эмч нар хавдрын мэс заслыг амжилттай хийжээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Гэмтлийн тасгийн хамт олон өчигдөр /2023.05.26/ аймагтаа анхны тохиолдол болох 3.2 кг хэвлийн хөндийн хавдар авах мэс заслыг амжилттай хийсэн байна.
Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин 2021 Онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар гэр бүлийн хамт орон нутгийг зорин очиж байв. Тэрбээр тухайн үед ярилцлага өгөхдөө “Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, шинэ залуу эмч нар аль болох хотод эсвэл гадаадад ажиллахыг илүүд үзэх болсон” гэдгийг онцолж байв.
Цар тахалтай амаргүй цаг үед хөдөө ажиллахаар шийдвэр гаргасан тэрбээр үе тэнгийн залуусаа манлайлж, үлгэр жишээ болж байлаа.

“Чанаргүй будаг, барилгын материалаас хорт хавдар үүсгэгч бодисууд ялгарч байна”

Чанаргүй барилгын материал, будаг, доторлогооны хавтангаас үүдэлтэйгээр дотор агаарын чанар муудаж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь нэгэнт тодорхой болсон. Тэр дундаа хорт хавдар тусах эрсдэлийн нэг томоохон хүчин зүйл болж буйг ч эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид тогтоогоод буй. Тэгвэл дотор агаарын чанар муудсанаар ямар эрсдэл үүсдэг талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Дотоод орчны агаарын бохирдол гэж юу вэ. Ямар тохиолдолд дотоод орчны агаар бохирддог юм бол?

-Эхлээд дотоод, гадаад орчноо ялгаж ойлгох нь зөв. Гадаад орчин гэдэг ямар нэг хязгаарлалтгүй, агаар чөлөөтэй урсаж байдаг орчин. Аль нэг бохирдуулагчийн эх үүсвэрээс хамаарч бохирддог. Дотоод орчин бол хязгаарлагдмал. Хүний механик оролцоотойгоор агаар сэлгэлтээ хийдэг орчин юм. Ажлын байр, гэр орон, автомашины бүхээг хүртэл үүнд багтана. Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Гэтэл дотоод орчныг бохирдуулагч эх үүсвэрүүд нь гадаад орчныг бохирдуулагчаас хэд дахин их.  Гадаад орчныг бохирдуулагч нь хүний хүчин зүйлээс хамаарсан, хөдөлгөөнт болон суурин эх үүсвэрүүд л байдаг. Гал түлж байгаа эх үүсвэрүүд, автомашин, үйлдвэрийн хаягдал, оршуулгын газар гэх мэт.

Гэтэл бидний дотоод орчинд хэрэглэж байгаа бүхий л зүйл бохирдуулагч болдог. Гэр, байшингаа халаах гээд нүүрс, мод, бусад зүйлсийг түлж байна. Бохирдуулагч эх үүсвэр.  Зарим төрлийн хавтан, будаг, барилгын материалууд мөн адил.

Гэртээ тамхи татдаг. Хоол хийхэд ялгарч байгаа бодисууд, гэр орноо цэвэрлэхэд ашигладаг угаалга, ариутгалын шингэнүүд ч мөн адил бохирдуулагчийн эх үүсвэр.  Гоо сайхны хэрэгсэл, хумсны лак гээд тоочоод байвал гэр дотор л гэхэд дотоод орчны агаарыг бохирдуулагч бодисууд маш их байгаа биз. Дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүд яагаад бидэнд гадаад орчны бохирдлоос илүү хортой нөлөө үзүүлж байна вэ. Яагаад гэвэл бид амьдралынхаа 85-90 хувийг дотоод орчинд өнгөрөөдөг. Гэтэл барилга, байгууламж дотор агаарын солилцоо муу байдаг. Түүнээс гадна, дотоод агаарын чанарыг хортой болгоод байгаа бүх эх үүсвэрүүд нь байж л байдаг. Гэрийнхээ ханыг будсан будаг чинь өөрөө ховхроод уначихгүй. ОСБ болон зарим төрлийн муу хавтангуудыг сонгоод тавилгаа хийлгэх, байшингаа доторлосон бол хороо ялгаруулаад байж л байна. Өдөр болгон, цаг тутамд, минут бүрт хороо ялгаруулна. Тийм орчинд амьдарвал байнга л хортой агаар амьсгална. Тиймээс дотоод орчныг хамгийн зөвөөр төлөвлөж, эрүүл мэндэд хор нөлөө учруулахгүй барилгын материал, будаг, хавтанг хэрэглэж байж урт удаан амьдрах нөхцөл бүрдэнэ.

-Дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй гарч буй эрсдэл юу вэ?

-ДЭМБ-ийн байгууллагын гаргасан судалгаагаар дотоод орчны агаарын чанараас үүдэлтэйгээр жилд 3 сая хүн нас барж байна. Энэ нь цагаасаа өмнө нас барж буй хүмүүсийн 10 хувийг эзэлж байгаа. Маш өндөр тоо. Ялангуяа гадаад орчны агаарын бохирдол ихтэй, түүхий нүүрс их хэрэглэдэг, хүн ам шигүү байршсан, үйлдвэржилт хэт ихэссэн бүс нутгууд, ядуу буурай орнуудад дотор агаарын чанараас үүдэлтэй нас баралт их байна.

-Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа олон зүйл байна. Тэр дундаа чанаргүй хавтан, будаг илүү ихээр бохирдуулж, хорт бодис ялгаруулж байгаа гэж ойлгоход болохоор. Энэ чиглэлд илүү их мэдээлэл өгөөч?

-НЭМҮТ 2007 оноос эхлэн дотоод орчны агаарын чанарт судалгаа хийж эхэлсэн. Одоогоор бид 17-18 төрлийн судалгаа хийгээд байна. Тодорхой нотолгоонуудыг гаргаад, асуудлуудыг дэвшүүлээд, эрх мэдэлтнүүд болон иргэдэд мэдээлэл өгч байгаа. Монголд дотоод орчны агаарын чанарыг хэмждэг, хортой хий буюу органик дэгдэмхий нэгдлүүдийг илрүүлдэг хувийн лабораторийг “Ногоон титэм” ТББ байгуулсан. Олон улсын стандартчиллын итгэмжлэл авсан байгууллага. Энэ лабораторийн дэмжлэгтэйгээр дотоод орчны агаар хэрхэн бохирдож байгааг судалж, баталгаажуулж байна. 2020 онд ЭМЯ, “Ногоон титэм” ТББ, НЭМҮТ-ийнхөн хамтраад Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 8 төрлийн барилгын материалыг цуглуулж, шинжилж үзсэн. Тухайн барилгын материалуудаар лабораторийн орчинд хиймэл орчин үүсгэж, засвар хийж, будсан.  3, 7, 28 хоногийн дараа тодорхой хэмжилтүүдийг хийсэн.

Засвар хийсэн материалуудаа ангилсан. Будгаа дангаар нь хэрэглэх, шингэлэгч нэмж хийх гэх мэтээр. 8 төрлийн будаг ашиглаж, шинжилсэн.  Мөн цавуутай хавтангуудыг ч гэсэн ангилж ашиглаж, шалгасан.

Монгол чинь дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой ямар ч стандартгүй шүү дээ. Тиймээс ДЭМБ-ын гаргасан зөвлөмж, стандартыг баримталсан. Будаад 3 хоносоны дараа шинжлэхэд тэр стандартаас хэд дахин давсан. Зарим тохиолдолд бүр 100 дахин давсан нь бий.  7 хоногийн дахин шинжлэхэд огт буураагүй. Уг нь дотоод орчны бохирдол, хор нөлөө тодорхой хувиар буурах ёстой байдаг. 28 хоногийн дараа шинжлэхэд тодорхой хувиар буурсан ч хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь хэвээр байсан. Тэр дундаа цавуутай хавтангууд, шингэлэгч ашигласан будаг зэрэг нь 10, 20 дахин их хор ялгаруулж буйг тогтоосон.  Шингэлэгч бодисууд дотор формальдегид, бензол, ксилол, толуол зэрэг Монголд хэмжиж чадаж байгаа 7 төрлийн хорт бодис бүгдээрээ илэрч байгаа. Дурьдсан бодисууд бүгдээрээ хорт хавдар үүсгэдэг. Ялангуяа формальдегид, бензол нэгдүгээр зэргийн хорт хавдар үүсгэдэг бодисууд.

ХЯТАДЫН СУДЛААЧИД ФОРМАЛЬДЕГИД, БЕНЗОЛ НЬ  ХҮҮХДҮҮДИЙН ХОРТ ХАВДАР ТУСАЖ БАЙГАА ШАЛТГААН МӨН ГЭЭД БАТАЛЧИХСАН

-Зун болоод, хичээл амрахаар л сургууль, цэцэрлэгт засвар хийх болдог. Тендер зарлаад, засвараа хийх гэсээр байтал намар хүүхдүүд будаг ханхалсан анги, танхимд ороод суудаг. Уг нь будаг үнэртэх ёсгүй шүү дээ. Үүнээс болоод хүүхүүдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байна?

-Дэлхий дахинд олон судалгаагаар дотоод орчны органик дэгдэмхий нэгдлүүд болон тоос, тоосонцор хорт хавдар үүсгэдэг гэдгийг баталчихсан. Ялангуяа Хятадын судлаачид 1980 оноос хойш хийсэн дотоод орчны агаарын судалгаагаа багцлаад, 2022 онд хэвлүүлсэн. Энэ судалгаанаас үзэхэд, барилгын материалаас гарч байгаа дотоод орчны бохирдуулагчид хавдар үүсгэх маш өндөр магадлалтай байгааг бичсэн. Тэр битгий хэл формальдегид, бензол нь хятад хүүхдүүдийн хорт хавдар тусч байгаа шалтгаан мөн байна гээд баталчихсан. Манай улс Хятадаас барилгын материалынхаа ихэнх хувийг авдаг. Гэтэл Хятад улс дотоод орчны агаарын чанарын стандартаа хоёр дахь удаагаа өөрчилсөн. 2010 онд баталсан, 2020 онд дахин шинэчилсэн. Одоо дахиад стандартыг чангатгах шаардлагатай, хүний эрүүл мэндэд нөлөөлөөд байна гэж үзсэн талаар мэдээлж байна.

Будаг, барилгын материалд эко шошго олгохын тулд лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Лабораторид шалгаад, шошгожуулаад, эко бүтээгдэхүүн гэж үзэх 4 ангилаллын зэрэгт хувааж байгаа юм билээ.

-Хаана ашиглахаас хамаарч ангилж байгаа гэж ойлгож болох уу?

-Гэр орон, хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчинд ашиглаж болох нь ногоон шошготой, А зэрэгтэй байна. Цаашлаад В, С, D гэх зэрэглэлээр хуваана. Энэ барилгад ийм будаг, барилгын материал ашиглана. Дараа нь орчны агаарын шинжилгээг тэдэн хоног хийгээд, ямар нэг хорт бодис илрэхгүй бол ногоон барилга гэж үзэж, хүн амьдарч, хүүхэд суралцаж болно гэсэн зөвшөөрөл өгөх юм.  Үндсэндээ будаг, барилгын материал нь ногоон шошготой байхаас эхлээд л шаардлагаа тавьж эхэлнэ.  Засал хийсний дараа хяналт тавихад бас л эко, ямар нэг хоргүй байх ёстой.  Бүр баталгаажуулаад, стандартын дагуу үзэхэд ч гэсэн эко, ногоон, эрүүл, аюлгүй байх ёстой гэсэн шаардаж байгаа. Түүний дараа тэр барилгад хүн амьдарч, хүүхэд хичээллэхийг зөвшөөрнө.

-Ямар ч аюулгүй барилгын материал ашигласан, дотоод орчны бохирдол үүсгэхгүй гэдгийг нь шат шатанд нь батлах юм байна?

-Гурав, дөрвөн үе шаттайгаар шалгаж, баталж байж энэ барилга ногоон, эко, аюулгүй гэдэг үнэмлэхийг олгож байгаа. Хятадууд ийм өндөр шаардлага тавиад эхэлчихлээ. Энэ дагуу ажил хэрэг болгоод эхэлчихсэн байна. Түрүүнд дурьддаг 4 ангиллын зэргийг тогтоочихсон.  Өмнөд хөрш ийм өндөр шаардлагуудыг тавиад, хоёр удаа стандартаа шинэчлээд, дахинд сайжруулах гээд байж байна. Гэтэл манайх хаана яваа вэ. Европын Холбооны улсуудад гэхэд 1970-аад оноос хойш энэ чиглэлд маш сайн судалгаа хийж, стандарт гаргаж ажиллаж байна. Бүр Европын холбоогоороо 5 жил тутамдаа сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг нарийн хянадаг. Барилгын материалаас нь хор ялгарч байна уу, агааржуулалтын систем нь ажиллаж байгаа юу гэдгийг шалгадаг. Улмаар эрсдэлийн үнэлгээ хийгээд, яаж сайжруулах ёстойгоо шийдээд, зөвлөмжүүдээ гаргаад, улс орон болгон нь дагаж мөрдддөг. Дагаж мөрдөөгүй тохиолдолд хүүхдийн эрхийг нь зөрчиж байна гэж үздэг. Дэлхийн улс орнууд ингэж анхаарч байна. Гэтэл Монголд яадаг билээ. Тендерийн тухай хуулиараа хамгийн бага үнийн санал өгснийг шалгаруулдаг. Арай гэж тендерээ зарлаад, засвар хийх барилгын компаниудаа сонгочихлоо. Мөнгө төгрөгийг нь шийдэж өгөхгүй дахиад хэд хонодог билээ. Арай гэж мөнгөө аваад, засвараа хийх гэж бас удна. Ингэж явсаар зуны амралт дуусдаг.

Намар хичээл эхлэхтэй уралдаад л арай гэж дуусгадаг. Бодит байдал л энэ.  Есдүгээр сарын 1-ний өдөр анги, танхимынх нь будаг хатаагүй байхад л бид хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь өгдөг.  Тэгвэл дэлхий нийтийн болон манайхаас хийсэн эрсдэлийн судалгаагаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд хорт хавдарт хамгийн их өртөх магадлалтай байна.

“ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮД ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨХ МАШ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ ГЭСЭН СУДАЛГААНЫ ДҮН ГАРСАН”

-Монголдоо, тодорхой газруудад дотоод орчны агаарын чанарын судалгааг хийсэн гэсэн. Хэчнээн газар шинжилгээ, судалгаа хийв. Ямар үр дүн гарсан бэ?

-Бид 2019-2020 оны хооронд 144 нэгжээс 583 дээж цуглуулж аваад, Олон улсын математикийн загварчлалаар, АНУ-ын хавдрын эрсдэлийн аргачлалын дагуу үнэлгээ хийсэн. Тэгэхэд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд хорт хавдраар өвчлөх маш өндөр магадлалтай гэж гарсан.

-Энэ судалгаа, шинжилгээг хийж байх үед хэчнээн тооны хүүхэд хорт хавдраар өвчилсөн байсан гэсэн нарийн тоо байгаа юу?

-Сүүлийн 10 жилийн тоон судалгаа гэж байгаа. Түүнээс үзэхэд, жилд 120 хүүхэд шинээр хорт хавдраар өвчилдөг. Үүний 44 хувь нь цусны эсийн хорт хавдраар өвчилж байгааг ЭНЭМҮТ-ийн статисик мэдээллээс харж болно. Цусны эсийн хорт хавдраар өвчлөхөд нөлөөлж буй гол эх үүсвэр нь формальдегид, бензолын агууламж.   Улс орнууд өөрсдийнхөө судалгааг хийгээд, бензол тэдэн цагийн хугацаанд эдэн хувьтай байхыг зөвшөөрнө, үүнээс давбал зөвшөөрөхгүй гээд стандартаа тогтоочихсон. Харин ДЭМБ бензол дотоод орчинд огт илрэх ёсгүй. Илэрвэл хорт хавдар үүснэ гээд хориглосон байдаг. Харин манай улс энэ бодисуудыг шинжилдэг анхны, хувийн ганц лабораторитай л боллоо. Хоёр удаа магадлан итгэмжлэл авсан. Өнөөдөр бид ингээд яриад, нотолгоотой, судалгаатай баримт дурьдаад сууж байгаагийн ач гавьяа тэр лаборатори. Улсад хувийн ч гэсэн шинжлэх лаборатори байна. Түүнээс гадна, энэ бүхнийг хянах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай. Наанадаж л стандарт хэрэгтэй байна.  Аргаа барахад, сургууль, цэцэрлэгийн засвар хийх тендерийнхээ материалд ногоон, эко шошготой, А зэрэглэлийн будаг, бусад засварын бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж зааж өгөх хэрэгтэй. Тийм бүтээгдэхүүн сонгож байгаа компани тендерт сонгогддог байхаар журамлаж өгмөөр байна. Ингэж чадвал бид сөөм ч болов урагшаа ахих гээд байна.

“ДОТОР АГААРЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ ЯАРАЛТАЙ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА”

-Одоо болтол дотоод орчны агаарын чанартай холбоотой стандарт байхгүй хэвээрээ л байна уу. Саяхан мэргэжлийн байгууллагаас нь стандарт байгаа гэсэн хариулт өгөөд байсан?

-Бид 2019 оноос хойш стандартаа боловсруулаад, зохих зөвлөлүүдээр нь хэлэлцүүлээд явж байгаа. Гэтэл манай улсад тогтолцооны асар их гажуудал байдаг. Агаарын тухай хуульд зааснаар БОЯ дотоод орчны агаарын чанартай холбоотой асуудлуудыг бүгдийг нь хариуцана. Нэгэнт хуульд тэгж заасан болохоор бид дотоод орчны агаарын чанартай холбоотой стандарт батлахдаа заавал БОЯ-наас санал, зөвшөөрөл авах шаардлагатай болчихоод байгаа юм. Хуулийн энэ заалтыг өөрчлөх шаардлагатай байна. Гадаад орчны агаарын чанарын MSN 45852016 гэж стандарт бий.  Үүнийг өөрчилж байж дотоод орчны агаарын чанарын стандарт батлагдах шаардлагатай болчихсон. Энэ стандартыг гадаад орчны агаарын чанарын хэмжилт, үнэлгээг хариуцдаг яам болох БОЯ өөрчлөх хэрэгтэй.  Яагаад өөрчлөх хэрэгтэй юм бэ гэдэг асуулт гарч ирэх байх. Заавал мөрдөх MSN 45852016 стандарт дотор дотоод орчны агаарыг хянана гээд оруулаад өгчихсөн. Гэтэл гадна орчны агаарт бидний яриад байгаа идимхий органик нэгдэл, хортой химийн бодисууд огт байхгүй. Зөвхөн PM2.5, бичил загвар хоёр л байгаа.

-2019 оноос хойш дотоод орчны агаарын чанартай холбоотой стандартыг боловсруулаад, ажиллаж байгаа гэсэн. Энэ хугацаанд БОЯ-ны холбогдох хүмүүстэй уулзаж, холбогдсон л байх.  Яагаад ажил хэрэг болгохгүй байгаа юм бол гэсэн асуулт гарч ирж байна?

-Тэд яагаад энэ асуудалд анхаарал хандуулахгүй байгааг бид мэдэхгүй. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг л хамгаалахын төлөө ажиллаж байгаа. Бүх нотолгоог гаргачихсан. Гэртээ гал түлж байгаа айлуудын дотоод орчинд PM2.5-ын агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр байна. Тэнд илэрч байгаа органик дэгдэмхий нэгдлүүд ч бас өндөр гарч байгаа. Бүхий л орчинд бид агаарын чанарыг сайжруулах шаардлагатай. Европын холбооны сайн жишгийг нэвтрүүлж, дагаж яагаад болохгүй гэж. Европт барилгын дотоод орчныг үнэлж, ногоон шошготой, эко байвал хүлээн зөвшөөрдөг. Түүнээс гадна, гадаад орчин, барилгын насжилт, агааржуулалт гээд бүгдийг нь үнэлдэг. Гэтэл барилгын насжилт өндөр байх тусмаа радоны хэмжээ их болдог. Цацраг идэвхт бодисын хэмжээ их болно гэдэг өөрөө хорт хавдар үүсгэх нэг нөхцлийг бүрдүүлж өгч байдаг. Тиймээс барилгаа хүртэл шошгожуулаад, тэр дагуу үнэлж байна, Европт. Дотоод орчны агаарын чанарын үнэлгээг хамгийн түрүүнд хийнэ. Тэгээд ойр орчимд нь үйлдвэрүүд байна уу гэдгээс хамаарна. Эргэн тойронд нь том үйлдвэр байх тусмаа барилгын үнэ хямдардаг.  Гэрэлтүүлэг муутай, машины зогсоол багатай, хүүхэд тоглох орчингүй байвал үнэлгээ дахиад буурдаг. Харин манайд одоогоор дотоод орчны агаарын чанарын стандарт байхгүй байна. Энэ стандартыг батлуулах шаардлага маш өндөр байгаа.  Хоёрдугаарт, сургууль, цэцэрлэгийн засварыг хичээл тарахтай зэрэгцэж эхлээд, 14 хоногт шахаж дуусгадаг. Зуны 3 сарын хугацаанд агааржуулалтыг маш сайн хийж, дотоод орчныг ямар нэг хор нөлөөгүй болгох хэрэгтэй. Намар хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд хүлээж авдаг баймаар байна. Эцэг, эхчүүд ч асуудлаа мэддэг, шаардлага тавьдаг болох цаг болсон. Бид будаг нь ханхалсан биш хатсан, элдэв хортой бодис ялгардаггүй анги танхимд хүүхдүүдээ суулгах ёстой юм.

“ИРГЭД БАЙШИНГАА БАРИХДАА ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРГҮЙ БАРИЛГЫН МАТЕРИАЛ СОНГОДОГ БОЛМООР БАЙНА”

-Дотоод орчны агаарын бохирдол хүүхдүүдэд бүр ч илүү аюултай байна гэсэн дээ. Хүүхэд цэцэрлэр, сургууль, гэртээ л ихэнх цагаа өнгөрөөдөг. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн орчныг зайлшгүй эрүүл, аюулгүй байлгах шаардлага тулгараад байна?

-Барилгын компанид ажилладаг, материал зардаг, засвар үйлчилгээ хийдэг хүмүүс “Таны зассан сургууль, цэцэрлэгт таны хүүхэд гүйж яваа шүү” гэж бодож ажиллаач. Яагаад хүүхэд хамгийн эмзэг бүлэг вэ. Учир нь хүүхдийн бодисын солилцоо насанд хүрэгчдийнхээс 2.5 дахин хурдан явдаг. Мөн илүү хурдан амьсгалдаг, бүх эрхтэн систем нь хөгжиж байдаг. Ялангуяа биеийн жингийн кг тутамд хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэг. Түүнийгээ дагаад уушги томорч, үйл ажиллагаа нь хөгждөг. Цаашлаад бүх дархлааны болон зохицуулгын системүүд ид хөгжиж байдаг. Бага насны хүүхэд цэцэрлэгтээ, гэртээ унтдаг. Унтаж байхдаа авч буй амьсгал сэрүүн үеийнхээс хэд дахин илүү. Сайн унтах нь өсөлтийг дэмжиж байгаа шалтгаан нь энэ.

Унтаж байхдаа хүчилтөрөгчийн хэрэгцээ маш ихээр нэмэгддэг учраас дотоод орчны агаарын чанар сайн байх ёстой. Гэр, цэцэрлэг, сургуулийн орчинд аюулгүй байдлыг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай.

-Хорт хавдар тусах эрсдэл маш өндөр гэдэг нь хамгийн том аюул. Түүнээс гадна, жил бүр л ханиад томуу дийлдэхгүй байна. Харшилтай хүүхдүүдийн тоо ч их нэмэгдэж байгаа.  Бид зөвхөн гадаад орчны агаарын бохирдлоос болж байгаа л гэж яриад байдаг. Гэтэл дотоод орчны агаарын бохирдол маш ихээр нөлөөлж байгааг энэ бүх тоо, баримтууд нотолж байна?

-Дэлхийн болон бидний хийсэн судалгаануудаас харагдаж байгаа. Органик дэгдэмхий нэгдэл, тоос тоосонцорууд нь харшлын гол шалтгаан болдог. Хамар битүүрэх, нүд хорсох, загатнах, хий ханиалгах зэргээр ксилол, толуолын хордлого илэрдэг. Бидний сонгож авсан барилгын материал, хулдаас, тавилгаас ялгарч байгаа хорт бодисууд тархи мэдрэл, амьсгалын эрхтэн систем, бөөрний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Маш гоё модон байшин барьдаг. Түүнийгээ шингэлэгч бодисоор шингэлсэн лакаар будчихдаг. Маш буруу.  Ямар эко аргаар байшингаа засах, гоёх вэ гэдгээ иргэд маш сайн бодолцох хэрэгтэй. Барилгын материал үйлдвэрлэж байгаа, импортоор оруулж ирж байгаа хүмүүс ч энэ тал дээр анхаарах ёстой.

-Ногоон шошготой, А зэрэглэлийн, хүний биед хоргүй будаг, хавтан, барилгын материал урд, хойд хөршид ч байна, Европт ч байгаа.  Ямар нэгэн шингэлэгч ашиглах шаардлагагүй, усан суурьтай, зөвхөн цэвэр усаар шингэлдэг будгууд бий. Энэ мэт материалыг ашиглах нь дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, эко орчин бий болгох нэг шийдэл байх?

-Бидний сонголтын гарц. Хэрэглээ болон бодлого дээр тулгуурласан хоёр гарц бий. Бид хэрэглээгээ зөв болгочихвол наанадаж амьдарч байгаа гэртээ хортой агаар амьсгалахгүй гэсэн үг. Бодлогын түвшинд бид хүүхэд рүүгээ илүү их анхаарч, суралцаж, хүмүүжиж байгаа орчныг нь сайжруулахгүй бол болохгүй. Бид намар есдүгээр сараас хавар зургадугаар сар хүртэл 10 сарын турш сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдээ өдрийн 8 цагаар үлдээж байгаа гээд бод.

-Эцэг, эхчүүд шаардлага тавихаар арай л хүчгүйдэх байх. Зайлшгүй л бодлого гаргаж, хууль, журмандаа оруулж, стандартаа хурдан батлах ёстой юм байна гэж бодлоо?

-Хууль, журамд оруулж, стандарт батлахын тулд эцэг, эхчүүдийн шаардлага, гомдол санал хэрэгтэй байна. Энэ чинь иргэдийн эрхийн асуудал. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, тийм. Үндсэн хуульд заачихсан байгаа. Хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд суралцуулахын тулд шаардлага тавих эрхтэй юу гэвэл эрхтэй. Бид өөрсдийн хийсэн судалгааныхаа мэдээллийг Хүний эрхийн комисст өгчихсөн. Нэг, хоёр эцэг, эх ХЭҮК-т мэдээлэл өгөхөд л шаардлага болно. Хүмүүс мэдэхгүйгээсээ болоод энэ асуудалд анхаарал тавихгүй байна. Би гэртээ засвар хийгээгүй юм чинь, надад дотоод орчны агаарын чанар хамаагүй гэж боддог. Гэтэл таны хүүхдэд хамаатай.

-“Ногоон титэм”-ийнхэнтэй холбогдож, өөрсдийн амьдарч буй орон байрныхаа дотоод агаарын чанарыг шинжлүүлж, хортой байгаа эсэхийг нь тодорхойлуулах боломжтой болов уу?

-Боломжтой, тухайн компанийнхантай холбогдоод үзүүлчихэж болно. Иргэд хаус, зуслангийн байшин захиалаад бариулдаг. Бид судалгаа хийж үзэхэд, эсгийн материал бүхий дулаалгатай хаусны дотор агаарын чанар маш муу байсан. Амины орон сууц, хаус бариулахдаа барилгын компани ямар материал сонгож байгаа вэ гэдгийг судалж, мэдэх хэрэгтэй. Сайхан агаарт, гоё байшинтай болчихлоо гэж боддог. Гэтэл барилгын заслыг хийхдээ сонгосон материалууд нь чанаргүй бол яах вэ. Хамаг мөнгөө өгч байшин бариулчихаад, хордоод байх уу. Бүр ийм тохиолдол гарсан.

Сайхан хаус худалдаад авчихлаа гээд хүүхдээ аваад очсон. Хоёр хоноод хүүхдийнх нь хамраас цус гарсан. Байшинд нь очоод “Ногоон Титэм”-ийнхэн  шинжлэхэд дотор агаарын чанар муу, хор илэрсэн. Сарын дараа очоод шинжилсэн ялгаагүй байж л байсан.

Тэр айл барилга барьсан компанидаа хэлж, бүх материалыг нь солиулж, дахин засвар хийлгэх шаардлагатай болсон. Ийм тохиолдлууд гараад байна. Тиймээс байшин худалдаж авахдаа хэмжилт хийлгэдэг болъё. Барилгын материал сонгохдоо эрүүл, эко, ногоон шошготойг нь авъя. Мэдлэг, мэдээлэлтэй болмоор байна, иргэд.

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэлнэ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс маргаашаас /2023.05.29/ улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэлнэ гэж мэдээллээ. Тодруулбал, 10 сартайгаас найман настай бүх хүүхдийг өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр вакцинд хамруулах юм байна.

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг аж. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр сүүлийн таван жилд товлолын улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины бүрэн тунгаас хоцорсон 69 мянга 163 хүүхэд байгаа аж. Дархлаажуулалтад хамрагдаагүй найм хүртэлх насны хүүхдийг нэр сарын зайтай хоёр удаа вакцин хийнэ.
Тариулсан эсэх нь тодорхойгүй 7-15 насны хүүхдийг нэг удаа дархлаажуулахыг эмч нар зөвлөж байна.
Мөн сүүлийн таван жилд А вируст гепатитын вакцины бүрэн тунгаас хоцорсон 67,888 хүүхэд байна. Тиймээс эцэг эхчүүд А гепатит вирусын эсрэг вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулаарай. Хамрагдаагүй гурав хүртэлх насны хүүхдийг нэг удаа дархлаажуулах юм байна.
Улаан бурхан өвчин нь вирусийн гаралтай, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө болон тууралтын дараах 4-5 хоногт халдвар тархах өндөр эрсдэлтэй юм. Ялангуяа улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандах нь чухал бөгөөд бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

ДЭЛХИЙН ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР 

1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор 5 сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхины эсрэг өдөр” болгон зарласан бөгөөд жил бүр тодорхой уриатай тэмдэглэдэг.
Дэлхийн тамхины эсрэг өдрийг энэ жил “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор тэмдэглэн тамхины эрүүл мэнд, эдийн засаг, тамхины тариалангаас үүсэлтэй газар тариаланд үүсэх хор нөлөө, үүнээс үүсэлтэй олон арван улсад үүсэж буй хүнсний хомсдол өлсгөлөн төдийгүй нийгэмд үзүүлэх эрсдэлийг тооцож, тамхигүй дэлхий болохыг уриалж байна.

УГТЭ АМЕРИКИЙН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэг АНУ-ын “ВИРТУ” сантай 2014 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэ сарын 14-28-нд тус сангийн шугамаар АНУ-ын Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи, нуруу, нугасны мэс заслын зочин профессорын баг ажиллаж байна.  Америк эмч нарын баг тус эмнэлэгт ажиллах хугацаандаа гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай 30 гаруй өвчтөнд нарийвчилсан үзлэг оношлогоо хийж, эпилепсийн эмгэг голомт авах зэрэг тархи, нурууны мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын багтай хамтран хийж байна. Мөн ажлын байрны болон танхим хосолсон сургалтуудыг хамтран зохион байгуулж, тус эмнэлгийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Энэ удаагийн зочин профессорын багт эпилепсийн эмгэгийн үеийн сэтгэл зүйч эмч ирсэн бөгөөд эпилепсийн эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийн хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм.

МОНГОЛ-ТУРКИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2023-05-18/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзаж хоёр орны найрамдалт харилцаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд БНТУ-ын Засгийн газраас Туркийн Олон улсын хамтын ажиллагааны агентлаг-ТИКА-аар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хөгжлийн болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг шинэчлэх ажлын явцын талаар мэдээлэл өглөө.  Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаа бөгөөд манай улсын томоохон эмнэлгүүд тодруулбал, УНТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд БНТУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг батлуулан, түүний хүрээнд нилээдгүй ажил хийж буй талаар сайд яриандаа онцлон дурдсан.
Тэрбээр мөн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байгаа өвчин эмгэгийг эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, дотооддоо хийж буй эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, хүрээг нь өргөжүүлэх тал дээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын төсөл хамтран хэрэгжүүлэх, Туркээс нарийн мэргэжлийн эмч нарын мэргэшсэн баг ирүүлж ажлын байрны сургалт явуулах, хамтарсан судалгааны ажил хийх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
С.Чинзориг сайд мөн эмч, сувилагчийг урт, богино хугацааны сургалтанд хамруулж чадавхийг бэхжүүлэх, шинэ технологи, эмчилгээний арга зүй эзэмшүүлэх,  давтан сургах хэрэгцээ шаардлага байгаа тул энэ чиглэлд Турк улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ялангуяа орон нутгийн эмч, сувилагчийг нэн тэргүүнд хамруулах хүсэлтэй байгаагаа ч хэлсэн. Элчин сайд Зафер Атеш Турк улс ахан дүүсийн найрсаг харилцаатай, үүх түүхийн холбоо хамааралтай Монгол Улстай  бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байдаг бөгөөд энэ хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг тун удахгүй шинэчлэн байгуулснаар үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэйгөөр бүхий л шатанд идэвхтэй хамтран ажиллах боломжтйо болно гээд Эрүүл м эндийн сайдын тавьсан санал нэг бүрийг холбогдох яамд руугаа илгээн нааштайгаар шийдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ хэлсэн юм.

НУГАСНЫ ГЭМТЛИЙН ДАРААХ СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛНЭ

АНУ-ын “Mayo” клиникийн сэргээн засах анагаах ухааны дэд профессор Ronald K Reeves MD, Олон улсын нугасны гэмтлийн холбооны (ISCoS) боловсролын хорооны дарга, “Livability” олон улсын хөтөлбөрийн захирал Stephen Muldoon нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээ болон Хүзүү нурууны гэмтлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтанд ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах, Хүзүү нурууны гэмтлийн тасгийн эрхлэгч Б.Бат-Эрдэнэ, Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Ууганбаяр, сэргээн засахын их эмч Э.Мөнгөнтуул нар оролцож нугасны гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцов. Хүн амын дундаж наслалт, халдварт бус өвчлөл нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний шинэ арга технологийн хөгжил нэн тэргүүнд тавигдаж байна. Манай улсад сэргээн засах тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлага их байгаагаас гадна үйл ажиллагааны уялдаа холбооноос шалтгаалан гэмтлийн дараах хөдөлмөрийн чадвар алдагдал сэргэх боломжтой олон хүн энэ төрлийн тусламж үйлчилгээний гадна орхигдож буй гэж үздэг.  
Ялангуяа сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа осол гэмтлээс үүдэн  нугасны гэмтэл авсан үйлчлүүлэгчийн тоо ихсэх хандлагатай болсон тул Монгол Улсад нугасны гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх тогтолцоог бий болгох, олон улсын дэвшилтэт арга технологид тулгуурлан хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар уулзалтад оролцогчид онцолж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Анх Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс Сувилагч нарын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Сувилагч хүн гэдэг сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтэнгүүд билээ.

Дэлхий нийтийг хамарсан бүхий л өвчлөлийн үед аюулт өвчинтэй тэмцэж иргэдээ хамгаалах эх үйлсэд хүчин зүтгэж, ачааны хүндийг үүрч ажиллаж байгаа нийт сувилагчиддаа Олон улсын сувилагчдын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

“ХӨСҮТ-д омикроны дэд хувилбараар өвчилсөн 101 өвчтөн эмчлүүлж байна”

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд Covid-19-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж.

Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт Covid-19-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.НАРАНЗУЛ:

-ДЭМБ-ын мэдээгээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, 6,9 сая хүн ам нас барсан байна. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад халдвар тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч зарим улс орнуудад цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ гэх мэт улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдэж байна.

ДЭМБ тавдугаар сарын 5-нд хуралдаж, мэдэгдэл гаргахдаа “Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа хэдий ч Covid-19 олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш болсон. Улс орнууд дотооддоо цар тахлын урт хугацааны менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн.

Сүүлийн долоо хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5  40-50 хувийн тархалттай давамгайлж байна. Монголд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн. PCR шинжилгээгээр эерэг илэрч байгаа тохиолдол огцом өссөн. Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д омикроны дэд хувилбараар өвчилсөн 101 өвчтөн эмчлүүлж байна.Үүнээс жирэмсэн эх 19,  хүүхэд 27 байна.  Эдгээрээс гурван хүн нэн хүнд,  долоон хүн хүнд  оноштойгоор эмчилгээ хийлгэж байна. Тус хувилбараар өвчилсөн тохиолдолд хамар битүүрэх, ядрах, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрч байна.

ХОЛБОО БАРИХ УТАС:

7015-0065

МЭЙЛ ХАЯГ

BZDEMT@GMAIL.COM

МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ЭМЧ НАРЫН ЦАГИЙН ХУВААРЬ